Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0717

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав

Нэхэмжлэгч: Л.Г-

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Л.Г- намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 693 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2023/0732/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн захиргааны тухай хууль /2012 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 31 дүгээр зүйлийн 31.1.5, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5-д заасныг тус тус баримтлан иргэн Л.Г-оос Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Иргэн Л.Г- намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх биелүүлээгүй. Нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шүүхийн шийдвэрт огт тусгаагүй.

Нэхэмжлэгч Л.Г- нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай зарлигаар Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр томилогдсон байх бөгөөд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо Л.Г-ийг буцаан томилоогүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоол гарах болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон бөгөөд дээрх тогтоолд заасан нэршил, бүтэц бүхий шүүх огт байхгүй тул эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон гэж үзэж, шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн ба Л.Г-ийг аль нэг дүүргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалган шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрт.. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэр бүхий 12 иргэнийг буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна.  Зөвхөн Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлж, шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Дээрхээс үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Л.Г- нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх бөгөөд түүний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй явдал нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэлийг бий болгосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Анхан шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно” гэж тус тус заасан бөгөөд 2013 оны 199 дүгээр зарлигаар 12 шүүгчийг томилоогүй орхигдуулсныг Шүүхийн ерөнхий зөвлөл дахин томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтын “... чөлөөлсөн, огцруулсан” гэх агуулга нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох агуулга бөгөөд энэ бүрэн эрх дуусгавар болсон шалтгаан нөхцөл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйтэй хамааралтай байгааг захиргааны хэргийн шүүхийн 70 дугаар шийдвэрээр тогтоосон нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Г-ийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад шүүгчээр дахин томилуулахаар өргөн мэдүүлэхгүй, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ хариуцагчийг ".. 2013 онд үүргээ биелүүлсэн. " гэж үзсэн /шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 5/ нь үндэслэлгүй.

2013 онд Л.Г-ийг Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний хэргийн шүүгчээр ажиллаж байхад Шүүхийн Ерөнхий зөвлөл Л.Г-ийг уг албан тушаалаас чөлөөлүүлэх-/Шүүх байгуулах хууль нь өөрөө хуульд нийцээгүй нь тухайн үедээ тогтоогдсон үйл баримт/-ээр өргөн мэдүүлсэн нь, мөн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүхэд шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн нь тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.3 дахь хэсгийг зөрчсөн байдаг. Шүүх байгуулах тухай хуулийг зохих журмын дагуу хуульд нийцүүлэн гаргах чиг үүргээ хангалтгүй хийж, иргэний шүүгчийн албан тушаалаас Л.Г-ийг чөлөөлсөн. Түүнчлэн, эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлснийг тухайн үед ажиллаж байсан "...Шүүхийн Ерөнхий зөвлөл нь хуульд заасан үүргээ биелүүлсэн..." гэж үзэхгүй. Тухайн үед ажиллаж байсан Шүүхийн Ерөнхий зөвлөл нь нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлж байгаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ талаарх дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Шүүхийн Ерөнхий зөвлөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр гарснаас хойш харин Л.Г-ийг иргэний хэргийн шүүхийн шүүгчээр томилуулахаар тогтоол гаргасан. /үндэслэх хэсгийн 7/

Шүүхийн Ерөнхий зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тогтоол гаргаж, Л.Г-ийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн боловч Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан. Энэ талаар шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10- т дурдсан. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа хууль бус байсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0699 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0757 дугаар магадлалаар нотлогдож байгаа бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон тул энэ үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй. /шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-17/

Эдгээрээс үзвэл, шүүх хохирлыг дор хаяж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар тооцох боломжтой байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтын талаар дүгнэлт хийх, өөрөө нотлох баримт бүрдүүлэх эрхтэй. Хохирол нэхэмжилсэн нь дээрхи үйл баримттай холбоотой байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг "намайг шүүгчээр томилтол өргөн мэдүүлээгүй.."-гээс хохирол учирсан гэж маргаагүй юм. Харин 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа нь хууль бус байснаас нэхэмжлэгч Л.Г- томилогдоогүй, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа нь хуульд нийцээгүйгээс хохирол учирсан гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн бас нэг шаардлага бол: Нэхэмжлэгч Л.Г-ийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд энэ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхтэй холбоотой юм.

 Өөрөөр хэлбэл, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өөр этгээд нэхэмжлэгч Л.Г-ийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эрхгүй тул нэхэмжлэгч Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандах нь тодорхой. Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэл бий болсон нь тогтоогдсон буюу нэхэмжлэгч Л.Г-ийг ".. иргэний шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус байсан нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 шийдвэрээр тогтоогдсон шинээр томилогдож буй шүүгчид байхад Шүүхийн Ерөнхий зөвлөл нь намайг хамааралтай ... "зохицуулалтыг үндэслэн өргөн мэдүүлснийг зөвшөөрөхгүй байна. /шийдвэрийн үндэслэх хэсгийн 23/

Нэхэмжлэгч Л.Г- ёс зүйн асуудалтай холбогдуулан шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн зүйл байхгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 0070 тоот шийдвэр гаргасан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад анхан шатны шүүх 2022 оноос өмнөх асуудлын талаар дахин дүгнэлт /шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-28/ хийсэн нь, мөн нэхэмжлэлд холбоогүй асуудлаар дүгнэлт хийсэн нь, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах буюу ёс зүй, мэргэшил ур чадварын хувьд шүүгчид тэнцэх эсэхийг "тогтоосон" нь хуульд нийцээгүй тул шийдвэрийн үндэслэх хэсгийн 28 дахь хэсгийн талаар магадлалд тухайлан дүгнэлт хийж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгчээс шүүхэд анх “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Е/04 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, Л.Г-ийг шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

            Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Л.Г- намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 2014 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын цалин 2.700.000 төгрөг 114 сар x 2.700.000= 307.800.000 төгрөг, амралтын мөнгө 9 жил Х 2.700.000=24.300.000 төгрөг, нийт 332.100.000 төгрөг эрх зөрчигдсөнөөс үүдэн гарсан сэтгэл санааны хохирол 67.900.000 төгрөг, нийт 400.000.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” гэж,

            2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “2014 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын 2.700.000 төгрөг 99 сар х 2.700.000 =21.600.000 төгрөг, нийт 288.900.000 төгрөг, эрх зөрчигдсөнөөс үүдэн гарсан сэтгэл санааны хохирол 111.100.000 төгрөг, нийт 400.000.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах, мөн Л.Г- намайг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” гэж тус тус тодорхойлсон байна.

            Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хэргийг тусгаарлаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 6980 дугаар захирамжаар Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох “Л.Г-ийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 2014.01 сараас 2023.06.13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 сарын цалин 2.700.000 төгрөг 114 сар x 2.700.000= 307.800.000 төгрөг, амралтын мөнгө 9 жил Х 2.700.000=24.300.000 төгрөг, нийт 332.100.000 төгрөг эрх зөрчигдсөнөөс үүдэн гарсан сэтгэл санааны хохирол 67.900.000 төгрөг, нийт 400.000.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулах” шаардлагаар тусгаарлажээ.

3. Анхан шатны шүүх “... хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-ийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх үүрэг хүлээхээргүй байх тул нэхэмжлэгчийн дахин өргөн мэдүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ... хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх үүргээ /4 удаагийн байдлаар/ хэрэгжүүлж ирсэн байх тул хариуцагч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

3.1. Нэхэмжлэлийн “... шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах”  шаардлагын тухайд:

            3.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж тус тус хуульчилжээ.

            3.1.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 35 дугаар тогтоолоор Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн боловч уг тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэхэмжлэгч Л.Г-ийг шүүгчийн албан тушаалд томилоогүй байна.

            3.1.3. Улмаар нэхэмжлэгч Л.Г- нарын 12 иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “... Л.Г- нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Л.Г-ийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, ... Л.Г-ийг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.4, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1, 42.3.3, 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасныг баримтлан ... Л.Г- нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Л.Г-ийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... Л.Г-ийг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн байна.

            3.1.4. Уг шүүхийн шийдвэртэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолоор Л.Г-ийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/04 дүгээр албан бичгээр “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. ... санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, ... хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол шаардлагыг зохицуулсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна” гэсэн үндэслэлээр Л.Г-ийг шүүгчээр томилохоос татгалзаж, саналыг буцаажээ.

            3.1.5. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 97 дугаар албан бичгээр Л.Г-ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/05 дугаар албан бичгээр “... 2022 оны 97 дугаар тогтоолоор нэр дэвшигч Л-ын Г- ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна” гэсэн үндэслэлээр мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг буцаасан байна.

            3.1.6. Улмаар нэхэмжлэгч Л.Г-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Л.Г-ийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Г-ийг шүүгчээр дахин томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

            Уг шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 757 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдоос давж заалдах шатны шүүхийн тус магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй ...” гэж зааснаар уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            3.1.7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх тухай” 28 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0699 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2022/0757 дугаар магадлалыг биелүүлж Л-ын Г-ийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Санал буцаан хүргүүлэх тухай” Е/04 дугаар албан бичгээр “... нэр дэвшигч Лувсанжавын Г- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна” гэж саналыг буцаасан байна.    

            3.1.8. Иймээс нэхэмжлэгчийн “... шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлага хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалуудаар өмнө нь шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар удаа дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол” гэж заасантай нийцэхгүй байна.

            3.2. Нэхэмжлэлийн “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” шаардлагын тухайд:

            3.2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус хуульчилжээ.

            3.2.2. Хэрэгт нэхэмжлэгчийн “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Л.Г-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан, шүүхийн ерөнхий зөвлөл уг асуудлыг шүүхээс өмнө урьдчилж шийдвэрлэсэн талаарх холбогдох баримт байхгүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

            3.2.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулах ажиллагааг хийгээгүй буюу нэхэмжлэгчийн сард авах байсан гэж үзэж буй цалингийн хувь хэмжээг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгчээс “өөрт учирсан хохирол гэх 400.000.000 төгрөг”-ийн үндсэн задаргааг хэдий үеэс эхлэн хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2014 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 13 сар хүртэл, 2014 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл гэж өөр өөр байдлаар тодорхойлсон) нөхцөлд хэргийг шийдвэрлэсэн нь “шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэх, ... шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх” зэрэг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй байна.

            3.3. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Иргэн Л.Г- намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400.000.000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ