Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00105

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Сургуулийн 26  тоотод оршин суух, 23 настай, эмэгтэй, Адуучин овогт Амарсайханы Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сум 3 дугаар баг 5 дугаар хэсэг Хар хошуу гэх газар оршин суух, 26 настай, эрэгтэй, Их Монгол овогт Тунгалагийн Эт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа, нэхэмжлэгч А.Х, хариуцагч Т.Э нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

   Нэхэмжлэгч А.Х нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Миний бие 2014 онд Т.Этай танилцан хамтран амьдарч байгаад 2015 оны 03 дугаар сарын 16-нд хүү Э.БЭэ төрсөн. Намайг эмнэлэгт төрөх гээд хэвтэж байхад Т.Э наадах чинь миний хүүхэд биш гээд ирдэггүй байсан. Төрсний дараа нэг ирээд хүүг сар гарантай байхад эргээд яваад өгсөн. Хүүхдээ гуйлгаж байж ирдэг байсан. Би хүүхэддээ хэрэгтэй шаардлагатай байгаа зүйлийг авах гэж Т.Эаас мөнгө асуухад ар гэрийнхэн нь байнга намайг хэл амаар доромжилдог.Сүүлдээ би нэхэхээ байсан. Т.Э хүүхэддээ тусалж дэмждэггүй. Одоо Т.Эаас хүү Э.БЭэд тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Т.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2014 онд А.Хтай танилцан манай гэрт цуг амьдарч байсан. Тэр үед манай эцэг, эхтэй ерөөсөө таардаггүй байсан. Намайг хүүхдээ харж ханддаггүй гэлээ. Би хүүхэддээ хувцас хунар авч өгч анхаарал халамж тавьдаг байсан. Өнгөрсөн намар гэхэд хүүгийн цэцэрлэгийн багш 2, 3 удаа надруу ярьж мөнгө /30000, 20000 төгрөгөөр өгч байсан/ төгрөг авч байсан. Би хүүхдээ сар гарантай байхад нь орхиод явж байгаагүй. Өнгөрсөн зун гэхэд би хүүгээ хараад байж байсан. А.Хын утасруу нь байнгын хүн амьтан залгадаг. Ноднин намайг гэрт нь цуг байхад хэдэн залуус ирээд бараг алаад хаячихъя гэж байсан. Би ийм орчинд энэ хүнтэй яаж амьдрах билээ. Би одоогоор тогтсон орлогогүй ажил төрөлгүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөхөд асуудалтай л байна  хүүхэд миний хүүхэд мөн маргаангүй,  би өөрөөрөө овоглож гэрчилгээг нь авсан гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, Эийн БЭийн төрсний гэрчилгээний хуулбар, А.Хын иргэний үнэмлэхний хуулбар, Баянбаг өрхийн эмнэлэгийн Э.БЭийн эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Т.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч А.Х, хариуцагч Т.Э нар нь 2014 оноос 2015 он хүртэл хамтран амьдарч байх хугацаанд 2015 онд хүү Э овогтой БЭэ төрсөн байна. Зохигч талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, Иргэний  бүртгэлийн байгууллагаас 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү БЭийг эцэг Эаар овоглон төрсний гэрчилгээ олгосон тул эцэг тогтоох шаардлагагүй ба хариуцагч М.Э нь хүүхдээ өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрдөг, маргаангүй. Хариуцагч Т.Э нь хүү БЭийг өөрийн хүүхэд мөн эцэг тогтоолгох шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч байгаа зэргээс дүгнэлт хийхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч Т.Эаас тэтгэлэг гаргуулж төрсөн хүү Э овогтой  БЭийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Хариуцагч Т.Э нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлгийн хэмжээнээс тооцон улсын тэмдэгтийн хураамж гарган төрийн санд оруулах, мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь төлсөн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдах нь зүйтэй  байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э овогтой БЭийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар /11-16/ нас, суралцаж буй бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Тунгалаг овогтой  Эаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Нэхэмжлэгч А.Хын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 29836 төгрөгийг гаргаж төрийн санд оруулахыг даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ