| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03325/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 316
2018 оны 02 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2018/00316 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Тийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н,
Хариуцагч: Э нарт холбогдох,
гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б.Н, Б.Э, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т нь 2014 оны 9 сарын 25-ны өдөр Ариг банктай “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ” байгуулан 13 сая төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, тус 12 сая төгрөгийг Б.Н болон Б.Э нарт бэлнээр өгч, 2016 оны 9 сарын 24-ны өдөр төлөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нар нь тохиролцсон хугацаанд төлбөр төлөөгүй тул 2016 оны 11 сарын 08-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай” гэрээ байгуулан 12 сая төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Б.Н, Б.Э нар нь гэрээгээр тохирсон хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Төлбөр барагдуулах тухай гэрээний 1.1-д “12 сая төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ны дотор төлнө”, 1.2-т “гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ИХ-ийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан. Иргэний хуулийн 232.3, 232.6, “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-ний 1.1, 1.2-т тус тус зааснаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 12 сая төгрөгийн 321 хоногийн хугацааны алданги нь 19.260.000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийг 6 сая төгрөгөөр тооцож “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 12 сая төгрөгийн хамт 18 сая төгрөгийг хариуцагч Б.Н болон Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 3 ярилцан тохиролцож 2014.09.25-ны өдөр Тийн байрыг Ариг банкинд 13 сая төгрөгийн барьцаанд тавьж, түүнд 500.000 төгрөгийг шагналд өгсөн. Зээлийг барилгын ажилд ажилд зарцуулсан ч ажил зогссон. 2016.11.08-ны өдрийг хүртэл хүү, алданги, үндсэн төлбөр 10 гаруй сая төгрөгийг банкинд төлж 6,8 сая төгрөг үлдсэн. Тэгээд бид 13 сая төгрөг төлж зээл хаасан. 2016.11.08-ны өдөр ярилцаж тохиролцоод 12 сая төгрөгийг хүү, алданги бодохгүйгээр төлбөр барагдуулах гэрээ хийсэн, алданги авна гэдгийг харалгүй гарын үсэг зурсан. Энэ өдрөөс өнөдрийг хүртэл Тт 2017.07.21-нд 1 сая төгрөг, 2017.07.09-нд 140.000 төгрөг, 2017.08.30-нд 1 сая төгрөг, 2017 онд 350.000 төгрөг ХААН банкны 5023052093 дансаар, бэлнээр 600.000 төгрөг, нийт 3.090.000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжилсэн 18 сая төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.Н, Б.Э нар “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт 12 сая төгрөг, алданги 6 сая төгрөгийн хамт гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу төлбөр төлөөгүй тул алдангийн хамт хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ хүү, алданги, үндсэн төлбөр 10 сая төгрөг банкинд төлөөд үлдэгдэл төлбөрт хүү, алданги бодохгүйгээр гэрээ хийсэн, алданги гэдгийг харалгүй гарын үсэг зурсан, энэ хугацаанд 3.090.000 төгрөг өгсөн тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Л.Т нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ариг банктай “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ” байгуулан 13 сая төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, 12 сая төгрөгийг Б.Н болон Б.Э нарт бэлнээр өгч, 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр төлөхөөр амаар харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан ба Л.Т нь амаар тохиролцсон хэлцлийн дагуу хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Хэлцлийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Б.Н, Б.Э нар нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс талууд харилцан тохиролцож, “Төлбөр барагдуулах гэрээ”-г 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулжээ.
Гэрээнд талууд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргийн дагуу үлдэгдэл төлбөр 12 сая төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлөх үүргийг хариуцагч нар хүлээжээ.
Хариуцагч нар нь энэ хугацаанд Л.Тийн эхнэрийн эзэмшдэг дансаар болон бэлнээр 3.090.000 төгрөг төлсөн гэж тайлбарлах ч хэрэгт авагдсан ХААН банкны 5023052093 данс эзэмшигч нь Д.Жайзадмаагийнх байх буюу нэхэмжлэгчид төлснийг нотлохгүй байна.
Түүнчлэн Ариг банкинд Л.Тийн зээл, хүү төлөх үүргээс 10 сая төгрөгийг төлбөн гэж байгаа ч банкны хуулга баримтаар хариуцагч нар төлсөн гэж үзэх байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нараас гэрээний дагуу 12 сая төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын алданги бодохгүйгээр гэрээ хийсэн, алданги гэдгийг харалгүй гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын гэрээний 1.2-т “гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байна.
Гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 12 сая төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 321 хоногийн хугацааны алдангийг тооцоход 19.260.000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн 12 сая төгрөгийн 50 хувь болох 6 сая төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр гэрээний үүрэгт 12 сая төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс алдангид 6 сая төгрөг, нийт 18 сая төгрөгийг Б.Н, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Л.Тт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар 232.4-т заасныг баримтлан хариуцагч Н, Э нараас гэрээний үүрэгт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Тт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ