Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 25

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сарантуяа,

Хохирогч Э.Отгонтуяа,

Шүүгдэгч Ү.Булганбаатар нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Үүрцайхын Булганбаатарт  холбогдох 201613010016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаан гэрүүд овогт Үүрцайхын Булганбаатар /РД:ИЦ02232216/

Шүүгдэгч Ү.Булганбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Э.Отгонтуяагийн эзэмшлийн хашаан дотор байрлах амбаар дотроос хурдан морины хомбого, 11 ширхэг сум, тус хашаанд байсан Боксер маркийн автомашины кроп зэргийг хулгайлж 312000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ү.Булганбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг байрлах иргэн Э.Отгонтуяагийн эзэмшлийн хашаан доторх амбаарт хууль бусаар нэвтрэн орж хурдан морины хомбо 1 ширхэг, дайзтай 11 ширхэг сум, тус хашаанд байсан Боксер маркийн автомашины кроп зэргийг хулгайлж 312000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Э.Отгонтуяагийн: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 20:00 цагийн орчим Завхан аймгийн Улаантолгой багийн нутагт байрлах эзэнгүй байсан хашаагаа эргэх гээд очиход амбаар дотроос хурдан морины 1 ширхэг хомбого, 11 ширхэг гар хийцийн сум гэртэйгээ, хашаан дотор байсан Боксер маркийн автомашины кроп зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Цагдаа нар хулгай хийсэн Булганбаатар гэдэг хүүхдийг олсон байсан. Миний бие нь Булганбаатарын ар гэрийн амьдарлыг харгалзан үзэж хохирол төлбөр гаргуулахгүй гомдол саналгүй.. гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч М.Үүрцайхын: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би хүүхдээ хаагуур юу хийж явж байгааг нь мэдээгүй. Дараа нь цагдаа нар хүүг маань дагуулж ирээд гэрийн цагаан бүрээсийн завсараас 11 ширхэг сум нуусан байсныг нь аваад явсан... гэх мэдүүлэг /хх-35/,

Насанд хүрээгүй гэрч Б.Буянбатын: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би Булганбаатар ахтай хамт явсан. Булганбаатар ах эзэнгүй айлын хашаад ороод амбаараас нь хар ууттай сум, мөн машины кроп гэх том төмөр зүйлийг усны тэргэн дээр тавиад явсан. Тэгээд сайрын хонхорт явж байтал араас усны тэрэгний эгч ирээд усны тэргээ аваад явсан. Булганбаатар ах бид хоёр нөгөө том төмрөө сайрын хонхорт үлдээгээд явсан...гэх мэдүүлэг /хх-36/

Гэрч Г.Должинсүрэнгийн: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байтал Булганбаатар усны тэргээ өгөөч юм зөөчихөөд өгье гэж орж ирээд усны тэрэг аваад явсан. Тэгээд усны тэрэг авчирч өгөхгүй удаад байхар нь гэрт нь ортол ээж Үүрцайх нь байсан. Тэгээд би ээжээс нь “танай хүүхэд усны тэрэг аваад явсан одоо болтол ирдэггүй байгаа юм уу” гэж асуутал ээж нь “дугуй засварын газар руу төмөр аваачиж өгнө гээд байсан. Тийшээ явсан байх” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад худалдааны гудамж чиглээд явж байтал сайрын голын хонхорт Булганбаатар дүүтэйгээ манай усны тэргэн дээр машины кроп тавьчихсан явж байсан... гэх мэдүүлэг /хх-37/

Гэрч Д.Цэрэндоржийн: ...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай хойд талын гудамжаар усны тэргэн дээр том бөндгөр төмөр ачсан дунд зэргийн нуруутай хүүхэд, нэг жаахан хүүхэдийн хамт явж байсан. Тэгтэл Должинсүрэн гэдэг эмэгтэй ирээд тэр хоёр хүүхдээс усны тэргээ аваад явах замдаа надтай зогсож уулзаад “энэ хоёр ус авна гэж тэрэг авч явчихаад том бөндгөр төмөр тавиад явж байх юм” гэж хэлээд явсан. Тэр хоёр хүүхэд тэр ачиж явсан зүйлийнхээ тэнд үлдсэн... гэх мэдүүлэг /хх-38/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хар саарал өнгийн дайзтай, 11 ширхэг бууны сумыг хураан авсан тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон насанд хүрээгүй шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн ...Дүүтэйгээ хамт Должин эгчээс усны тэргийг нь гуйж аваад айлын хашаанаас машины кроп авч тэргэн дээрээ тавиад сайрын хонхорт явж байтал Должин эгч ирээд тэргээд аваад явсан. Мөн тэр айлын хашаанд байх амбаараас ширэн уут гэмээр зүйлд хийсэн бууны сумнууд, хурдан морины хомбого авсан... гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Ү.Булганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ү.Булганбаатар нь насанд хүрээгүй буюу 14 нас 13 хоногтой байсан болох нь шүүгдэгчийн нас тоолсон баримт, төрсний гэрчилгээний хуулбараар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Булганбаатарын хууль ёсны төлөөлөгч М.Үүрцайхын эзэмшлийн Samsumg-S5 маркийн гар утас, 14 инчийн JUC маркийн телевизор, DVZ Т2 маркийн хүлээн авагч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ү.Булганбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Отгонтуяад нийт 312000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь ... Булганбаатарын ар гэрийн амьдарлыг харгалзан үзэж хохирол төлбөр гаргуулахгүй, гомдол саналгүй... гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйл 297.1, 298 дугаар зүйл 298.1, 299 дүгээр зүйлүүдэд заасныг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овгийн Үүрцайхын Булганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ү.Булганбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Ү.Булганбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ү.Булганбаатарын хууль ёсны төлөөлөгч М.Үүрцайхын эзэмшлийн Samsumg-S5 маркийн гар утас, 14 инчийн JUC маркийн телевизор, DVZ Т2 маркийн хүлээн авагч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2-т зааснаар Ү.Булганбаатарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч  М.Үүрцайхад даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Булганбаатарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүүгийн, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР