| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0090/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Догмиддорж,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...........
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн дэлгүүрээс зүүн тийш байх гэр хорооллын гудамжинд иргэн Д.Бын толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хүслэн гэх дүүтэйгээ айлаас гараад явж байтал дүү маань урд явж байсан хүнтэй маргалдаж ташиж унагаасан. Нөгөө хүн нь босоод Хүслэнг заамдахаар нь би цохих гэж байна гэж бодоод газраас чулуу аваад толгой руу нь цохисон. Тэгээд Хүслэн муудах гээд байхаар нь буцаж салгаад айл руугаа орсон гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны орой ...22 цагийн үед гудамжаар явж байхад...өндөр, намхан биетэй 2 залуу гарч ирээд намайг харан намхан залуу нь над руу аягүй хурц гэрэл тусгаад намхан залуу нь та яагаад байгаа гэж хэлэхээр нь ахын дүү нүдэн дээр гэрэл тусгаад байна ахын дүү нүд өвдөөд байна, ах нь явлаа гэхэд та яасан том дуутай юм гэж хэлэн намайг ташин газарт унагаасан...намхан залуугийн араас нь нэг залуу манай найзыг яагаад байгаа юм гэж хэлээд байж байх үед толгойн дээд хэсэгт 1 удаа цохисон /хатуу зүйлээр маш хүчтэй цохисон/...миний толгой зовиуртай өвдөж байна, зүүн талын чихээр хатгуулж шөнө дунд өвддөг...одоогоор нэг сая орчим төгрөг гарсан байна, өөрийнхөө гаргасан зардлаа нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0196 дугаартай “1. Д.Бын биед зулайн зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн дэлгүүрээс зүүн тийш байх гэр хорооллын гудамжинд иргэн Д.Бтай найз Хүслэнтэй муудалцлаа гэх шалтгаанаар маргалдан бие эрх чөлөөнд нь халдан толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Б, гэрч Д.Хүслэн, Ө.Ууганбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0196 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бтай найз Хүслэнг зодох гэж байна гэж марган түүний толгойн дээд хэсэгт чулуугаар 1 удаа цохиж гэмтэл учруулж байгаа үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Түүний учруулсан зулайн зүүн хэсгийн шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Бий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...холбогдогч Билгүүнээс 500,000 төгрөгийг хохирогч нь харилцах дансаараа хүлээн авсан ба хохирогч тархи толгойдоо гэмтэл авснаар толгойдоо оёдол тавиулсан өвчин нь төдийлөн сайн намдаагүй Улаанбаатар хот руу явж нарийвчилсан шинжилгээ өгч эмчлүүлэх хүсэлтэй байдаг. Хохирогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгаж өгөхийг хүсье” гэжээ.
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 174,000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг ирүүлснээс шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН