Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.*******ид холбогдох эрүүгийн 2215000000139  дугаартай, 163/2022/0141/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүнийг хавсарч унагаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр биед нь халдаж тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, нүүр, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2215000000139 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Ш.******* нь  “өчигдөр орой гэрт ирж эцэг, эхээр минь доромжилсон учрыг олох” гэсэн шалтгаанаар гэрт нь орж ирсэн Б.*******тай үл ойлголцсоны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Ш.******* нь Б.*******ыг хавсарч унаган дээрээс нь хэд хэдэн удаа цохиж, биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 14-ний орой гэртээ байж байхад ******* ах согтуу орж ирээд пермерийн балайнууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь би та яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд Хурцын балай банди гэхээр нь та яагаад эцэг, эхийг минь доромжлоод байгаа юм гээд хавсарч унагаатал эхнэр нь ирээд аваад явсан. Маргааш нь ******* ахтай учраа олох санаатай очоод та яагаад хэл амаар доромжлоод байсан юм бэ гэхэд чи намайг хэл амаар доромжлоо биздээ гээд надтай хоорондоо ойлголцохгүй байсан. Тэгтэл *******э эгч та хоёр зодолдох гээд байгаа бол гарч зодолд гэхээр нь бид хоёр гадаа гарсан. ******* ахтай юм ярих гэсэн чинь гуйлгачин, хавийн амьтны мал авчирч малладаг гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд тамхийг нь гараараа цохичихсон. Тэгсэн чинь ******* ах намайг хавсарч унагаагаад дээрээс хэд хэдэн удаа цохиод байсан. Тэгээд доороос нь гараад ирсэн чинь гэр лүүгээ гүйж орсон. Эхнэр *******э нь гэр дотроо чи хүн буудаж алах гээ юу?, буугаа далд хий гээд байсан. Тэгснээ намайг чи хурдан яв, чамайг манай нөхөр ******* буудах гээд байна гэж хэлсэн. Би яваад гэртээ иртэл миний баруун хөмсөгнөөс цус гарч байсан. Мөн цээж рүү өвдгөөрөө тулаад дээрээс баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохисон. ...Миний эмчилгээний төлбөрт 315,000 төгрөг өгсөн байгаа. Надад одоо өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08, 13 дахь тал/,

3. Гэрч Б.*******гийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай бэр ******* залгаад ******* ах манай нөхөр *******ыг зодчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр аваад хүрээд ир, эмчид үзүүл гэж хэлсэн. Тэгээд 09 цагийн үед дүү ******* над дээр ирэхээр нь эмчийг дуудаж үзүүлээд баруун хөмсгөнд хоёр удаа оёдол тавиулсан. Тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь цагдаад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

4. Гэрч Д.*******ийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд манай хөрш ******* ирсэн ба манай нөхөр *******ийн малгай руу цохисон чинь малгай нь газарт унасан. Тэгээд хоорондоо хэрэлдээд зодолдох гээд байхаар нь гарч зодолд, битгий гэрт хэрэлдээд бай гээд хөөгөөд гаргасан. Тэгсэн гэрийн гадаа чанга, чанга орилолдоод байхаар нь гараад хартал ******* *******ийн цамцнаас бариад гэр лүү шахаад  2-3 удаа манай гэр лүү хий цохиод байсан. Тэгэхээр нь нэгнийгээ юмаар цохичих байх гэж бодоод гэрийн урд байсан уурга, модыг авч байшингийн тамбарт хийгээд буцаад ирэхэд ******* нь *******ын дээр нь гарчихсан *******ын хоёр хөл нь гозолзоод байсан. *******ийг боль гээд араас нь татаж босгоход *******ын шанаа хэсэгт цус болчихсон байсан. Тэгээд *******ийг гэрт нь оруулаад хаалгыг нь дараад *******ыг яв гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

5. Гэрч Б.*******гийн өгсөн: Манай нөхөр *******ын хувцас нь шороо болчихсон, баруун шанаа хэсгээс цус гоожсон байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад өчигдөр орой манайд хөрш ******* ах согтуу ирээд намайг нэг цохиод гуйлгачин, айлын мал малладаг гэж эцэх, эхийг минь оролцуулан хэл амаар доромжпоод явсан. Тэгэхээр нь би эрүүл үед нь учраа олъё гэж бодоод өнөө өглөө гэрт нь очсон чинь намайг зодчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

6. Гэрч Б.ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүнд зодуулсан хүн ирсэн байсан. Үзлэг хийхэд ерөнхий үзлэгээр толгой өвдөнө, баруун хөмсөг зулгарч зүсэгдсэн, хүзүүний ил хэсэгт улайж шалбарсан шархтай байсан. Би ерөнхий биеийн байдлыг үзээд толгойн рентген зураг авахуулж, гэмтлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай: Б.*******ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, нүүр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний гадна буланд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 15-ны өглөө эрт манай гэрт саахалт айлын залуу ******* ганцаараа ирсэн. Манай гэрт ирээд санаа оноо юу байна, балай хүн ямар байдгийг үзэх үү гээд байсан. Тэгэхээр нь чи олон хүний мал гаднаа авч ирчихээд яах гээд байдаг юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл ******* над руу дайраад миний хөл рүү өшиглөсөн. Бид хоёр гэрээс гараад би *******ын өмсөж явсан дээлний энгэрээс нь бариад зүүн хөлөөрөө хавирч унагаагаад дээр нь гараад суусан. Тэгтэл ******* босох гээд ийш тийш толгойгоо хөдөлгөж байгаад гэрийн даруулганы үзүүрт уясан чулууг мөргөсөн. Урд өдөр нь би найзуудтайгаа архи уусан байж байгаад *******ынд очоод чи өөрийнхөө малыг маллаж чадахгүй байж хүний олон мал авч ирлээ балай минь гээд хэлчихсэн юм. Тэгсэн балай хүн ямар байдгийг харах уу гээд уурлаж ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн унь зэрэг биет нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Б.*******, Д.*******э, Б.*******, нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Ш.*******ийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие, эрх чөлөөнд халдаж хавсарч унагаан нүүрэн тус газарт нь цохисон санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Ш.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ш.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Ш.*******ийн Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хэл амаар доромжилсон үйлдэл, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ш.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 315,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулснаар хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-46 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь 40 настай, эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/59 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулахад зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД