Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/02264

 

А М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн 101/ШШ2017/02737 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Г к” ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 32 996 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “А М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус  компани нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг Г к ХХК-тай байгуулж,  60 525 000 төгрөгийн үнэ бүхий, барилгын норм, дүрэмд нийцсэн 266 м3 бетон зуурмагийг 2015 оны 11 сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь гэрээний 3.3-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг 2016 оны 2 сарын 29-ний өдрийн дотор төлж дуусгах үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Манайх  384 м3 шингээх чадвартай, бэхжилттэй, гэрээний дагуу тохиролцсон бетон зуурмагийг нийлүүлсэн. ймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас үлдэгдэл төлбөр 21 997 500 төгрөг, алданги 10 998 750 төгрөг, нийт 32 996 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г р к ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Уугантуяагийн шүүхэд гаргасан тайлбарт: Бетон зуурмаг худалдах- худалдан авах гэрээ байгуулж бетон зуурмаг авсан. А М ХХК нь  гэрээгээр тохиролцсон  чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Айзава Монгол ХХК-тай манай компанийн зүгээс хариуцлага тооцох учиртай. Тухайн үед хэд хэдэн удаагийн тээвэрлэлт нь чанарын шаардлага хангахгүй буюу захиалсан маркаас зөрүүтэй ирж байсан нь барилга угсралтын ажлыг хугацаанд нь үргэлжлүүлэн явуулах боломжгүйд хүргэж, манай компанид хохирол учруулж байсан ба энэхүү хохирлоо  нэхэмжлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г к ХХК-иас 32,996,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А М ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г к ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 322,932 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч "А М" ХХК нь нийт хэдий хэмжээний бетон зуурмаг нийлүүлсэн, үнэхээр түүнийг Г к ХХК нь хүлээн авсан эсэх, холбогдох гарын үсэг хэнийх вэ? гэх талаар огт шалгалгүйгээр дан ганц  өгүүлбэрээр дүгнэн хэргийг шийдсэнд гомдолтой. Шүүх үндэслэлтэйгээр тайлбарлан, дүгнэлт хийж байж шийдвэрээ гаргах ёстой. Мөн  алдангийн хэмжээ хэт их байх бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж багасгах боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “А М” ХХК нь хариуцагч “Г к” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон алдангид нийт 32 996 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч чанарын шаардлага хангахгүй бетон зуурмаг нийлүүлсэн тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15-4/23 тоот бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээг байгуулагдаж, худалдагч буюу “А М” ХХК нь 266 м3 хурдасгуур нэмэлттэй бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч буюу “Г к” ХХК нь зуурмагны үнэ 59 850 000 төгрөгөөс урьдчилгаа 38 587 500 төгрөгийг зуурмаг нийлүүлэхээс 24 цагийн өмнө төлж, үлдэх 21 262 500 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлөхөөр, хэрэв үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээнд маргаагүй. 

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Худалдан авах гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон тохиролцоо бүр зээлээр худалдах-худалдан авах гэрээ болохгүй бөгөөд тухайн гэрээний шинж нь зөвхөн хөрөнгийн үнийг төлөх хугацаагаар тодорхойлогдохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах-худалдах авах гэрээг ердийн худалдах-худалдах авах гэрээнээс ялгах үндсэн шинж нь худалдан авч буй эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, үнийг шууд биш гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлж байгаа учраас хүү төлөхөөс гадна эд зүйлийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талуудын тохиролцоо байх явдал бөгөөд эдгээр нөхцөлүүдийг талууд тохироогүй буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

           

            Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрт 21 997 500 төгрөг шаардсан хэдий ч хэргийн 71 дүгээр талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтад гэрээний үлдэгдэл төлбөрийг 21 262 500 төгрөг гэж тохиролцсон байх тул үлдэгдэл төлбөрийг энэ хэмжээнд хангах нь зүйтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 6.2-т заасны дагуу алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 10 631 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг үндсэн төлбөрт 21 262 500 төгрөг, алданги 10 631 250 төгрөг, нийт 31 893 750 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог боловч хариуцагч тал нь алдангийн хэмжээг илт их гэж үзэх, алдангийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэлийг баримтаар нотолж, шүүхэд тайлбарлаагүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийн 101/ШШ2017/02737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж “32 996 250” гэснийг “31 893 750” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 102 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “322 932” гэснийг “317 419” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г к” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 932 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                        Ш.ОЮУНХАНД