Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 24

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нургууд овогт Тойвгоожамцын Отгонбат, Хар гэрүүд овогт Эрдэнэбатын Бямбадорж нарт холбогдох 201613010043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 06-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Нургууд овогт Тойвгоожамцын Отгонбат /РД:ИЗ94080617/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 28-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хар гэрүүд овогт Эрдэнэбатын Бямбадорж /РД:ИЗ93082812/

Шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ны өдөр шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ю.Ням-Очирын эзэмшлийн хашааны гаднаас П.Уламнэмэхийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ны өдөр шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хороололын 12-14 тоот оршин суух иргэн Ю.Ням-Очирын хашааны гаднаас иргэн П.Уламнэмэхийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж бусдад 800.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд:

Шүүгдэгч Т.Отгонбатын: “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23:00 цагийн үед Э.Бямбадоржтой Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт гудамжаар мотоциклоор явж байсан юм. Тэгээд Ням-Очирын хашааны гадуур явж байтал улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байсаныг Бямбадорж бид хоёр хулгай хийж авсан юм. Тэгээд тэр мотоциклыг эд ангийг нь задлаад шатахууны банк, суудал хоёрыг нь Бямбадорж авч явж шатаасан, рамыг нь сумын баруун хойд талын гуунд аваачиж хаясан юм. Мотоциклын 2 дугуйг нь бямбадоржийн байшин доогуур хийсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Бямбадоржийн: “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23:00 цагийн үед би найз Отгонбаттай түүний мотоциклын араар суугаад явж байтал Отгонбат “миний мотоцилын кроп дуу ороод эвдэрэх гээд байна. Засаж янзалмаар байна” гэсэн. Тэгээд бид хоёр манайд ирээд мотоцикл хулгай хийхээр болж, гараад явж байтал Ням-Очирын хашааны гадаа Мустанг-5 маркийн мотоцикл байсаныг хулгай хийж авсан юм. Тэгээд манайд ирээд хулгай хийсэн мотоциклоо задлаад би банк, суудал хоёрыг нь сумын баруун талын харгана дотор аваачиж шатаасан, рамыг нь Отгонбат чирээд аваад явсан хаана хаясныг нь мэдэхгүй байна. Мотоциклын хоёр дугуйг манай амбаар доогуур хийсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Улманэмэхийн: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим найз Ням-Очирын хамт өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг унаж Ням-Очирын гэрт очсон юм. Тэгээд Ням-Очирын гэрт байж байгаад шөнийн 00:00 цагийн орчим гарч иртэл миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд Сэдбазартай мотоциклоо хайгаад явж байтал сумын баруун захад гал гарч байхаар нь очоод үзтэл миний мотоциклын банк, суудал хоёрыг шатаасан байсан. Тэгээд маргааш нь дахиад хайж байтал айлын хашааны гадна мөр байхаар нь ороод үзтэл амбаар доороос нь миний мотоциклын 2 дугуй гарч ирсэн. Тэгээд тэр айлын залуу Бямбадоржоос асуухад эхлээд аваагүй гэж байсанаа сүүлдээ Отгонбаттай нийлж хулгай хийж авсан гэж хэлсэн. Тэр хоёр надад шинэ мотоцикл авч өгсөн учир надад одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ... гэх мэдүүлэг,

Гэрч Ю.Ням-Очирын: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт Уламнэмэх бид хоёр түүний улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор ирсэн. Тэгээд бид хоёр манай байж байгаад гарч иртэл Уламнэмэхийн мотоцикл алга болсон байсан. Уламнэмэх мотоциклоо хайгаад явсан удалгүй миний мотоциклийг шатаасан байна гэхээр нь сумын баруун талд яваад очитол банк, суудлыг нь шатаасан байсан. Дараа нь Уламнэхэмийн мотоциклыг Бямбадорж, Отгонбат хоёр хулгайлсан байсаныг нь мэдсэн. Тэр хоёр Уламнэмэхд шинэ мотоцкил авч өгсөн гэсэн... гэх мэдүүлэг,

Гэрч П.Сэдбазарын: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны орой Уламнэмэх ах мотоциклоо хулгайд алдчихлаа гэж утсаар ярьсан юм. Тэгээд Уламнэмэх ах бид хоёр сумын төвөөр мотоцкилоо хайгаад явж байтал сумын баруун хойд захад харгана дотор юм шатаж байхаар нь очиж үзтэл Уламнэмэх ахын мотоциклын банк, суудал хоёрыг шатаасан байсан. Тэгээд маргааш нь мотоциклыг нь Отгонбат, Бямбадорж хоёр хулгайлсан гэдгийг нь мэдсэн...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бат-Эрдэнийн: ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уламнэмэх нь Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайд алдсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд тэр мотоциклыг нь Бямбадорж, Отгонбат нар хулгайлсан байсан гэдгийг сонссон. Бямбадорж, Отгонбат нар нь Уламнэмхэд 1.500.000 төгрөгөөр мотоцикл худалдаж авч өгсөн гэсэн... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Бямбадорж, Т.Отгонбат нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Бямбадорж, Т.Отгонбат нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Уламнэмэхэд нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь Dayun маркийн мотоцикл авч өгсөн болох нь хохирогч П.Уламнэмэхийн нарын: ... Тэр хоёр надад шинэ мотоцикл авч өгсөн учир надад одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй... гэх мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бямбадорж, Т.Отгонбат нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Т.Отгонбатын эзэмшлийн Хурд маркийн мотоциклыг ашигласан, уг мотоциклоо 300000 төгрөгөөр хүнд зарчихсан юм гэж мэдүүлж боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” заасан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоцкилын шатсан банк, рам, зэргийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгаж, мотоциклын 2 ширхэг дугуй улсын орлого нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бямбадоржийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 2, нас гүйцсэн хар халзан эр үхэр, Т.Отгонбатын хувьд ногдох хөрөнгө болох эм хонь 6 /3 нь хурагтай/, эм ямаа 5 /2 нь ишигтэй/ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Бямбадорж, Т.Отгонбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286.1, 290.3, 294, 295, 297, 298.1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нургууд овогт Тойвгоожамцын Отгонбат, Хар гэрүүд овогт Эрдэнэбатын Бямбадорж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Бямбадоржийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 2, нас гүйцсэн хар халзан эр үхэр, Т.Отгонбатын хувьд ногдох хөрөнгө болох эм хонь 6 /3 нь хурагтай/, эм ямаа 5 /2 нь ишигтэй/ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоцкилын шатсан банк, рам, 2 ширхэг дугуй зэргийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгаж, мотоциклийн 2 ширхэг дугуйг улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн тус тус тогтоож, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонбат, Э.Бямбадорж нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүүгийн, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР