| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0495/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/558 |
| Огноо | 2022-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/558
2022 05 25 2022/ШЦТ/558
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүгдэгч: Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
Улсын яллагч: Ж.Энхжаргал нар оролцсон эрүүгийн 2203000000208 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, .......... арматурчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...........................
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ннь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн зүүн урд талын явган хүний гарцтай замд Toyota Prius-11 маркийн 68-38 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон,... гэрэл нь бүдэг асдаг болсон гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Чг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2203000000208 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэх хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 03-10 дугаар тал),
-Хохирогч З.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шинжээч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 4733 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн гаргасан 999245 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 27-37 дугаар тал),
-Түргэн тусламжийн дуудлагын хуудсыг (хавтаст хэргийн 47 дугаар тал),
-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 387 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 94-95 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хохирогч З.Ч “Б.Ннадад эмчилгээний зардалд нийт 1,972,360 төгрөгийг төлсөн. Би осолд орж гэртээ байнгын хэвтрийн дэглэмтэй, босч явж чадахгүй, хүний асаргаанд байсан. Энэ үед нөхөр маань ажлаасаа чөлөө авч намайг асарч байсан. Би бас өвчний учир ажлаа хийж чадаагүй. Гэхдээ листний мөнгө гэж авсан. Тиймээс листний мөнгөө авах ёстой цалингаасаа хасаад зөрүү 1,330,363 төгрөг нэхэмжилнэ. Энэ талаарх баримтаа шүүхэд өгч байна. Мөн нөхрийнхөө ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрвээ надад энэ мөнгийг төлчихвөл миний зүгээс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Хэргийн материалаас уншиж судлуулах зүйлгүй” гэх тайлбар, мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.Ннь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг тухай бүрд нь өгч байсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгааг ойлголоо. Миний хувьд уг мөнгийг төлж барагдуулна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ннь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн зүүн урд талын явган хүний гарцтай замд Toyota Prius-11 маркийн 68-38 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Чг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан:
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Ослын газарт автомашины жолоочийг байлцуулан... явган зорчигч хаана унасан байсныг асууж хэмжилт хийсэн ба “А” үсгээр явган зорчигч анх автомашинд мөргүүлсэн гэх цэгийг “Б” үсгээр явган зорчигчийг газарт унасан гэх цэгийг... тэмдэглэж хэмжилт хийхэд “А” цэгэээс “Б” цэг хүртэл 10.40 метр, “А” цэгээс автомашин хүртэл 3.90 метр... байна” гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-10 дугаар тал),
-Хохирогч З.Чгийн “...Би тухайн өдрийн орой 19 цаг 20 минутын орчимд ажпаа тараад гэр лүүгээ харихаар талбайн зүүн талын замаар явган хүний гарцтай хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан тэгэхэд урдаасаа хойшоо явах автомашины хөдөлгөөн их байсан би хойноос автомашин ирж байхыг харсан тэгээд явган хүний гарцаар гарч байгаа болохоор зам тавьж өгнө гэж бодоод хойноосоо урагшаа явах чиглэлийн 2 дугаар эгнээгээр өнгөрөөд 1 дүгээр эгнээ рүү алхаад ортол тэр эгнээгээр явж байсан автомашин миний баруун талаас намайг мөргөөд газар унагасан, ослын дараа намайг мөргөсөн автомашины жолооч бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад цагдаагийн байгууллага руу дуудлага өгч байсан” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Шинжээч Г.Бямбасүрэнгийн “...Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрэл эвдрэл гэмтэл байгаагүй ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангахгүй байсан. Тээврийн хэрэгслийн гэрэл нь ашиглалтын явцад бохирдол үүссэн тул стандартын шаардлага хангахгүй байсан. ...дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “1. Чйн биед ууцны 2, 3-р нугаламын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 4733 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн гаргасан “Тоёота Приус маркийн 68-38 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Баруун урд крило гажсан, урд салхины шил баруун доод булан цуурч хагарсан, баруун талын усны хамгаалалт түгжээнээс мултарсан, зүүн тоормосны гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл баруун тал ажиллахгүй, хойд буфер зүүн хэсэг будаг халцарсан, баруун урд хаалганы цонх ажиллахгүй, зүүн хойд хамгаалах бүс ажиллахгүй гэх эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй” гэх 999245 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-37 дугаар тал),
-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “...Toyota Prius-11 маркийн 68-38 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн “3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон,..,гэрэл нь..,бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх 387 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 94-95 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ннь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 63 дугаар тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.
Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Б.Нйн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.Ннь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Б.Нйн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч З.Чгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 4733 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал)-ээр тогтоогдож байна.
Хохирогч З.Чд шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой нийт 1,973,160 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал) нотлогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох нийт 2,330,364 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Нээс дээрх хохирлыг төлж барагдуулна гэх хүсэлт санал гаргасныг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсны дараа хохирол, хор уршгийг хохирогчид нөхөн төлжээ. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Нйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ншүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.
Мөн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн .......... дугаартай үнэмлэх хэрэгт хавсаргагдан ирсэн бөгөөд Б.Нйд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ннь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ннь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Ннь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Н ............. дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН