Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сум 4-р баг Их булаг 1-38 тоотод оршин суух, Заяабуянт овогт Бадарчингийн Т /РД:КБ55092310/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /РД:5710928/-нд холбогдох, 

            Гэм хорын хохирол 1,019,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авч хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очирхуяг, иргэдийн төлөөлөгч Б.Бүрэнтогтох, нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2015 оны 05 сард Ханбогд сумын төвийн айл өрхийг төвийн нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэсэн билээ. Энэ ажлыг гүйцэтгэх явцдаа цахилгааны шугам сүлжээнд холбох дүрэм, горимыг зөрчин манай 2 байрны 10 айлын цахилгааны утсыг нэг шугаманд холбосон байсны улмаас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө уг шугам нь ачааллаа даахгүй гэмтэл гарч айлуудын цахилгаан хэрэгслүүдээс шатаж гэмтэн ажиллагаагүй болсон юм. Ингээд сумын салбарт дуудлага өгч гарсан гэмтлийг засуулсан боловч цаашид дахин гэмтэл, осол аюул гарч болзошгүй байгаа тул айл өрхийн цахилгааны шугамыг холболтын дүрмийн дагуу холбож гэмтэл гарахаас сэргийлж өгөх хэрэгтэй байна.

            Мөн “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ханбогд суман дахь салбараас бидэнд учруулсан хохирол болох 1,019,900 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “ 2017 оны 05 сард сумын төвийн айл өрхийг нэгдсэн шугам сүлжээнд холбосон. Энэ үйл ажиллагааг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хийсэн. Тэр үед Ханбогд суманд салбар байгууллага байгууллагадаагүй байсан. Холболт хийсний дараа 2016 оны 04 сарын 05-06-нд шилжих шөнө цахилгаан хэрэгсэл шатсан. Өглөө нь босоод гэрлээ асаасан чинь массласан байсан. Тэгэхээр нь би тог болохгүй байна гээд гэрлээ унтраагаад 6 цаг өнгөрөөж босоод 30 минутын дараа гэрлээ асаасан чинь бас масстай хэвээрээ байсан. 8 цаг болгоод ус буцалгагчаа залгасан чинь ус буцалгагч буудаад гал гараад ус нь асгарсан. Тэгэнгүүт би нөхрөө дуудаад тог ийм болчихсон байна. Ус буцалгагч шатчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр шөнө нь 02 цаг хүртэл компьютер дээр юм хийж суусан. Тэгсэн шөнө 01 цагаас хойш намайг юм хийж байхад гэрэл сонин болоод байсан. Тэгэхээр нь би гэрлээ унтраагаад унтсан гэсэн. Тэгээд гэрэл байхгүй болчихоор нь хажуу айл Эрдэнэжаргалынх руу утасдаад танайд тог байна уу, манай тог шатчихлаа гэж утсаар асуусан. Манай гэрэл зүгээр байна гэсэн. Тэгэхээр нь гэр дотор массласан юм болов уу гээд монтёроо дуудахгүй бол болохгүй гээд ярьж байсан чинь удалгүй айлынх нь хүмүүс орж ирсэн. Мягмарсүрэн, Мөнхбаатар нар орж ирсэн. Танай зурагт чинь яаж байна. Манай зурагт, дидеш ч асахгүй байна гэсэн. Манайх бол бүх зүйлээ унтрааж унтдаг. Ганц ус буцалгагчаа залгасан чинь шатчихлаа гэсэн. Манай хажууд хүүгийнх байдаг. Бүх зүйлээ залгаж унтдаг. Тэгээд хүүгээсээ танай зурагт асаж байна уу, босоод залгаад үз гэхэд манай зурагт асахгүй байна. Шатчихсан байна гэж хэлсэн. Би 09 цагт ажилдаа явсан. Ажилдаа явахаас өмнө Баярсайханы эхнэр рүү залгаж, дуудлага өгөх гээд хэлсэн чинь Баярсайхан Оюутолгой руу дуудлагаар явсан гэсэн. Эхнэр нь тэгээд монтёр руу хэлж өгсөн. Өдөр ажил дээр байхад Баярсайхан гэрт очиж гэрэл залгаж өгсөн. Манай сумын цахилгааны ажлыг Баярсайхан л хийдэг. Би ажилтай байсан. Манай хүн Баярсайхан ирж гэрэл засчихаад явлаа гэж хэлсэн. Дараа нь Баярсайхантай уулзаад энэ талаар асуусан. Манай гэрэл юунаас болж вэ? гэхэд масс гараад гэрлийн утас шатсан байна гэж хэлсэн. Манайхаас шалтгаалаагүй гэдгийн би ойлгосон. Чухам юунаас болсон бэ? гэхэд мэдэхгүй гэсэн.  Манайх эд зүйлээ шатаалаа. Ийм хохирол гарсан. Танайд гомдолд гаргаж болох уу, гэж Баярсайханаас асуусан. Тэгэхэд айлууд ийм асуудлууд гардаг. Нэг хүснэгт бөглөдөг гэж хэлсэн. Тэгээд тэр хүснэгт бөглөөд тэр дагуу хохирол барагдуулсан зүйл байдаггүй. Хүмүүс юу болсон юм бол гээд асууж л байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд хандвал бүтэмжгүй юм байна. Шүүхэд хандана гэсэн. Бусад айлуудаас асуухад мөн адил шүүхэд хандана гэсэн боловч бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй. Тэгээд би хүүгийнхээ шатсан эд зүйлтэй бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ийм л зүйл болсон. Тэр үед цаг агаар тогтуун байсан. Нэг шонгийн модноос олон айл холбосноос масслаж эд зүйл шатсан байх л гэж бодож байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Тын цахилгаан хэрэгслүүд нь 2015 оны 04 сарын 05-06-нд шилжих шөнө цахилгааны гэмтлээс болж шатсан.  Энэ талаар цахилгааны гэмтэл гарсан, гэмтлийг хэн засварласан зэрэг гэрчүүд болох Долгор, Ариунболд, Эрдэнэтуяа, Баярсайхан, Мягмарсүрэн нар нотолдог. Цахилгааны гэмтэл нь юунаас болж үүссэн юм бэ? гэхээр “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК тухайн айлуудын нэгдсэн цахилгаан шугаманд холбохдоо эрчим хүчний хуулийг зөрчиж, 10 айлын цахилгааны утсыг нэг шонд холбосны улмаас гэмтэл гарсан. Гэмтэл гарсны улмаас айлуудын цахилгаан хэрэгсэл шатсан байгаа.  Засгийн газрын 2001 оны 263 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм гэж байгаа. Энэ дүрмийн 3 дугаар зүйлд цахилгаан эрчим хүчийг хангах гэрээний талаар зохицуулсан. Энэ гэрээний 13-т: “Хангагч, хэрэглэгч нь эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулна. Хэрэглэгч нь гэрээ байгуулсны дараа цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана” гэж заасан. Мөн эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүч хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан. Энэ заалтаас харахад цахилгаан эрчим хүчээр хангагч нь “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Т, Мөнхболд нартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулах ёстой байсан. Гэрээ байгуулсныхаа дараагаар цахилгаан эрчим хүчээр хангагч цахилгаанд холбох ажлыг хийх ёстой байсан. Гэрээ байгуулаагүй учраас хариуцагч нь хуульд, дүрэмд заасан эрх үүргээ ойлгохгүй. Ингэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 10.2 дахь заалтын нэхэмжлэгч цахилгаан хэрэглэгч мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл гэмтэл гарсан талаар манай талд мэдэгдэж, акт үйлдэх ёстой байсан гэж хариуцагч талаас ярьдаг. Үүнийг бол гэрээ байгуулаагүй учраас эрх, үүргээ мэдэхгүй. Иймд нэхэмжлэгч тал мэдэх боломжгүй байсан гэж үзэж байгаа. Ер нь бол компанийн ажилтанд цахилгаан хэрэгсэл шатсан талаар нэхэмжлэгч болон бусад айлууд мэдэгдсэн байдаг. Тухайн ажилтан гэмтэл гарсныг мэдсээр байж акт үйлдээгүй буруу байгаа. Хариуцагч талаас цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7.1.1-т зааснаар гэнэтийн аюулын тохиолдолд гарсан хохирлыг хангагч хариуцахгүй гэж тайлбар өгдөг. Тухайн өдөр цаг агаарын ямар нэгэн үзэгдэл болоогүй болох нь Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн тогтоолоор тогтоогдож байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очирхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээний талаар дэлгэрэнгүй ярилаа. Эрчим хүчний тухай хууль, эрчим хүч хэрэглэх засгийн газрын тогтоолтой холбоотойгоор эрчим хүч хэрэглэгч, хангагч хоёр заавал гэрээ байгуулж ажилласан байх ёстой. Гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээ нь дээр дурдагдах буюу эрчим хүчний тухай хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заагдсан эрх, үүрэг хариуцлагатай холбоотой асуудлууд бол яригдахгүй байгаа юм. Тийм учраас тухайн үед гэмтэл гарсан. Гарсан гэмтэлтэй холбогдуулаад манай эд зүйл шатчихлаа гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаад байгаа. Энэ шатсан эд хөрөнгө эрчим хүчний доголдлоос болж шатсан гэж ярих боловч доголдолтой холбоотойгоор эрх, үүрэг хариуцлага гэрээгээр зохицуулагдсан байх ёстой. Тэр болгон хангагдахгүй байгаа. Эд хөрөнгө шатсан гэж яриад нэхэмжлэл гаргаад байгаа. Шатсан эд хөрөнгөнийх нь юу нь шатсан юм, ямар байгууллага шатсан гэж тогтоосон талаар баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгүүдтэй танилцахад манай эд зүйл шатсан л гэхээс биш нэхэмжлэгчийн эд хөрөнгө шатсан талаар дурдаагүй байдаг. Тэгэхээр энэ дээр эд хөрөнгө нь шатсан эсэх талаар тодорхойгүй байна. Яагаад гэвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрсдөө амаараа яриад байгаа болохоос нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй байна. Мөн гэрчүүд тухайн шөнө гэмтэл гарсан. Гэмтэл гараад тог тасарсан. Дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө гэмтэл гарсан үед нэхэмжлэгч талаас дуудлагыг утасны дугаар олоод, хүний нь олоод дуудлага өгсөн боловч өөрийнхөө эд хөрөнгийг шатсан талаар тухайн байгууллага албан тушаалтанд уулзаж, шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах мөн энэ тухай эрчим хүчний тухай хуулинд заасан. Эрчим хүчний зохицуулах зөвлөл гээд байгууллага байдаг. Тэнд хандах эсвэл байгууллагад хүсэлт өгөх, өргөдөл гаргах гээд мэдэгдэх боломж байсан боловч мэдэгдээгүй. 04 сарын 05-06-нд шилжих шөнө гэж ярьсан. Энэ шөнө гэмтэл гарсан нь үнэн. Тэгэхдээ гэмтлээс болоод хэзээ юу шатсан нь тодорхойгүй. Хэзээ мэдсэн бэ? гэхээр 2017 оны 05 сарын 26-нд гэхээр 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн байгаа. Эрчим хүчээр хангах байгууллагын хувьд мэдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор гэрчээс тодруулна ” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, гэрэл зураг, баталгаат засварын хуудас, зарлагын баримтын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/359 дугаартай хариу тайлбар, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/441 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/450 дугаартай албан бичиг, Өмнөговь аймаг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Туяагийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зарлагын баримт, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл, гэрч Д.Ариунболд, Ё.Долгор, Ц.Эрдэнэтуяа, М.Мягмарсүрэн, М.Баярсайхан нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /РД:5710928/-нд холбогдуулан гэм хорын хохирол 1,019,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК тухайн айлуудын нэгдсэн цахилгаан шугаманд холбохдоо эрчим хүчний хуулийг зөрчиж, 10 айлын цахилгааны утсыг нэг шонд холбосны улмаас гэмтэл гарсан. Гэмтэл гарсны улмаас 42 инчийн LCD зурагт, ус цэвэршүүлэгч 2 шатсан гэж маргаж байна.

            Харин “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөгч нь 04 сарын 05-06-нд шилжих шөнө гэмтэл гарсан нь үнэн. Тэгэхдээ уг гэмтлээс болоод нэхэмжлэгчийн шатсан эд хөрөнгөнийх нь юу нь шатсан юм, ямар байгууллага шатсан гэж тогтоосон талаар баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгүүдтэй танилцахад манай эд зүйл шатсан л гэхээс биш нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгө шатсан талаар дурдаагүй гэсэн тайлбар гаргажээ.

            Нэхэмжлэгч нь тухайн үед цахилгааны ямар гэмтлийн улмаас ямар эд хөрөнгө нь шууд хамраалтайгаар шатаж гэмтсэн талаараа ярьдаг боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Учир нь нэхэмжлэлийн шаардлага дахь шатсан эд хөрөнгө буюу цахилгаан хэрэгсэл шатсан гэсэн үйл явдал нь тог тасарсан гэх үйл явдалтай шалтгаант холбоотой болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийнхээ дагуу шүүхэд нотлож чадсангүй гэж үзэв.

            Иймд  шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн талуудын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримт зэргийг судлаад Б.Тын нэхэмжлэлтэй, хариуцагч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /РД:5710928/-нд холбогдуулан гэм хорын хохирол 1,019,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Б.Тын нэхэмжлэлтэй, хариуцагч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /РД:5710928/-нд холбогдуулан гэм хорын хохирол 1,019,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.027 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТТУЛГА

                              ШҮҮГЧ                              С.ӨЛЗИЙ-ОТГОН

                     ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА