Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/469

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            06           17                                      2022/ШЦТ/469                              

                                                                                                                     

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А-ийн О-д холбогдох эрүүгийн 22030 0089 0182 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, шүүгдэгч А.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөтөч, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт А-ийн О /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Титан Центр” төвийн урд замд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний 05 цаг 45 минутын орчимд Lexus RX-450 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”,

в/ ...тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Б-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч А.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“..Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би 2019 оны 01 дүгээр сараас машин жолоодож эхэлсэн, машинаа өөрөө барьдаг байсан. Цар тахал гараад ажлаасаа цомхотголоор халагдсан байсан учир надад машин барих шаардлага байгаагүй, гэрээс гарах шаардлагагүй, хөл хориотой байсан учраас машинаа үзлэгт оруулахаа мартчихсан байсан. Тухайн өдөр би явган зорчигчийг хараагүй, 60 км цагийн хурдтай явж байсан.

Би ам бүл 3, 5-8 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нийт 20.080.000 төгрөг төлсөн. Шинээр гаргаж өгсөн 7.0 сая төгрөгийн гаран хохирлыг төлнө. Би маш их гэмшиж харамсаж байгаа. Болсон явдалд намайг уучлаарай.” гэсэн мэдүүлэг,    

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Манай эхнэр бид хоёр 18 жил хамт амьдарсан, дундаасаа 2-20 насны 6 хүүхэдтэй. Манай эхнэр Арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн хэрэг осол болдог өглөө “ажилдаа явлаа” гээд гэрээсээ явсан. Над руу манай дүү утсаар ярьж ослын талаар хэлсэн. Өглөө ажилдаа гарч явсан хүн ийм болчихно гэж бодоогүй. Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэж машин барьж явснаас болж миний эхнэрийн амь нас хохирсон. Үүнд маш их харамсаж байна. Манай бага хүүхэд одоо 2 настай. Орой болгон ээжээ гэдэг. Би маш их гомдолтой байна.

Шүүгдэгч талаас эхний гаргаж өгсөн баримттай хохирол 19.935.000 төгрөгийг төлсөн. Нийт 20.080.000 төгрөг өгсөн. Сүүлд 49 хоногийн зардал 7.0 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа, оршуулгын зардлаас өөр зүйл нэхэмжлээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22030 0089 0182 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 06-09, 11-15, 157-162 дахь тал), 

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.24% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан  тэмдэглэл баримт (хэргийн 1-р хавтас 10 дахь тал), 

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б-ийн өгсөн:

“...Би Н.Б-гийн нөхөр нь байгаа юм. Би Н.Б-тэй 2000 онд танилцаад өдийг хүртэл хамт амьдарсан. Бид хоёр одоо 6 хүүхэдтэй. Манай том хүү 2002 онд төрсөн, бага охин маань 1 нас 8 сартай. Мөн 5-12 насны 6 хүүхэдтэй. Манай эхнэр Үйлдвэр комбинатад байдаг Арьс ширийн үйлдвэрт 10 гаруй жил ажилласан ба ажиллах хугацаандаа өдөрт цалингаа авдаг, өдрийн 100.000 орчим төгрөгийн цалинтай байсан. Би өөрөө лифт угсардаг ажилтай.

Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед гэртээ байж байхад манай дүү над руу залгаад эхнэрийг өнгөрчихсөн юм биш үү гэж хэлсэн. Ингээд би шүүх эмнэлэгт ирсэн. ...Би гомдолтой байна, оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах зардлаа нотлох баримтаа өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 34 дэх тал), 

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Нямцэрэнгийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...Lexus RX450 автомашиныг А.О гэх хүн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 22.0 сая төгрөгийн зээлээр аваад, зээлийн гэрээ мөн фидуцийн гэрээгээр барьцаалж манай өмчлөлд автомашиныг шилжүүлсэн байгаа Дээрх автомашин нь манай байгууллагын нэр дээр байгаа боловч эзэмших, ашиглах эрх нь А.Од байгаа.

...Манай байгууллагыг хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж байгаа гэдгийг ойлгож байна. Бусдад учирсан хохирлыг Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 5.3-т заасны дагуу иргэн А.О өөрөө хариуцна. Тухайн автомашин нь иргэн А.Огийн эзэмшлийн автомашин учир бусдад учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулах үүргийг хүлээнэ. ...Манай байгууллагын зүгээс автомашины эвдрэл хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 37, 40 дэх тал), 

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Болдбатын гэрчээр өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө би таксинд явж байсан. Тэгээд Яармагийн 3 дугаар буудлын замын урд талд буюу баруунаас зүүн тийшээ явж байхад нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь суулгаад явсан. Тэр эмэгтэй “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх Мишээл худалдааны төвийн ойролцоо Арьс ширний үйлдвэр лүү явна” гэхээр нь хүргэж өгөөд буулгасан. Тэгэхэд тэр эмэгтэй “өглөө таксинд явдаг бол өглөө эрт намайг авч яваарай” гэж хэлсэн юм. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө би таксинд явж байгаад нөгөө эмэгтэйг санаад, Яармагийн 3 дугаар буудал дээр 05 цаг 30 минутын орчимд очоод “би урд талын буудал дээр ирсэн” гээд мессеж бичихэд над руу залгаад “эгч нь очиж байна, хүлээж байгаарай” гээд салгасан.

05 цаг 46 минутын үед дахин залгаад “буудлаа жоохон өнгөрөөд, зам гардаг хэсгийн харалдаа зогсож бай, би очиж байна” гэхээр нь би буудлаа өнгөрөөд, баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад “Шунхлай” шатахуун түгээх станцаас баруун тийшээ 50 орчим метрийн зайд хүлээгээд зогссон.

Тэгээд нөгөө эмэгтэй замын хойд талаас урагшаа гүйж байхаар нь би “ирж байна даа” гэж бодоод утсаа хараад суух үед замын хойно хүн машинд мөргүүлэх чимээ гарсан. Би нөгөө эмэгтэйг “машинд мөргүүлчихлээ” гэж бодоод машинаасаа буугаад гүйгээд очиход замын нэгдүгээр эгнээнд такси барих гэж байсан эмэгтэй машинд мөргүүлээд ухаангүй газар хэвтэж байсан. Явган зорчигчийг мөргөсөн автомашины ард явж байсан машин аваараа татаж зогсоод, жолооч нь машинаасаа бууж ирсэн. Мөн явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч эмэгтэй хүн гүйгээд ирж байсан.

Би 102, 103 дугаарын утас руу дуудлага өгөөд 5 орчим минутын дараа түргэний машин ирсэн ба дараа нь цагдаа нар ирсэн. Түргэн тусламжийн эмч машинд мөргүүлсэн хүнийг үзээд “нас барсан байна” гэж хэлээд явсан. Тэр үед хүн мөргөсөн машины ард явж байсан машины жолооч нь “хяналтын камерт бичигдсэн байгаа” гээд машиныхаа камерийн картыг надад өгөөд, өөрөө “ажилдаа яараад байна” гээд явсан. Би тэр картыг нь замын цагдаад өгсөн. Автомашинд мөргүүлсэн явган зорчигч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан. Автомашины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар хэвийн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 68 дахь тал), 

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Хишигболорын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 05 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Delica маркийн 68-67 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодоод нисэх рүү явж байсан. Ингээд Яармагийн шинэ гүүр өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад “Шунхлай” шатахуун түгээх станцаас түлш худалдаж аваад, зорчих хэсэг рүү ороод 70-80 орчим км цагийн хурдтай явж байхад миний зүүн талаар буюу зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр Lexus маркийн автомашин гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд цааш явж байхад Lexus маркийн автомашин явган зорчигчийг мөргөөд цааш яваад зогссон. Энэ үед би нэлээн зайтай явж байсан болохоор явган зорчигч хаанаас гарч ирснийг бол хараагүй, буугаад очиход зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байсан юм.

Би зогсоод, машинаасаа буугаад машинд мөргүүлсэн хүн дээр очиход хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь цуг явж байсан хүнд “түргэн тусламж болон цагдаад дуудлага өг” гэж хэлээд дуудлага өгүүлсэн. Энэ үед замын урд талаас таксины жолооч гэх нэг эрэгтэй ирсэн, мөн явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч гэх эмэгтэй хүн “яана аа” гээд гүйгээд хүрээд ирсэн. Би машиныхаа хар хайрцагны картаа сугалаад таксины жолооч залууд үлдээгээд, өөрөө ажилтай байсан тул нисэх рүү хөдлөөд явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 73 дахь тал), 

 

7. Зам тээврийн осол гарах үеийн Delica маркийн 68-67 УБХ улсын дугаартай автомашины хар хайрцгийн бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий memory card 1 ширхэг, CD 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 90, 91-92 дахь тал), 

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 964 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Аюуш Оюу” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Аюуш Оюу” гэж хаягласан цусанд 0.9 промилли спиртийн агууламж илрэв.

3. Цусанд илэрсэн 0.9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримт (хэргийн 1-р хавтас 112-114 дах тал),

 

9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 494 дугаартай:

“Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Авто осол: Цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл: Гол судасны тасрал. Цээжний хөндийн цус хуралдалт \1800мл\. Уушгины няцрал. Дотор эрхтнүүдийн доргилт. Бөөр дэлүүний няцрал. Зүүн атгаал ясны далд хугарал. Зүүн тахилзуур ясны ил хугарал. Эрүү ясны их биеийн хоёрлосон ил хугарал. Зүүн зовхины цус хуралт.

Дүгнэлт:

1. Талийгаач Н.Б-гийн цогцост гол судасны тасрал, цээжний хөндийн цус хуралдалт /1800мл/, уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, бөөр дэлүүний няцрал, зүүн атгаал ясны далд хугарал, зүүн тахилзуур ясны ил хугарал, эрүү ясны их биеийн хоёрлосон ил хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь цээж хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн ходоодны агууламжид спиртийн зүйл илрээгүй.

7. Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байна.

8. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 135-138, 144-146 дахь тал), 

 

10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 322 тоот:

А. Lexus RX450 загварын хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.., в\..., тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ..., тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Б. Явган зорчигч талийгаач Нэргүй овогтой Бямбасүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоож байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн дүгнэлт (хэргийн 2-р хавтас 21-23 дахь тал),

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Бийн гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал, хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 1-р хавтас 182-225, 237-250, 2-р хавтас 01-09, 87-119 дэх тал),  

 

12. Шүүгдэгч А.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед унтахаасаа өмнө гэртээ 2 хундага улаан вино уусан. Тэр үед найз залуу Д.Дүгэрдорж надтай хамт байсан ба найз залуу маань нэг хундага вино уусан. Ингээд 23 цагийн үед унтаж амраад, маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 05 цагийн үед Нисэх орохоор гэрээсээ гарсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн боловч Богд банкин дээр бүртгэлтэй Lexus RX450 маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодоод гарсан. Гэрээс гараад Яармагийн шинэ гүүрээр буцаж эргээд зүүнээс баруун тийшээ чиглэлтэй Нисэх онгоцны буудал руу явсан. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 60 км цагийн хурдтай явж байхад миний жолоодож явсан автомашины баруун талаас цонх руу юм цохих шиг дуу чимээ гарсан.

Тэр үед би юу болсныг мэдээгүй, дуу чимээнээс болж цочролд ороод, тоормосоо гишгээд машиныхаа аваарыг асаагаад зогссон. Тэгээд “юу болов” гэж бодоод ирсэн зүг рүүгээ гүйгээд ирэхэд замын 1 дүгээр эгнээнд хүн хэвтэж байсан. Тэгэхэд би хүн байсан гэдгийг ойлгосон ба газар хэвтэж байсан хүний хажууд нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэр эрэгтэй хүн “би цагдаа, эмнэлэг дуудсан” гэж хэлсэн. Үүнээс 5-10 минутын дараа эмнэлгийн тусламжийн машин ирж, эмч нь газар хэвтэж байсан хүнийг үзээд “амьсгалахгүй байна” гэж хэлсэн.

Дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд, нэг цагдаа нь намайг драйгер багаж үлээлгэсэн ба хэд гарч байсныг нь тухайн үед анзаараагүй, уг нь надад харуулсан юм. Тэгээд миний жолоодож явсан автомашиныг ачилтын машинд ачуулаад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 63 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Дүгэрдорж (хэргийн 1-р хавтас 70 дахь тал), гэрч Б.Энхжин (хэргийн 2-р хавтас 45 дахь тал), гэрч Б.Солонго (хэргийн 2-р хавтас 47 дахь тал) нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 78 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 2-р хавтас 37 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 84 дэх тал), А овогтой И, Бсайхан овогтой С нарын төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 1-р хавтас 86-87 дахь тал), хувийн байдлыг тодорхойлсон их сургуулийн зан байдал, ажил байдлын тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар баримтууд (хэргийн 2-р хавтас 11, 13-18 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.О нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний 05 цаг 45 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байхдаа Lexus RX-450 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Титан Центр” төвийн урд замд замын хөдөлгөөнд оролцож, улмаар явган зорчигч Н.Б-г тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Н.Б-гийн эрүүл мэндэд “гол судасны тасрал, цээжний хөндийн цус хуралдалт /1800 мл/, уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, бөөр дэлүүний няцрал, зүүн атгаал ясны далд хугарал, зүүн тахилзуур ясны ил хугарал, эрүү ясны их биеийн хоёрлосон ил хугарал, зүүн зовхины цус хуралт” бүхий  амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан ба учирсан гэмтлийн ... цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас амь хохирсон үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.О-н нь осол хэрэгт холбогдох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, в/ ...тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн нь:

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.24% тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл баримт (хэргийн 1-р хавтас 10 дахь тал),

- цусанд хийсэн шинжилгээгээр 0.9 промилли буюу хөнгөн зэргийн согтолттой, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 964 дугаартай дүгнэлт (хэргийн 1-р хавтас 112-114 дэх тал),

- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн техникийн хяналтын үзлэгийн төвийн  шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16777702 дугаартай дүгнэлт (хэргийн 1-р хавтас 123-130 дахь тал),

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 322 тоот магадалгаа (хэргийн 2-р хавтас 21-23 дахь тал),

- шүүгдэгч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.  

 

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарахад явган зорчигч Н.Б /амь хохирогч/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 06-09, 11-15, 157-162 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мөрдөгчийн 332 дугаартай магадалгаа (хэргийн 2-р хавтас 21-23 дахь тал) баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн прокуророос А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хэргийн шүүгдэгч А.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар мэдүүлэг гаргасан болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон:

- амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардалд 19.935.000 төгрөг,

- амь хохирогчийг оршуулснаас хойш 49 хоног хураахтай холбоотой зан үйлд гарсан зардалд 7.480.800 төгрөг, нийт 27.415.800 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.О-гаас 20.080.000 төгрөг нөхөн төлснийг хасаж тооцон үлдэх 7.335.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Амь хохирогчийг оршуулах үйл ажиллагаанаас хойшх хугацаанд буюу талийгаачийн 21 болон 49 хоног хураах шашны зан үйлтэй холбоотой гарсан гэх зардал нь иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал”-д орж тооцогдохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хоног хураах зан үйлтэй холбоотой гарсан гэх зардлын 7.480.800 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан амь хохирогчийн хоног хураах шашны зан үйлтэй холбогдон гарсан зардлын 7.480.800 төгрөг нэхэмжилсэн шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б нь гэм хор учруулсны төлбөрт хамаарах амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүтэй холбоотой хохирол нэхэмжлэх бол нотлох баримтаа бүдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.О-гийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 2-р хавтас 37 дахь тал) тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй /шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай, уг үйлдлийн улмаас үүсэх хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан/ бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан шууд зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа тус тус харгалзан үзэв.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялын нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй..   

 

Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч А.О-гийн бага насны хүүхдүүд болох 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Б-ы С, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн А-ын И нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож томилох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, memory card 1 ширхэг зэргийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт А.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт А-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар А.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Од оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан А.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1032042 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмын дагуу А.О-гийн бага насны хүүхдүүд болох 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн Б-ны С, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн А-ын И нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоож томилох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж хариуцуулсугай.    

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлын нөхөн төлбөрт А.О нь 20.080.000 /хорин сая наян мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Б-эд нөхөн төлснийг тэмдэглэж, түүний нэхэмжлэлээс амь хохирогчийн 49 хоног хураах шашны зан үйлтэй холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 7.480.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч И.Б нь гэм хор учруулсны төлбөрт хамаарах амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүтэй холбоотой хохирол нэхэмжлэх бол нотлох баримтаа бүдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, memory card 1 ширхэг зэрэг эд зүйлсийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт А.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.О-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД