Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 170

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: С.Л-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны  2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

        Нэхэмжлэгч С.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие боловсролын салбарт 30 жил ажиллаж байгаа бөгөөд Баруунтуруун сумын сургуульд багш, хүмүүжлийн эрхлэгч, захирал, насан туршийн боловсролын нэгжийн менежерээр ажилласан. 2013 оноос хойш насан туршийн боловсролын нэгжийн менежерийн ажлыг хийж байтал 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт ажлаас халагдсан байна. Яагаад ажлаас халагдсан бэ гэвэл тухайн үед захирлаар ажиллаж байсан С.П нь намайг ажлаас халж, өөрийн нөхөр Д.Б-г миний оронд томилоод, энэ тушаалаа надад өгөлгүй нуусан бөгөөд одоо болтол би тушаалаа гардан аваагүй ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. Захирал С.П нь өөрийн нөхрөө ажилд оруулахын тулд ашиг сонирхлын зөрчил гаргаж намайг ажлаас халсан. Намайг ажлаас халсан тушаалыг олж үзэж чадаагүй учир ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа мэдэхгүй байна. Бичиг хэргийн эрхлэгчээс асуухад “12 дугаар сард ажил хийгээгүй, мөн архи уусан” гэж халсан гэж хэлсэн. Би 12 дугаар сард ажлаа хэвийн хийж гүйцэтгэсэн. Гэтэл 12 дугаар сарын 17-ны өдөр надад цалин бичиж болохгүй гэж хэлсэн талаар нь сонсоод 18-ны өглөө 09 цагт очиж уулзахад шууд “Таныг ажлаас хал гэж дээрээс хэлсэн. Таны орны хүн бэлэн байна” гэж хэлсэн. Захирлын өрөөнөөс гараад байж байтал 11 цаг 30 минутад цагдаа Т.Ш утсаар дуудахаар нь очиход “Та захирал дээрээ согтуу очиж агсам тавьсан уу” гээд намайг согтуурал хэмжигч багажаар үлээлгэх гэсэн боловч багаж нь ажиллахгүй байсан. Тэгээд багажаа барьж байгаад зураг авахуулж бэхжүүлээд эрүүл байсан гэж тэмдэглэл үйлдээд надаар гарын үсэг зуруулсан. С.П 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр захирлын ажлаа өгсөн. Сургалтын менежер Т.А над руу ярьж “Таныг С.П захирал байхдаа ажлаас халсан. Та ажлаа хүлээлгэж өг” гэхээр нь “Миний оронд хэн орж байна” гэхэд “Захирлын нөхөр Д.Б” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тушаалаа эхлээд авъя, тэгээд болно биз” гэж хэлсэн. Миний эрхэлж байсан ажлын байран дээр 5 жил багшаар ажилласан, багшлах эрхтэй хүн ажиллах ёстой. Гэтэл Д.Б нь сэтгүүлч мэргэжилтэй, багшлах эрх бүү хэл сургах талын ямар ч мэдлэггүй хүн эхнэрээрээ тушаал гаргуулаад ирсэн байсан. Би 30 жил ажиллахдаа төр засагт ажил хөдөлмөрөө үнэлүүлж тэргүүлэх зэрэг, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртсэн. Баруунтуруун сумын сүүлийн 30 жилийн боловсрол, сургалт, хүүхдийн хүмүүжил цаашилвал ололт амжилт надтай холбоотой гэж би бодож бахархаж явдаг. Бүх насаараа зүтгэсэн энэ хөдөлмөрөө зүгээр нэг хувийн ашиг харсан, ямар ч сургалтын боловсролгүй хүнд шилжүүлж өгөх нь надад үнэхээр хайран байна. Хэрэв би тэмцэхгүй юм бол залуу насаа, сурсан сургуулиа, зориулсан хөдөлмөрөө, хайртай шавь нараа нулимасан хэрэг болох биз. Энэ бүхний эцэст монгол төр, шударга шүүх засаглал байдаг гэдэгт итгэдэгтээ бардан энэ нэхэмжлэлийг бичлээ. Шүүх шударгаар шийвэрлэж намайг Баруунтуруун сумын Ахлах сургуулийн насан туршийн боловсрол олгох нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ. 

     Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирал Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан С.Пүрэвсүрэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч С.Л багшийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.     

      Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалаар тус сургуулийн насан туршийн боловсролын багш С.Л-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 130 дугаар зүйлийн 130.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.3, Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/582 тоот захирамжийг тус тус үндэслэсэн байна.

       Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж, ёс зүйгүй авирласан, сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж маргаж, тус сургуулийн “Дотоод журам”, Увс аймгийн Баруунтуруун сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Ш-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тодорхойлолт”, 2017 оны 12 дугаар сарын “Багш ажилчдын цагийн бүртгэл”, мөн сарын “Цагийн тооцоо” зэрэг баримтыг тус тус хэрэгт ирүүлжээ.

     Мөн “тус сургуулийн насан туршийн боловсролын багш С.Л-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, урьд байгуулсан байж болох хөдөлмөрийн гэрээ нь олдохгүй байсан” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

       Дээрх тушаалын үндэслэл, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, сумын цагдаагийн тодорхойлолт зэргээс үзэхэд “С.Л нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн захирлын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж, ёс зүйгүй авирласан” гэх боловч үүнийг нотолсон сумын цагдаагийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа бөгөөд сумын цагдаа уг нөхцөл байдлыг хуульд заасан журмын дагуу шалгаж, бэхжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлгүй, тухайн цагдаагийн тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдаагийн байгууллага хэрэг, учрал болсон газарт үзлэг, нэгжлэг хийж, холбогдох нотлох баримтуудыг яаж бэхжүүлж авах, гомдол, мэдээллийг хэрхэн, хэдий хугацаанд шалгах, ямар шийдвэр гаргах талаар нарийвчлан зохицуулсан ба уг хуульд заасан журмын дагуу цагдаагийн ажилтан үүргээ биелүүлээгүй байна.    

        Нөгөө талаар, “Сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан” гээд 2017 оны 12 дугаар сарын цагийн бүртгэл, цагийн тооцоо гэх баримтуудыг хариуцагч талаас ирүүлсэн боловч уг нөхцөл байдлыг хөдөлмөрийн дотоод журамд “ноцтой зөрчил”-д тооцохоор зохицуулаагүй байна.

      Мөн “Дотоод журам”-ын 10.1.4, 10.2.10-т зааснаар ажилтан өглөө ажилдаа ирсэн, завсарласан, орой тарсан цагаа бүртгүүлж, ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар гадуур ажиллах үедээ цаг бүртгэгчид мэдэгдсэн байх, энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлсэн байхаар зохицуулсан байх боловч ажилтан ажлын цагаа бүртгүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх, түүнчлэн чөлөөний хуудсаар албан ёсоор чөлөө аваагүй, ажил тасалсан тохиолдолд хэрхэх, хэдэн өдрийн ажил тасалсныг хөдөлмөрийн “Ноцтой зөрчил”-д тооцож, холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна.

     Иймд хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирлын 2018 оны Б/01 тоот тушаалын үндэслэл нь холбогдох нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Л-ыг Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн Насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Л нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулиас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул хэрэгт авагдсан Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 тоот тушаал, Самсунг Галакси Ж7 маркийн гар утаснаас хуулбарласан гэх 2 ширхэг бичлэг бүхий СД-г тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Лоохуузыг Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн Насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Л нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА