Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 26

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга С.Наранжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Э.Алтаннавч,

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр,

Шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар хошуу овогт Бадам-Очирын Баттулгад холбогдох 201613010015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хар хошуу овогт Бадам-Очирын Баттулга /РД:ИЦ83031713/

Шүүгдэгч Б.Баттулга нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Алтаннавчийг хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн нохойд хазуулсны улмаас Э.Алтанавчийн ураг хөндөгдсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн эзэмшлийн нохойг уялгүй сул байлгасны улмаас уг нохой нь иргэн Э.Алтаннавчийг хазаж биед нь баруун бугалга, баруун тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан улмаар ургийг зулбуулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Баттулгын: ...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр намайг малдаа явчихаад өдөр 14-15 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр “манай нохой Э.Алтаннавч гэдэг хүнийг хазчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хохирогчтой уулзаад нохойд хазуулсан хэсгийг харахад 2 шүд орсон байсан...гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Алтаннавчийн: ...Би 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Баттулгын нохойд хазуулсан. Тухайн үед би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн иргэн Ганхуяг гэдэг айлд нэг сарын хугацаатайгаар төлчнөөр томилогдон очсон юм. Тэгээд очсон өдрөө нохойд уруулсан. Сумын төв рүү явган орж ирээд эмнэлэг дээр очиж боолт хийлгүүлсэн. Энхжаргал эмч маргааш ирж вакцин хийлгээрэй гэсэн. Миний сарын тэмдэг сар гаран ирээгүй байсан учраас би жирэмсэн болсон байх гэж бодоод “жирэмсэн хүнд вакцин хийж болох уу?” гэж асуутал надад жирэмсний тест өгч шалгасан. Гэтэл 2 зураас гарсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал гэдэс базалж өвдөөд, ууц нуруугаар өвдөөд доошоо цус алдаад байхаар нь ээждээ хэлтэл ураг зулбаж байгаа юм шиг байсан гэсэн. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан тул эмнэлэгт хандаагүй. Маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд ураг зулбаад дууссан байна гэж хэлсэн. Б.Баттулга нь надад эмчилгээний зардалд 350.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын: ...Тухайн үед Э.Алтаннавчийн нохойд хазуулсан зулгаралтыг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан үзсэн. Намайг үзлэг хийх үед Э.Алтаннавч нь жирэмсний хяналтанд ороогүй, жирэмсэн эсэхийг нь тогтоосон бичиг баримтгүй байсан. Ер нь жирэмсэн хүн нохойд уруулснаас болж айж цочирдсоноос ураг зулбах боломжтой. Ураг зулбахад гэдэс хэвлийгээр базалж өвдөх, ууц нуруугаар өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэнийг шалгах тест нь 95 хувийн баталгаатай байдаг... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.Цэрэнсүрэнгийн: ...Манай охин Алтаннавч 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт айлд төлчнөөр явсан. Тэгсэн чинь орой нь нохойд хазуулаад эмнэлэг орж анхны тусламж аваад ирлээ гээд гэртээ ирсэн. Жирэмсэн байсан учир галзуугийн вакцин хийж болохгүй гэсэн. Тэгээд маргааш нь Алтаннавч доошоо юм гараад байна гэхээр нь үзэхэд 4 хуруу чинээ нөжөрсөн цус гарсан байхаар нь ураг зулбачихлаа гэж бодсон. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд ураг нь гараад дуусчихсан байна гэж эмч хэлсэн. Алтаннавч надад 3 дугаар сарын 8-ны өдөр жирэмсэн болсон байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч П.Одончимэгийн: ...2016 оны 3 дугаар сарын сүүлээр Алтанавч гэдэг эмэгтэй нөхөрийн хамт нохойд хазуулсан гэж ирж үзүүлсэн. Би Алтаннавчид та маргааш ирж шинжилгээнд хамрагдаж, вакцин хийлгээрэй гэж зөвлөгөө өгсөний дараа Алтаннавч “энэ сард миний сарын тэмдэг ирээгүй, би жирэмсэн болсон байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд би тестээр шалгаж үзэхэд 2 зураас гарч, жирэмсэн болсон байсан. Тэгээд би түүнийг эмчийн хяналтанд ороорой гээд Энхжаргал эмчийг дуудаж үзүүлсэн ...гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Энхжаргалын: ...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт бага эмчээр ажиллаж байхад Алтаннавч гэдэг эмэгтэй нохойд хазуулсан гэж ирж үзүүлсэн. Тэгээд үзэхэд 3 шүд орсон байсан бөгөөд сувилагч Одончимэг цэвэрлэж боолт хийж өгсөн. Тэгээд галзуугийн вакцин хийлгэ гэж зөвлөгөө өгтөл Алтаннавч жирэмсэн хүнд вакцин хийж болдог юм уу гэж асуухаар нь маргааш вакцины сувилагчаас асуу гэсэн. Тэгээд жирэмсэн эсэхийг нь шалгахаар жирэмсний тестээр үзэхэд нэг тод, нэг бүдэг 2 зураас гарсан байсан. Тэгээд Алтаннавчид маргааш эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгч хяналтанд ороорой гээд явуулсан...гэх мэдүүлэг,

Гэрч Э.Жавзмаагийн: ...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Алтаннавчийг манай нохой урсан. Тэгээд Алтаннавч нөхөрийн хамт эмнэлэг явсан. Манай нохой 3 настай нохой байгаа юм. Тухайн үед нохойгоо уяагүй байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мягмаржавын: ...2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Алтаннавч нь манай өрөөнд орж ирээд “би Ганхуягийнд төлчнөөр ажиллаж байгаад нохойд уруулчихлаа. Цагдаа дээр очсон чинь төлчнөөр ажиллаж байсан бол тодорхойлолт хийлгэж ир” гэж байна гэсэн. Тэгэхээр нь би торхойлолт хийж өгсөн...гэх мэдүүлсэг,

Гэрч Я.Ганхуягийн: ...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манайх ишгэндээ улаан даавуугаар эм хийж байсан Алтаннавч тэрнээс хийлцэж байсан юм. Тэгтэл манай ишиг Баттулгын хонийг дагаад явтал Алтаннавч аваад ирье гэж яваад удалгүй Баттулгын нохойд уруулчихлаа гээд гэрт ороод ирсэн. Тэгээд би үзтэл баруун гарын буглаганы орчим 3 шүд орсон байсан.Тэгээд эмнэлэг явсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ганхуягийн: ...2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15:00 цагийн орчим манай пүнзний ард Баттулгын халтар зүсмийн нохой Алтаннавчийн баруун бугалганаас хазсан. Тухайн үед Баттулгын эхнэр Жавзмаа хонины хашаан дотор хургаа угжиж байсан. Баттулгын нохой дандаа сул байдаг харин хүн урсанаас хойш уядаг болсон. Баттулга бол хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тамхи татдаг олон үггүй залуу байгаа юм...гэх мэдүүлэг,

Гэрч Л.Должинсүрэнгийн: ...2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Алтаннавч гэдэг эмэгтэй эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетад орж ирээд нохойд хазуулсаны улмаас ураг зулбасан халуураад байна гэж надад үзүүлсэн. Тэгээд би ЭХО-д харахад умайд ургийн цэврүү байхгүй, ургийн зүрхний цохилт сонсогдохгүй байсан тул халуураад байна гэсний дагуу үрэвсэлийн эсрэг эм бичиж өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Алтаннавчид хийж өгсөн тодорхойлолтыг намайг байхгүй хойгуур эх баригч Болормаа хийж өгсөн байсан. Жирэмсэний тест бол 90 хувиас дээш магадлалтай байдаг. Зарим тохиолдолд ЭХО-д харагдахгүй мөртлөө жирэмсний тестээр үзэхэд 2 зураас гардаг. Жирэмсний тестээр үзэхэд 2 зураас гарсан бол жирэмсэн гэж үзнэ...гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Ариунзаяагийн: ... 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Алтаннавч нь эмнэлэг дээр галзуугийн вакцин хийлгээгүй. Тэгээд 2 хоногийн дараа вакцин хийлгье эгч нь халуураад байна гэж ирэхээр нь халуурч байгаа болон, жирэмсэн хүнд вакцин хийдэггүй, мэс заслын эмчид үзүүлээд ир гээд явсуулсан...гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Туяацэцэгийн: ...2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Алтаннавч гэдэг эмэгтэй жирэмсэн байж байгаад нохойд хазуулсан чинь доошоо юм гараад байна гээд ЭХО-д харуулсан. Тэгээд ЭХО-д харахад жирэмсэн байгаагүй. ЭХО-д дөнгөж зулбасан үед зарим тохиолдолд харагддаг 3-4 хоногийн дараа бол юу ч харагдахүй. Жирэмсний тестээр үзэхэд 2 зураас гарсан бол жирэмсэн гэж үзнэ...гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэрэглэнбаярын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн:

1. Э.Алтаннавчийн биед гэмтэл үүссэн байна.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун бугалга, баруун тохойд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

3. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Э.Алтаннавчийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 162043 дугаар шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо   зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Баттулгыг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн эзэмшлийн нохойг уялгүй сул байлгасны улмаас уг нохой нь иргэн Э.Алтаннавчийг хазаж биед нь баруун бугалга, баруун тохойд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан улмаар ургийг зулбуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч Э.Алтаннавч нь жирэмсэний хяналтанд ороогүй, жирэмсэн байсан гэдгийг нь нотлох баримт байхгүй тул нохойд уруулсны улмаас ураг нь зулбасан гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч Э.Алтаннавч нь жирэмсэн байсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 26-нд хохирогч жирэмсэн эсэхийг жирэмсэний тестээр шалгасан эмнэлгийн ажилтнууд болох гэрч Ч.Энхжаргал, П.Одончимэг нарын ...тестээр шалгахад 2 зураас гарсан... гэх мэдүүлэг, ...жирэмсэний тестээр шалгахад 2 зураас гарсан бол жирэмсэн гэж үзнэ. Жирэмсэний тест нь 90-ээс дээш хувийн магадлалтай байдаг... гэх гэрч Л.Должинсүрэн, Ц.Туяацэцэг, шинжээч Б.Сэргэлэнбаяр нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн хохирогч болон гэрч Б.Цэрэнсүрэн нарын ...2016 оны 3 дугаар сарын 27-нд гэртээ байж байтал ууц нуруу, хэвлийгээр өвдөөд доошоо нөжөрсөн цус гарсан... гэх мэдүүлэг, 2016 оны 3 дугаар сарын 28-нд болон 2016 оны 4 дүгээр сарын 01-нд хохирогчийг ЭХО-гоор харсан эмнэлгийн ажилтнууд болох гэрч Л.Должинсүрэн, Ц.Туяацэцэг нарын ... Алтаннавч нохойд хазуулсны улмаас доошоо юм гарч зулбасан гэж хэлээд ЭХО-д харуулсан. ЭХО-д харахад умайд ургийн цэврүү байхгүй, ургийн зүрхний цохилт байхгүй өөрөөр хэлбэл жирэмсэн биш байсан. Ураг зулбасан бол ЭХО-д харагдахгүй... гэх мэдүүлгүүд, шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын ... жирэмсэн хүн нохойд уруулсанаас болж айж цочирдсоноос ураг зулбах боломжтой. Ураг зулбахад гэдэс хэвлийгээр базалж өвдөх, ууц нуруугаар өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн хохирогч нохойд хазуулсны улмаас зулбасан нь нотлогдож байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Э.Алтаннавчийн ...Б.Баттулга нь надад эмчилгээний зардалд 350.000 төгрөг өгсөн. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баттулга нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баттулга нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 5 толгой, эр ямаа 5 толгой зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286.1, 290.3, 294, 295, 297, 298.1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар хошуу овогт Бадам-Очирын Баттулгыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний биед хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2-т зааснаар шүүгдэгч Б.Баттулгад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Баттулгын хувьд ногдох хөрөнгө болох эр хонь 5 толгой, эр ямаа 5 толгойг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Баттулгад оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баттулгад өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР