Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/587

 

2022           05          31                                 2022/ШЦТ/587

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Г.Д, Б.Т, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо нар оролцсон эрүүгийн 2209000000612 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ф” ХХК-д бэлтгэх тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, .............. тоот хаягт суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянаад 203 дугаартай магадпалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял болгон өөрчилсөн,  Т, /РД: .........

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, М зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, .............тоот хаягт суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Д, /РД: ..............;

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т, Г.Д нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09- ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн эзэмшлийн “Самсунг эс 10” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоогоос 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 359 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000612  дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

-2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр насанд хүрээгүй гэрч В.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн  16-17 дугаар тал),

-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн СБ2-22-320 дугаартай тайланг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Эд зүйл хураан авсан “...Б.Тгээс гаргаж өгсөн ягаан өнгийн кэйстэй, Самсунг маркийн гар утсыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “... Насанд хүрээгүй хохирогч Т.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.З нарт Самсунг эс 10 загварын хар хөх өнгийн, улаан хүрээтэй гэртэй гар утсыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 00 минутад хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 100 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Д, Б.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Т, Г.Д нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09- ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн эзэмшлийн “Самсунг эс 10” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн үйл баримт нь:

 

-Насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн “...Төрөө ах Д бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид хоёрыг камергүй газар дагуулж очоод “утас байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “байна” гээд өөрийн Самсунг эс 10 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Манай найз Мөнх-Эрдэнийн гар утсыг үнэд хүрэхгүй юм байна гээд буцааж Дд өгөөд миний гар утсыг авангуутаа хамт явж байсан найздаа өгсөн. Тэгээд Тө ах найздаа хандаад “хэлдэг үгээ хэлдээ” гэхэд хамт явж байсан найз нь “одоо зайл за юу” гэж хэлсэн. Би найз Мйн хамт “гар утсаа авъя” гэхэд “яах гэж энэ замаар явсан юм, цагдаад хэлбэл гэр лүү чинь дайраад орж чадна шүү, намайг хаагуур явж байсныг мэдэх үү” гэж надад хэлсэн. Тэгээд ломбарданд миний гар утсыг 300,000 төгрөгөөр тавина гээд ломбард хэсээд яваад байсан. Тэгэхэд ломбардууд хаачихсан байсан. Манай найз Д бид хоёрыг “300,000 төгрөгийг хувааж өгөөд аваарай” гэж хэлээд “маргааш орой 21 цагийн үед уулзъя” гээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

- Насанд хүрээгүй гэрч В.Мийн “... Тө ах бид хоёрыг камергүй газар дагуулж очоод “утас байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “байна” гээд өөрийн Ми 8 лайт маркийн гар утсаа өгсөн. Тэгтэл Тө ах миний гар утсыг “үнэд хүрэхгүй юм байна” гээд буцааж өгсөн. Найз Эгийн гар утсыг авангуутаа хажуудаа явж байсан найздаа өгсөн. Т ах найздаа хандаад “хэлдэг үгээ хэлдээ” гэхэд найз нь “одоо зайл за юу” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 400,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Эндээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн гар утсыг дээрэмдэн авч, амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилготой байсан, энэ талаар хоорондоо ярилцаж үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Т, Г.Д нар насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн Самсунг эс 10 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Мөн шүүгдэгч нар нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч Б.Т, Г.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Эд 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “Дамна” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч Б.Згаас хэргийн материалтай танилцаад “...Миний бие Г.Д, Б.Т нараас хүүгийнхээ гар утсыг буцаан авсан тул надад гомдол байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 108 дүгээр тал) гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Д, Б.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.Дэд мөн дээрх зүйл заалтуудад заасны дагуу 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал тус тус гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг (хавтаст хэргийн 109-112 дугаар тал) зуржээ.

 

Прокурорын энэхүү санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэх заалтыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзсан байна гэж үзэж прокуророос ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлын талаар гэрч Ц.Т /Б.Тгийн найз охин/-ын “...Би түүнтэй 2018 онд танилцсан. 2021 оноос хамтран амьдарч эхэлсэн. Эхээс гурвуулаа, айлын бага хүү байгаа юм. Б.Тгийн хувьд ер нь дотогшоо төрлийн хүн, ярилцана гэсэн хүнтэйгээ л ярилцдаг, төлөв байдлын хувьд эмх цэгцтэй, аливаа зүйлийг эвээр шийдэхийг хүсдэг, архи дарсыг тохируулаад хэрэглэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар тал), Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1027 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-82 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар тал), “Ф” ХХК-ийн “Б.Т нь манай компанид бэлтгэх тогоочоор 2021 оны 12  дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 91-92 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг;

 

Шүүгдэгч Г.Дийн хувийн байдлын талаар гэрч Б.Ба /Г.Дийн ээж/-гийн “...Эхээс хоёулаа, айлын том хүү. Манай хүү сургуулиа төгсөөд 2 жил “Амар” нэртэй зоогийн газарт ахлах тогоочоор ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сард ажил гэр нь холдоод байсан учиражлаа сольж “Д” ХХК-д ажилд орох гээд дадлагажиж байгаа. Манай хүү хоол сайн хийдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татаад байдаг, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), “Д” ХХК-ийн “Г.Д нь тус компанийн М ресторанд туслах тогоочоор хөдөлмөрийн гэрээ хийхээр бэлтгэгдэж 2 хоногийн дадлагын хугацаанд ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Д, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, шүүгдэгч Г.Дэд 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д, Б.Т нар нь Улаанбаатар хотод оршин суудаг болох нь тогтоогдож байх тул  зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах  нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.  

Шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч нар нь нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т,  Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 02 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;

 

шүүгдэгч Г.Дийг 01 (нэг) жил 03 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.Д нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.Д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.Д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

7. Шүүгдэгч нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Шүүгдэгч Б.Т, Г.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН