Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 23

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ёндон, Д.Баттөр,

Шүүгдэгч Т.Дашжамц, Б.Доржжүгдэр, Ё.Идэртэмүүжин, Н.Пүрэврагчаа нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Төрмөнхийн Дашжамц, Жарантайнхан овогт Баттөрийн Доржжүгдэр, Алаг адуун овогт Ёндонгийн Идэртэмүүлэн, Хэрдэг овогт Ням-Очирын Пүрэврагчаа нарт холбогдох 201613010036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 04-нд Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, эгч, дүү нарынхаа хамт Завхан аймгийн Асгат сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИЧ98050413 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Боржигон овогт Төрмөнхийн Дашжамц. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарынхаа хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИМ99010510 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Жарантайнхан овогт Баттөрийн Доржжүгдэр.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарынхаа хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИМ98112119 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Алаг адуун овогт Ёндонгийн Идэртэмүүлэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, эгч дүү нарынхаа хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ИЧ98010135 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Хэрдэг овогт Ням-Очирын Пүрэврагчаа.

Шүүгдэгч  Б.Доржжүгдэр, Т.Дашжамц, Ё.Идэртэмүүлэн нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын төв Цорго багт байрлах Морьт хангай  дэлгүүрийн 120000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн орж тамхи, ундаа зэрэг 460400 төгрөгийн эд зүйл хулгайлан С.Отгонжаргалд 580400 төгрөгийн хохирол учруулсан,

 2016 оны 5 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын төв Цорго багт байрлах Долоон бурхан кафены цонхоор нэвтрэн орж архи, пиво, вино болон бусад эд зүйлийг хулгайлан П.Цэрэнхүүд 633120 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч Ё.Идэртэмүүлэн, Н.Пүрэврагчаа нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Л.Ёндонгийн эзэмшлийн улсын дугааргүй Super dayun маркийн мотоциклийг ашиглан Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Түдэвтэй уул дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 21880 төгрөг болон тамхи ундаа зэрэг 212900 төгрөгийн эд зүйл хулгайлж Ю.Сонинбаярт 23478 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Доржжүгдэр, Т.Дашжамц, Ё.Идэртэмүүлэн нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын төв Цорго багт байрлах “Морьт хангай” дэлгүүрийн 120000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн орж тамхи, ундаа зэрэг 460400 төгрөгийн эд зүйл хулгайлан С.Отгонжаргалд 580400 төгрөгийн хохирол, Завхан аймгийн Түдэвтэй сумын төв Цорго багт байрлах “Долоон бурхан” кафены цонхоор нэвтрэн орж архи, пиво, вино болон бусад эд зүйлийг хулгайлан П.Цэрэнхүүд 633120 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  

Шүүгдэгч Ё.Идэртэмүүлэн, Н.Пүрэврагчаа нар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Түдэвтэй уул дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж бэлэн мөнгө 21880 төгрөг болон 212900 төгрөгийн үнэ бүхий тамхи ундаа зэрэг эд зүйл хулгайлаад уг дэлгүүрийн цонхоор гарах үедээ цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ё.Идэртэмүүлэнгийн: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Долоон бурхан кафед би Дашжамцын хамт хоолонд орсон. Тэгээд кафены эзэн Цэрэнхүүг мөнгөө модон хайрцганд хийдэг гэдгийг мэдээд Дашжамцад орой хоёулаа ирж хайрцганд хийсэн мөнгийг нь хулгай хийе гэж хэлэхэд Дашжамц зөвшөөрсөн. Тэр орой нь Долоон бурхан кафены мөнгийг нь хулгай хийж чадаагүй. Маргааш нь Дашжамц, Эрхэмбаяр, Баянмөнх, Доржжүгдэр бид тавуулаа Долоон бурхан кафед орж дахиж хоол идчихээд гарсан. Тэгээд би тэр шөнө 12 цаг өнгөрч байхад Доржжүгдэрийн гэрт очоод бид хоёр хамт худалдааны гудамжаар явж байхад Дашжамц хүрч ирсэн. Ингээд бид гурав Долоон бурхан кафены гадаа очиход Цэрэнхүү эгч маргаашийнхаа хоолны бэлтгэлийг хийж байгаа бололтой байсан. Тэгээд бид гурав кафе хаагаагүй байгаа талаар ярилцаад сууж байхад Доржжүгдэр энэ Батнасан ахын “Морьт хангай” дэлгүүрийн хаалгыг онгойлгох боломжтой юм шиг харагдаад байна гэж хэлэхээр нь бид гурав дэлгүүрийн хаалга руу дөхөж очоод харахад хаалганы нууц цоожны хэл нь раам модныхоо завсраар харагдаж байсан ба раам модыг юмаар хөшихөд модыг сэтлээд амархан онгойлгочихоор харагдсан. Гэтэл Доржжүгдэр хаалгыг хөших төмөр олоод ирье гээд явсан. Удалгүй 3 ширхэг нарийвтар төмөр олж ирээд бид хаалгыг нь эвдэж ороод дэлгүүр дотроос хүнсний зүйл болох хиам, бохь, тараг зэргийг 2 гялгар торонд хийж эвдсэн хаалгаараа эргэж гарч ирэхэд Долоон бурхан кафе хаасан байсан. Бид гурав дэлгүүрээс хулгайлсан зүйлсээ дэлгүүрийн ард тавиад Долоон бурхан кафены вакум цонхыг нь эвдэж ороод мөнгө хийдэг жижигхэн модон хайрцагны тагийг нээж үзэхэд дотор нь мөнгө байхгүй байсан бөгөөд улаан өнгөтэй гэрэл зургийн аппарат байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн. Бид гурав хамт лангуун дээр болон доор байсан архи пивонуудыг авч цаасан хайрцганд хийгээд цонхоор гадагш гарган зөөж дэлгүүрээс авсан эд зүйлстэйгээ нийлүүлээд сумын баруун урд зүгт байдаг нэгэн элстэй хонхор газар хайрцганд хийж тавьсан. Мөн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө сумын төвд байрлах иргэн Сонинбаярын Түдэвтэй уул дэлгүүрийн цонхоор Пүрэврагчаатай хамт орж эд зүйлс хулгай хийгээд гарч ирээд цагдаа нарт баригдсан юм. Н.Пүрэврагчаад хулгай хийе гэж би хэлсэн. Өөр ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Дашжамцийн: Идэртэмүүлэн надад Долоон бурхан кафены эзэн мөнгөө нэг модон хайрцганд хийдэг юм байна. Орой 2-уулаа ирж мөнгийг нь хулгай хийе гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд би ширээнээс босч сууж байсан ширээнийхээ баруун талын вакуум цонхыг онгойлгож орхиод явсан. Тэр орой хулгай хийгээгүй. Харин маргааш нь шөнийн 12 цаг өнгөрч байхад Доржжүгдэр, Идэртэмүүлэн бид гурав Долоон бурхан кафены гадаа ирэхэд Цээлээ эгч кафегаа хаагаагүй маргаашийнхаа хоолыг бэлтгэж байгаа бололтой байсан. Тэгээд бид харих гээд явж байтал Доржжүгдэр энэ Морьт хангай дэлгүүрийн хаалгыг онгойлгох боломжтой юм шиг байна гэж хэлээд хаалгыг нь онгойлгох төмөр олж ирэхээр хаашаа ч юм гүйгээд явсан. Удалгүй 3 ширхэг нарийнхан төмөр олж  ирэхээр нь би төмрөөр хаалганы нууц цоожны орчим хөшиж Идэртэмүүлэн хаалганы бариулаас нь татахад хаалга онгойсон. Тэр үед Доржжүгдэр дэлгүүрийн урд талд хүн хараад зогсож байсан. Бид хамтдаа дэлгүүр дотор орж хүнсний зүйл болон бусад барааг торонд хийж эвдэж орсон хаалгаараа буцаж гарсан. Бид гурав дэлгүүрээс авсан эд зүйлсээ дэлгүүрийн ард тавьчихаад Долоон бурхан кафены гадаа очиход кафе хаасан бололтой харанхуй харагдсан. Тэгээд бид цонхоор орж мөнгө байсан гэх хайрцагны тагыг Идэртэмүүлэн нээж үзэхэд дотор нь мөнгө байхгүй болохоор нь улаан өнгөтэй гэрэл зургийн аппаратыг Идэртэмүүлэн авч халаасандаа хийсэн. Бид гурав лангуун дээр байсан архи пивонуудыг авч цаасан хайрцганд хийгээд цонхоор нь зөөж дэлгүүрээс хулгай хийсэн эд зүйлстэйгээ нийлүүлж сумын төвийн баруун урд зүгт байдаг нэгэн элстэй хонхорт аваачиж нуусан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Доржжүгдэрийн: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Идэртэмүүлэн надад Дашжамц бид хоёр Долоон бурхан кафед хоол идчихээд гарахдаа цонхыг нь онгорхой үлдээчихсэн. Орой очиж хулгай хийе гэж ярилцсан боловч тэр өдрөө хулгай хийж чадаагүй. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 12 цаг өнгөрч байхад Дашжамц, Идэртэмүүлэн бид гурав Долоон бурхан кафе руу орж хулгай хийх гэсэн боловч кафе нээлттэй байхаар нь хажуу талд байрлах “Морьт хангай” дэлгүүр лүү орж хулгай хийсэн. Бид гурав дэлгүүрээс авсан эд зүйлсээ аваад хэрэгсүүр орж нуусан. Долоон бурхан кафе руу орж хулгай хийх санаачилгыг Идэртэмүүлэн гаргасан. Харин морьт хангай дэлгүүр лүү орж хулгай хийх санаачилгыг би гаргасан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Пүрэврагчаагийн ... 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тарчихаад ангийн хүүхэд болох Идэртэмүүлэнтэй сургуулийн дотуур байрны урд сандал дээр сууж байтал Идэртэмүүлэн хоёулаа өнөө орой дэлгүүрт орж хулгай хийх үү гэж хэлэхээр би зөвшөөрсөн. Идэртэмүүлэн “би орой чам руу утсаар ярина” гэж хэлээд бид гэр гэрлүүгээ явцгаасан. Тэгээд шөнө намайг унтаж байтал Идэртэмүүлэн над руу утсаар яриад “гараад ир” гэхээр нь би гарахад Идэртэмүүлэн мотоцикльтэй зогсож байсан. Бид хоёр Пагмаа гэдэг хүний дэлгүүрийн гадна талд мотоциклоо тавиад “Түдэвтэй уул” нэртэй дэлгүүрийн хайсыг нь давж ороод цонхны гадна талын хаалтыг дэлгээд доторх вакуум цонхыг нь түлхэж үзэхэд онгойхгүй байхаар нь бид хамт түлхэж хаалгыг нь онгойлгож ороод торонд хүнсний зүйлсийг хийж буцаж гарах гэж яваад сумын цагдаад баригдсан.. гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.Отгонжаргалын: ...2016 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд Отгончимэг гэгч эмэгтэй өглөө ажил руугаа явах замдаа танай дэлгүүрийн хаалга онгорхой харагдаж байх юм гэж гар утсаараа манай нөхрийн дугаар луу залгаж хэлсэн. Нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ гадаа хүрч ирээд дэлгүүрийн байдлыг гаднаас нь ажиглачихаад манай нөхөр цагдаа руу мэдээлэл өгөхөөр явсан. Тухайн үед манай хүнс барааны дэлгүүр дотроос хүнсний зүйлс болох ундаа, шоколад, бэлэн хоол, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, талх, эд бараа болох бохь, скайтелийн болон юнителийн нэгж, мобиком сүлжээний гар утасны 3 ширхэг дугаар гэх мэт зүйлүүдийг хулгайлаад явсан байсан. Нийт алдсан бараагаа 460.400 төгрөгөөр үнэлж байна. Хаалгаа 120000 төгрөгөөр үнэлж байна. Надад учруулсан хохирлыг холбогдогч хүүхдүүд бүрэн барагдуулсан юм. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Цэрэнхүүгийн: ...2016 оны 5 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө манай Долоон бурхан кафед хулгай орж архи, пиво, дарс, ундаа, гэрэл зургийн аппарат зэргийг хулгайлаад явсан байсан. Хулгай хийх явцдаа кафе доторх тахианы мөч болон зүсмэл тоортноос идчихээд гарсан байсан. Нийт бараагаа 633.120 төгрөгөөр үнэлж байна. Миний бие учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Хохирогч Ю.Сонинбаярын: ...2016 оны 5 дугаар сарын 31-нээс 2016 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд манай гэр бүлийнхэн гэртээ унтаж байтал сумын цагдаа Мягмардорж танай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би өөрийн охины хамт дэлгүүр лүү очиход дэлгүүрийн зүүн талын цонх нь онгорхой, гадна талын хамгаалалт хаалга нь унжсан байдалтай, зүүн хойд зүг рүү харсан агуулахын цонх онгорхой, гадна талын хамгаалалт хаалганы цоожны төмөр цүү, цонхны зүүн талын хүрээ мод хагарч эмтэрсэн байдалтай байсан. Дэлгүүрийнхээ барааг тулгаж үзэхэд дэлгүүр дотроос 2 төрлийн оймснууд 18 ширхэг, дирол нэртэй хайрцагтай бохьнууд 39 боодол зэрэг эд зүйлүүд бэлэн мөнгө 21880 төгрөг хулгайд алдсан. Манай дэлгүүр рүү орсон гэх хүүхдүүдийг цагдаа нар бариад авсан. Царайг нь харахад Ёндон гэдэг айлын Идэртэмүүлэн гэгч хүүхэд байсан. Нөгөө хүүхдийг харахад танихгүй хүүхэд байсан. Нийт алдагдсан бараагаа 212900 төгрөгөөр үнэлж байна. Бэлэн мөнгөтэйгээ нийлээд манайд 234.780 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо бүрэн барагдуулаад авчихсан болохоор нэхэмжлэх зүйлгүй.... гэх мэдүүлэг,

Гэрч М.Эрхэмбаярын: 2016 оны 5 дугаар сарын 20 ны өдөр байх Долоон бурхан кафед Б.Доржжүгдэр, Ё.Идэртэмүүлэн, Б.Дашжамц, Баянмөнх бид нар хоол идээд гарсан... гэх мэдүүлэг,

Гэрч М.Анхбаярын: 2016 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Түдэвтэй сумын хэсгийн жолооч цагдаа Д.Мягмардоржийн хамт гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сумын төвөөр явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал иргэн Сонинбаярын Түдэвтэй уул хүнс барааны дэлгүүрийн цонхны хаалт хамгаалалт төмөр нь онгойсон байдалтай дэлгүүрийн хойд талд Dayun маркийн номергүй цагаан мотоцикл тавьчихсан байсан. Дэлгүүрийн хаалга нь цоожтой мөртлөө дотор нь хүмүүс хоорондоо яриад байгаа чимээ гарахаар нь очоод шалгатал Пүрэврагчаа гартаа цагаан өнгийн тортой юм баричихсан цонхоор гараад ирсэн. Пүрэврагчааг би барьж аваад цааш нь түлхэж хайсны цаанаас Д.Мягмардорж барьж авсан. Тэгэхэд цаана нь бас нэг хүн байсан. Тэр хүний хойноос би хөөгөөд гүйцээгүй. Хойноос нь гүйж байтал миний урд гүйж байгаа хүнээс хиам, бохь, парламент тамхи, оймс зэрэг зүйлүүд цувран унаж байсан. Буцаж ирээд Пүрэврагчаагаас “дэлгүүрт чамтай хэн байсан бэ? гэтэл Ёндонгийн Идэртэмүүлэн гэж байсан. Өөр хүн байгаа талаар асуутал байхгүй, Идэртэмүүлэн бид хоёр явж байгаа гэж хэлсэн. Энэ мотоциклийг хэн унаж явсан юм бэ? гэхэд Идэртэмүүлэн унаж яваа гэсэн. Тэгээд Пүраврагчааг хулгай хийж авсан 2 тортой юмтай нь мөн унаж явсан мотоциклийн хамт цагдаагийн хэсэг дээр авч ирсэн...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мягмардоржийн: 2016 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цаг 30 минут орчимд Түдэвтэй сумын хэсгийн цагдаа М.Анхбаярын хамт сумын төвөөр явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Сонинбаярын Түдэвтэй уул хүнс барааны дэлгүүрийн цонх хаалт хамгаалалт төмөр нь онгойсон байдалтай дэлгүүрийн хойд талд Dayun маркийн номергүй цагаан мотоцикл тавьчихсан байсан. Дэлгүүрийн хаалга нь цоожтой мөртлөө дотор нь хүмүүс хоорондоо яриад байгаа чимээ гарахаар нь очоод шалгатал Пүрэврагчаа гартаа цагаан өнгийн тортой юм барьчихсан цонхоор гараад ирсэн. Пүрэврагчааг цагдаа М.Анхбаяр барьж аваад надад бариулсан. Тэгэхэд цаана нь бас нэг хүн байсан. Тэр хүний хойноос цагдаа М.Анхбаяр хөөгөөд явсан. Пүрэврагчаагаас дэлгүүрт чамтай хэн байсан бэ? гэтэл Ёндонгийн Идэртэмүүлэн гэж байсан... гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг шууд санаатай үйлдлийг ойлгодог бөгөөд Н.Пүрэврагчаа, Ё.Идэртэмүүлэн нар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Түдэвтэй уул дэлгүүрээс хулгайлсан эд зүйлээ захиран зарцуулах боломж бүрдүүлж амжилгүй цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан байна. Өөрөөр хэлбэл Н.Пүрэврагчаа, Ё.Идэртэмүүлэн нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.

Иймд шүүгдэгч Ё.Идэртэмүүлэн, Б.Доржжүгдэр, Т.Дашжамц нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Пүрэврагчаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Н.Пүрэврагчааг Ё.Идэртэмүүлэнтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн болох нь хохирогч С.Отгонжаргал, П.Цэрэнхүү, Ю.Сонинбаяр нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Доржжүгдэр, Ё.Идэртэмүүлэн нар нь 18 нас хүрээгүй болох нь нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Доржжүгдэр, Т.Дашжамц, Ё.Идэртэмүүлэн, Н.Пүрэврагчаа  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Б.Доржжүгдэр, Ё.Идэртэмүүлэн нар нь 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Доржжүгдэр, Ё.Идэртэмүүлэн нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Т.Дашжамц, Н.Пүрэврагчаа нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Пүрэврагчаа, Ё.Идэртэмүүлэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Супер Даюун маркийн мотоцикл нь насанд хүрээгүй шүүгдэгч Ё.Идэртэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.Ёндонгийн өмч болох нь тогтоогдож байх тул түүнд буцаан олгох нь зүйтэй гэж байна.

Шүүгдэгч Л.Идэртэмүүлэнгийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 40 толгой, эм хонь 20 толгой, төлөг 25 толгой, шүүгдэгч Б.Доржжүгдэрийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 50 толгой, эм хонь 40 толгой зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Дашжамцын хувьд ногдох хөрөнгө болох унагатай гүү, бор морь, цагаан морь, хүрэн халзан гүү, халтар морь, тугалтай хүрэн үнээ, тугалтай хар үнээ, тугалтай алаг үнээ, хургатай эм хонь 10 толгой, төлөг 10 толгой, шүүгдэгч Н.Пүрэврагчаагийн хувьд ногдох хөрөнгө болох хул морь, хар морь, тугалтай хар үнээ, тугалтай улаан үнээ, хар шүдлэн гунж, охин улаан бяруу, хургатай эм хонь 8 толгой, шүдлэн хонь 5 толгой, эм ямаа 1 толгой зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг хүчингүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх улаан алаг эрчлээсэн ултай пүүз 1 хос, цагаан хар улаан алаг пүүз 1 хос, цагаан хар алаг пүүз 1 хос, зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, цагаан саарал өнгөтэй ажлын бээлий 2 ширхэг, 29 см урттай нарийхан хар төмөр 1 ширхэг, 39 см урттай зэвтэй хар төмөр 1 ширхэг, 51 см урттай, нэг үзүүр нь 7 см хагас тахийсан хөндлөн эрчлээстэй зэвтэй хар төмөр 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйл 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйл 297.1, 298 дугаар зүйл 298.1, 299 дүгээр зүйлүүдэд заасныг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын  Прокурорын газраас Хэрдэг овогт Ням-Очирын Пүрэврагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржгон овогт Төрмөнхийн Дашжамц, Жарантайхан овогт Баттөрийн Доржжүгдэр, Алаг адуун овогт Ёндонгийн Идэртэмүүлэн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хэрдэг овогт Ням-Очирын Пүрэврагчааг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ё.Идэртэмүүлэнд 2 жил 8 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Доржжүгдэр, Т.Дашжамц нарт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Пүрэврагчаад 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8-д зааснаар шүүгдэгч Ё.Идэртэмүүлэнд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Доржжүгдэрт оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Т.Дашжамцад оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Пүрэврагчаад оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Супер даюун маркийн мотоциклийг Л.Ёндонд буцаан олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх улаан алаг эрчлээсэн ултай пүүз 1 хос, цагаан хар улаан алаг пүүз 1 хос, цагаан хар алаг пүүз 1 хос, зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, цагаан саарал өнгөтэй ажлын бээлий 2 ширхэг, 29 см урттай нарийхан хар төмөр 1 ширхэг, 39 см урттай зэвтэй хар төмөр 1 ширхэг, 51 см урттай, нэг үзүүр нь 7 см хагас тахийсан хөндлөн эрчлээстэй зэвтэй хар төмөр 1 ширхэг зэргийг устгасугай.

8. Шүүгдэгч Л.Идэртэмүүлэнгийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 40 толгой, эм хонь 20 толгой, төлөг 25 толгой, шүүгдэгч Б.Доржжүгдэрийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 50 толгой, эм хонь 40 толгой зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Дашжамцын хувьд ногдох хөрөнгө болох унагатай гүү, бор морь, цагаан морь, хүрэн халзан гүү, халтар морь, тугалтай хүрэн үнээ, тугалтай хар үнээ, тугалтай алаг үнээ, хургатай эм хонь 10 толгой, төлөг 10 толгой, шүүгдэгч Н.Пүрэврагчаагийн хувьд ногдох хөрөнгө болох хул морь, хар морь, тугалтай хар үнээ, тугалтай улаан үнээ, хар шүдлэн гунж, охин улаан бяруу, хургатай эм хонь 8 толгой, шүдлэн хонь 5 толгой, эм ямаа 1 толгой зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2-т зааснаар Ё.Идэртэмүүлэнд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Б.Доржжүгдэрт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 4 сарын хугацаагаар хойшлуулж, тэднийг хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч  Д.Баттөр, Л.Ёндон нарт даалгасугай. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Дашжамцад оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Н.Пүрэврагчаад оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг 1 жил 4 сараар тогтоож, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР