Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 174

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч А.Ганзориг /томилолт/,  

шүүгдэгч Г.Аюур, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Тайчууд овогт Гомбын Аюурт холбогдох 201626011866 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  24 дүгээр хороо, Зээлийн 21-36 тоотод түр оршин суудаг, албан ёсны хаяг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 19-327е тоот хаягт бүртгэлтэй,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Тайчууд овогт Гомбын Аюур \РД:ОЙ86070516\.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Г.Аюур  нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” бөөний төвийн гадна “Сүү” ХХК-ийн эзэмшлийн 63-91 УБМ улсын дугаартай Митсубиши Кантер маркийн автомашины урд талын салхины шилийг хагалж бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд;

 Шүүгдэгч  Г.Аюур  нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” бөөний төвийн гадна “Сүү” ХХК-ийн эзэмшлийн 63-91 УБМ улсын дугаартай Митсубиши Кантер маркийн автомашины урд талын салхины шилийг хагалж бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээсэн болох нь:

                 

1.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 х/

 

2. Эд зүйлийн үнэлгээ:

- Митсубиши Кантер маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил 1 ширхэг нь 480.000 төгрөг /хх-ийн 13 х/

 

3. Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Айраг” худалдааны төвд 17:00-18:00 цагийн үед түгээлт хийчихээд манай ачигч залуу гараад замын эсрэг талд байрлах “Өлзийт Хайрхан” дэлгүүр лүү орсон байсан ба би “Айраг” бөөний төвөөс тооцоогоо хийчихээд гараад 63-91 УБМ улсын дугаартай машиндаа ачигчаа хүлээгээд сууж байхад нэг залуу хажуугаар өнгөрөхдөө машины баруун дээд булан руу цохиод хагалчихсан ба яг энэ үед манай ачигч  Түмэнбаяр гэх залуу байхгүй байж байгаад намайг машинаас буухад манай ачигч замын эсрэг талын дэлгүүрээс гарч ирээд шууд цагдаад дуудлага өгсөн. Аюур тухайн үед ээжтэйгээ явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

4. Гэрч Э.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд: “...Даваасүрэн бид хоёр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хамт гарч байсан ба бид хоёр 17:00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэсгарт байрлах “Айраг” худалдааны төвд бараа болох сүү, тарагаа оруулж өгчихөөд гарч ирэхэд Даваасүрэн машиндаа сууж үлдээд би замын эсрэг талд байрлах “Өлзийт Хайрхан” дэлгүүрт бараагаа өгөх гээд орсон хойгуур ийм зүйл болсон байсан. Тэгээд би бараагаа өгчихөөд гараад иртэл манай 63-91 УБМ улсын дугаартай ажлын автомашины урд талын салхины шилийг хагалчихсан Даваасүрэн нөгөө залууг барьчихсан хажууд нь ээж нь гэх эмэгтэй хамт тэр гурав зогсож байсан. Тэгээд би гарч ирээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирж тэр залууг авч явсан. Тухайн үед Аюур нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

5. Гэрч Ж.Жавзангийн мөрдөн байцаалтын шатанд:  “...Миний хүү Аюур нь гараа атгачихсан замаар яваад байсан ба ямар нэг хүн цохичих вий гээд хажуунаас нь хараад явж байтал “Айраг” бөөний төвийн гадна байх машины урд талын салхины шилийг 1 удаа баруун гараараа цохиод  хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

7. Шүүгдэгч Г.Аюурын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр машины шилийг гараараа цохиж хагалахад жолооч нь  машинаасаа бууж ирээд  “яаж байгаа юм бэ” гээд бид 2 маргасан. Тэгсэн жолооч миний баруун талын хацар луу алгадсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

8. Шүүгдэгч Г.Аюурын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 40 минутад Пүрвээ гэх айлын бэр гуйх ёслолд очоод 16 цаг 30 минутад гарсан. Тухайн айлд тавуулаа 3 шил 0.75 граммын архи хувааж уусан. Цуг явсан хүмүүс намайг ээжийнд буулгасан. Гэртээ ороход гэрт хүн байхгүй байсан. Би тамхи авах гээд “Айраг” худалдааны төв рүү явсан. Би согтуу байсан болохоор Даваасүрэнгийн машиныг намайг мөргөх шиг боллоо гэж бодоод баруун гараа дэлссэн. Тухайн машины салхины шил нь хагарсан. Жолооч нь бууж ирээд намайг баруун хацар руу нэг удаа алгадсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Аюур нь архи ууж согтуурсан үедээ Сүү ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараар цохин хагалж түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч гэрч шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Г.Аюурыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Аюур нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 46 х/ тогтоогдлоо.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч Г.Аюур нь Сүү ХХК-нд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 480.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар /хх-ийн 55 х/ тогтоогдсон ба хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 57 х/ гэх тул Г.Аюурыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Аюурыг согтуугаар гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Аюур нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд хорих ялыг биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайчууд овогт Гомбын Аюурыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Тайчууд овогт Гомбын Аюурыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аюурын эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Г.Аюурт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Аюурт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

                                               

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Аюурт   урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                        Г.АЛТАНЦЭЦЭГ