| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00104/и |
| Дугаар | 194 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 194
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.О-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.900.000 төгрөг, алданги 950.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.О нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн З.О-тэй уулзаж, 8 хувийн орон сууцны зээлд хамрагдахын тулд урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор 5.938.000 төгрөг зээлэхийг хүссэн. Ингээд З.О болон хариуцагч Д.О нар харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, З.О нь 5.938.000 төгрөгийг 7 дугаар сарын хугацаатай, хүүгүй зээлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан байгаа бөгөөд зээлийг эргэн төлөх хуваарь ёсоор 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах ёстой байсан юм. Гэвч Д.О нь зээлийн гэрээний нийт үүргээс 4.038.000 төгрөгийг төлж, 1.900.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй байна. Д.О-ээс үлдсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-д “Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө”, Иргэний хуулийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ. Д.Одонхүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш одоо хүртэл үлдэгдэл зээл болох 1.900.000 төгрөгийг төлөхгүй 612 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч З.О нь 612 хоногийн алданги тооцохгүйгээр алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн заалтад нийцүүлж, 1.900.000 төгрөгийн 50 хувь буюу 950.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа юм. Иймд Д.О-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, алдангид 950.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.О-ээс хариуцагч Д.О-үүд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.900.000 төгрөг, алданги 950.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.О-үүд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн”-нд тооцлоо.
Хэрэгт З.О болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээнээс үзэхэд Д.О нь 5.938.000 төгрөгийг хүүгүй зээлж авсан байх ба мөн гэрээний 2.3-т “Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байна.
Улмаар хариуцагч Д.О-ээс зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт 4.038.000 төгрөгийг төлж, үлдэх 1.900.000 төгрөгийн үндсэн төлбөр, мөн алданги 950.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөгийг төлөх үүргээ өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн хууль болон гэрээнд заасан анз нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.О-ээс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, алданги 950.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж З.О-т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 60.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.О-ээс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, алданги 950.000 төгрөг, нийт 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж З.О-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.550 /жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 60.550 /жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.О-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА