Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/614

 

 

 

 

2022           06          08                                 2022/ШЦТ/614

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч Ц.Шагдар,

Хохирогч Н.М,

Иргэний хариуцагч Э.Б /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б нар оролцсон эрүүгийн 2209000000518 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Х ХХК-д засварчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 812 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийг өршөөн хассан, мөн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн “Хуулийн тэгшитгэлд хамруулах тухай” 122 дугаартай захирамжаар үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн ялаас чөлөөлсөн, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:15/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Б ...........12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт байсан хохирогч Н.Мийн ........... улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашиныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э.Бын өмнөөс түр хэрэглэх явцдаа өмчлөгч Н.Мт мэдэгдэлгүйгээр, тухайн автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулсны улмаас 200,000 төгрөгийн ашиг олж, хохирогч Н.Мт 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 339 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000518 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 06-08 дугаар тал),

            -2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 09-14 дүгээр тал),

-Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 35-36, 38-39 дүгээр тал),

-Иргэний хариуцагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн  мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 17-19, 43-44 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 64-65 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хохирогч Н.М “миний хувьд иргэний хариуцагч Э.Б энэ хэрэгт тодорхой үүрэгтэй оролцсон гэж үздэг, хохирлыг нөхөн төлсөн ч гомдолтой байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь ......... дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт байсан хохирогч Н.Мийн .............. улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э.Бын өмнөөс түр хэрэглэх явцдаа өмчлөгч Н.Мт мэдэгдэлгүйгээр, тухайн автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулсны улмаас 200,000 төгрөгийн ашиг олж, хохирогч Н.Мт 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн “...тухай тээврийн хэрэгслийг өргөгчөөр дээш өргөж доод талын харахад нүүрсэн яндангийн хэсэгт гагнуурын оромтой, боолтгүй байх ба уг гагнаас болон төмөр нүүрсэн яндан тоос шороогүй, цэвэрхэн байх бөгөөд залгаа төмөр яндан шороо тоостой, өнгөө алдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-08 дугаар тал),

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...20-22 орчим насны залуучууд ирээд “ахаа шинэ яндан тавиулаад зөрүүд нь 200,000 төгрөг авчих” гэж хэлсэн тул би зөвшөөрч тэр газраас гарч хойно нь байдаг гудамжинд янданг нь солиулж тавиад 200,000 төгрөг бэлнээр авсан гэж мэдүүлсний дагуу ...Б.Бэр тухайн газрыг нь заалгахад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 39 дүгээр сургуулийн эсрэг талд буюу ертөнцийн зүгээр замын зүүн тал руу доош гудамж руу орох ба ...гудамж дуусгаад задгай талбай /айлууд нүүсэн/ хэсэгт өвсөн дунд зогсож “энэ газарт машины янданг солиулсан” гэж заасныг тэмдэглэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 09-14 дүгээр тал),  

-Гэрч Э.Бын “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... 3982 УАЕ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан... хохирогч Мөхдэлгэртэй ярилцаад найз Сээгийгийн засварын газарт өгье гэж ярилцаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн хойд талд байх вьетнам засварын газарт ... үлдээсэн. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр засварын газраас Сээгий яриад урд крыло аваад ир гэж хэлсэн. Би тухайн өдөр ажил амжихгүй болохоор нь ажлын газрын Баагийг гуйж 13 цагийн үед 32-ийн тэнд байх засварт крыло аваачаад өгчих гэж явуулсан. Баагий засварын газраас Мийн засуулж байсан машиныг унаж яваад крылог нь тааруулж тавиад буцааж аваачиж өгсөн гэдгээ 18 цагийн үед надад утсаар хэлсэн. Тэрнээс хойш би засвар болон Баагийтай холбогдоогүй байж байхад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед машины эзэн М яриад миний машины гүфер /буфер/-ийн цаад талын хайлшин төмөр солигдоогүй байна бас нүүрсэн яндан солигдсон байна гэж хэлсэн. ...Баагийг би ганцаараа яваад ир гэж хэлсэн. Хүнтэй хамт явсан үгүйг мэдэхгүй байна. Крылоны мөнгө гэж 150,000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Крылог хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Сэлбэгийн зах болон бусад газруудаар орж байгаад өнгийг нь тааруулж дахин будахгүй крыло авахаар ярьсан байсан. Орой надад өнгө дагуу крыло олдсон аваад засварт өгсөн гэж л хэлсэн... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр тал),

-Иргэний хариуцагч Э.Бын “...саналт хүсэлт байхгүй. Би уг хүний тээврийн хэрэгслийн засварт нь бүх зүйлийг шинээр нь авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Б “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр машины нүүрсэн яндан нийт 850,000 төгрөгөөр (хавтаст хэргийн 64-65 дугаар тал) үнэлснийг оролцогчдод танилцуулжээ.

Харин шүүгдэгч Б.Б болон иргэний хариуцагч Э.Б нар хохирогчийн машины нүүрсэн янданг биет байдлаар буцаан төлж хэвийн байдалд нь оруулж өгсөн байна.

Хохирогч Н.М шүүх хуралдаанд “...Миний бие машиныхаа нүүрсэн янданг эдгээр хүмүүсээр төлүүлж буцааж хэвийн байдалд нь оруулсан байгаа. Гэвч би Э.Б гэгчийг энэ хэрэгт хамааралтай хүн гэж одоог болтол бодож байна. Гомдол саналгүй, Э.Б гэгчээс болж орлогоо алдсан гомдолтой байна” гэснийг дурдаж байгаагаас гадна шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байна гэж дүгнэв.

Харин иргэний хариуцагч Э.Бын хувьд энэ хулгайлах гэмт хэрэгт ямар нэг оролцоо тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дугаар тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-57 дугаар тал), мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), зөрчлийн шийтгэл хүлээж байсныг тодорхойлсон лавлагаа (хавтаст хэргийн 74-96 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бол шүүгдэгч Б.Б “ямар нэг санал байхгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, шүүхээс оногдуулах хариуцлагыг хүлээх болно” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б хохирогч Н.Мийн эзэмшлийн автомашины нүүрсэн янданг хулгайлан бусдад 200,000 төгрөгөөр зарж ашиг орлого олсон болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дугаар тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн тул түүнийг 200,000 төгрөгийн ашиг орлого олсон гэж үзэж уг орлогыг түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Бэс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.  

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН