| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00214/э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Иргэний хариуцагч Д.Даваадулам,
Шүүгдэгч Д.Баянбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцага овгийн Даваадуламын Баянбатад холбогдох 2026000000245 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харцага овгийн Даваадуламын Баянбат /РД:ЙА02242711, /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Харцага овгийн Даваадуламын Баянбат нь иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнийн эзэмшлийн 62-01 ӨВО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь “... Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 дахь "... Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 23 дугаар бүлгийн 23.9А дахь "... тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэх журам зөрчих.”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх асфальтан зам дээр зорчиж явахдаа уг багийн 2-6-1 тоот хашааны хажууд өндөр хүчдэлийн бетонон шонг мөргөж жолоочийн хажуугийн суудалд зорчиж явсан зорчигч М.Сумъяабазарын биед баруун духны дэлбэнгийн доод хэсгийн эдэд цусархаг няцрал, зүүн духны хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун духны доод хэсэгт /гавлын урд хонхорт/ хатуу хальсан дээрх цус хуралт, гавлын баруун суурь ясны их далавч дайрсан хугарал, зүүн дух, зулай яснууд, nasofrontal болон zygomativofrontal /духны хөндий/ дайрсан хөндлөн хугарал, баруун хоншоор яс цууралт, баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан." гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Баянбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”... Осол гарсан өдрийн урд өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.Бямбадорж надтай уулзсан. Тухайн үед аав нь Төв аймаг руу самар зарах гээд явсан байсан. Маргааш нь Бямбадорж би ахаас машин аваад хамт кино үзье гэж хэлсэн. Сод-Эрдэнэ ах Төв аймаг руу явахдаа С.Бямбадоржийн ахад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг итгэмжлүүлэн хариуцуулж үлдээсэн. Тэр хүн захиран зарцуулах эрхгүй байж С.Бямбадоржид өгч явуулаагүй бол С.Бямбадорж нь эрхийн үнэмлэхгүйгээр машиныг унаж ирэхгүй байх байсан. Иймд надад маш их харамсалтай байна. Гэхдээ би өөрийн хийсэн үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж байна. Мөн Сод-Эрдэнэ ахын тээврийн хэрэгсэл нь даатгалгүй байсан. Шүүхэд нэхэмжилсэн 3670000 төгрөгний хохирлыг нь тохиролцож, хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон. Өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр Сумъябазарын ээж нь над руу утсаар яриад эмчилгээний зардал 2.000.000 болсон гэж хэлсэн. Тухайн хохирлыг надаас авах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Миний өөрийн буруутай үйлдлийн улмаас найзад маань хохирол учирсан тул би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найздаа учирсан хохирол болох 2000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч М.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өвөө болох Бянлай гэж хүнийд амьдардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би найзынхаа 62-01 ӨВА улсын дугаартай, саарал өнгийн Сонота-6 маркийн автомашинд суугаад “Орхон” кино театрт кино үзэх гээд явж байсан. Арвайхээр сумын 2 дугаар хороонд гэр хорооллын гудамжинд явж байхдаа бетонон шон мөргөсөн. Тухайн үед би машины урд талд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Ингээд шонг машин шарваад баруун талаараа буюу миний сууж явсан талаар мөргөсөн. Энэ үед би толгойгоороо хаалганы шил мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би ухаан алдчихсан байсан. Нэг сэрээд харахад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Баянбат жолоо бариад, машины ар талын суудалд Бямбадорж, Хосбаяр, Жавхлан, Төвшөө нар сууж явсан. Ослын улмаас надад тархины битүү гэмтэл, баруун нүдний хараанд өөрчлөлт орсон ба хараа их муудсан. Би урд талын суудалд буюу жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Би нэг лааз пиво уусан байсан. Баянбат согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/,
Гэрч Д.Сод-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 62-01 ӨВО улсын дугаартай саарал өнгийн Сонота-5 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Би 2018 онд найз Нолсон гэх хүнээс 7.5 сая төгрөгөөр авч байсан. Би осол гарсан өдөр Төв аймгийн Батсүмбэр сум руу ажлаар явсан байсан. Манай хүүхэд Бямбадорж найз Баянбатад миний машиныг унуулаад ийм асуудал гаргасан байна. Шинжээчийн гаргасан үнэлгээгээр машиныхаа хохирлыг барагдуулмаар байна. Улаанбаатар хотоос машиныхаа сэлбэг хэрэгслийг авч ирэх учраас тээвэрлэлтийн зардлыг гаргуулна. Машины эвдрэл гэмтлийг засварлах мөнгийг Баянбатаас нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Гэрч Д.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Баянбат бол манай хамгийн том хүүхэд доороо нэг эмэгтэй дүүтэй. Одоогоор ээж, эмээ, дүү охины хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг 11-1120 тоотод амьдардаг. Баянбат Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгааны ангийн 3 дугаар курст сурч байгаа 12 сард төгсөнө. Баянбат зан байдлын хувьд даруу төлөв бусдад тусархуу, ажилч хичээнгүй, эмээ, ээж хоёрынхоо үгэнд сайн орж, гадуур дотуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Тухайн осол болдог өдөр би Баянбатын хамт Цэнддоо гэдэг ахындаа байж байсан чинь машинтай хүүхдүүд манай гэрт 2-3 удаа ирээд Баянбатыг сурсан. Манай охин ахынх руу ээжтэй явчихсан гэж хэлсэн байсан. Тэгээд ахынд байж байтал гадаа машинтай хүүхдүүд ирээд Баянбат намайг гэрт хүргэж өгчихөөд кино үзлээ гээд тэр хүүхдүүдтэй явсан. Найз нар нь уруу татаад байдгаас манай хүүхэд гадуур дотуур нэг их тэгж яваад байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,
Иргэний хариуцагч Д.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой би Баянбаттай хамт ахынд байж байтал Баянбатыг найзууд нь гадаа ирж дуудаад Баянбат хүүхдүүдтэй хамт кино үзчихээд ирье гээд намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгтэл 21 цаг өнгөрч байхад манай хүүхэд Баянбат над руу залгаад ээж би осол гаргачихлаа гэж хэлэхээр нь би ахыг дуудаад хамт очсон чинь Өндөрлөгийн доод талд өндөр хүчдэлийн бетонон шон мөргөчихсөн байдалтай байж байсан. Бид нарыг очиход эмнэлгийн тэрэг ирээд Сумъяабазар гэх хүүхдийг аваад явсан. Баянбат урьд өмнө нь машин жолооддоггүй байсан. Бямбадорж гэх хүүхэд Баянбатыг жолооны үнэмлэхтэйгээрээ машин уначих гэсэн байсан. Сод-Эрдэнийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Хуваагаад ч болов барагдуулах байхдаа Баянбат бид 2 ажил хийдэггүй учир бид нарт хүнд л байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед би Арвайхээр сумын 2 дугаар баг 31-01 тоотод байж байтал манай хамаатны ах Сумъяабазарын найз Бямбадорж над руу залгаад Орхон кино театрт хамт кино үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь залгаад за бид нар чамайг очиж авъя, гэртээ байж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрийн баруун талын засмал зам дээр машин ирээд би гарсан. Тэгээд би машины арын суудалд суугаад өндөрлөг уруудаад явж байтал нэг мэдсэн чинь машин өндөр хүчдэлийн бетонон шон мөргөсөн байсан.Тэгээд машин жолоодож явсан Баянбат хамгийн түрүүлж машинаас буугаад би араас нь буусан. Тэгээд урд суудал руу харсан чинь Сумъяабазар ухаан алдсан байхлаар нь би 7032103-руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд Сумъяабазарыг авч яваад бид нарыг цагдаа ирээд аваад явсан. Уг тээврийн хэрэгсэл нь Бямбадоржийн аав Сод-Эрдэнэ гэх хүнийх байсан. Тухайн үед Баянбат согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр 03-ны өдөр манай найз Сумъяабазар би Улаанбаатар хотоос ирчихсэн байна гээд над руу өдөр 15 цагийн үед чат бичсэн. Би 15 цаг өнгөрөөгөөд Сумъяабазарын Арвайхээр сумын 2 дугаар багт 35-01 тоотод байрлах хамаатны айлынх нь гэрт байхад очсон. Тэндээсээ Сумъяабазар бид хоёр Бямбадоржийн 9 дүгээр хороонд байрлах гэрт очсон. Бямбадорж аавынхаа машиныг унаад бид хоёр суугаад 12 дугаар хороонд байрлах Баянбатын гэрт очоод тэндээс Баянбатыг суулгаад “Орхон” кино театр явсан. Тэгээд гадаа нь очоод би дотогш билет авахаар орсон. 5 ширхэг билет авсан чинь урамшуулалд нь 1 ширхэг билет өгсөн. Жавхлантай хамт үзье гээд тэндээсээ бид нар Жавхланг авахаар 2 дугаар хороонд байрлах гэр лүү нь явсан. Бид нар Жавхланг аваад буцаад өндөрлөг уруудаад Баянбат жоохон хурдтай явж байсан. Машин гэнэт нэг ойгоод хажуу тал руугаа шарваад Өндөр хүчдэлийн бетон шон мөргөөд зогссон. Би буух гэсэн чинь хөл гацчихсан гарч болохгүй жоохон удсан. Сумъяабазар ухаан алдчихсан Баянбат сандраад уйлаад гүйгээд байсан. Жавхлан эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлэг ирээд Сумъяабазарыг авч яваад бид нарыг цагдаа аваад явсан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан байсан. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Гэрч С.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна. Манай 09 дүгээр хороонд байрлах гэрт манай найз Сумъяабазар, Хосбаяр нар ирсэн. Манай гэрт надтай юм хийлцэж байгаад Баянбатыг манайд ирж хийж байгаа юмнаас элбэлцээд өгөөч гэж дуудсан. Баянбат манайд ирж юм хийлцчихээд буцаад явсан. Бид нар урд өдөр нь Сумъяабазар хотоос ирсэн юм чинь бүгдээрээ кино үзье гэж ярьж байсан. Тэгээд би аавын машиныг аваад Сумъяабазар, Хосбаяр хоёрыг суулгаад Баянбатынд очсон. Тэдний гаднаас би жолооны үнэмлэх байхгүй учраас машинаа Баянбатад унуулаад Дашваанжил орж 10000 төгрөгөнд газ хийчихээд 9 дүгээр хороонд нэг дэлгүүрийн гадаа зогсоод Сумъяабазар дэлгүүр ороод ундаа, 1 ширхэг лаазтай пиво авсан байсан. Сумъяабазар ганцаараа пивоо уусан. Тэндээсээ хөдлөөд “Орхон” кино театрын гадаа очоод Хосбаярыг дотогш нь билетэнд оруулсан чинь Хосбаяр 5 ширхэг билет авсан чинь нэг ширхгийг үнэгүй өгч байна гэж хэлсэн. Би Жавхлан руу яриад хамт кино үзье, чи ээжээсээ таксины мөнгө аваад хурдан хүрээд ир, гэсэн чинь манай хэд таксидаж байхаар бөөнөөрөө очоод аваад ирье, кино арай гарах болоогүй байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгээд бид нар Жавхланг аваад буцаад өндөрлөг уруудаад хурдтай явж байсан чинь өндөр хүчдэлийн “бетонон шон” мөргөөд машин зогссон. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тухайн үед Баянбат согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-60 хуудас/,
Гэрч Я.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянбат, Баянбатын ээж Даваадулам бид гурав Өвөрхангай аймагт байдаг Цэнддоо гэх ахындаа байж байсан чинь Баянбатын найзууд болох Бямбадорж, Сумъяа, бас нэг нэрийг нь мэдэхгүй залуучууд гурвуулаа Баямбадоржийн “Соната-6” маркийн машинтай ирсэн. Тэгээд кино үзэх үү гэхээр нь тэгье гээд Баянбат, Даваадулам эгч бид гурав Бямбадоржийн машинд суугаад Даваадулам эгчийг 9 дүгээр хороонд гэрт нь хүргэж өгсөн. Бямбадорж Баянбатыг чи жолооны үнэмлэхтэй юм чинь машин жолоод гээд Баянбатаар машинаа жолоодуулаад Хүүхдийн ордны үүдэнд очоод зогссон. Өндөрлөгийн тэр хавьд нэг найз нь байна ирээд аваач гээд очиж аваад буцаад засмал зам уруудаад явж байгаад замын хагархай дээгүүр гарсан чинь дугуй нь хагарах шиг болоод далбигнаад явж байгаад шарваад замын хажуу талын гэрлийн шон мөргөсөн. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Баянбат согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний хөл бага зэрэг хөхөрсөн байсан. Одоо зүгээр учир гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/
Гэрч Д.Хэнмэдэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Д.Баянбат нь манай дүү байгаа юм. Даваадуламын хамгийн том хүүхэд, доороо нэг дүүтэй. Одоогоор эмээ, ээж, дүүтэйгээ Арвайхээр сумын 12 дугаар баг 11-1120 тоотод амьдардаг. Баянбат 9 дүгээр ангиа төгсөөд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгааны ангид орж суралцаад одоо 4 дүгээр курст сурдаг. Эмээ Дашбурам нь 70 гаруй настай тэтгэврийн хөгшин байдаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртэй байдаг. Баянбат нь хүнд тусархуу, ажилч хичээнгүй, гадуур дотуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Хичээлээ тараад шууд гэртээ ирчихдэг хичээнгүй хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Шүүгдэгч Д.Баянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед би ээж Даваадуламтай хамт Арвайхээр сумын 12 дугаар хороонд байрлах Цэнддоо гэх хамаатны айлд байж байсан чинь Сумъяабазар, Бямбадорж, Хосбаяр гурав ирсэн.Тэгээд намайг хамт явж Орхон кино театрт 21 цагаас 1990 гэдэг нэртэй кино үзье гэсэн. Би тэндээс Бямбадоржийн унаж явсан “Соната-6” маркийн автомашиныг унаад гэртээ орж хувцсаа сольчихоод Дашваанжил ШТС орж машиндаа газ хийчихээд буцаад 12 дугаар хороонд байрлах Цэнддоо ахынд очиж тэндээс ээжийг гэр лүү хүргэж өгсөн. Тэнд байсан үеэл Түвшинжаргалыг хамт кино үзэхээр тэндээс аваад Орхон кино театрын гадаа очсон. Тэгээд бид нар гадаа сууж байгаад Хосбаярыг дотогш нь билет аваад ир гээд оруулсан чинь 5 ширхэг билет авч гарч ирснээ дахиад нэгийг үнэгүй өглөө гэж хэлсэн чинь Сумъяабазар үеэлээ дуудчихъя гэсэн. Бямбадорж таксидаад хүрээд ир гээд хэлчихээ гэсэн чинь Сумъяабазар хэдүүлээ гялс очоод авчихъя, амжих байх гэж хэлсэн. Тэгээд Сумъяабазарын үеэл Жавхланг авахаар Арвайхээр сумын 1 дүгээр баг Өндөрлөгийн доод талаас гэрээс нь авчихаад буцаад өндөрлөг уруудаад явж байсан чинь машины руль баруун гар тал руугаа дарагдаад дийлдэхгүй байхлаар нь би тоормоз гишгэсэн чинь машин хоёр тийш савласан. Тэгэхлээр нь ойчиж магадгүй гэж бодоод зүүн гар тал руугаа дарсан чинь өндөр хүчдэлийн бетон шон мөргөөд машин зогссон. Тухайн үед Сумъяабазар жолоочийн хажуу талд сууж явсан. Хамарнаас нь цус гараад, нүдний хажуу талд нь халцарчихсан байсан. Машины хажуу талын суудал дээр Бямбадорж, Түвшинжаргал, Хосбаяр, Жавхлан нар сууж явсан. Тухайн үед Жавхлангийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Би 2020 оны 09 дүгээр сард “Тэлмүүн бил” авто сургуулийг “В” ангиллаар төгссөн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ТҮЦ машинаас жолоодох эрхийн үнэмлэх авсан байсан. Би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Үзүүлэгч М.Сумъяабазарын биед баруун духны дэлбэнгийн доод хэсгийн эдэд цусархаг няцрал, зүүн духны хэсгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун духны доод хэсэгт / гавлын урд хонхорт / хатуу хальсан дээрх цус хуралт, гавлын баруун суурь ясны их далавч дайрсан хугарал, зүүн дух, зулай яснууд nasofrontal болон zygomativofrontal /духны хөндий/ дайрсан хөндлөн хугарал, баруун хоншоор ясны цууралт, баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд авто ослын үед мохоо хүчин зүйлсийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /16-17 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт:
62-01 улсын дугаартай “X.Соната-6” маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Баянбат нь:
2.1. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” –гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Энэ нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Нямдашийн Зам тээврийн осол дээр тогтоосон актын ослын газрын бүдүүвч зургаар тогтоогдож байна.
2.2. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Нямдашийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгсэл нь тоормозны мөргүй байсан гэж тогтоогдсон учраас хурдыг тогтоох боломжгүй байна.
2.3. Осолд холбогдсон жолооч Д.Баянбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 23.9-д заасан дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”:
а/ “тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, гэсэн заалтыг зөрчсөн нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14-р бүлгийн 7.45-т заасан “Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь техникийн даац хэтэрч жолоодоход машины тогтворшил алдагдахад нөлөөлсөн байх магадлалтай.” Шинжээч Ц.Болдбаатар, Б.Раднаа, Ц.Амарбаяр гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/21 дугаартай 62-01 ӨВО улсын дугаартай “Х.Sonata-6" маркийн автомашины зах зээлийн үнэлгээнд учирсан шууд зардал 2795000 төгрөг, шууд бус зардал 875000 төгрөг, нийт зардлын дүн 3670000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-35 хуудас/,
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Зам тээврийн ослын газарт ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 хуудас/,
“ЭБЦТС” ТӨХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/131 дугаартай “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын 2-6-1 тоот хашааны дэргэд байрлах өндөр хүчдэлийн бетонон шон мөргөсөн гэх зам тээврийн ослын улмаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2026000000245 дугаартай хэрэгт манай байгууллагад эд хөрөнгийн хохирол учраагүй тул иргэний нэхэмжлэгчээр оролцож хохирлын үнэлгээ гаргуулах шаардлагагүй болно.” гэсэн албан бичиг /хх-ийн 48 хуудас/,
“Хустын Ургац” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 154/325 дугаартай “Тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 2026000000245 дугаартай хэргийн оролцогч Дорждулам овогт Сод-Эрдэнэ нь Хустын ургац ХХК-д зээлээ төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй “ гэсэн албан бичиг /хх-ийн 49 хуудас/,
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 62-10 ӨВО улсын дугаартай “Х.Соната-6” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 хуудас/,
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 62-10 ӨВО улсын дугаартай “Х.Соната-6” маркийн автомашиныг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Х.Соната-6” тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 130 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 136 хуудас/,
Шүүгдэгч Д.Баянбатын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-113 хуудас /, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт /хх-124 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 хуудас/,
Хохирогч М.Сумъяабазарын шүүхэд гаргасан “Мөнхболд овогтой Сумъяабазар миний бие 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болох шүүх хуралдаанд суухгүй. Д.Баянбатад гомдол үгүй, мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн улмаас гарсан зардал, мөнгийг барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгнө үү” гэсэн хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнийн шүүхэд гаргасан “ Дорждулам овогтой Сод-Эрдэнэ миний бие Д.Баянбатад холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Д.Баянбатаас хохиролд 3000000 төгрөг авсан. Гомдол саналгүй шүүх хуралдаанд суухгүй.” хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Д.Баянбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Баянбат нь иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнийн эзэмшлийн 62-01 ӨВО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 23 дугаар бүлгийн 23.9а "...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэх журам зөрчих” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр,
Шүүгдэгч Д.Баянбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Сумъяабазарын эрүүл мэндэд баруун духны дэлбэнгийн доод хэсгийн эдэд цусархаг няцрал, зүүн духны хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун духны доод хэсэгт /гавлын урд хонхорт/ хатуу хальсан дээрх цус хуралт, гавлын баруун суурь ясны их далавч дайрсан хугарал, зүүн дух, зулай яснууд, nasofrontal болон zygomativofrontal /духны хөндий/ дайрсан хөндлөн хугарал, баруун хоншоор яс цууралт баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи хамрын нуруу хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Баянбат нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх асфальтан зам дээр 61-02 ӨВО улсын дугаартай “Sonata 6” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2, 12.3, 23 дугаар бүлгийн 23.9а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 1 тоот хашааны хажууд байх өндөр хүчдэлийн бетонон шонг мөргөж тус машинд зорчиж явсан хохирогч М.Сумъяабазарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Баянбат нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч М.Сумъяабазарын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар хороонд гэр хорооллын гудамжинд миний сууж явсан машин шарваад миний сууж явсан талаар бетонон шон мөргөсөн. Энэ үед би толгойгоороо хаалганы шил мөргөсөн. Ослын улмаас надад тархины битүү гэмтэл, баруун нүдний хараанд өөрчлөлт орсон ба миний хараа их муудсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/,
Гэрч Д.Сод-Эрдэнийн “...62-01 ӨВО улсын дугаартай саарал өнгийн “Sonata-6” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Машины эвдрэл гэмтлийг засварлах мөнгө, тээвэрлэлтийн зардлыг Баянбатаас нэхэмжлэнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Иргэний хариуцагч Д.Даваадуламын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой би Баянбаттай хамт ахынд байж байтал Баянбатыг найзууд нь гадаа ирж дуудаад Баянбат хүүхдүүдтэй хамт кино үзчихээд ирье гээд намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгтэл 21 цаг өнгөрч байхад манай хүүхэд Баянбат над руу залгаад ээж би осол гаргачихлаа гэж хэлэхээр нь би ахыг дуудаад хамт очсон чинь Өндөрлөгийн доод талд өндөр хүчдэлийн бетонон шон мөргөчихсөн байдалтай байж байсан. Сод-Эрдэнийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Хуваагаад ч болов хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/,
Гэрч Д.Даваадуламын “...Баянбат бол манай хамгийн том хүүхэд доороо нэг эмэгтэй дүүтэй. Зан байдлын хувьд даруу төлөв бусдад тусархуу, ажилч хичээнгүй эмээ, ээж хоёрынхоо үгэнд сайн орж, гадуур дотуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Тухайн осол болдог өдөр би Баянбатын хамт Цэнддоо гэдэг ахынд байж байтал гадаа машинтай хүүхдүүд ирээд Баянбатын аваад явсан. Баянбат намайг гэрт хүргэж өгчихөөд кино үзлээ гээд тэр хүүхдүүдтэй явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Жавхлангийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сумъяабазар, Бямбадорж нар Орхон кино театрт хамт кино үзэх үү гээд машинтай ирсэн. ...Би машины арын суудалд суугаад өндөрлөг уруудаад явж байгаад нэг мэдсэн чинь машин өндөр хүчдэлийн бетонон шон мөргөсөн байсан. Машин жолоодож явсан Баянбат түрүүлж машинаас буугаад, би араас нь буусан. Урд суудал руу харсан чинь Сумъяабазар ухаан алдсан байсан. Би 7032103-руу залгаж дуудлага өгсөн. Надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Л.Хосбаярын “...2020 оны 11 дүгээр 03-ны өдөр Сумъяабазар, Бямбадорж, Баянбат, Түвшинжаргал нартай Жавхланг авахаар 2 дугаар хороонд байрлах гэр лүү нь явсан. Тэгээд бид нар Жавхланг авчихаад өндөрлөг уруудаад явж байхад Баянбат жоохон хурдтай явж байсан. Тэгтэл машин нэг ойгоод хажуу тал руугаа шарваад өндөр хүчдэлийн бетон шон мөргөөд зогссон. Тэгээд буух гэсэн чинь ард сууж явсан хүүхдүүдийн хөл гацчихсан гарах гэж удсан. Сумъяабазар ухаан алдчихсан, Баянбат сандраад уйлаад гүйгээд байсан. Жавхлан эмнэлэг рүү дуудлага өгөөд удалгүй эмнэлэг ирсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Гэрч С.Бямбадоржийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед Сумъяабазар, Хосбаяр, Баянбат бид хэд кино үзье гэж ярьж байсан юм. Би аавын машиныг аваад Жавхланг авахаар 2 дугаар хороонд байрлах гэр лүү явцгаасан. Жавхланг гэрээс нь аваад буцаад өндөрлөг уруудаад хурдтай явж байсан чинь өндөр хүчдэлийн бетонон шон мөргөөд машин зогссон. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй учир Баянбатаар машин бариулсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-60 хуудас/,
Гэрч Я.Түвшинжаргалын “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянбат, Баянбатын ээж нь Даваадулам бид гурав Өвөрхангай аймагт байдаг Цэнддоо гэх ахындаа байж байтал Баянбатын найзууд болох Бямбадорж, Сумъяа, бас нэг нэрийг нь мэдэхгүй залуучууд гурвуулаа Бямбадоржийн “Соната-6” маркийн машинтай ирсэн. Тэгээд кино үзэх үү гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд Өндөрлөгийн тэр хавьд нэг найзыг нь аваад буцаад засмал зам уруудаж яваад замын хагархай дээгүүр гарсан чинь дугуй нь хагарах шиг болоод далбигнаад явж байгаад шарваад замын хажуу талын гэрлийн шон мөргөсөн.. Миний хөл бага зэрэг хөхөрсөн байсан. Одоо зүгээр учир гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/
Гэрч Д.Хэнмэдэхийн “...Д.Баянбат нь одоогоор эмээ, ээж, дүүтэйгээ Арвайхээр сумын 12 дугаар баг 11-1120 тоотод амьдардаг. Эмээ Дашбурам нь 70 гаруй настай тэтгэврийн хөгшөн байдаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Баянбат нь хүнд тусархуу, ажилч хичээнгүй, гадуур дотуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Хичээлээ тараад шууд гэртээ ирчихдэг хичээнгүй хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Шүүгдэгч Д.Баянбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 136 хуудас/,
Зам тээврийн ослын газарт ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-3-7,20, 22/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.Баянбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Баянбат нь хохирогч М.Сумъяабазарт 2000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэд 3000000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогч М.Сумъяабазарын “хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү”, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнийн “хохиролд 3000000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Баянбатыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Баянбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Баянбат нь хохирогч М.Сумъяабазарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Д.Баянбат нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, улмаар тодорхой үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байх тул түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Баянбатад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгчид тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Баянбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Сумъяабазарт 2000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэд 3000000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч М.Сумъяабазар, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч М.Сумъяабазар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харцага овгийн Даваадуламын Баянбатыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Баянбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Баянбатад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянбатад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.Баянбатад тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Баянбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Сумъяабазарт 2000000 / хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэд 3000000 /гурван сая/ төгрөг тус тус төлсөн, хохирогч М.Сумъяабазар, иргэний нэхэмжлэгч Д.Сод-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч М.Сумъяабазар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.