| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0498/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/585 |
| Огноо | 2022-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/585
2
022 05 31 2022/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүгдэгч: Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: П.Бямбасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав нар оролцсон эрүүгийн 2209000000621 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар ........... тоотод оршин суудаг /бүртгэлтэй хаяг: .............. тоот хаягтай/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 702,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Б................
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.О нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 19 тоотод оршин суугч Б.Шын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж явцдаа Хуавэй таб загварын гар утсыг дэрэн доороос нь хүч хэрэглэхгүйгээр хохирогч, эзэмшигч О.Дт мэдэгдэхгүйгээр нууцаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 398 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209000000621 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хохирогч О.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),
-Гэрч Б.Шинэбаатрын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
-Гэрч С.Чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.О нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 19 тоотод оршин суугч Б.Шын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж явцдаа Хуавэй таб загварын гар утсыг дэрэн доороос нь хүч хэрэглэхгүйгээр хохирогч, эзэмшигч О.Дт мэдэгдэхгүйгээр нууцаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авсан үйл баримт нь:
-Хохирогч О.Дын “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим найз н.Ч, н.Б.Ш нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Б.Ш нь Отгоо гэх охиныг дуудсан. Би нэлээд муудаад унтах гээд Чт утсаа өгөөд “өөртөө авч байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Чийн дэрлэж байсан дэрний доороос Отгоо гэх эмэгтэй гар утас аваад гарсан. Би араас нь гараад “хаачих гэж байгаа юм” гэхэд “за” гээд гараад явсан. Тэгээд буцаж ороод суух гэтэл Ч “гар утсыг чинь аваад гарсан шүү, авсан уу” гэж хэлсэн. Тэгээд буцаж гялс гараад очиход замын эсрэг талаас таксинд сууж байсан ба ардаас нь гүйгээд гүйцээгүй. Гар утас руу шууд залгаад “утсаа авъя” гэхэд “би караокед байна, мэдэхгүй, гар утсыг чинь аваагүй” гэсэн. Маргааш өглөө гэрт нь найз Ч болон Б.Шыг дагуулж очоод гар утсаа эвээр гуйгаад “гар утсыг минь өгчихөө, ломбардад тавьсан бол ахдаа бичгийг нь өгчих” гэхэд “гар утсыг чинь аваагүй, авч байхыг харсан хүн байгаа юм уу” гэхэд нь би Чийг дагуулж орж ирээд хэлэхэд “аваагүй” гээд мэлзээд байсан. ...Хуавэй загварын гар утсанд эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),
-Гэрч Б.Шын “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байх үедээ найз О.Д, Ч руу залгасан, гэрт уулзахаар болсон, ирээд архи хувааж уусан, гэтэл Отгоо гэх хочтой эмэгтэй над руу нэлээн согтуу залгаж “хаана байна, тантай уулзаагүй удсан байна” гэж ярихаар нь “хүрээд ир” гэсэн. Тэгээд 13 цагийн орчим ганцаараа ирсэн, ахиад архи нэмж уусан би тасраад унтсан байсан, ямарч байсан Отгоо 15 цагийн орчим гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
- Гэрч С.Чийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өглөө 10 цагийн найз Д болон Б.Ш нарын хамт архи ууж сууж байсан чинь Шинээгийн утас дуугараад найз эмэгтэй нь ирье гэж хэлж байсан. 11 цагийн орчим найз эмэгтэй нь гэрт ирж байх шиг байсан. Тэгээд бид 4 архи ууж сууж байгаад би жоохон муудаад ирэхээр нь унтлаа гээд орон дээр хэвтээд өгсөн, О.Д миний гар утсыг далд хийчих гээд том дэлгэцтэй таблет бас нэг самсунгийн гар утас өгсөн, дэрэн доороо хийгээд унтсан, өдөр 14 цагийн орчим О.Д намайг сэрээгээд миний утас байна уу гэж асуусан, дэрээ сөхөж үзэхэд тухайн гар утаснууд байхгүй байсан. Тэгээд О.Д Отгоо гэх эмэгтэйн ардаас гарч гүйгээд орж ирэхдээ такси бариад явчихлаа гэж хэлсэн, орж ирээд шууд залгахад өөрийнх нь утас дуудаад авахгүй байсан, маргааш нь бид 3 гэрт нь очоод гар утсыг гаргаад өгчих гээд О.Д хэлэхэд “би чиний утсаар яадаг юм, чи цагдаадаа өг” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Э.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Э.Оыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр “Huawei pad” гар утсыг нийт 840,000 төгрөгөөр (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) үнэлжээ.
Хохирогч О.Дт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Миний бие Ж.Оаас өөрийн гар утсыг буцаан авсан тул надад гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг тэмдэглэл болгон хэрэгт хавсаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), зөрчлийн шийтгэл хүлээж байсныг тодорхойлсон лавлагаа (хавтаст хэргийн 52-54 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.Оаас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН