Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/586

 

2022           05          31                                 2022/ШЦТ/586

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Галын шинжээч А.Зориг,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч: Н.Х, түүний өмгөөлөгч Д.Ганбат нар оролцсон эрүүгийн 2209000000202 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч оператор мэргэжилтэй, “К........” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, төрсөн эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н.Х, /РД............/; 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох ................... тоотод байх иргэн Ө.Дийн монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгө болох их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 9 ширхэг мөнгөн аяга бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ............... тоот хаягт байрлалтай хохирогч Г.Бын байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

 

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ............... тоотод байрлалтай хохирогч Г.Бын амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгө болох байшинг шатааж ноцтой хохирол хор уршиг /Тус байшин дотор байсан эд зүйлс болох ор, шкаф, тавиур, хөргөгч, барилгын материал, хүүхдийн том тэрэг гэх мэт/ учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 12,650,229 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000202 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 11-16, 66-73 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-27, 88-89 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн СБ2-22-106 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 36-50 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ө.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 78-79 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 96 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн СБ2-22-90 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахмад А.Зоригийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 72/175 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Д.Ганбат:

-Шүүгдэгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 07-08, 59-61 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн СБ2-22-106 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 36-50 дугаар тал),

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 66-73 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахмад А.Зоригийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 72/175 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 117-118 дугаар тал),

-Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 119-121 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан.

 Хохирогч Г.Б “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй, манай гэрийн пийшин /зуух/ гал түлэхээр утаа сагаад гал түлж болохгүй байсан болохоор айлд түр очиж амьдарсан. Энэ хугацаанд пийшингээ засах гээд барилгын материал дүүгээрээ гэртээ хүргүүлээд байж байсан. Энэ үед байшин маань бүрэн шатаж амьдрах аргагүй болсон. Гэрээ бүрэн нүүлгээгүй, пийшингээ янзлаад эргээд гэртээ ирнэ гэж бодож байсан... Хохирлоос нийт 3 сая төгрөг хүлээж авсан. Үлдсэн хохирлоо бүрэн төлчихвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч Н.Х “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримт байхгүй, хохирлыг нөхөн төлж барагдуулна, гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчийн байшинг устгаж гэмтээсэн, гэхдээ санаатай биш байсан, үүнийг анхаарч үзнэ үү” гэх  мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талаар

  1. Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-735а тоотод байх иргэн Ө.Дийн монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгө болох их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 9 ширхэг мөнгөн аяга бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Хохирогч Ө.Дийн “...Би өглөө гэрээсээ ажилдаа 0700 цаг гээд гараад явсан. Эхнэр, дүү нартайгаа гэрээс 0900 цаг гээд гарсан гэсэн. Тэгээд орой 2000 цагийн үед гэрт ирэхэд гэр эмх замбараагүй, мөнгөний гахай газар хагарчихсан байдалтай байсан. Хулгай орсон гэж мэдээгүй, галаа түлээд сууж байтал эхнэр гаднаас орж ирээд гэрт хулгай орсон талаар мэдсэн. Дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, их гарын 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан. Мөн мөнгө хадгалдаг шаазан гахайг хагалж 100,000 орчим төгрөг хулгайд алдагдсан байсан. Өөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан, гэрийн тоононы хэсэг уранхай байсан, гэрийн хойд талд гэр дээр гарсан ул мөр байсан, гэрийн найранд ирсэн хүмүүс дандаа бэлэглэсэн аяга байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал),

1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн “...гэрийн хоймор хэсэгт тавьсан байсан 9 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан гэх бөгөөд гэрийн хойд талд гэрийн дээвэр дээр ул мөр гарсан байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-73 дүгээр тал),

1.3. Гэрч Ц.Нгийн “...би Чингэлтэй дүүрэг, Урт цагааны найман шаргад алт, мөнгө авдаг. 3 төрлийн хэмжээтэй 9 ширхэг мөнгөн аягыг зүс үл таних хүнээс 651,000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн 5084541730 гэсэн Хаан банкны данснаас 5890926813 гэсэн Н.Х гэх хүний Хаан банкны дансанд 651,000 төгрөг шилжүүлсэн. Харвал танина, их содон, нүүрэндээ мэнгэтэй хүн байсан. Би тухайн хүнээс мөнгөн аяга худалдаж авсан үедээ “энэ чиний аяга мөн үү, хулгайн эд зүйл биш биз дээ” гэж асуухад “миний аавын аяга байгаа юм, аавын бие муу, эхнэр хүүхдэд минь мөнгөний хэрэгцээ гараад байна” гээд уйлаад байхаар нь би итгээд тухайн аягыг худалдаж авсан. Би мөнгөн аяга авдаггүй мөнгийг нь худалдаж авдаг. Би тухайн хүнд хандаж “1 грамм мөнгийг 1,500 төгрөгөөр авдаг, чи ...надаас жаахан өндөр үнээр авчих гэж гуйж байгаа болохоор чинь би 1 граммыг нь 2,000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлээд тухайн залуугийн нүдэн дээр хамгийн том гэсэн аягыг хуулж граммлаж үзэх үед 44,4 грамм болсон. Тэгээд тухайн залуу надад “Одоо хуулахаа больё, адил хэмжээтэй аягыг нь ижил граммаар бодоод авчих” гэж хэлээд хоорондоо тохироод 651,000 мянган төгрөг болсон. Нийт 9 мөнгөн аяганы мөнгө нь 325.2 грамм болсон санагдаж байна. Таны надад үзүүлсэн зураг тухайн 9 ширхэг мөнгөн аяга надад зарсан залуу мөн байна... Би тухайн 9 мөнгөн аяганы мөнгийг нь хуулж хайлуулаад мөнгөн гулдмай болгоод орхисон байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дугаар тал) зэрэг бичгийн баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Н.Хгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Мөн цаашилбал, шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Ө.Дийн монгол гэрийн тооноор орж байгаа нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Х нь хулгайлах гэмт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Ө.Дид бүрэн төлж барагдуулсан, түүний өмгөөлөгч хулгайлах гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

  1. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-735а тоот хаягт байрлалтай хохирогч Г.Бын байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.Нын “Би өмнөд Судан руу ажиллагаанд явчихаад 2021 оны 12 дугаар сард ирсэн. Тэгээд 5-н буудалд байрлах гэрээ засах гээд өнөөдөр өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 100 айлд түрээсэлж байгаа гэрээсээ гараад шууд ирсэн. Тэгээд ойр зуурын юм янзалж байгаад өдөр 1300 цагийн үед яваад буцаж орой 1900 цагийн үед 5 буудалд байрлах гэртээ ирсэн. Тэгсэн том өрөөний тааз шатчихсан, өлгөөтэй байсан гэр бүлийн зурагнуудыг ураад зууханд хийчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би худаг руу явж ус авчирч нөгөө галыг унтраагаад дээвэр лүүгээ гараад хартал дээвэр дээр яалт ч байхгүй хүн албаар гал тавьсан байдалтай байсан. ...Эхнэртэй явалдаад байгаа Н.Х гэх залууг сэжиглэж байгаа. Өмнөд Суданд байхдаа би эхнэрийгээ өөр залуутай явж байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-73 дугаар тал),

 

2.3. Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...манай гэрт Н.Хгаас өөр шууд орж ирээд гэр бүлийн зураг шатаах хүн байхгүй. Хэрвээ өөр хулгайч орж ирвэл хулгай хийж авна уу гэхээс зураг шатаахгүй. Энийг Н.Х л шатаасан гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон байр халдашгүй байна” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч, шүүгдэгч нар нь бие биенээ мэддэг, ойр дотно харилцаатай гэх нөхцөл байдал байгаа боловч шүүгдэгч Н.Х нь хохирогч Г.Бын гэрт эзэнгүй байхад зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, гэрийн эд зүйл, зургийг урж таслан дураараа авирласан нь гэм буруугийн санаатай, идэвхтэй үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

  1. Эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн тухайд:

 

Прокуророос шүүгдэгч Н.Хг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ............ тоотод байрлалтай хохирогч Г.Бын амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгө болох байшинг шатааж ноцтой хохирол хор уршиг учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 12,650,229 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүнийг хохирогч Г.Бын амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгө болох орон байр /байшин/-ыг санаатайгаар, хууль бусаар устгасан, гэмтээсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн сэргээн дүгнэвэл:

 

-Шүүгдэгч Н.Х 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Бын гэрт очиход эзгүй байсан. Байшинд нь орж эд зүйл болох гэр бүлийн зургуудыг урж, зууханд хийж шатаасан. Ингээд хохирогч Г.Бын байшингаас гараад нэг хашаанд байх хохирогч Ө.Дийн гэрийн тооноор орж 9 ширхэг мөнгөн аяга хулгайлаад гарсан. Ингэж гарахдаа тухайн айлаас 1 ширхэг ахуйн газ авч гарсан. /Тэр газаа хохирогч Г.Бын байшингийн дээвэр лүү шидээд явсан гэж мэдүүлдэг/ Энэ цаг хугацаанаас хэдэн цагийн дараа хохирогч Г.Н ирж байшиндаа ороход дээвэр хэсэгт шатсан. Зууханд гэр бүлийн зургийг хийж шатаасан байдалтай байсан тул ус цацаж унтраасан болох нь хохирогч Г.Нын мэдүүлэгт дурдсан байна.

 

-Энэ өдрийн орой /шөнө/ шүүгдэгч Н.Х дахин хохирогч Г.Бын байшинд ирээд эзэнгүй байхад нь орсон. Даарсан учир гал түлсэн. Согтуу байсан тул унтсан. Ингээд нэг сэргэхэд байшинд утаа униар савсан, гал гарч байсан тул цонхоор нь гарч явсан үйл баримт болжээ гэж дүгнэхээр байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “...Өлзийбаярын Даас гаргасан ............тоотод гал гарч байшин бүрэн шатсан байна” гэх (хавтаст хэргийн 09 дүгээр тал) дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дээвэр нь хагас шатсан байдалтай, доторх эд зүйлс бүрэн шатсан байна. ...Галын шинжээч ирж үзлэгийг үргэлжлүүлэхэд гал нь дээрээсээ шатсан байдалтай, байшингийн төв хэсэгт “1” гэсэн тоог байрлуулж хөрсний дээж уутанд бэхжүүлэн авав. Зуухны орчмоос “2” гэсэн тоог байрлуулж хөрсний дээж бэхжүүлэн авав. Зүүн урд талаас цахилгааны утас, мөн байшин руу орсон цахилгааны утсыг “3” гэсэн тоог байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дугаар тал) байх бөгөөд гэрэл зургаар бэхжүүлэхдээ байшингийн дээвэр хэсгийн зургийг бэхжүүлэн авсан байна. Ингэхдээ хөрсний дээжээс өөр хэрэгт ач холбогдол бүхий баримт аваагүй. Өөрөөр хэлбэл тухайн байшингийн дээвэр хэсэгт ахуйн газ гэх мэт гал гарахад нөлөөлсөн биет эд мөрийн баримтаар илрүүлж хурааж аваагүй.

 

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахмад А.Зоригийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 72/175 дугаартай “... Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, иргэний өгсөн мэдүүлэг зэргээс авч үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь ил галын улмаас зуухны урд талын хэсгээс тойрог хэлбэртэй гарсан байх үндэслэлтэй байна. Ил гал гэдэгт ил задгай үнс нурам, асаасан лаа, чүдэнз, зул, хүж, тамхины иш, цогтой оч гэх мэт бусад галуудыг тооцно” гэх (хавтаст хэргийн 117-118 дугаар тал) дүгнэлт, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчдийн “Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утас, хөрсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Харин СБДЦХ-II гэж хаягласан бүрэн шатсан материалын үнс нурамны дээж нь сорилт шинжилгээ хийхэд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжинд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. ...цахилгааны утсанд бөмбөлөг үүсээгүй байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг” гэх (хавтаст хэргийн 119-121 дүгээр тал) дүгнэлтүүдээс ахуйн газаас болж тухайн гал гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ талаар улсын яллагч шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “Шүүгдэгч Н.Х нь хохирогчийн орон байрыг санаатайгаар шатаасан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Н, Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахмад А.Зоригийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 72/175 дугаартай “...гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь ил галын улмаас зуухны урд талын хэсгээс тойрог хэлбэртэй гарсан байх үндэслэлтэй байна. Ил гал гэдэгт ил задгай үнс нурам, асаасан лаа, чүдэнз, зул, хүж, тамхины иш, цогтой оч гэх мэт бусад галуудыг тооцно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 117-118 дугаар тал), шүүгдэгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэж үзэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2-т зааснаар “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана” гэж заасны дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар дээрх хэргийг үйлдсэн гэж өөрийн дотоод итгэлд тулгуурлан яллаж байна” гэж;

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “миний үйлчлүүлэгч Н.Х мэдүүлэхдээ “Г.Бын гэрт согтуу очоод түүнийг хүлээгээд гэрт нь даараад байсан учир гал түлсэн. Согтуу байсан тул унтсан. Нэг мэдэхэд хоолой гашуун оргиж, боогдсон. Сэрэхэд байшингаар дүүрэн утаа униар болсон, гал гарч байсан. Тиймээс би амиа аврахын тулд байшингийн цонхоор нь гарч явсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Мөн шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг утга агуулгын хувьд адил байдаг. Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “байшингийн ханан пийшин /зуух/ байнга утаа сагаад, гал түлэх аргагүй болсон тул хүүхэдтэйгээ айлд түр амьдарсан” талаар мэдүүлж байна. Галын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 72/175 дугаартай дүгнэлтээр “...гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь ил галын улмаас зуухны урд талын хэсгээс тойрог хэлбэртэй гарсан байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг гаргасан. Үүнээс харахад тухайн гал хаанаас эхэлж гарсныг л нотолж байгаа болохоос санаатайгаар шатаасан байна гэж дүгнээгүй. Зууханд гал түлсэн байна. Гэтэл энэ нь Н.Хг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх нотлох баримт биш юм. Гэхдээ Н.Х гал түлснээс болж уг гал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан. Иймд шүүх талуудын дээрх мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгч Н.Хг хууль бусаар бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэдэгт эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Дээрх ойлголтоос үзэхэд шүүгдэгч Н.Х нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ санаатайгаар, зориуд устгаж гэмтээсэн үү, эсвэл санамсар болгоомжгүйгээс гал алдаж устгаж гэмтээсэн үү гэдгийг ялгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн субьектив шинжийг харгалзан үзэх нь чухал юм. 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Хгийн болгоомжгүй үйлдлийн улмаас болж хохирогч Г.Н, Г.Б нарын ........... тоотод байх байшин шатаж устаж, гэмтсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлээгүй, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Х бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн боловч харин санаатай биш болгоомжгүй үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн болно. Ийнхүү зүйлчлэлийг өөрчилсөнөөр хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ адил байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Хгийн эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр”-ээр үйлдсэн гэж үзнэ.

 

Мөн ноцтой хохирол, хор уршиг гэдгийг хуульчлан тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-т зааснаар “...хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, ...хохирол, хор уршиг учирсан гэж ойлгоно. Хохирогч Г.Бын байшинд түүний амьдралын эх үүсвэр болж байсан гэх айл гэрт нэн тэргүүний хэрэгцээт эд хөрөнгө байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийх үед бэхжүүлэгдсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар: 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн СБ2-22-106 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-50 дугаар тал)-гаар нийт 12,650,229 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээг гаргажээ.

Шүүгдэгч Н.Х нь хохирогч Г.Бд нийт 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн энэ талаарх баримтыг /хохирол хүлээлгэн өгсөн баримт 2 хуудас/ шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Хгаас нийт 9,650,229 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Ө.Д хавтаст хэргийн материалтай танилцаад “өөрийн хохирлоо хүлээн авсан, одоо надад ямар нэг гомдол санал байхгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 199 дүгээр тал)-ээр өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан болох нь нотлогдож байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хулгайлах гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж гэмтээсэн гэмт хэргийн хохирлоос боломжоороо буюу 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хулгайн хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү, бусад хэргийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялын доогуур ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Тиймээс шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Хгийн хувийн байдал, хулгайлах гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон болно.

Шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Х нь хохирогч Ө.Дийн 9 ширхэг мөнгөн аягыг зарж 651,000 төгрөгийн ашиг орлого олсон болох нь гэрч Ц.Нгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дугаар тал), шүүгдэгч Н.Хгийн харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 99 дүгээр тал) зэрэг баримтуудаар нотлогдож байх тул түүнийг 651,000 төгрөгийн ашиг орлого олсон гэж үзэж уг орлогыг түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Хд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгийн цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Н.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Хгаас 9,650,229 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгосугай.

9. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ө.Дид төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Хгийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 651,000 /зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.  

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН