Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 033/2016/0024/З/ |
Дугаар | 142 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 142
С.З, Д.К нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 114 дүгээр магадлалтай, С.З, Д.К нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.З, Д.К нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын даргын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 114 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Гуравдагч этгээд Ш.Е хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд бүрэн гүйцэд цуглуулж үүргээ бүрэн гүйцэтгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж заасныг үндэслэн шүүх аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын тухай мэдлэгтэй мэргэжилтэн, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын оролцуулан Ш.Е, Х.Ж бид хоёрын эзэмшиж байгаа газрын хамгийн ойрын цэгээс “Х” шатахуун түгээх станцын газар доор савтай станц хүртэлх хоорондын зайг үзлэг хийх явцад 31.2 метр болохыг тогтоосон. Шүүхээс үзлэг хийж хоорондын зайг тогтоож байгаа нь хуульд зааснаар нотлох баримт цуглуулах нэг хэлбэр бөгөөд хоорондын зайг шүүхээс үзлэг хийж тогтоохоос өөр ямар нэгэн арга, хэлбэр байхгүй.
Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” /БНБД 21-07-17/-ын 5-д зааснаар “Газар доор савтай байрлах шатахуун түгээх станцаас Орон сууц, олон нийтийн барилга хүртэл 25 метр гэж заасан бөгөөд “Х” ХХК-ийн ШТС-ын газар доор савтай байрлах шатахуун түгээх станцаас гуравдагч этгээд Ш.Е, Х.Ж бид хоёрын эзэмшиж буй газрын хамгийн ойрын цэг хүртэл 31.2 метр, энэ норм, дүрмийг зөрчөөгүй болохыг тодорхой тогтоосон байхад норм, дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоолгох ямар нэгэн тусгай мэдлэг шаардлагагүй байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасныг хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг заавал шаардагдсан асуудлыг тодруулахын тул шинжилгээ томилох шаардлагатай гэж ойлгох болохоос биш дээрх тодорхой хэмжээтэй, уг хэмжээг зөрчөөгүй болох нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон байхад заавал шинжилгээ томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан нь тодорхой байна.
Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” /БНБД 21-07-17/ -ын 5-д зааснаар “Газар доор савтай байрлах шатахуун түгээх станцаас Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, агуулах, захиргаа аж ахуйн барилга байгууламж хүртэл 15 метр, ойн нөөц хүртэл 25 метр, орон сууц, олон нийтийн барилга хүртэл 25 метр, олон нийтийн газар хүртэл 25 метр, хувийн граш ба авто машины ил зогсоол хүртэл 18 метр, худалдааны ТҮЦ, мухлагууд хүртэл 20 метр, ШТС-ын харьяаны бус ариутгах, цэвэрлэх байгууламж ба насос станц хүртэл 15 метр” гэж хамгийн бага зайг заасан болохоос биш “Шатахуун хадгалах ба ослын савны хананаас, шатахуун, түүний уурыг агуулсан далд болон ил байрлалтай тоног төхөөрөмж, түгээгүүрийн их биенээс, буулгах технологийн худгийн хананаас, цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн хананаас, түгээх талбайн захаас ба ШТС-ын барилгын гадна талын хана болон бүтцээс, Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын цонхноос /хаалганаас/, Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламжийн хамгийн ойр орших хананаас шатахуун түгээх станц болон зэргэлдээ орших объект хоорондын зайг хэмжих аргачлалыг заасан нэг ч заалт байхгүй бөгөөд давж заалдах шүүх норм дүрэмд байхгүй заалтыг байгаа мэтээр магадлалд тусгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хууль, дүрмийг буруу хэрэглэн тайлбарлажээ.
Дээрх байдлуудаас үзэхэд давж заалдах шүүх гомдлыг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, гуравдагч этгээд миний эрх ашгийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
Хянавал:
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч иргэний, эсхүл хуулийн этгээдийн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч Д.К-гийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгааг дүгнээгүй, тухайн газарт ямар объект баригдахаас шалтгаалж нэхэмжлэлийн гол үндэслэл болох “шатахуун түгээх станц”-ын галын аюулгүй байдлын норм, дүрэм зөрчигдсөнийг тогтоох байтал баригдах объектын талаарх нотлох баримт цуглуулаагүй, Ш.Е, Х.Ж нарт олгосон газар, “Х” шатахуун түгээх станц хоорондын зайг шүүх үзлэгээр тогтоож, уг үзлэгийн тэмдэглэлээ шийдвэрийн үндэслэл болгосон буруу, “хоорондын зай”-г тогтоох нь “тусгай мэдлэг шаардагдах” асуудал тул шинжээчээр дүгнэлт гаргуулах байсан” гэсэн дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн хуулийн 121 дүгээр зүйлд хамааралгүй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг иргэн С.З, Д.К нараас гаргахдаа “...уг захирамжаар олгогдсон 240 м.кв газрын зориулалт тодорхой бус, захирамжид ямар объект баригдахыг заагаагүй байхад газар эзэмшигч нь 5 давхар 20 айлын орон сууц барих юм байна, ийм барилга барих буюу цаашид ашиглах явцад 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Х” шатахуун түгээх станцын галын аюулгүй байдал, мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй орчинд амьдрах зэрэг Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх аюул учрах нөхцөл байдал бий болно, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө техникийн нөхцөлийг зөвшөөрсөн тухай эрх бүхий байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзах ёстой байтал үл харгалзсан” гэсэн агуулгатай үндэслэл дурджээ.
Эндээс үзвэл, нэхэмжлэгч нар нь аймгийн Засаг даргын 2016 оны А/51 дүгээр захирамжийг “зөвшөөрөхгүй” маргаж байгаа үндэслэлээ уг захирамж хуульд нийцээгүй, тухайн газар дээр орон сууцны барилга баригдсанаар зэргэлдээ байрших “шатахуун түгээх станц”-ын галын аюулгүй байдал хангагдахгүйд хүрч, улмаар “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдөнө гэж тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын “маргаж” байгаа дээрх үндэслэлүүдийг шалгаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж нь иргэнд “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт”-аар газар эзэмшүүлэхэд тавигдах Газрын тухай хуулийн нөхцөл шаардлагыг зөрчөөгүй болохыг тогтоож, “шатахуун түгээх станц”-ын хажууд иргэнд “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт”-аар эзэмшүүлэх нь тус байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах талаарх тогтоогдсон норм, дүрмийг зөрчөөгүй гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу цуглуулж, үнэлсэн нотлох баримтуудад үндэслэсэн байна.
Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн улмаас нэхэмжлэгч С.З-гийн, эсхүл түүний “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, мөн нэгэн адил шаардлага, үндэслэл бүхий нэхэмжлэлийг С.З-тэй хамтран гаргасан нэхэмжлэгчийн хувьд Д К-гийн эрх, ашиг яаж хөндөгдөж байгааг тусад нь дүгнэх шаардлагагүй тул “С.З хувь хүний зүгээс нэхэмжлэл гаргасан мэтээр, эсхүл “Х” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шийдвэрлэсэн ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т заасанчлан шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, мөн хуулийн 118.3-т заасныг зөрчиж давж заалдах гомдолд тусгаж маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх” гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн, газар эзэмшигч нь газрыг эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтаар газраа эзэмших ёстой, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “зориулалт”-ыг өөрчлүүлсэн буюу нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барихаар болсон гэх баримт тогтоогдоогүй байхад “баригдах объектын талаар нотлох баримт цуглуулах”, уг объектоос шалтгаалж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тогтоолгохоор магадлалд заасан нь буруу байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, ...хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь..., үзлэг, ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэсэн байна.
Анхан шатны шүүх нь Ш.Е, Х.Ж нарт олгосон газар болон “Х” шатахуун түгээх станц хоорондын зайг хэргийн оролцогчийг оролцуулан, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан үзлэг хийж тогтоохдоо Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм /БНБД 21-0714/”-ийн “шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” гэсэн хэсгийн шатахуун түгээх станцын зэргэлдээ орших барилга, байгууламжийн байршилд тавигдах шаардлагын дагуу уг дүрмээр зохицуулсан “хэмжээ зай”-г тооцох аргачлалыг баримталж хоорондын “зай”-г хэмжиж тогтоосон байх ба үзлэгийг буруу хийсэн, дүрмийг зөрчсөн гэх асуудлаар оролцогчоос ямар нэгэн гомдол гараагүй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс, “хоорондын зай”-г заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох, “тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдал” гэж үзсэн нь ойлгомжгүй, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлийг “тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт” гэж үзэхгүй гэсэн нь “хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хийгдсэн шүүхийн үзлэг”-ийг үгүйсгэсэн шинжтэй, буруу дүгнэлт болжээ.
Нөгөө талаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ тусгаж, гаргасан “шинжээчийн дүгнэлт гаргуулан маргааныг шийдвэрлүүлэх” хүсэлтийг шүүх шийдвэрлэж “маргаан бүхий газар болон “Х” шатахуун түгээх станц хоорондын зай хэмжээ нь холбогдох стандарт, дүрмийг зөрчсөнийг тогтооход тусгай мэдлэг шаардагдахгүй, шүүхээс үзлэг хийх замаар бүрэн тогтоох боломжтой” гэсэн үндэслэлээр шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0219 дүгээр захирамжаар хангахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Иргэн Ш.Е, Х.Ж нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан “аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэхээр тусгагдсан байршилд бөгөөд бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан, Ш.Е, Х.Ж нарт газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын шийдвэр нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасантай нийцсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шалгаж, Ш.Е, Х.Ж нарт газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, холбогдох харилцааг зохицуулсан Газрын тухай хууль, Барилгын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ