| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03268/И |
| Дугаар | 420 |
| Огноо | 2018-02-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 420
2018 оны 02 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2018/00420 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХУД НДХнэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “Н” ХХК-д // холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 40.653.567 /дөчин сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н төрийг төлөөлж хяналтын прокурор Б.С, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Н” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна” гэж, 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл сүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ” гэж, 17.1.1-д “албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчин 2017 оны 11 сарын 22-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 27.102.378 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчид Улсын байцаагчийн 2016 оны 9 сарын 27, 2017 оны 9 сарын 14 өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдэл, 2017 оны 5 сарын 22-ний өдрийн уулзалтын тэмдэглэл хүргүүлсэн ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”, МУ-ын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг үндэслэн хугацаа хэтрүүлсэн алданги 13.551.189 төгрөгийн хамт 40.653.567 төгрөгийн шимтгэлийг “Н” ХХК-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 27.102.378 төгрөгийн өртэй болох нь үнэн бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй тул үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 2.500.000 төгрөгөөр, 2018 оны 12 сард 397.622 төгрөгийг төлж барагдуулах боломжтой гэжээ.
Төрийг төлөөлж прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажиллагсдынхаа шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 20.1.2-т зааснаар алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Н” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт нийгмийн даатгалын шимтгэл 27.102.378 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 13.551.189 төгрөг, нийт 40.653.567 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасан байна.
Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин алдангийг үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргалаа.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүйгээр хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.
Иймд хариуцагч нь шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул дээрх зохицуулалтын дагуу хариуцлагыг ногдуулахаар заасан тул “Н” ХХК-иас алдангид үндсэн үүргийн 50 хувиар тооцож, 13.551.189 төгрөгийг үндсэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 27.102.378 төгрөг буюу нийт 40.653.567 төгрөгийг гаргуулан, Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас хураамжид 361.218 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч нь хүрэлцэн ирж, энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч товлосон цагт шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-иас /РД: нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 40.653.567 /дөчин сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулан, ХУД НДхолгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас хураамжид 361.218 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ