Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                         

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Э-д холбогдох 2228000810066 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

  Биеийн байцаалт: 

Т овгийн Б-ийн Э нь ....................................    

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архины мөнгө олох зорилгоор иргэн С.С-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, .................. тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлгүйгээр хаалганы толийг нугалан хууль бусаар нэвтэрч, гэрээс нь гагнуурын аппарат, тасдагч гриндэр, цахилгаан дрилл, уртасгагч утас, сахлын машин зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 589,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө худалдааны төвд 2 шил архи уучихаад гэр рүүгээ явж байгаад айл руу хаалганы цоожны толийг нь нугалж байгаад орж гриндэр, гагнуурын аппарат, дрилл зэрэг цахилгаан багаж авсан. Тухайн багажуудыг 100.000 төгрөгөөр зарж маргааш нь архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Архины эмчилгээ хийлгэж ажилд орох гээд бэлдчихсэн байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр бүл сар шинийн баярын өдрүүдээр Улаанбаатар хот явж шинэлэхээр болж 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явсан. 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос Даланзадгад суманд өөрийн гэртээ эргэж ирсэн. Би гэрийн хаалгаа нээх гэтэл манай гэрийн хаалганы толийг нугалчихсан байсан. Гэрийнхээ хаалганы цоожийг тайлалгүй хаалгаа татахад толь нугарсан байсан тул хаалга онгойсон. Гэртээ ороод гэрээ шалгаж үзэхэд гэрийн баруун талд цагаан өнгийн уутанд хийж тавьж орхисон байсан гагнуурын аппарат, гриндэр, дрилл, цахилгааны урт утас зэрэг зүйлс алдагдсан байсан. Тэгээд би маргааш өдөр нь гэрийн үүднээс манай гэрт хулгайчийн мөрийг олж өөрийн гар утсан дээрээ гутлын мөрнийх нь зургийг дарж аваад уг мөрийг хөөж яваад Гурвансайхан гэр хорооллын ..... тоот хашааны орчимд мөрөө алдсан. Тэгээд болсон зүйлийн талаар өөрийн найз Б-д хэлсэн. Тэгтэл 02 дугаар сарын 14-ний өдөр манай найз Б надтай утсаар ярьж Өмнөговь аймгийн фейсбүүк зарын группэд дрилл зарна гэсэн зурагтай зар байна гэж надад хэлж харуулсан. Уг дриллын зургийг хараад миний хулгайд алдсан дриллын зурагтай ижил байна гээд цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж өргөдөл гомдол гаргасан. Гагнуурын аппарат 1 ширхэг, дрилл 1 ширхэг, гриндэр 1 ширхэг, цахилгааны утас 20 орчим метр, үсний цахилгаан машин 1 ширхэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Гриндэр нь “KEN” загварын том гриндэр байсан ба цахилгааны утаснаас нь ногоон өнгийн уяагаар цоожлогч түлхүүрийг холбож уясан байсан. Уг гриндэрийг 2015 онд Улаанбаатар хотоос 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гагнуурын аппарат нь “Jungong” гэсэн бичигтэй улбар шар өнгийн гагнуурын аппарат байсан ба 2021 оны 07 дугаар сард 220,000 төгрөгөөр худалдаж авч байсан. “KEN” загварын дрилл надад манай хадам аав авч өгч байсан, үнийг нь мэдэхгүй байна. 1 метр нь 6000 төгрөгийн үнэтэй цахилгааны утсыг “Талст” барилгын материалын дэлгүүрээс эхлээд 10 метрийг 60,000 төгрөгөөр дараа нь 14 метрийг 84,000 төгрөгөөр худалдан авч хооронд нь залгаж холбосон байсан. Үсний машиныг 35,000 төгрөгөөр худалдаж авч байсан хар саарал өнгийн үсний машин байсан... Үсний машин бол эвдэрчихсэн байсан юм билээ би өргөдөл гаргах үедээ эвдэрсэн гэдгийг мэдээгүй байсан. Угаасаа хуучин муу машин байсан. Уг үсний машиныг нэхэмжлэхгүй угаа хэрэглэхээргүй болсон байсан. Бусад эд зүйлсээ бүгдийг нь авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж авсан, одоо хохиролгүй болсон. Гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал/   

Иргэний нэхэмжлэгч П.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э гэх хүнээс 100,000 төгрөгөөр эд зүйл худалдаж авсан. Тухайн үед таксины мөнгө болох 5000 төгрөгийг хасаж 95,000 төгрөгийг Э гэх хүнд өгсөн. Э гэх хүн надад 95,000 төгрөгийг 04 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5607096516 тоот дансанд Э гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Надад уг хэрэгтэй холбогдуулж хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч П.У мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө шинийн 2-ны өдрөөс шинийн 3-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед Даланзадгад сумын төвд такси үйлчилгээнд явж байгаад Соёл амралтын хүрээлэнгийн баруун талын 4 замын уулзвар дээр нэг эрэгтэй хүн такси барихаар гараа өргөөд замын хажууд зогсож байхыг хараад тэр хүнд үйлчлэхээр зогссон. ...тэр эрэгтэй хүний зарна гэсэн багажийг үзэхэд улбар шар өнгийн гагнуурын аппарат 1 ширхэг, "KEN" загварын улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, "KEN" загварын улаан өнгийн тасдагч гриндэр 1 ширхэг, 10 метр орчим цахилгааны утас, бас нэг үсний машин байсан. Үсний машинаа энэ манай эхнэрийн үсний машин энийг зарвал ах нь эхнэртэй алуулна гээд зарахгүй гээд авсан. Дээрх эд зүйл нь бүгд цагаан өнгийн шуудай /уут/-д байсан ба дотроо "BONE SOUP" гэсэн бэлэн хоолны цаасан хайрцаг нь дотор давхар хийсэн байсан. Такси үйлчилгээний 5,000 төгрөгийн мөнгөө хасаад 95,000 төгрөг өгөөд тэгээд нийт 100,000 төгрөгөөр би уг багаж хэрэгслийг худалдаж авъя гэж хэлсэн. Тэр ах тэг тэг ав гэж хэлсэн. ... “Сүмбэр” дэлгүүрийн үүдэнд байдаг “Хаан” банкны АТМ-д очиж өөрийн данснаасаа 90,000 төгрөг гаргаж аваад 5,000 төгрөг нэмээд 95,000 төгрөгийг тэр эрэгтэй хүнд өгсөн.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Э миний төрсөн дүү байгаа юм. Бид нар эхээс долуулаа. Э 5 дахь хүүхэд нь байгаа юм. Эхнэр аваагүй, 5 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарчихсан. Барилгын туслах цахилгаан бараа засах гээд ямар нэгэн ажил хийвэл үнэнч сайн хийдэг. Өмнө нь хэдэн онд гэдгийг нь санахгүй байна Мандал-Овоо суманд Олон овоотын уурхай, мөн “Оюутолгой” ХХК-д ажиллаж байсан. Ажиллаж байсан газартаа нэр хүнд сайтай нэг архи уухгүй бол хэдэн сараар архи уудаггүй. Ямар нэгэн ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, хүнтэй муудалцаад байдаггүй. Хааяа нэг архи уудаг уухаараа архиа зогсоож чадахгүй чигээрээ уугаад байдаг. Архи уухаараа л гэмт хэрэгт орчих гээд байдаг. Эрүүл байхдаа бол ажил төрөл зан ааш сайтай хүн байгаа юм. Би араас нь байнга хөөцөлдөж байдаг хүн нь байгаа юм. Архи уухгүй бол мундаг ажилтай сайн хүн байгаа, нэг архи уухаараа хэд хоногоор уучихдаг. Манай хашаанд гэртээ ганцаараа байдаг. Уг гэрийг нь өнгөрсөн жил Э-ын дүү Сү шинэ гэр бариад тэгээд хуучин гэрээ ахдаа өгсөн. Б.Э уг гэрт ганцаараа амьдарч байгаа. Б.Э нь бусдад учруулсан хохирлын төлбөр болгож 100,000 төгрөгийг П.У гэх хүн рүү шилжүүлсэн байдаг. Тэр мөнгийг нь би өөрийн ............ тоот данснаас П.У гэх хүний данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг Э туслах малчин хийж байсан айлаас ажлын хөлсний урьдчилгаа болгож авсан. Тэгээд миний данс руу хийгээд би шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “гагнуурын аппарат 1 ширхэг, нэгжийн үнэ 220,000 төгрөг, үнэлгээ 220,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 10%, дүн 198,000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, үнэлгээ 80,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 10%, дүн 72,000 төгрөг, цахилгаан тасдагч 1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, үнэлгээ 150,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 10%, дүн 135,000 төгрөг, цахилгаан утас 24 метр, нэгжийн үнэ 5,000 төгрөг, үнэлгээ 120,000 төгрөг, дүн 120,000 төгрөг, үсний машин 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, үнэлгээ 80,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 20%, дүн 64,000 төгрөг, нийт дүн 589,000 төгрөг” /хавтаст хэргийн 48 дахь тал/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн 2 дугаар 8 жилд 5 дугаар ангиа төгсөж тэрнээс хойш барилгын туслах мөн олдсон ажлаа хийдэг байсан. 2018 оноос эхлэн 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл Номгон суманд У гэх айлд туслах малчин хийж байсан. Одоо Өмнөговь аймгийн 1 дүгээр баг Гурван сайханы .............. тоотод ам бүлийн бүртгэлээр эгч Э болон түүний хүүхэд С нар хамт байдаг. Яг одоогийн байдлаар би уг тоотод эгч Э.ын хажууд гэр бариад тусдаа байгаа. Эгч Э түүний нөхөр Гансүх охин С нар хамт байгаа юм. Эгчийн ам бүлээс тусдаа гараагүй болохоор хүн амын өрхийн бүртгэлээр ам бүл 3 гэж гарч байгаа юм. Гэхдээ гэртээ ганцаараа амьдарч байгаа. Өмнө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан, өөр зүйл хэлмээргүй байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн. Архины хар гай байгаа юм. Миний хийсэн хэрэгт хөнгөн ял оноож өгнө үү.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй, миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архины мөнгө олох зорилгоор иргэн С.С-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, .................. тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлгүйгээр хаалганы толийг нугалан хууль бусаар нэвтэрч, гэрээс нь гагнуурын аппарат, тасдагч гриндэр, цахилгаан дрилл, уртасгагч утас, сахлын машин зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 589,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-ын “...02 дугаар сарын 04-ний өдрийн орой 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос Даланзадгад суманд өөрийн гэртээ эргэж ирсэн. Би гэрийн хаалгаа нээх гэтэл манай гэрийн хаалганы толийг нугалчихсан байсан. Гэрийнхээ хаалганы цоожийг тайлалгүй хаалгаа татахад толь нугарсан байсан тул хаалга онгойсон. Гэртээ ороод гэрээ шалгаж үзэхэд гэрийн баруун талд цагаан өнгийн уутанд хийж тавьж орхисон байсан гагнуурын аппарат, гриндэр, дрилл, цахилгааны урт утас зэрэг зүйлс байсан алдагдсан байсан... Гагнуурын аппарат 1 ширхэг, дрилл 1 ширхэг, гриндэр 1 ширхэг, цахилгааны утас 20 орчим метр, үсний цахилгаан машин 1 ширхэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч П.У-ын “...Э гэх хүнээс 100,000 төгрөгөөр эд зүйл худалдаж авсан. Тухайн үед таксины мөнгө болох 5,000 төгрөгийг хасаж 95,000 төгрөгийг Э гэх хүнд өгсөн. Э гэх хүн надад 95,000 төгрөгийг 04 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5607096516 тоот дансанд Э гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.” гэх агуулгатай мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, иргэний нэхэмжлэгч П.У-ын гэрчээр өгсөн “...тэр эрэгтэй хүний зарна гэсэн багажийг үзэхэд улбар шар өнгийн гагнуурын аппарат 1 ширхэг, "KEN" загварын улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, "KEN" загварын улаан өнгийн тасдагч гриндэр 1 ширхэг, 10 метр орчим цахилгааны утас, бас нэг үсний машин байсан. Такси үйлчилгээний 5,000 төгрөгийн мөнгөө хасаад 95,000 төгрөг өгөөд тэгээд нийт 100,000 төгрөгөөр би уг багаж хэрэгслийг худалдаж авъя гэж хэлсэн. Тэр ах тэг тэг ав гэж хэлсэн. ... “Сүмбэр” дэлгүүрийн үүдэнд байдаг “Хаан” банкны АТМ-д очиж өөрийн данснаасаа 90,000 төгрөг гаргаж аваад 5,000 төгрөг нэмээд 95,000 төгрөгийг тэр эрэгтэй хүнд өгсөн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 48 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Б.Э-ын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө архины мөнгө олох зорилгоор иргэн С.С-ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, .................. тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлгүйгээр хаалганы толийг нугалан хууль бусаар нэвтэрч, гэрээс нь гагнуурын аппарат, тасдагч гриндэр, цахилгаан дрилл, уртасгагч утас, сахлын машин зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 589,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-ын гагнуурын аппарат, тасдагч гриндэр, цахилгаан дрилл, уртасгагч утас, сахлын машин зэрэг эд зүйлийг хулгайлахдаа хаалганы толийг нугалж орсон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул Б.Э-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-ын гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, уртасгагч утас 24 метр, сахлын машин 1 ширхэг нийт 589,000  төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/05 дугаартай үнэлгээгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Үсний машин бол эвдэрчихсэн байсан юм билээ би өргөдөл гаргах үедээ эвдэрсэн гэдгийг мэдээгүй байсан. Угаасаа хуучин муу машин байсан. Уг үсний машиныг нэхэмжлэхгүй угаа хэрэглэхээргүй болсон байсан. Бусад эд зүйлсээ бүгдийг нь авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж авсан, одоо хохиролгүй болсон. Гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэж, мөн иргэний нэхэмжлэгч П.Ут 95,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Э гэх хүн надад 95,000 төгрөгийг 04 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5607096516 тоот дансанд Э гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Надад уг хэрэгтэй холбогдуулж хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд  шүүгдэгчийн гэм буруугаа тууштай мэдүүлдэг, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, ар гэрийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд ар гэрийн минь байдал, өвчтэй ахыг минь бодож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э-ыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.   

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн өмчлөлийн гэртэй болох нь гэрч Б.Э-ын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу орон байрны халдашгүй байдлыг нь хангах зорилгоор түүний өмчлөлийн монгол гэр, доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалж, хариуцаж байх үүргийг түүний эгч Б.Э-т, энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэн дээр дурдсан эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн эгч Б.Э-т хүлээлгэн өгч хариуцуулах ажиллагаа хийхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Э-ыг хүн байнга амьдрах орон байранд  хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-д нийт 589,000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, уртасгагч утас 24 метр зэрэг эд зүйлсийг биет байдлаар буцаан өгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С нь үсний машин 1 ширхэгийг нэхэмжлээгүй болохыг, иргэний нэхэмжлэгч П.Ут 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын өмчлөлийн орон байр болох монгол гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүргийг түүний эгч Б.Эт, энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэн дээр дурдсан эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн эгч Б.Эт хүлээлгэн өгч хариуцуулах ажиллагаа хийхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ