Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.Ганболд нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ганболдод холбогдох эрүүгийн 2215000870090 дугаартай, 163/2022/0136/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Жагарынхан овогт Жүгдэрийн Ганболд, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1968 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт багийн 5-17 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 54 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГН68043016.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ганболд нь 2021 оны 10 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан, танай хажуу талын уулнаас бэлдэж болно гэж хэлж өөрийн дүү Д.Гантулгаар Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Буурал үст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.736 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгүүлж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2215000870090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Ганболд нь өөрийн дүү Д.Гантулгад мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан, танай хажуу талын уулнаас бэлдэнэ гэж хэлж Д.Гантулгаар 2021 оны 10 дугаар сард Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Буурал үст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.736 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгүүлж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ганболдын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Буурал уст гэдэг газар байв. ...Уг газар нь уулын энгэр битүү модоор хүрээлэгдсэн байв. Оролцогч Гантулгаар хөрөөдөж бэлтгэсэн гэх моднуудыг заалгаж, модны хожуулуудын өргөн, өндрийг хэмжиж хийхээр тогтов. ...гэх гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

Модонд үзлэг хийсэн 132-175 сантиметрийн урттай, 12-33 сантиметрийн диаметртэй 50 ширхэг хуурай шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 2008 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орж ирсэн, бага оврын ачааны, хөх цэнхэр өнгөтэй 35-92 ОРО улсын дугаартай, Kia Bongo загварын тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь ногоон өнгийн төмөр хар тагтай, ногоон өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөө байв. Ажлын хэсгийн урт нь 70 см урттай, уг хөрөөний их биеийн урт нь 40 см урттай хөрөө байв. Уг хөрөөг эд мөрийн баримтаар хураан авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 20, 29 дэх тал/,

Ойд бэлтгэсэн 50 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 23-28 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны өгсөн: Надад уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлыг төлбөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Уран-Эрдэнийн өгсөн: Ж.Ганболд нь манай байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 10,500,000 төгрөгийн зээл авсан. Тухайн тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр шилжсэн байгаа. Зээл төлж дуусах хүртэл манай байгууллагын өмч гэсэн үг.  Зээлийн төлөлт хэвийн үргэлжилж байгаа. Шүүх хуралдаанд суух шаардлагагүй гэж үзэж байна  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Гэрч Д.Гантулгын өгсөн: 2021 оны 10 дугаар сард миний ах Ганболд над дээр ирээд түлээний модны хэрэг байна, би мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ганболд ахын хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Хувийн горхи гэх газраас Ганболд ахын зааж өгсөн дөрвөн ширхэг босоо хуурай модыг хөрөөдөж гараараа цагаалаад гэрийнхээ гадаа хураасан байсан. Тэгээд тухайн модыг Ганболд ах авч явахгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сард манай гэрийн гаднаас ачаад аваад явсан. Би өөрийнхөө эзэмшлийн хөрөөгөөр хөрөөдсөн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 220126 дугаартай: 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 6,394,946 төгрөг. ...Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 98,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна. Уг мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн мод байна. Бэлтгэсэн мод нь 1,38-1,70 метрийн урттай 50 ширхэг бөөрөнхий мод, эзэлхүүн нь 3.736 м3 байна. Экологи эдийн засгийн үнэлгээ 630,095 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83 дахь тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нөхөн төлбөр хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 630,095 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1,890,285 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94 дэх тал/,

Шүүгдэгч Ж.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Буурал үст гэх газарт байрлах өөрийн төрсөн дүү Гантулга дээр очсон. Тэгээд Гантулгад хандан мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан танай хажуу талын уулнаас бэлдэж болно гэсэн гэж хэлээд Гантулгаар босоо дөрвөн ширхэг модыг унагуулж тайрч хөрөөдөөд өөрийнхөө 35-92 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Орхон аймгийн зүгт хөдөлсөн. Би өөрийн төрсөн дүү Гантулгатай хамт мод бэлтгэсэн. Дүүдээ хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулуун, М.Уран-Эрдэнэ, гэрч Д.Гантулга нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.Ганболд нь мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан, танай хажуу талын уулнаас бэлдэнэ гэж хэлж Д.Гантулгатай 2021 оны 10 дугаар сард Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Буурал үст гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.736 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ганболдын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн, түүнчлэн дагалдах бичиг баримтгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Ганболд нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэж, тэээрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Ж.Ганболдын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөр аймаг руу тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Ганболдын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 630,095 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 83 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж /хавтаст хэргийн 94 дэх тал/ 1,890,285 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг 3-6 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Ганболдоос байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрт 1,890,285 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Ганболдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ганболдын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 105-111 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ганболд нь 54 настай, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт багийн 5-17 дугаар байрны 21 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Ганболдын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч М.Уран-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Ганболд нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалагдаж Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын өмчлөл, эзэмшилд /хавтаст хэргийн 19 дэх тал/ шилжсэн болох нь иргэний нэхэмжлэгч М.Уран-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Ганболд нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон байна.

Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 6,394,946 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 50 ширхэг 3.736 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн төмөр хар тагтай, ногоон өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц түүний эзэмшигч Д.Гантулгад олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жагарынхан овогт Жүгдэрийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ганболдоос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 1,890,285 /нэг сая найман зуун ерэн мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 35-92 ОРО улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд үлдээж, шүүгдэгч Ж.Ганболдоос уг тээврийн хэрэгслийн үнэ 6,394,946  /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон 50 /тавь/ ширхэг 3.736 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, ногоон өнгийн төмөр хар тагтай, ногоон өнгийн банктай, хар өнгийн бариултай цахилгаан хөрөөг түүний эзэмшигч Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Усны 1-11 тоотод оршин суух Д.Гантулгад буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ганболд нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД