Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч П.Мөнхцогт, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Мөнхцогтод холбогдох эрүүгийн 2215000550108 дугаартай, 163/2022/0140/Э индекстэй хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Мана  овогт Пансанжавын Мөнхцогт, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймаг, Мөрөн сумын ** дугаар багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 37 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: РВ85031813.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Мөнхцогт нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас 8 тооны нэн ховор амьтан болох хүдэрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох  хүдрийн заарыг тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхцогтын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2215000550108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 44 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух П.Мөнхцогт нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас 8 тооны,  нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн хүдэрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох хүдрийн заарыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэн явсан Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 42-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явахдаа үедээ тээвэрлэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхцогтын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь бор шаргал өнгөтэй, Hyundai Avante загварын 42-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. ...Тээврийн хэрэгслийнн тээшин дотор байсан бүх эд зүйлийг гаргаж нэг бүрчлэн үзэхэд хувцас хэрэглэл, багаж хэрэгсэл, цүнх, мишок, сүх, запас дугуй, гутал, дээл зэрэг эд зүйл байв. Гарч ирсэн гурван ширхэг духны гэрэл, эвдхэгддэг хутга нэг ширхэг, гаднаа гэртэй хутга нэг ширхэг, гар станц хоёр ширхэг, жижиг хавх нэг ширхэг зэргийг хураан авч үзлэг хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-10 дахь тал/,

Суманд үзлэг хийсэн: Уг сумнууд хар саарал өнгийн нийт 2.5х0.7 см хэмжээтэй 4 ширхэг сум байх ба хойд хэсэгт “Л” гэсэн тэмдэглэгээтэй, уг сумнуудын хонгио хэсэг 2х0.7 см, хошуу хэсэг нь 0.5х0.5 см хэмжээтэй байв. Ногоон өнгийн хонгиотой, зэсэн бор шаргал өнгийн хошуутай 31 ширхэг сум байх ба нийт хэмжээ нь 5.5х1х1 см хэмжээтэй, уг сумны хонгио нь 3.8х1х1 см хэмжээтэй, хошуу нь 1.7х0.8 см хэмжээтэй байв. Сумнуудын хойд хэсэгт “711,90” гэсэн тэмдэглэгээтэй 11 ширхэг; “60,75” гэсэн тэмдэглэгээтэй 20 ширхэг сум байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Хүдэрийн заар гэх зүйлд үзлэг хийсэн: Уг хүдэрийн заар гэх 8 ширхэг зүйл нь тус бүртээ гадуураа цагаан саарал өнгийн үстэй, дотор хэсэг нь улаан хүрэн өнгийн нойтон махан зүйл байв. Эдгээрийг жинлэж үзэхэд 34.4431 гр, 30.5393 гр, 44.7415 гр, 27.6853 гр, 26.8564 гр, 34.4472 гр, 29.6216 гр, 31.7410 гр байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-16 дахь тал//,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Ж.Баасанбатын  өгсөн: Манай суманд хүдэр гэх амьтан байдаг. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Моностой гэх уул болон хөвчөөр самар их ургадаг. Ер нь Хөвсгөл аймгаас хүмүүс их ирж олон хоногоор самар түүдэг. Өвөл ч гэсэн цас малтаж байгаад түүдэг. Уг хүн нь шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлоо барагдуулвал надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Гэрч Ш.Наранхүүгийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум руу хөдөлсөн. Тэгээд Дархан-Уул аймгийн төвд явж байгаад шатахууны мөнгөгүй болчихоор нь вокзал гэх тендерийн унаа явдаг газарт очоод Хөвсгөл явах хүн хайж байтал Хөвсгөл аймаг явах гээд нэг залуу ирсэн. Тухайн залуугаас 48,000 төгрөгийг зардалд авсан. Ингээд төвийн наад талд байрлах цагдаагийн хяналт шалгалтын постонд замын цагдаа зогсож байсан ба манай машиныг зогсоож шалгасан ба Дархан-Уул аймгаас суусан танихгүй залуугийн авч явсан цүнхнээс гурван ширхэг буу гарч ирсэн. Мөн тухайн залуугийн биенээс гялгар ууттай эд зүйл гарч ирсэн. Тухайн гялгар ууттай зүйлийг цагдаа нар шалгаж үзээд хүдэр гэх амьтны заар гэх зүйл байна гэж хэлээд бид нарыг саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Гэрч Н.Өгөөдэйгийн өгсөн: 2022 оны 01 дүгэр сарын 25-ны өдөр Бямбасүрэн, Наранхүү нарын хамтаар Сэлэнгэ аймагт байшин барихаар Хөвсгөл аймгаас Бямбасүрэнгийн машинтай явсан.  Тэгээд бид гурав Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг Төрөөгийнд очоод байшин барих гэсэн чинь байшингийн модоо уулнаас татаж ирээгүй байхаар нь бид гурав тэндээ хоёр хоночихоод 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө нь буцаж харихаар болсон. Тэгээд бид гурав замдаа явж байгаад Дархан-Уул аймаг руу ороод захаар нь явж байтал Хөвсгөл аймаг явна гэсэн нэг хүн таарахаар нь бид гурав ярьж байгаад бензиний мөнгөнд нэмэр болно гээд тэр хүнийг аваад явсан. Тэгээд бид нар Булган аймгийн нутагт явж байхад замын цагдаагийн постон дээр бид нарыг зогсоогоод бид нарын авч явсан тээшинд үзлэг хийхэд Дарханаас сууж явсан хүний тээшнээс галт зэвсэг, мөн гялгар ууттай зүйл гарч ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз нар болох Наранхүү, Өгөөдэй нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу найз Төрөөгийн байшинг барих гээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байх найз Төрөөгийн гэрт ирэхэд байшингийн модоо татаж амжаагүй байгаа тухай хэлсэн. Ингээд бид нар хоорондоо ярилцаад модоо татаж амжаагүй байгаа юм чинь энд хий дэмий байж юу хийх вэ? гээд нутаг буцахаар болсон. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө эрт Хөвсгөл аймаг руу гарсан. Замдаа Дархан хотоор орж авто вокзалаар нь дайрсан ба нэг танихгүй залуутай таарсан. Уг залуу Хөвсгөл аймаг явах унаа хайж байсан юм. Ингээд тухайн залуугаас унааны зардалд 48,000 төгрөг авч машиндаа шатахуун авч хийсэн. Учир нь манай машины шатахуун дуусах гэж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн вокзал дээрээс Хөвсгөл явах хүн хайж, зардлаар нь шатахуун хийх санаатай байсан юм. Замдаа явж байгаад Орхон аймгаас Булган аймаг ороход хурд хэмжиж байсан цагдаа нар бид нарыг зогсоож шалгасан. Тэр үед цагдаа нар машиныг шалгахад үл таних залуугийн машинд ачсан хөнжил, мишок зэргээс буу гарч ирсэн. Мөн биеэс нь ууттай зүйл гарч ирсэн. Тухайн ууттай зүйлийг цагдаа нар хүдрийн заар гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн: Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг эд эрхтэн нь эр бодгалийн үржлийн эрхтэн болохыг морфологи хэмжээгээр тодорхойлов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн: ... эр хүдэр 3000 төгрөг, 8 хүдрийн хохирлын хэмжээ  24,000,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81 дэх тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээгээр нөхөн төлбөр тооцсон 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн: Хүдэрийн эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 24,000,000 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу 2 дахин өсгөж үнэлгээг тооцоход 48,000,000 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Шүүгдэгч П.Мөнхцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн:  2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэртээ байж байгаад самар түүх зорилгоор Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу яваад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очсон. Тэгээд би Хүдэр сумын хойд зүгт байрлах уул руу явсан. Би багцаагаар 30 гаран км явган яваад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уулаар бүтэн өдөр самар хайгаад олдоогүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 28-наас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл самар олдоогүй, харин Хүдэр гэх амьтан явж байхаар нь 8 тооны хүдэрийг өөрийн авч явсан буугаараа буудаж агначихаад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ирээд хүнсний дэлгүүрийн урдуур явж байсан чинь Дарханул аймаг явна гэсэн жижиг тэрэг байхаар нь суугаад Дарханд ирээд авто вокзал дээр буугаад тэр хавиар машин хайгаад явж байсан чинь манай нутгийн бололтой гурван залуу явж байсан. Тэр гурван залуугаас Хөвсгөл аймаг явах уу гэсэн чинь явна гэхээр нь би явах гэсэн юм гэж хэлсэн чинь зардал 48,000 төгрөг гэхээр нь зардлыг нь өгөөд тэр машинд суугаад Хөвсгөл аймаг руу явсан. Замдаа явж байгаад Булган аймгийн замын цагдаагийн постны урдуур өнгөрөхөд замын цагдаа зогсоогоод машины арын тээшийг онгойлгуулаад миний авч явсан хөнжил гудсыг шалгасан. Тэгээд миний авч явсан буу, хүдэрийн заарыг хурааж аваад бид нарыг цагдаа дээр авчирсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг 2 ширхэг, ZКК-600 загварын галт зэвсэг 1 ширхэг, ZКК-600 загварын галт зэвсгийн сум 31 ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсгийн сум 4 ширхэг, хүдрийн заар 8 ширхэг, хавх 1 ширхэг, духны гэрэл 3 ширхэг, эвхдэг жижиг хутга 2 ширхэг, гаднаа хуйтай хутга 1 ширхэг, гар станц 2 ширхэг зэргийг таниулж судласнаар тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Д.Бямбасүрэн, гэрч Ш.Наранүү, Н.Өгөөдэй, Д.Бямбасүрэн нарын өгсөн мэдүүлэг, Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөр тооцсон шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг 2 ширхэг, ZКК-600 загварын галт зэвсэг 1 ширхэг, ZКК-600 загварын галт зэвсгийн сум 31 ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсгийн сум 4 ширхэг, хүдрийн заар 8 ширхэг, хавх 1 ширхэг, духны гэрэл 3 ширхэг, эвхдэг жижиг хутга 2 ширхэг, гаднаа хуйтай хутга 1 ширхэг, гар станц 2 ширхэг зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч П.Мөнхцогтын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас 8 тооны нэн ховор амьтан болох хүдэрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох хүдрийн заарыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 42-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчин явахдаа хүдрийн заарыг тээвэрлэсэн  гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч П.Мөнхцогтын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.

Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг эд эрхтэн нь эр бодгалийн үржлийн эрхтэн болохыг морфологи хэмжээгээр тодорхойлов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/-ээр шүүгдэгч П.Мөнхцогтын тээвэрлэж явсан дээрх эд зүйл нь  нэн ховор амьтан болох хүдрийн заар болох нь тогтоогдсон бөгөөд Монгол улсын Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.3.  дахь заалтад “нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан  нэн ховор амьтны жагсаалтад Баданга хүдэр /Moshus moshiferus/ багтаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч П.Мөнхцогтын нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, түүнээс гаралтай түүхий эд болох хүдрийн заарыг тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Мөнхцогтын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид   24,000,000 төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 81 дэх тал/ учирсан нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 48,000,000 төгрөгийн /хавтаст хэргийн 85 дахь тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч П.Мөнхцогт нь дээрх хохирол, нөхөн төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16,000,000 төгрөгийг /хавтаст хэргийн 143 дахь тал/,   шүүхийн шатанд буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 22,000,000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд тус тус төлж баримтыг ирүүлсэн байх тул хохирол, нөхөн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шүүгдэгч П.Мөнхцогтоос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Мөнхцогтыг нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мөнхцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч П.Мөнхцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 124-134, 144 дэх талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, малын А дансны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мөнхцогт нь 37 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 13 дугаар багийн 44-14 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Мөнхцогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/52 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч П.Мөнхцогтын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд хохирол, нөхөн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхцогтод оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 36 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын 15908 дугаарын гол төмөртэй, ТОЗ-8 загварын 15885 дугаарын гол төмөртэй галт зэвсэг 2 ширхэг, ZКК-600 загварын 7152421721 дугаарын гол төмөртэй галт зэвсэг 1 ширхэг, ZКК-600 загварын галт зэвсгийн сум 31 ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсгийн сум 4 ширхэгийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хүдрийн заар 8 ширхэг, хавх 1 ширхэг, духны гэрэл 3 ширхэг, эвхдэг жижиг хутга 2 ширхэг, гаднаа хуйтай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, гар станц 2 ширхэгийг эзэмшигч П.Мөнхцогтод буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Мөнхцогт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Мөнхцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мана овогт Пансанжавын Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Мөнхцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхцогтод оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 36 /гучин зургаа/ сар буюу 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.Мөнхцогтод сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мөнхцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч П.Мөнхцогт нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Мөнхцогтоос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТОЗ-8 загварын 15908 дугаарын гол төмөртэй, ТОЗ-8 загварын 15885 дугаарын гол төмөртэй галт зэвсэг 2 /хоёр/ ширхэг, ZКК-600 загварын 7152421721 дугаарын гол төмөртэй галт зэвсэг 1 /нэг/ ширхэг, ZКК-600 загварын галт зэвсгийн сум 31 /гучин нэг/ ширхэг, ТОЗ-8 загварын галт зэвсгийн сум 4 /дөрөв/ ширхэгийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хүдрийн заар найман ширхэг, хавх нэг ширхэг, духны гэрэл гурван ширхэг, эвхдэг жижиг хутга хоёр ширхэг, гаднаа хуйтай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,  хоёр ширхэг гар станцыг эзэмшигч П.Мөнхцогтод буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД