Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

   2022          06            10                                  2022/ШЦТ/97

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Намуунзул, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

 Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зт холбогдох эрүүгийн 2219000000121 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, .......

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг Гашуун сүүж гэх газарт оршин суух Д.Мг морь уралдуулаагүй байхад намайг “морь мордуулсан” гэж цагдаад хэллээ гэж маргалдан улмаар түүнийг дугуй тайлагч багажаар цохиж зүүн шуу ясны хугарал, баруун шууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Э.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэндсайхан гэдэг хүнтэй муудсан, ...над руу шууд чулуу аваад дайрч, шидэхээр нь би машинаас дугуй тайлагчаа авч гараад түүний чулуутай гарыг нь цохисон, ...гар эвгүй болчихлоо гэхээр нь сумын эмнэлэг орж үзүүлье гэхэд яах юм бэ цагдаа гээд бөөн юм болно, яршиг гэсэн. Хүүгийнх руу нь хүргэж өгье гээд явж байтал машины түлхүүр аваад гэр рүүгээ зугтсан” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Хишигжаргал, өөрийн хүү Ширмэнбаатар нарын хамтаар хэдэн ямаагаа самнаад байж байтал орой 17 цаг 30 минутын үед манай гадаа /улсын дугаарыг нь мэдэхгүй/ цэнхэр өнгийн Бонго маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй, манай нутгийн дүү З  ирсэн. Зыг автомашинаасаа буугаагүй байхад нь очиж, юу байна, ямар хэргээр яваа юм гэхэд З нь юмгүй гэж хэлээд надад хандаж “ та яагаад бөгс ухаад байгаа юм гэж хэлэхээр нь би чиний 2 морь уралдаа биз дээ, цагдаа асуугаад байхаар нь хэлсэн шүү дээ гэж хэлээд бага зэрэг ам мурийсан. Тэгээд З бид 2 хоорондоо ярилцаж, эв зүйгээ олсон. Удалгүй З нь Мэндээ ах автомашинд суучих, тантай ярих юм байна гэж хэлэхээр нь би яах гэж байгаа юм гэж хэлээд автомашинд нь ороод суусан. Манай гэрийн үүднээс хөдлөөд, манайхаас зүүн тийш 2 км яваад, энд айл байна гэж хэлээд хойшоо яваад Ухаа овоо гэх газрын араар орж зогсоод З нь автомашинаасаа буусан. Тухайн үед нь би ч автомашинаас нь буугаад чи яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь З нь чамайг яасан ч яадаг юм гэж хэлээд энгэрээсээ хутга гаргаад, эвхдэг хутгаа тэнийлгэхээр нь би хойшоо ухарч чулуу аваад хөгшин хүний өөдөөс хутга гаргахаас ичихгүй байна уу гэж хэлсэн чинь З нь чи чулуугаа хаячих би хутгаа хаячихъя хоёулаа сайхан зодолдъё гэж хэлэхээр нь чи эхлээд хутгаа хая гэсэн чинь намайг чулуугаа хая гэж байгаад З нь хутгаа эвхэж халаасандаа хийсэн. Тэгээд цааш яваад автомашины жолоочийн талаас очиж хаалга онгойлгоод газуу /төмөр багаж/, дугуй задалдаг лапатик буюу урт нарийн төмөр барьж гарч ирээд шууд над руу гүйгээд ирсэн. Ирээд баруун гарандаа байсан газуугаар цохихоор нь би зүүн гараараа хаасан, мөн дахин зүүн гарандаа байсан лапатикаар цохихоор нь баруун гараараа хаасан. Тэгээд зүүн гар өвдөөд байхаар нь Зт хандаж гар хугарчихлаа гэж хэлсэн чинь тархийг нь хага цохино шүү гэж хэлсэн. Мөн одоо эмнэлэг явъя гэж хэлэхээр нь би эмнэлэг орохоор цагдаа гээд бөөн юм болно, чи ядаж намайг манай гэрт хүргээд өг гэж хэлсэн чинь за болж байна гээд автомашинаа асаагаад манайх руу явсан. Манай гэрийн урдуур өнгөрөхөөр нь би автомашиныг нь түлхүүрээр нь унтраагаад түлхүүрийг суглаж аваад, автомашин зогсохоор нь автомашинаас нь буугаад гэр рүүгээ гүйсэн чинь манай хүү намайг харсан бололтой мотоциклио асаагаад над руу чиглэлтэй ирсэн....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

 

Гэрч Н.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... гэртээ хүү Ширмэнбаатар, нөхөр Мэндсайхан нарын хамтаар ямаагаа самнаж байсан. Тухайн өдөр 17 цаг өнгөрөөд байж байтал манай гадаа З гэх нутгийн хүү нь өөрийн ачааны автомашинтайгаа ирсэн. Тухайн үед манай нөхөр Мэндсайхан нь Зтай юм яриад зогсож байгаа харагдсан. Удалгүй З, Мэндсайхан нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед нь очиж больцгоо гэж хэлээд хэрүүлийг нь салгасан. Тэгээд буцаад өөрийн гэр лүүгээ орсон. Мэндсайхан, З  нар хоорондоо эвлэрээд гадаа үлдсэн. Удалгүй З нь манай нөхөр Мэндсайханыг автомашиндаа суулгаад аваад явсан байсан. Адуугаа үзээд явж байгаа юм болов уу гэж бодоод л байж байсан. Мэндсайхан нь явснаас хойш 20-30 минутын дараа манай хүү Ширмэнбаатар нь аав гэрийн урдаас алхаж байгаа харагдаж байна, араас нь З нь хөөж байгаа харагдана гэж надад хэлээд, өөрийн мотоциклио асаагаад Мэндсайханы байгаа чиглэл рүү явсан.Манай хүү                                                                                           очоод Зыг явган хөөгөөд байсан, би араас нь  явж байгаад нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан..” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),  

 

Гэрч М.Ширмэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Адуунаасаа ирсэн чинь З нь манай аав Мэндсайханыг аваад автомашинтайгаа хөдлөөд явсан байсан. Тухайн үед нь ээж Хишигжаргалаас аавыг аваад З хаашаа явсан юм гэхэд ээж адуу үзэх гээд явсан байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд ямаагаа үргэлжлүүлж самнаад байж байтал аав гэрийн урдаас явган гэр рүү чиглэлтэй гүйж байсан. Араас нь З нь хөөж байсан. Би мотоциклоо асааж, очоод уур хүрээд З руу дайрч чулуу аваад хөөсөн. Зыг хөөгөөд гүйцээгүй, ...Би Зын биед гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл( хавтаст хэргийн 36-37 дугаар тал),   

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/0202 дугаартай шинжээчийн “1. Д.Мы биед зүүн шуу ясны хугарал, баруун, зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан зүүн шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Учирсан баруун, зүүн шууны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт( хавтаст хэргийн 39-40 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 59 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Э.З нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг Гашуун сүүж гэх газарт оршин суух Д.Мг морь уралдуулаагүй байхад “морь мордуулсан” гэж цагдаад хэллээ гэж маргалдан түүний бие эрх чөлөөнд нь халдан дугуй тайлагч багажаар гар луу нь цохиж зүүн шуу ясны хугарал, баруун шууны цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр нь хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ...манай нутгийн дүү З ирсэн. Зыг автомашинаасаа буугаагүй байхад нь очиж, юу байна, ямар хэргээр яваа юм гэхэд З нь юмгүй гэж хэлээд надад хандаж “ та яагаад бөгс ухаад байгаа юм гэж хэлэхээр нь би чиний 2 морь уралдаа биз дээ, цагдаа асуугаад байхаар нь хэлсэн шүү дээ гэж хэлээд бага зэрэг ам мурийсан. З нь Мэндээ ах автомашинд суучих, тантай ярих юм байна гэж хэлэхээр нь би яах гэж байгаа юм гэж хэлээд автомашинд нь ороод суусан. ...Тэгээд цааш яваад автомашины жолоочийн талаас очиж хаалга онгойлгоод газуу /төмөр багаж/, дугуй задалдаг лапатик буюу урт нарийн төмөр барьж гарч ирээд шууд над руу гүйгээд ирсэн. Ирээд баруун гарандаа байсан газуугаар цохихоор нь би зүүн гараараа хаасан, мөн дахин зүүн гарандаа байсан лапатикаар цохихоор нь баруун гараараа хаасан. Тэгээд зүүн гар өвдөөд байхаар нь Зт хандаж гар хугарчихлаа гэж хэлсэн чинь тархийг нь хага цохино шүү гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... гэртээ хүү Ширмэнбаатар, нөхөр Мэндсайхан нарын хамтаар ямаагаа самнаж байсан. Тухайн өдөр 17 цаг өнгөрөөд байж байтал манай гадаа З гэх нутгийн хүү нь өөрийн ачааны автомашинтайгаа ирсэн. Тухайн үед манай нөхөр Мэндсайхан нь Зтай юм яриад зогсож байгаа харагдсан. Удалгүй З, Мэндсайхан нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед нь очиж больцгоо гэж хэлээд хэрүүлийг нь салгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ширмэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Адуунаасаа ирсэн чинь З нь манай аав Мэндсайханыг аваад автомашинтайгаа хөдлөөд явсан байсан... Тэгээд ямаагаа үргэлжлүүлж самнаад байж байтал аав гэрийн урдаас явган гэр рүү чиглэлтэй гүйж байсан. Араас нь З нь хөөж байсан. Би мотоциклоо асааж, очоод уур хүрээд З руу дайрч чулуу аваад хөөсөн. Зыг хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/0202 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.З нь хохирогч Д.Мг “морь мордууллаа” гэж цагдаад мэдэгдлээ гэж маргаж түүний гар луу дугуй задлагч төмрөөр цохиж гэмтэл учруулж байгаа үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Э.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтдээ “ эм тарианы зардлыг гаргаж өгсөн тул ...гомдол саналгүй” гэсэн тул шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Зт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Э.Зт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Зт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Э.Зт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн дугуй тайлагч багажыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.З нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Э.Зт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дугуй тайлагч багажийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН