Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Иргэдийн төлөөлөгч Б.Ганбаатар

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, Г.Алтанчимэг, Н.Нарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ад холбогдох эрүүгийн 2221000000057 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух иргэн ******* гэрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө согтуугаар хохирогч ******* маргалдаж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед бид хоёр хэрэлдэж маргалдсан, муудалцсан өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр хуурай ах дүү гэж явдаг. Тэр орой бид хоёр уугаад сууж байсан. Хоорондоо маргалдсан зүйл болоогүй. Би гэрийн баруун хойд талд байсан мах авах гэж байгаад түүний дээр бүдрээд уначихсан гэж бодож байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “*******, хохирогч ******* нар архидан согтуурсны улмаас нь *******ийн зүүн дал орчим нь хутгалж гэмтээсэн хэрэг болсон байна. *******ыг гэм буруутай гэж үзэж байна” гэв.

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд би архиндаа болоод согтож эхэлсэн бөгөөд яг хэдэн цагт унтсан талаар санахгүй байна. Унтаж байхад шөнийн 04 цагийн орчим гэнэт нуруу хэсэг өвдөхөөр нь хэсэг хэвтэж байгаад өндийж нуруугаа барьж үзэхэд цус гарсан байхаар нь хажуу тийш харахад ах гэрийн баруун хойд талд гартаа хутга барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь ахад “та намайг хутгалчихлаа” гэхэд “өө ахыгаа уучлаарай” гээд сууж байсан. Энэ үед гэрт байсан охин над руу заагаад “энэ ахыг хутгалчихлаа”  гээд ээждээ хэлээд байх шиг байсан. Ингээд гэрийн эзэн эгч босоод миний нуруу хэсгийг хараад боолт хийж боож өгсөн. Боолгуулчихаад ах бага хэмжээтэй байсан архинаас уугаад сууж байхаар нь өвчнөө намдаая гэж хэлээд тухайн архинаас хоёр хундага уусан. Уугаад сууж байхад бие өвдөөд байхаар нь хамт байдаг Баярбат ахыг дуудсан бөгөөд удалгүй Баярбат ах эхнэрийн хамт ирээд намайг аваад эмнэлэг явсан. Сумын эмнэлэг орж анхны тусламж аваад боолт хийлгээд аймгийн төв явах шаардлагатай гээд аймгийн төвийн эмнэлэг явсан...” гэжээ. /хх-ийн 18-20/

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Миний хувьд уг айлын баруун талд газраар хэвтээд унтаж байхад Батаа ямар нэгэн шалтгаангүй миний зүүн дал орчимд хутгаар хутгалсан. Ингээд миний хувьд босоод бага зэрэг маргалдаад буцаад унтсан. ...Тухайн үед гэрт өөр намайг хутгалах хүн байгаагүй. Миний санахад эхнэртэйгээ хардсанаас хутгалсан байх гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 22-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө би унтаж байтал хажууд тэр гурав /*******, , Б.*******/ ууж байх шиг байсан. Тэгж байтал гэнэт тэр хэд бахиралдаад эхлэхээр нь би босоод харсан чинь ******* зүүн далныхаа хавьд хутгалуулсан байсан ба ******* манай нөхөр хоёр “Та намайг хутгалчихлаа” гээд хоорондоо маргалдаад байсан. *******ийн фудволкных нь ар тал нилдээ цус болчихсон байсан болохоор нь би тайлуулаад хөвөнгөөр биеийг нь арчиж цэвэрлээд үмхий ногоон тос тавьж боосон...” гэжээ. /хх-ийн 26-29, 30-32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 01 дүгээр сарын 05-ны өглөө унтаж байхад манай охин намайг “ээжээ энэ хоёр хүн зодолдоод байна” гээд сэрээхээр нь босоод харахад ширээний хажууд сандал дээр суучихсан, хамт ирсэн залуу нь миний унтаж байсан орны дэргэд хажуу талаараа хараад хэвтчихсэн, зүүн далных нь тэндээс цус гараад өмсөж явсан фудволк нь цус болчихсон байсан. Би тэр хоёроос “Юу болов оо яав” гэхэд “Зүгээр зүгээр, бид хоёр хоорондоо муудаад” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн цусыг нь цэвэрлээд бооё гэхэд тэр залуу үгүй зүгээр гээд байсан ба удалгүй гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд тэр залууг аваад явсан. том бөндгөр шар шилтэй архи задалчихсан ууж байсан ба намайг 3 тат гэхээр нь би уусан. бид хоёр уугаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд ыг аваад мөн шар иштэй хар лентээр ишийг нь ороосон хутгыг гэрийн зурагтны зүүн талд газар байхад нь хурааж аваад явсан...” гэжээ. /хх-ийн 37-40/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө унтаж байхад хүмүүс дуугараад байхаар нь би сэрсэн. Сэрээд босоод харсан чинь нэг ах доор газарт доошоо харчихсан хэвтэж байсан. Нэг ах  нь сандал дээр сууж байсан ба би лавшруулаад харахад газарт хэвтэж байсан ахын зүүн талынх нь далны тэндээс цус гараад нуруун дээр нь асгарчихсан байсан. Тэгэхээр нь би ээж “Ээжээ сэрээрэй” гэсэн чинь манай ээж босоод хэвтэж байсан ах дээр очоод “Зүгээр үү” гээд асууж байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 41-44/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 77 тоот дүгнэлтэд:

1. Б.*******ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 51-52/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн пивоо ууж дуусгах үед эгч авдрын юм гээд ганц шил архи гаргаж ирээд тухайн архийг бид дөрөв хувааж уусан. Уугаад сууж байхад эгчийн охин болон манай охин унтаж эхэлсэн. Араас нь манай эхнэр , эгч, ******* нар унтсан. Би ганцаараа үлдэж үлдэгдэл архиа ууж спикерээр зохиолын дуу сонсож байгаад үүрийн 04 цагийн орчим өлсөөд мах идэхээр болсон. Бид нарын идэж байсан махыг харахад *******ийн толгой хэсэгт газарт байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад мах байгаа газар руу согтуу босоод явсан. Явахдаа *******ийн дээр хутгатайгаа унасан байж магадгүй гэж бодож байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй байсан. Бид хоёр өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй, бид хоёр бие биедээ туслаад явдаг байсан. Яагаад ийм асуудал гарсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 69-73/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16/

Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-ийн 17/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3/

, Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 21/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-48/

Шинжээч томилсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 49-50/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-63/

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-36/

*******ын иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг болон гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 75-77/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/

*******ын шагнуулсан өргөмжлөл, үнэмлэхийн хуулбар /хх-ийн 79-81/

Хохирогчоос хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 84-88/

Хохирогч Б.*******ийн аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 93/

Өмгөөлөгч Ө.Батболдын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 94-97/

Хүсэлт хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 98/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 64-65/

Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 89-90/

Хүсэлт шийдвэрлэсэн тухай баримт /хх-ийн 99/

Яллах дүгнэлт /хх-ийн 100-102/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШЗ/264, 2022/ШЗ/325 дугаартай шүүгчийн захирамж /3 хуудас/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШТ/03 дугаартай шүүхийн тогтоол /2 хуудас/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /2 хуудас/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн шүүхэд гаргасан хүсэлт /2 хуудас/

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтууд /22 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч хохирогч нарт хууль тайлбарлаагүй, тэдгээрийг өмгөөлөх эрхээр хангаагүй, бичиг үсэг мэдэхгүй хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, нотлогдвол зохих байдлыг нотлоогүй учраас мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг гаргаж байх боловч дээрх зөрчлийг шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой ба энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийгээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух иргэн ******* гэрт согтуурсан үедээ хохирогч ******* маргалдаж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...гэнэт нуруу хэсэг өвдөхөөр нь нуруугаа барьж үзэхэд цус гарсан байхаар нь хажуу тийш харахад ах гэрийн баруун хойд талд гартаа хутга барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь ахад “Та намайг хутгалчихлаа” гэхэд “Өө ахыгаа уучлаарай” гээд сууж байсан. Энэ үед гэрт байсан охин над руу заагаад “энэ ахыг хутгалчихлаа”  гээд ээждээ хэлээд байх шиг байсан....” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой насанд хүрээгүй гэрч гийн “...өглөө унтаж байхад хүмүүс дуугараад байхаар нь би сэрсэн. Сэрээд босоод харсан чинь нэг ах доор газарт доошоо харчихсан хэвтэж байсан. Нэг ах  нь сандал дээр сууж байсан ба би лавшруулаад харахад газарт хэвтэж байсан ахын зүүн талынх нь далны тэндээс цус гараад нуруун дээр нь асгарчихсан байсан. Тэгэхээр нь би ээж “Ээжээ сэрээрэй” гэсэн чинь манай ээж босоод хэвтэж байсан ах дээр очоод “Зүгээр үү” гээд асууж байх шиг байсан...” гэх, гэрч ******* “...манай охин намайг “ээжээ энэ хоёр хүн зодолдоод байна” гээд сэрээхээр нь босоод харахад ширээний хажууд сандал дээр суучихсан, хамт ирсэн залуу нь миний унтаж байсан орны дэргэд хажуу талаараа хараад хэвтчихсэн, зүүн далных нь тэндээс цус гараад өмсөж явсан фудволк нь цус болчихсон байсан. Би тэр хоёроос “Юу болов оо яав” гэхэд “Зүгээр зүгээр, бид хоёр хоорондоо муудаад” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн цусыг нь цэвэрлээд бооё гэхэд тэр залуу үгүй зүгээр гээд байсан ба удалгүй гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд тэр залууг аваад явсан...” гэх, гэрч ын “...өглөө би унтаж байтал хажууд тэр гурав /*******, , Б.*******/ ууж байх шиг байсан. Тэгж байтал гэнэт тэр хэд бахиралдаад эхлэхээр нь би босоод харсан чинь ******* зүүн далныхаа хавьд хутгалуулчихсан байсан ба ******* манай нөхөр хоёр “Та намайг хутгалчихлаа” гээд хоорондоо маргалдаад байсан. *******ийн фудволкных нь ар тал нилдээ цус болчихсон байсан болохоор нь би тайлуулаад хөвөнгөөр биеийг нь арчиж цэвэрлээд үмхий ногоон тос тавьж боосон...” гэх, гэрч “...намайг ажил дээрээ байхад гаднаас 11 цаг 30 минутад мориноос унаад нуруун дээрээ шарх авсан гэх хүн орж ирсэн. Анхны үзлэг хийхэд ...зүүн далнаас дээш хэсэгт хурц мэсэнд хатгагдсан шарх байсан. Би гэмт хэргийн шинжтэй байж магадгүй байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 77 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...тэр орой хохирогч бид хоёр уугаад сууж байсан. Хоорондоо маргалдсан зүйл болоогүй. Би гэрийн баруун хойд талд байсан мах авах гэж байгаад түүний дээр бүдрээд уначихсан гэж бодож байна...” гэж үйл баримтын талаар мэдүүлдэг боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах ******* гэрт шүүгдэгч *******, хохирогч Б.******* нар архидан согтуурч, улмаар ******* хохирогч Б.*******ийн нуруун тус газарт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч , гэрч , , нарын дээр дурдсан мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 77 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар сэргээн тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “*******, хохирогч ******* нар архидан согтуурсны улмаас нь *******ийн зүүн дал орчим нь хутгалж гэмтээсэн хэрэг болсон байна. *******ыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.

Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд согтуу байсан учраас болсон зүйлийг сайн санахгүй байна гэж мэдүүлж байх боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******ад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхаас гадна шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...Би хохирогч Б.*******ийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүнд гэмтлийг санаатай учруулаагүй, болгоомжгүйгээр учруулсан...” гэж мэдүүлж байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх” талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 8500.000 төгрөг болон шүдлэн насны адуу өгч, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ******* 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ПАГМА

                  ШҮҮГЧИД                                             Л.БАТЖАРГАЛ

                                                                                     Г.НАМУУНТУЯА