Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0718

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн

Нэхэмжлэгч: Б.Түвшинжаргал

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв ТӨҮГ

Гуравдагч этгээд:  Д.Атарболд

Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0675 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиун, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Уянга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж  

Хэргийн индекс: 128/2022/0797/З/Н

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ,

Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 7дугаар сарын 09-ний өдрийн 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0675 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын нэхэмжлэлийн шаардлагаар Д.Атарболдын барилгын өргөтгөлд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас баталсан 2020 оны 7 дугаар сарын 09-ний 12562020 дугаартай барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт хийсний эцэст дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах.

3.1. Нэхэмжлэгч нь "Давхар нэмэх тохиолдолд газар хөдлөлт, хүчтэй салхилах гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл, мөн өдрийн ашиглалтын явцад бий болох суултад нэмж ачаалал өгөх, цаашлаад анхны хийц бүтээцтэй холбоотой барилгын суурь дийлэхгүй болох, ачаалал нэмэгдэх гэх мэт эрсдэлийг барилгын өмчлөх үүрэх эрсдэлтэй" хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.2. Гэтэл барилгад давхар нэмснээр байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл үүсэх, барилгын сууринд нөлөөлж, дийлэхгүй болох эрсдэлтэй гэх зэргийг тодорхойлсон баримт байдаггүй. Зөвхөн нэхэмжлэгчийн "магадгүй" гэсэн таамаглал, төсөөлөл л байдаг.

3.3. Бодит байдалд барилгын өргөтгөлийг хийх буюу давхар нэмэх боломжтой эсэхийг мэргэжлийн байгууллага буюу төрийн эрх бүхий байгууллагууд дүгнэж үзсэний үндсэн дээр холбогдох зөвшөөрлүүдийг олгосон.

3.4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн тодорхойлсончлон Барилгын тухай хуульд заасан төвөгшил өөрчлөгдсөнөөр дээр дурдсан эрсдэлүүд үүснэ гэдгийг нотолсон буюу тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байхад анхан шатны шүүх актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

3.4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчид аливаа хэлбэрээр өөрчлөлт оруулахад өмчлөгч тус бүрээс санал авах ёстой гэжээ. Тухайн тодорхойлсончлон өмчлөгч тус бүрээс санал авах зохицуулалт Иргэний хууль болоод Барилгын тухай хуульд огт тусгагдаагүй тул хариуцагч төрийн захиргааны байгууллагыг холбогдох баримт бичгийг гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөгч Б.Түвшинжаргалд мэдэгдэж, үүнээс зөвшөөрөл аваагүй хэмээн буруутгах боломжгүй.

3.5. Хэрэв барилгад давхар нэмснээр өмчлөгч өөрийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэх тохиолдолд тухайн өмчлөгч шаардах эрхээ хэрэгжүүлж болно.

3.6. Гэтэл маргаан бүхий барилгад давхар нэмснээр иргэн Б.Түвшинжаргал өөрийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүрэх нөхцөл байхгүй. Мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан зүйл байхгүй билээ.

 

3.7. Хариуцагчийн хариу тайлбарт "бусад өмчлөгчөөс ирүүлсэн гомдлоор барилгын зөвшөөрлийн баримт бичгийг шалгах зорилгоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн" гэдэг. Гэтэл бодит байдалд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл нь зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 дугаар дүгнэлттэй холбогддог.

3.8. Тодруулбал, мэргэжлийн хяналтын байцаагч нар маргаан бүхий барилгад давхар нэмэхтэй холбоотой асуудлыг шалгаж, дүгнэлт гаргаж, улмаар хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газарт хүргүүлснээр тухайн зөвшөөрийн гэрчилгээг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн.

3.9. Тухайн мэргэжлийн хяналтын байцаагч нарын явуулсан шалгалтын ажиллагаа, гаргасан дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болохыг мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагч тогтоож, хүчингүй болгуулах талаар мэдэгдсэн хэдий ч мэргэжлийн хяналтын байцаагч нар өнөөдрийг хүртэл гаргасан дүгнэлтээ хүчингүй болгоогүй, дүгнэлттэй холбоотой гуравдагч этгээд Д.Атарболдын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн улсын байцаагч нар болон Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад анхан шатны шүүх Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй.

3.10. Иймд, зөвхөн харицагчийн тайлбарласнаар барилгын бусад өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг тогтоохоор зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн гэх тайлбар нь өрөөсгөл бөгөөд тухайн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

3.11. Хот байгуулалт хөгжлийн газар нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн хэдий ч үүнтэй холбоотой шалгалтын ажиллагаа хийгдээгүй хэвээр байгаа. Захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Д.Атарболдын нэхэмжлэлтэй, мэргэжлийн хяналтын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамаарч тухайн гарчилгааг хүчингүй болгох эсэхтэй холбоотой асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгаа билээ.

3.12. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гурвын 1-д “...бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол барилгад давхар нэмж барьснаар зөрчигдөх эсэхийг, барилгын бүтээцийн хийц, даацад, инженерийн байгууламжийн ачаалалд нөлөөлөх эсэхийг шалгаж дуусаагүй" гэх дүгнэлт нь үгүйсгэгдэнэ.

3.13. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.3-т “...барилгын анх батлагдаж баригдсан загвар зургаар давхрыг 2 давхраар нэмж болохуйц даацтай батлагдсан, баригдсан эсэх, 2020 оны загвар зургийг үүнд нийцүүлсэн эсэх нь шүүхэд тодорхойгүй байна" гэжээ.

3.14. Гэтэл Д.Атарболдын барилгын анхны загвар зураг байгаа бөгөөд тухайн загвар зургаар 2 давхар нэмж болохуйц даацтай эсэхийг тодорхойлох бүрэн боломжтой. Мөн 2020 оны загвар зургийг тухайн зурагтай нийцүүлсэн эсэхийг ч тодруулах боломж шүүхэд байсан. Гэтэл шүүх энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ хүрээнд бүрэн дүүрэн буюу хангалттай хэмжээнд хийгээгүй атлаа тухайн нөхцөлийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн шууд үгүйсгэсэн дүгнэлтийг хийж, улмаар шийдвэрээ гаргасан нь буруу гэж үзэж байна.

3.15. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хуулийн зохицуулалт шүүхээс тодорхой ажиллагаануудыг хийсэн ч үр дүнд хүрээгүй буюу шүүх хийх боломжгүй нөхцөлд л хэрэглэгдэх учиртай.

 

3.16. Шүүхийн шийдвэрий үндэслэх хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт заасан дүгнэлттэй холбоотой шүүх нотлох баримт цуглуулах ажиллагаа огт хийгээгүй, мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ гуравдагч этгээд болон хариуцагч нар барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн аль, ямар шаардлагыг хангаагүй талаар дүгнэлт хийгээгүй.

3.17. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гуравдагч этгээд Д.Атарболд нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол нарны зам гудамж, 89 тоот хаягт байрлалтай 4 давхар барилгыг 2 давхраар нэмж барих хүсэлт гаргаснаар Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2019/08-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, өргөтгөлийн барилгын их загвар зургийг баталж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12562020 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт гаргаж, Хот байгуулалт хөгжлийн газраас 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 050/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгожээ.

2.2. Улмаар Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3620 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” албан бичгээр “...барилгын өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа байдал, ...зэрэг үндэслэлээр Барилгын ажлын зөвшөөрлийн 2021 оны 050/2021 дугаартай гэрчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн болон эрчим хүч, дулаан, эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02-07-911/1180 дугаартай дүгнэлтээр “...давхар нэмэх боломжтой эсэх, анхны бүтээцтэй ижил материалаар эсвэл хөнгөн хийц бүтээцээр давхарлаж болох эсэх талаар дүгнээгүй, ачаалал хэдэн хуваарь нэмэх боломжтой зэргийг Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс хийгдсэн барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт судалгааны дүгнэлтэд тусгаагүй нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг хангаагүй гэж дүгнэн барилгын өргөтгөлийн үйл ажиллагааг зогсоосон байна.

 2.3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” гэж тус тус заажээ.

2.4. Гэтэл 2019 оны “Барилгын төлөв байдалд хийсэн хэмжилт, судалгааны дүгнэлт”-д уг 4 давхар барилгад давхар нэмэх боломжтой эсэх, анхны бүтээцтэй ижил материалаар эсвэл хөнгөн хийц бүтээцээр давхарлаж болох эсэх, ачаалал хэдэн хувиар нэмэх боломжтой зэргийг дүгнээгүй бөгөөд уг судалгааг үндэслэж барилгын зураг төсөлд барилга бүтээцийн дүгнэлт хийж, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “барилга бүтээц”-ийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтэд үер усны ерөнхий өгөгдлийг дүгнээгүй байна.

2.5. Энэ талаар анхан шатны шүүхийн “...голын энгийн хамгаалалтын бүсэд багтсан байх тул давхар нэмж өргөтгөхөд барилгын даацын хувьд үер усны ерөнхий өгөгдөл, цаашлаад хөрсний нөлөөл бий эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохгүйгээр зураг төсөлд магадлал хийж, үүнийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгосныг шаардлагад нийцсэн гэх боломжгүй, үер усны ерөнхий өгөгдөл, үүнээс үүсэх хөрсний нөлөөлөл, энэ нь барилгын бүтээцийн даацад хэрхэн нөлөөлөхийг шүүх шинжлэн судалж дүгнэхгүй, ...барилгын үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаж буй эсэх нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт хийсний эцэст дахин шинэ акт гаргах шаардлагатай...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.  

2.6. Өөрөөр хэлбэл барилгын төлөв байдалд мэргэжлийн байгууллагын хийсэн хэмжилт судалгаанд дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй байхад уг дүгнэлтийг үндэслэж эксперт дүгнэлт гаргаж, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, эх загвар зураг,  архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг олгосон нь барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх” заалтад нийцэхгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

2.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН