| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03255/И |
| Дугаар | 786 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 786
2018 оны 4 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2018/00786 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Аийн /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э /РД:/,
Хариуцагч:, “ГТ ЗГБХН /РД: нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 1.719.000 /нэг сая долоон зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, хариуцагч С.Э, хариуцагч “Г т” ЗГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.В, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 23 ны өдрийн 09 цагийн үед СХД-ийн 22 хороо, ТЭЦ-4 ХХК-ийн баруун уулзварт би өөрийн эзэмшлийн 09-01 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинтай Моносоос Нисэх тал руугаа нэмэлт ногоон гэрэл асангуут уулзварт орох гээд явж байхад 38-73 УНЛ улсын дугаартай “Г т” ББСБ-ийн өмчлөлийн Тоёота королла маркийн автомашиныг жолоодож явсан С.Э нь улаан гэрлээр орж хохирол учруулсан. Замын цагдаагийн газраас энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад Э нь шинжээчийн дүгнэлтээр ЗХД-ийн 5.6-д улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй ба ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Иймд миний машины баруун урд талын эд ангиуд бүгд эвдэрснээс капот 120.000, баруун урд шанаа 100.000, баруун урд обуд 25.000, баруун урд хаалга 60.000, баруун урд хаалга 110.000, материалын зардалд 227.600, шинжээчийн хөлс 60.000, нийт 1.719.000 төгрөгийн хохирлыг “Г т” болон Э нарын хэн буруутайгаас нь гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 сарын 23 ны өдрийн 09 цагийн үед СХД-ийн 22 хороо, “ТЭЦ” ТӨХК-ийн баруун уулзварт би 09-01 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдөж миний бие Нисэх талаас Монос чиглэлд явж байтал 09-01 УБВ улсын дугаартай машин 1 дүгээр эгнээгээр Моносоос Нисэх тал руу нэмэлтгүй ногоон гэрэл дохиогоор эргэж мөргөлдсөн нь үнэн. Тухайн өдөр би ойр хавийн газруудын камерын байхгүй, Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр очоод тухайн үеийн гэрлэн дохионы цагийн давтамжийг гаргуулах гэхэд тийм зүйл угаасаа байхгүй, тэр замд нотлох баримт олдохгүй гээд гаргаж өгөөгүй гэв.
Хариуцагч “Г т” ЗГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 38-73 УНЛ дугаартай автомашиныг /бүрэн өмчлөгч/ нь жолоодон явж байхдаа зам тээврийн осол гаргаж М.Ат хохирол учруулжээ. Г т ЗГБХНөхөрлөл нь хууль зөрчсөн буруутай болохыг замын цагдаагийн албанаас тогтоосон ямар нэгэн хууль ёсны акт байхгүй, дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хохирлыг машины эзэн жолооч С.Э хариуцах ёстой. М.А үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул төлбөрийг манай нөхөрлөл хариуцахгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.Э, “Г т” ЗГБХН нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1.719.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ С.Энх-Эрдэнийн буруугаас ад хөрөнгөд хохирол учирсан гэж, хариуцагч С.Э нь гэм буруугүй гэж, хариуцагч “Г т” ЗГБХН нь хууль зөрчсөн буруутай болохыг замын цагдаагаас манай гэм бурууг тогтоосон ямар нэгэн хууль ёсны акт байхгүй тул хохирлыг автомашины жолооч хариуцна гэж маргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
2017 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, ТЭЦ-4 ХХК-ийн баруун уулзварт 38-73 УНЛ улсын дугаартай “Г т” ББСБ-ийн өмчлөлийн Тоёота королла маркийн автомашиныг жолоодож явсан С.Э нь Зам хөдөлгөөний дүрмийн 5.6-д улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй ба ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна гэж заасныг зөрчсөнөөс 09-01 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.
Хариуцагч С.Энх-Эрдэнийн гэм буруутай талаар нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашины капот, баруун урд шанаа, баруун урд обуд, баруун урд хаалга, баруун урд хаалга зэрэг эвдрэлийг засварлах болон 1.659.600 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 60.000 төгрөг, нийт 1.719.000 төгрөгийн хохирол учирсан нь зам тээврийн осол дээр тогтоосон актын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлох хэсэгт бичигдсэн тэмдэглэгээ, автомашины техникийн эвдрэлийн үнэлгээ, “Вендо” ХХК-ийн үнэлгээний зэргийн тайлан зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшил банкинд байгаа, хариуцагчаар С.Э, “Г т” ЗГБХН нарын хэн буруутайгаас нь хохирлоо гаргуулна гэж, хариуцагч С.Э нь 38-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж аваад нэр шилжүүлээгүй байсан гэж, хариуцагч “Г т” ЗГБХН нь зээлийн гэрээний дагуу эзэмшлийг түр шилжүүлсэн байсан гэж тус тус тайлбарлаж байна.
Зохигч аль аль тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар маргаагүй, хэрэгт авагдсан баримт болон үйл баримтаар хохирлыг С.Эд хариуцуулах үндэслэлтэй байх тул тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохиролд 1.719.000 төгрөгийг хариуцагч С.Ээс гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
Хариуцагч С.Э нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч С.Э хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлтхийсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 42.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч /РД: Ээс зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1.719.000 /нэг сая долоон зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ат /РД:/ олгож, хариуцагч “Г т” ЗГБХН-д /РД: холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 42.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ
Д.ХУЛАН