Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 151

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: П.Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуульд холбогдох,

       Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны  1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 53 настай, эрэгтэй. Би сантехникч мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ улсад 20 гаруй жил, Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байсан юм. Хэдийгээр би тус сургуульд галч буюу машинистаар ажиллаж байсан боловч ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, сургуулийн мужаан, төмөр, сантехникчээр ажиллан, туслах чанартай бүхий л ажлыг хийдэг байсан. Гэтэл тус сургуульд шинээр томилогдсон захирал Х.Цогтбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг галчийн ажлаас чөлөөлж, миний ажлын байранд өөр хүн томилсон байсан. Би ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй, чиний орон тоо байхгүй болсон гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа надад өгөөгүй, чөлөөлөхөөс өмнө нь миний орон тоо хасагдаж байгаа талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, ажлаа ч хүлээлцээгүй, хамт олны хурал ч хийгээгүй юм. Үүнээс хойш намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа албан ёсоор танилцуулаагүй, гардуулж өгөөгүй юм. Сургуулийн захирал миний халагдсан тушаалыг өгөхгүй болохоор нь би 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр захирал Х.Ц-тай очиж уулзан ажлаас чөлөөлөгдсөн тушаалынхаа хуулбарыг авсан. Уг тушаалд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ. 

         Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Хяргас сумын төсвийн байгууллагууд 2017 оны 12 дугаар сараас эхлэн нэгдсэн халаалтын системд холбогдсонтой холбогдуулан сумын сургуульд ажиллаж байсан 8  машинист, галч нар ажлаас чөлөөлөгдсөн байгаа. П.Б-ийн хувьд сургуульд түүний ажиллах орон тоо байхгүй болсонтой нь холбогдуулаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сургуулийн захиргаанаас хурал хийж, 8 машинистаа ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдсэн.  Мөн П.Б-ийг сумын төвийн халаалтын нэгдсэн системд ажилд оруулж өгсөн. П.Б-нд тэнд 2017 оны 12 дугаар сард нэг сарын хугацаатай ажиллаад, уг ажлаас хөнгөн ажилд орох зорилгоор буцаад сургуулийн захиргаандаа өргөдөл гаргасан байдаг. Нөгөө талаар сургуульд машинистын орон тоо байхгүй болсон, зөвхөн слессарь, цахилгаанчны ажилд оруулъя гэхээр слессарийн мэргэжлийн хүн биш учир Б.Б гэдэг хүнийг авч ажиллуулж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь “Б.Б надаас сүүлд ажилд орж, 1 сар л ажиллаж байсан мөртлөө ажлын байртайгаа үлдчихлээ” гэдэг тайлбарыг гаргаад байгаа үндэслэлгүй. Ажил олгогч ямар ажлын байранд, ямар хүнийг авч ажиллуулах вэ гэдгээ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй. Түүнчлэн П.Б-нд сумын халаалтын системд сургуулиас гараад ажилласан, мөн сургуульд одоо машинистын ажлын байр байхгүй болсон тул түүнийг сургуулийн машинистын ажилд тогтоох боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.Б-нд нь хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуульд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч “Орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

         Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуулийн захирал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/33 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн П.Б-ийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон сургуулийн машинистын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

         Мөн Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот болон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот “Бүтэц, орон тоо, цалингийн сүлжээ батлах тухай” тушаалууд, түүний хавсралтуудаас үзэхэд 2017 онд сургуульд 8 машинист ажиллаж байсан бол 2018 онд уг машинистын орон тоо хасагдаж батлагдсан, тухайн суманд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төсвийн байгууллагууд нэгдсэн халаалтын сүлжээнд холбогдож, сургуульд машинист ажиллах шаардлагагүй болжээ.  

       Түүнчлэн П.Б-ийг тухайн сумын нэгдсэн халаалтын сүлжээнд ажилд оруулж өгсөн, тэрээр тухайн газарт 2017 оны 12 дугаар сард  нэг сарын хугацаатай ажилласан, гэвч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн сургуульдаа арай хөнгөн ажилд орох зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийнхаа захиргаанд өргөдөл гаргасан, уг өргөдлийг сургуулийн захирал зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгсөн баримтууд хэрэгт авагджээ.

          Мөн нэхэмжлэгч П.Б-нд нь “Би сургуульд 10 жил ажилласан, харин манай захирал Б.Б-ыг үндэслэлгүйгээр сургуулийн слессариар авч ажиллуулсан. Захирал намайг слессарийн ажлын байранд аваад үлдээчих байх гэж харж байсан” хэмээн тайлбарлаж, сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж байгаа боловч нэгдүгээрт, сургуулийн бүтэц, орон тооноос “Машинист”-ын ажлын байр хасагдсан, хоёрдугаарт, П.Б-нд слессарийн мэргэжилтэй эсэх талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, гуравдугаарт, шинээр бий болсон слессарь, цахилгаанчны ажлын байрт хэнийг, хэдийд, яаж авч ажиллуулах нь тухайн сургуулийн захиргааны эрх хэмжээний асуудал тул шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй болно.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хэрэв орон тоо хасагдаж байгаа бол ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй” хэмээн маргасан боловч хэрэгт Хяргас сумын Ахлах сургуулийн захирал уурын зуухны машинистуудтай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж, цаашид сургуулийн машинистуудын ажлын байр хасагдаж байгаа талаар мэдэгдээд, шинээр байгуулагдаж байгаа сумын Нэгдсэн халаалтын сүлжээнд мэргэжлийн дагуу ажилд орох боломжтойг сануулж, зарим хүмүүсийн гаргасан саналын дагуу тухайн сүлжээнд ажлын байранд зуучилж өгсөн, мөн П.Б-ийг тухайн сүлжээнд мэргэжлийнх нь дагуу ажиллуулахаар болж, тэрээр 1 сарын хугацаанд ажилласан, Хяргас сумын төсвийн байгууллагууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нэгдсэн халаалтын сүлжээнд холбогдох гэж байгааг тус сумын иргэд нийтээр мэдэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

          Иймд П.Б-ийг тус сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуульд холбогдох, “Тус сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Ахлах сургуульд холбогдох, “Тус сургуулийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Б-нд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА