Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0064/з |
Дугаар | 221/МА2016/0376 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2016/0376
2016 оны 6 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2016/0376 | Улаанбаатар хот |
“******* ******* ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “******* ******* ХЗТ” ХХК-ийн захирал М.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “******* ******* ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.*******, Ц.******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “******* констанлтинг ХЗТ” ХХК-ийн захирал М.******* 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210201545 дугаартай актыг хүчингүй болгох”-ыг хүсчээ.
Хоёр. Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.*******, Ц.******* 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа
“...Татварын улсын байцаагч Ц.*******, Ц.******* бид Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/1470, “*******консалтинг ХЗТ” ХХК-ийн 2015 оны 6 сарын 10-ны өдрийн 009/15 дугаар албан бичгийг үндэслэн олгогдсон 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 21150900138 тоот томилолтын дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг М.******* захиралтай 5330963 тоот регистрийн дугаар бүхий “*******консалтинг ХЗТ” ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтыг санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн хийж гүйцэтгэсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан 210201545 тоот актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх үлдэгдлийг 14,276,594.40 төгрөгийг баталгаажуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажлыг явуулж уг үлдэгдлийг 0.00 төгрөг болгож, улсын төсөвт 4,319,455.60 төгрөгийн нөхөн татвар ногдуулах акт бичсэн. Уг нөхөн татвар бүхий актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталгаажуулсан. “*******консалтинг ХЗТ” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. Хууль зүйн болон инженеринг менежментийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг.
Татварын иж бүрэн хяналт шалгалтанд 2009-2011 оны үйл ажиллагаа нь хамрагдаж байсан. Түүнээс хойш татварын иж бүрэн хяналт шалгалтанд хамрагдаагүй. Харин 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалт, худалдан авалттай холбоотой үйл ажиллагаанаас үүсэн бий болсон улсын төсвөөс буцаан авах 54,311,259.60 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулах шалгалт хийгдэн 54,313,369.70 төгрөгийг улсын төсвөөс буцаан авч байсан.
Энэ удаа мөн 2014 оны 1 дүгээр сарын 1-2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хамаарагдах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 14,276,594.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэйгээр тулган баталгаажуулж ирүүлсэн байдаг.
Томилолтын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тулган баталгаажуулалт хийхэд 2015 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Скай инфра групп” ХХК-иас худалдан авсан 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 0012849704 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий 185,960,500.00 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт төлсөн 18,596,050.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар биш гэж үзэж тухайн падааныг худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж баталгаажуулсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна”, 14.6.1-т “дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох” гэж заасан. “Скай инфра групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2012 оны 12 дугаар сард бичигдсэн падаан.
Мөн 2015 оны 2 дугаар сард “*******консалтинг ХЗТ” ХХК нь ямар нэгэн орлого олох үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлагнасан мөртлөө 2012 онд бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны тухайн орлого олох ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын гэж үзэн хасалт хийж тайлагнасан байсан тул бид тухайн сарын борлуулалтанд хамаарагдах худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нэмэгдсэн өртгийн албан татварын биш гэж үзэж уг падааныг хасаж баталгаажуулсан.
Мөн татвар төлөгч энэ төлбөрийг төлснөөр бид нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн гэж тайлбарласан боловч “*******консалтинг ХЗТ” ХХК-ийн МХХБ дахь 499137974 дугаар харилцах дансаар 2015 оны 2 дугаар сард 162,559,650.00 төгрөгийн төлбөр “Скай инфра групп” ХХК гэж гаргасан нь дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх бараа ажил үйлчилгээний дүнтэй тохироогүй. Тооцоо нийлсэн актанд ч мөн адил дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дүн байхгүй байгаа нь яг энэ падааны төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.
Иймд Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д заасныг үндэслэн дараах байдлаар тооцно”, 5.1.1-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох НӨАТ-ын хасалтыг хийнэ”, мөн журмын 6 дугаар зүйлийн 6.3-т “НӨАТ төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно” гэж тус тус заасныг үндэслэн тухайн тайлант сарын борлуулалтанд хамаарагдах худалдан авалт биш гэж үзсэн болно.
Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр:
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан “*******консалтинг ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210201545 дугаартай актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Татварын улсын байцаагчийн акт нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын падааны тулган баталгаажуулалт хийх явцад 2015 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Скай имфра групп” ХХК-иас худалдан авсан 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 0012849704 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий 185,960,500.00 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт төлсөн 18,596,050.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын биш гэж үзэж тухайн падааныг худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж баталгаажуулсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна”, 14.6.1-д “Дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох”, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн байна.
Гэтэл нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сард бичигдсэн падааныг 2015 оны 2 дугаар сард тайландаа тусгаж тайлагнасан нь тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар биш бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Татварын улсын байцаагч нар “******* консалтинг ХЗТ” ХХК-ийн 2014.01.01-2015.05.31 хугацааны НӨАТ-ын падааны тулган шалгалтыг хийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 0012849704 дугаар НӨАТ-ын падаан бүхий 185.960.500 төгрөгийн ажил, үйлчилгээний төлбөрт төлсөн 18.596.050 төгрөгийн НӨАТ-ыг тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ биш гэж үзэн тухайн падааныг худалдан авалтад төлсөн НӨАТ-аас хасч, тухайн хугацааны төсөвт төлөх НӨАТ-ыг 4.319.475 төгрөгөөр баталгаажуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь “Скай инфра групп” ХХК-ийн НӨАТ-ийн падаан 2012 оны 12 дугаар сард анх бичигдсэн, тус төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр буюу 2 жил гаруйн дараа төлж барагдуулж, энэ төлбөрийг төлснөөр НӨАТ-ын хасалт хийн, 2015 оны 2 дугаар сарын НӨАТ-ын тайландаа тусгасан гэх боловч энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499137974 тоот харилцах дансаар 2015 оны 2 дугаар сард нэг удаагийн буюу 162.559.650 төгрөгийн шилжүүлэг “Скай инфра групп” ХХК-д хийгдсэн байх бөгөөд энэхүү төлбөр нь НӨАТ-ын падаанд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнтэй тохирохгүй, тооцоо нийлсэн актын хавсралтад ч мөн адил дээрх НӨАТ-ын падаан дээрх дүн тусгагдаагүй байна.
Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх төлбөрийг зөвхөн “тухайн тайлант сарын борлуулалтад хамрагдах худалдан авалт биш” гэж дүгнэсэн хариуцагчийн акт үндэслэлтэй.
Хавтаст хэргийн 58 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн 2012 оны 12 сарын байдлаар Худалдан авалтын дэвтэрт “Скай инфра групп” ХХК-ийн хийсэн дээрх худалдан авалт тусгагдаагүй, харин 0012849702, 0012849701 дугаартай НӨАТ-ын падаан тус бүр 204.556.550 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтууд тусгагджээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох”-оор, мөн Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3-т “НӨАТ төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно...”, 7.3-т “Худалдан авалтын журналд бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтад ногдох НӨАТ-ыг “Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо” дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансыг КТ-ээс НӨАТ-ын тооцоо дансны ДТ-д хаана” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед хэдийгээр төлбөрийг нь төлөөгүй ч гэсэн худалдан авалтын дэвтэрт 0012849704 дугаар НӨАТ-ын падаан бүхий худалдан авалтыг бичих шаардлагатай байжээ.
Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “...нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа бүртгэж тайлагнасан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2012, 2013, 2014, 2015 оны журналын бичилтүүд, ерөнхий дэвтрүүд зэргээр нотлогдож байна, ...“Скай инфра групп” ХХК-ийн 18,596,050.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх зэргээр хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснээс шүүхийн шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.
Харин “Скай инфра групп” ХХК-д хийгдэх 0012849704 дугаар НӨАТ-ын падаан бүхий худалдан авалтын төлбөрөөс 2015 оны 2 дугаар сард нэг удаагийн буюу 162.559.650 төгрөгийг төлсөн гэж үзвэл энэ дүнгээс НӨАТ-ыг тооцон тайлагнах, цаашлаад үлдэх төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэхдээ энэхүү худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдсан байх шаардлагатайг анхаарвал зохино.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.1, 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН