Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

2022 05.31                  2022/ШЦТ/89

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2219000000105 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............

Монгол Улсын иргэн, .........................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Анагаахын Шинжлэх их ухааны сургуулийн номын сангийн өрөөнд А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуу, шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, уруул, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн

Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Анагаахын Шинжлэх ухааны их сургуулийн номын сангийн өрөөнд Ц.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шанаа, зүүн мөр, нурууны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: "... Би 2022 оны 03 дугаар сарын 16-нд ажлаас тараад Б гэдэг хүнтэй уулзмаар санагдсан. Энэ хүн 2019 оноос эхлээд манай нөхөртэй холбоотой байсан, ...ажил дээр нь очоод хүлээгээд зогсож байхад А.Б ирсэн, ...чи яахаараа манай нөхрөөс мөнгө авдаг юм, манай нөхөр яагаад чиний дансыг мэддэг юм гэж асуухад түлхүүртэй гараараа намайг цохисон. Миний нүдний хэсгээс цус гарахаар нь айгаад энэ хүнд ингээд алуулдаг юм байна гээд хаалга руу очиход цоожтой байсан. Тэгтэл миний араас Б ирж үснээс зулгааж, зодсон, ... нэг хүн ирээд юу болоод байгаа юм болиоч ээ та 2 гээд ирсэн, ...би эмнэлэгт очиж өвчин намдаах дусал тариа хийлгэсэн...” гэв.

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: "...2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө энэ хүн намайг сураад ажил дээр ирсэн байсан, ...оюутнууд сууж байхад чи манай нөхөртэй явалдаад байгаа биз дээ, чи Б мөн биз дээ гэхээр нь мөн хэн болоод намайг хардаад байгаа юм гэж хэлсэн, ...би юу яриад байгаа юм гэж хэлээд хүнгүй өрөө рүү дагуулж орон учраа олъё гэж хэлээд өрөөнд орж хаалгыг хүнээс санаа зовсондоо цоожилсон. Юу болоод байгаа юм гэхэд чи манай нөхөртэй явалдаад байгаа биз дээ, манай нөхрийг надаас салгасан, та хоёр хамт амьдарч байгаа, миний нөхрийн дансанд байсан 3,000,000 төгрөг байхгүй, чамд байгаа биз дээ гээд дайраад байсан, ... намайг гар утсаа оролдоод зогсож байхад бүх зүйлээ устгах гэлээ гээд булаагаад, ... намайг алгадсан, ...миний нүдний шилийг унагаахаар нь миний уур хүрээд бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Энэ хүн намайг эхэлж зодсон, би ажлынхаа байран дээр зодуулсан, ...тэр даруйд нь нүдний эмчид очиж үзүүлсэн, ...би ганц удаа бөгжтэй гараараа алгадсан, хоорондоо үсдэлцэж зодолдсон нь үнэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: "... Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажлаасаа тараад гэртээ харих замдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын АШУҮИ сургуулийн номын санд Б гэх хүнтэй уулзахаар очсон ... "Чи манай нөхөр Мэндбаяртай гар утсаар байнга ярьдаг хүн мөн үү” гэхэд "би биш ээ та хүн андуураад байна, манай жижиг өрөө рүү оръё” гэж хэлэхээр нь би тэр өрөөнд нь орсон чинь "би танай нөхрөөр Өмнөговь аймгийн Манлай сумаас мах, сүү зөөлгөж байсан, тэрнээс царай зүсийг нь танихгүй” гэж хэлэхээр нь "чи яахлаараа мах, сүүгээ зөөлгөсөн байж царай зүсийг нь хараагүй байдаг билээ” гэхэд Б "би ерөөсөө хараагүй” гээд байсан. "Чи 2020 оны 9 сард Мэндбаярыг ханиадтай байх үед утсаар яриа биз дээ” гэхэд "би яриагүй чи хүн андуураад байна” гэж хариулахаар нь "чамайг Адъяагийн Б гэдэг үү” гэхэд юу ч дуугараагүй. "Чамаас 2020 оны 11 сард манай хүнтэй чаталсан чат байсан биз дээ, мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөгийг "сайхан баярлаарай” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн байсан, тухайн шилжүүлсэн дансны дугаарыг хийж үзэхэд А.Б гэсэн хүний нэр гарч ирж байсан” гэхэд "танай нөхөр чинь өөрөө шилжүүлсэн би мөнгө авъя гэж хэлээгүй” гэж хариулахаар нь "чи айл гэр бүл үймүүлээд байна, хоёулаа учраа олъё, Мэндбаяр чинь 3 хүүхэдтэй, 3 зээтэй өвөө болсон хүн, энэ хүнээс битгий мөнгө аваад, амьдралыг нь битгий сүйтгээд бай” гэхэд "би мөнгө аваагүй, танай хүн өөрөө мөнгө өгдөг” гэж хэлээд шууд миний зүүн нүд рүү түлхүүр барьж байсан гараараа цохих үед миний нүдний хэсгээс цус гарахаар нь би шууд тонгойгоод, "чамтай муудах гэж энд ирээгүй” гэж хэлээд өрөөнөөс гарах гэхэд өрөөний хаалга цоожтой байсан. Тэгтэл миний араас Б ирж үснээс зулгаахаар нь би, "намайг аллаа, амь авраарай” гэж бахиран, 2 гараа сарваахад гарт үс, нүүр нь таарахаар нь би үснээс зулгаасан, гарт хүрсэн Бгийн биеийг гараараа самардсан. Хаалганы гаднаас хүн "хаалгаа нээ юу болоод байгаа юм бэ” гэхэд Б тэр өрөөний хаалгыг нэг гараараа нээсэн. Өрөөнд гаднаас 1 эмэгтэй орж ирж "та хоёр болиоч ээ” гэж хэлсэн. Б намайг мэдээгүй байхад зүүн шанаа хэсэгт баруун гараараа 1 удаа цохиход би шалан дээр өнхрөөд унасан. Би шалан дээр унаад нүүрээ таглан намайг аллаа гэж орилсон ..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 79-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон яллагдагчаар өгсөн: " ... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын АШУҮИ сургуулийн номын санд намайг нэг хүн сураад байна гэхээр нь би, тэр хүнтэй уулзахад маск зүүсэн 1 эмэгтэй хүн миний өөдөөс ирж, "намайг таньж байна уу” гэж асуухаар нь би "танихгүй байна” гэж хариулахад, "чи манай нөхрийг салгаж суусан биз дээ” гэхээр нь "юу яриад байгаа юм” гэж хэлээд хүнгүй өрөө рүү дагуулж орон "учраа олъё” гэж хэлээд өрөөнд орж "та юу болсон гэнэ вэ” гэхэд "чи манай нөхөртэй явалдаад байгаа биз дээ, манай нөхрийг надаас салгасан” гэж хэлээд дайраад байхаар нь Мэндээ гэх хүний эхнэр байна гэж мэдсэн. "Чи манай нөхөртэй байнга утсаар холбоотой байгаа биз дээ” гэж хэлж, миний утсыг "үзье” гэж утсыг авах гэхээр нь би өгөөгүй, булаацалдах үед миний баруун шанаа хэсэгт 1 удаа алгадах үед миний нүдний шил шалан дээр ойчсон. Би уурандаа 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Би шанаа хэсэгт цохисон гэж бодож байна. Тэгээд хоёр биенийхээ үснээс зулгаасан. Мөн миний гар, нүүр хэсгийг Э нь самардсан. Э бид 2 муудаж ноцолдож байх үед Э "намайг аллаа” гэж бархирахаар нь манай ажлын Долгормаа уг өрөөнд орж ирж "алив болиоч ээ” гэж хэлэхэд Э нь надад түлхэгдээд шалан дээр ойчсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 72 дугаар хуудас/,

Гэрч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... эмэгтэй хүн манай ажлын Бг асууж ирэхээр нь би, Бгийн өрөөг нь зааж өгсөн. Тэр хүн Бтай уулзахаар яваад хэдэн минутын дараа номын сангийн "сэтгүүлийн фонт”-ны өрөөнд хүмүүс хоорондоо хэрэлдэх нь сонсогдсон, тухайн үед "чи миний нөхөртэй явалддаг, чи хүн андуураад байна” гэх яриа сонсогдсон. Тухайн өрөөнд байсан хүмүүсийн дуу нь чангараад байхаар нь би очсон чинь хаалга нь цоожтой байхаар нь би "хаалгаа нээ” гэж хэлж хаалгыг нь цохисон чинь удалгүй 1 хүн нээхээр нь би өрөөнд ороход Б болон Бг асууж ирсэн эмэгтэй хоёр, хоёр биенийхээ үснээс зулгаалцсан байдалтай зогсож байхаар нь та 2 больчихоо гэхэд Б миний нүдний шил үсрээд явчихлаа хаана байгааг нь хараад өгчих гэхээр нь би нүдний шилийг харахаар тэр хоёрыг өнгөрч гарахад, нөгөө эмэгтэй нь шалан дээр бөгсөөрөө ойчихоор нь "хөөе болиоч ээ, битгий зодолдоод бай” гэж хэлэхэд Б өрөөнөөс гараад, нөгөө эмэгтэй сандал дээр суугаад цагдаа дууд гээд цагдаа руу залгаж байсан. Тухайн эмэгтэй хүний нүдний хөмсөг орчмоос цус гарсан байдалтай харагдаж байсан аль нүд гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үедээ сандарсан байсан. Харин Бгийн амны завж хавиас нь цус гарсан байдалтай байсан ..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ш.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Э гэх хүн нь миний эхнэр байгаа юм. 1993 оноос хойш одоог хүртэл ханилж байна. Б гэх хүн Өмнөговь аймгийн Манлай сумын гаралтай хүн байгаа юм. Ах нь манай анги байсан юм. ... Би Өмнөговь аймгаас Дорноговь аймагт ирэх үедээ дайвар авчирдаг юм. Хааяа Б Өмнөговь аймгийн Манлай сумаас дайвар авчруулдаг юм. ... Намайг Дорноговь аймгаас Өмнөговь аймаг руу явж байх үед том охин болох Баярцэцэг нь ээж болох Эийг Б гэх хүнтэй Анагаахын сургууль дээр очиж муудсан байна гэж хэлсэн. ... Би эхнэр Эт саяхан уулзах үедээ чи гэмгүй хүнтэй муудсан байна гэж хэлсэн. Мөн хүүхдүүд ч хэлж байсан.Э бид хоёрын дунд хардах сэрдэх асуудал багагүй гарч байдаг юм... Би Б гэх хүнд 100.000 төгрөгийг ээжийнхээ ажил явдалд зарцуулаарай гэж өгч байсан. ... 200.000 төгрөгийг шинэ жилийн үеэр мөнгө байвал зээлчих гэж гуйхаар нь өгсөн. Өөр мөнгө өгч байгаагүй ...манай эхнэр намайг тээвэрт хэд хоног явдаг болохоор хүмүүстэй хардаж байдаг хүн байгаа юм, миний данс болон гар утсыг байнга эхнэр Э шалгадаг” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0153 дугаартай шинжээчийн "... Ц.Эийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн мөр, нуруунд цус хуралт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн сарвуунд гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/0214 дугаартай шинжээчийн "... Ц.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шанаа, зүүн мөр, нурууны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт, хамар ясны хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн шанаа, зүүн мөр, нурууны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/0154 дугаартай шинжээчийн "... А.Бгийн биед тархи доргилт, баруун шуу, шилбэнд цус хуралт, дух хамрын нуруу, уруул, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Эийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Бгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 106-107, 109-111 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Анагаахын Шинжлэх ухааны их сургуулийн номын сангийн өрөөнд А.Бтай нөхрөө хардаж, дотно харьцаатай гэж бодсоны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь

хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ц.Эийн үйлдлийн улмаас хохирогч А.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуу, шилбэнд цус хуралт, дух хамрын нуруу, уруул, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн шанаа, зүүн мөр, нурууны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч "хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э, А.Б нарын үйлдэл тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгчийн гаргасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх саналыг эсэргүүцэж гэмт хэрэг юунаас болж гарсан шалтгаан, хүний эрүүл мэндэд учирсан хор хохирол үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч нар үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдсон, зодоон болсон өрөөний хэмжээ ямар байх, хэн эхэлж зодсон, хаалга цоожтой байсан, яаж нээсэн нь хэрэгт хамааралгүй, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нь "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон хуульд заасан бусад байдал нотлогдон тогтоогдож чадаагүй, шүүгдэгч Б нь нэг л удаагийн үйлдлээр Эийг цохьсон гэж мэдүүлдэг, гэрч Долгормааг орж ирсний дараа Эийг дахин цохиж унагаасан үйлдлийг Долгормаа, Э нар мэдүүлдэг тул Долгормаа, Э, Б нарыг нүүрэлдүүлэн байцаах, мэдүүлгийг газар дээр нь очиж шалган зодолдсон гэх өрөө ямар байдалтай, ямар хэмжээтэй, хэр зайтай өрөө байсан, түлхүүртэй эсэх зэргийг шалган тогтоож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан юм уу, үгүй юм уу гэсэн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай...” гэсэн агуулга бүхий мэтгэлцсэн ба шүүгдэгч Бгийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Э, А.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчдын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, зулгарал, цус хөхрөлт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул хэн хэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаагүй ба хэн хэн нь зөвхөн нэ удаа алгадсан, үсдсэн гэх боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ц.Э, А.Б нарын биед учирсан хөнгөн хохирол нь тухайн цаг хугацаанд үүссэн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад хэн хэнийх нь үс сэгсийсэн, нүүр, гар хэсэг шалбарсан, улайсан зэрэг нь харилцан зодолдож нэг бус удаагийн үйлдлээр бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь давхар нотлогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Ц.Э нь нө Мэндбаярыгаа шүүгдэгч А.Бтай хардаж, уулзахаар зорьж очиж, өөрийнхөө хардаад байгаа бодлоо үнэн гэдэгт итгэж, өөрийн үзэл бодлоо тулган ажлын байран дээр нь хэрүүл маргаан үүсгэснээс шалтгаалжээ.

Шүүгдэгч Ц.Эийн нөхөр Мэндбаяр нь шүүгдэгч А.Бгийн ахтай найз, нэг ангид сурч байсан, нэг нутгийн гэдэг байдлаар таньдаг, энэ утгаараа найзынхаа ээжийг нас барахад буяны ажилд нь зориулж мөнгө өгсөн байдлыг буруугаар ойлгож, өөрийн хардалтаас шалтгаалан мөнгө аваад байна гэж хар төрөх, Өмнөговь аймгийн Манлай сумаас тээвэр хийдэг байдлаар нь нэг нутгийн, ахын найз гэсэн утгаар нь гэрээсээ хүнсний зүйл дайж авчруулсныг уулзаж, учирдаг, дотно харилцаатай гэж бодож 2019 оноос эхлэн хардаж байсан нь гэрч Ш.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Э гэх хүн нь миний эхнэр байгаа юм. 1993 оноос хойш одоог хүртэл ханилж байна. Б гэх хүн Өмнөговь аймгийн Манлай сумын гаралтай хүн байгаа юм. Ах нь манай анги байсан юм. ... Би Өмнөговь аймгаас Дорноговь аймагт ирэх үедээ дайвар авчирдаг юм. Хааяа Б Өмнөговь аймгийн Манлай сумаас дайвар авчруулдаг юм. ... Намайг Дорноговь аймгаас Өмнөговь аймаг руу явж байх үед том охин болох Баярцэцэг нь ээж болох Эийг Б гэх хүнтэй Анагаахын сургууль дээр очиж муудсан байна гэж хэлсэн. ... Би эхнэр Эт саяхан уулзах үедээ чи гэмгүй хүнтэй муудсан байна гэж хэлсэн. Мөн хүүхдүүд ч хэлж байсан. Э бид хоёрын дунд хардах сэрдэх асуудал багагүй гарч байдаг юм... Би Б гэх хүнд 100.000 төгрөгийг ээжийнхээ ажил явдалд зарцуулаарай гэж өгч байсан. ... 200.000 төгрөгийг шинэ жилийн үеэр мөнгө байвал зээлчих гэж гуйхаар нь өгсөн. Өөр мөнгө өгч байгаагүй ...манай эхнэр намайг тээвэрт хэд хоног явдаг болохоор хүмүүстэй хардаж байдаг хүн байгаа юм, миний данс болон гар утсыг байнга эхнэр Э шалгадаг” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...80017273 дугаартай хүн байнга цаанаас нь залгасан байсан. Миний дугаарыг "хань” гэж хадгалдаг байсан чинь хадгалдаггүй болсон, намайг Б дээр очих хүртэл холбоотой байсан гэж бодож байна, манай нөхрийн ааш зан өөрчлөгдөж хачин болоод байсан, Бг нутгийн дүү гэж надад яагаад хэлээгүй юм, үүнд нь гомдоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд нөхрийнх нь ааш өөрчлөгдөх, нутгийн дүү гэж хэлээгүй нь Бгийн буруу биш бөгөөд өөрийнх нь гэр бүлийн асуудал өөрт нь хамааралтай, нөхөртэйгөө ярилцаж шийдвэрлэх байтал хөнгөмсгөөр асуудалд хандаж, хардсан сэтгэл зүйдээ хөтлөгдсөнөөс үүссэн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаар А.Б, Мэндбаяр нарын хооронд дотно харилцаатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Мэндбаярын мэдүүлгээр Ц.Э нь нөхрийгөө хардаж, утас, дансыг нь шалгаж, хардах асуудал багагүй гардаг нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтууд өмгөөлөгчийн мэтгэлцээн няцаагдаж, зодоон болсон өрөөний хэмжээ, байрлал, цоожтой эсэх, хэн нь эхэлж цохиж зодоон үүсгэсэн нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой бус хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулснаар хүний хуулиар хамгаалагдсан эрүүл мэнд хохирсон нь гэм буруугийн санаатай үйлдэл болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Э, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч А.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, төлбөр холбогдох нотлох баримтыг гаргаагүй тул шүүгдэгч Ц.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э нь замын зардал, эмнэлгийн чөлөөтэй байсан хугаца* цалингийн зөрүү, эм, эмчилгээний зардал 726 928 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс цалингийн зөрүү хэдэн төгрөг болох, эдгээр нь юуны төлбөр хохирол нэхэмжилж буйгаа мэдэхгүй байх тул хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа хэмжээнд 131 дугаар хуудаст авагдсан замын зардал нийт 99 600 төгрөг, 132 дугаарт авагдсан эмнэлгийн үзлэг 19 200 төгрөг, 10 000 төгрөг, 105 200 төгрөг нийт 134 200 төгрөг, 133 дугаарт авагдсан 30 000 төгрөг, 134 дүгээрт авагдсан 90 000 төгрөг, эм тарианы 16 889 төгрөг, бүгд 468 889 төгрөгийг шүүгдэгч А.Б төлөх үндэстэй гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан 63 500 төгрөг нь юуны төлбөр болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжилж бай боловч энэ талаар хэдэн төгрөгийн зөрүү нэхэмжилж байгаагаа тайлбарлаж чадаагүй, хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 468 889 төгрөгийг хангаж, 63 500 төгрө1 хэрэгсэхгүй болгож үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Ц.Э, А.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүгдэгч Ц.Э, А.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал талуудын санал, дүгнэлтийг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасн шүүгдэгч Ц.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа тэдгээрийн орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан тэдний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Э, А.Б, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял А.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, А.Б нар нь торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Шүүгдэгч Ц.Э, А.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бгаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 468 889 төгрөгийг гаргуулж Ц.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр 63 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

Н.АДЪЯА

Text Box: Н.АДЪЯАДАРГАЛАГЧ