Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гомпдлын шаардлага: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0716 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0716 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0484/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/118 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0716 дугаар шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/118 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0716 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах. 

3.1. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/118 дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0146 тоот шийдвэрийг биелүүлж гарсан захиргаа акт юм.

3.2. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэжээ.

3.3. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар төрийн захиргааны байгууллага бөгөөд чиг үүргийн хувьд тус захиргааны хамгаалалтын нутаг дэвсгэрт ашиглах эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуй нэгжийг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх дээр хяналт тавих үүрэгтэй.

3.4. Үүний хүрээнд шалгалтаар Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж өмнөх А/79 дүгээр тушаалд заасан нөхцөл байдал хэвээр байгаа талаарх саналыг 2023 оны 04 дүгээр сарын13-ны өдрийн 413 дугаар саналаар ирүүлсэн байдаг.

3.5. Шүүх нэхэмжлэгчийн тайлбарт хэт үндэслэж шийдвэр гаргасан тухайд:  А/79 дүгээр тушаал гарах үед “Т*******” ХХК нь дулааны шугам сүлжээний ажил хийж байгаагүй. Өмнөх хэргийн материалд байгаа нотлох баримт хариуцагчийн татгалзалын үндэслэлийг анхаарч үзэхгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.6. Мөн Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хариуцагч байгууллагаас хийх шаардлагагүй байсан учир нь нэхэмжлэгч компань нь тус шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар мэдэж байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны оролцогч учраас тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гаргахыг мэдэж байсан. Тогтоосон хугацаанд гаргаж хариуцагч байгууллагаас захиргааны актыг шүүхэд хүргүүлсэн.

3.7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/118 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.2. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/118 дугаар  тушаал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг биелүүлж гарсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийдвэрт “...хариуцагч захиргааны байгууллага мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид хуульд заасан боломжит хугацаагаар хангаагүй, ...”А*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотойгоор хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхээргүй, ...бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна” гэж тус тус дүгнэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/79 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг биелүүлэхдээ  тус шийдвэрт тусгасан “... дулааны шугам сүлжээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраар дайрч байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь ирээдүйд уг дулааны шугам сүлжээнээс дулаанаар хангагдахаар тохиролцож газраа ашиглуулсан эсэх, эсхүл Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д заасан “орчны газар байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу шугам сүлжээ тавих ажилд саад учруулахгүйгээр газраа ашиглуулсан эсэх, ...газар ухсан ажиллагаа нь “Т*******” ХХК-ийн аялал жуулчлал, амины орон сууцны цогцолбор барилгуудын гадна дулаан хангамжийн зургийн дагуу хийгдэж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах...” үүргийг биелүүлээгүй байна.

2.4. Түүнчлэн хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогджээ.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг зохицуулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...сонсох ажиллагааг хариуцагч байгууллагаас хийх шаардлагагүй байсан. Учир нь нэхэмжлэгч компани нь тус шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар мэдэж байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч учраас тогтоосон хугацаанд шинэ захиргааны акт гаргахыг мэдэж байсан” гэх гомдол дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй.

2.6. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, шинэ захиргааны акт гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан бодид нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон сөрөг нөлөөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй хууль бус захиргааны акт гаргасан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.  

2.7. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН