Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Батжаргал нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батжаргалд холбогдох эрүүгийн 2215000850121 дугаартай, 163/2022/0142/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баясгалант овогт Даваасүрэнгийн Батжаргал, Булган аймгийн Могод суманд 1975 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 46 настай, эрэгтэй, РД: ГЕ75071219.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Адууны ам гэх газарт улсын дугааргүй Мустанг загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ш.Амгаланбаатарын амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батжаргалын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000850121 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Адууны ам гэх газарт улсын дугааргүй Мустанг загварын мотоцикл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Амгаланбаатар нас барж, нэг хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батжаргалын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,  

2. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг Адууны ам гэх газар байх ба уг газар нь цасгүй, хуурай, олон тооны тээврийн хэрэгслийн замтай үзэгдэх орчих чөлөөтэй газар байв. ...Ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт толгой нь дээшээ харсан байрлалтай, хүрэн өнгийн дээлтэй, бор хантаазтай, эрэгтэй хүний цогцос байв. ...Цогцосноос баруун урагш 7 метр зайд Мустанг-5 загварын хөх өнгийн мотоцикл байх ба уг мотоцикл нь баруун талаараа газарт унасан, мотоциклын урд дугуй нь баруун хойд зүгт харсан байрлалтай байв. ...Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлэн авав.  ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

3. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 160 см урттай, толгойдоо 2.5 см урттай хүрэн өнгийн үстэй, туранхайвтар, 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байв. Цогцосны нүүр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, арьс шаргал, мөчдүүд биеийн дагуу шулуун, зүүн нүдний зовхи хавдсан байв. ...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь хөх цэнхэр өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл байх ба уг мотоциклын зарим нэг хамгаалалт нь бага зэрэг гажсан, банк нь баруун талдаа хонхойж цоорсон байв. Тээврийн хэрэгслийг асааж үзэхэд тоормос үйл ажиллагаатай, хянах самбар ажиллахгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ талийгаачийн хамт байж байтал талийгаачийн дүү Мөнхдорж нь талийгаач руу залгаад Батжаргал ахыг төвөөс авах боломж байна уу, би хот явах ажилтай болчихоод байна. Та унаа олоод хүрээд ирээч гэж хэлсэн юм. Батжаргал ах манай хадам аавын малыг харах гээд хотоос ирсэн байсан юм. Тэгээд талийгаач 07 цагийн орчимд Батжаргал ахыг авах гээд Мөнхдоржийн мотоциклыг унаад хөдөлсөн... талийгаачийг ирэхгүй болохоор нь 16 цагийн орчимд төвд байдаг дүүгээсээ асуухад аль түрүүн л гараад явсан гэж байсан. Тэгээд би ээж, аавынхаа гэрээр ороод байж байгаад талийгаачийг мотоциклтой онхолдсон талаар мэдээд яваад очтол талийгаач дээшээ харчихсан амнаас нь цус гарчихсан, Батжаргал жаахан хол бага зэрэг ухаантай хэвтэж байсан. Би бодохдоо мөлхсөн байх гэж бодсон. Удалгүй эмнэлэг, цагдаа ирээд манай хүнийг нас барсан байна гэж хэлсэн. ...Сүүлд сонсоход тухайн үед мотоциклыг Батжаргал барьж явсан гэж хэлсэн. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай, аль болох хөнгөнөөр шийдэж өгнө үү. Надад өөр хүсэх юм алга гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

7. Иргэний хариуцагч Ш.Мөнхдоржийн өгсөн: Би Могод сумын төвд гэртээ байсан бөгөөд Батжаргал ах малд туслах гээд хотоос ирчихсэн байсан юм. Би тухайн өдөр хот руу явах гэж байсан ба Жагаа ахыг хөдөө гэр лүүгээ явуулах машин байхгүй байсан болохоор талийгаач ах Амгаланбаатарыг дуудсан. Тэгээд Амгаланбаатар ах миний мотоциклыг унаад 11 цагийн орчимд ирээд Жагаа ахыг аваад гарсан. Тэр хоёр хамгаалалтын малгайгүй байсан. Би хот явах гэтэл мөнгө бүтэхгүй байхаар нь болиод 16 цагийн орчимд хөдөө гэр лүүгээ очтол гэрт Жагаа ах ирээгүй байхаар нь жаахан унтаж байтал манай эхнэр гэрт ирээд Жагаа, Амгаланбаатар хоёр энүүхэнд уначихаж гэж хэлсэн. Би машинаа унаад очтол Амгаланбаатар ах маань өөд болсон байсан. Жагаа ах муухан ухаантай байсан бөгөөд удалгүй эмнэлэг ирээд Жагаа ахыг аваад явсан. Тухайн мотоцикл нь миний мотоцикл байгаа юм, 2021 онд Булган аймгийн Могод сумаас 2,550,000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

8. Гэрч Р.Жаргалбатын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хаваржаа руугаа нүүгээд өвөлжөөнөөсөө юмаа бага багаар нь зөөгөөд явж байсан юм. Би портер загварын машинтайгаа өвөлжөөнөөсөө өгсөөд 4 дүгээр багийн Булган явдаг төв зам дагуу 16-17 цагийн орчимд явж байтал хоёр хүн зам дээр хэвтэж байсан. Мотоцикл нь газар уначихсан байсан. Би машин дотроос хартал хэн нь танигдахгүй байсан. Буугаад хартал Амгаланбаатар гэх хүн ухаангүй зүүн тийшээ хараад замын ховил дээр дээшээ хараад хэвтэж байсан. Нөгөө хүн нь 2 метр орчмын зайд баруун тийшээ хараад хажуулдаад хэвтэж байсан. Тэр нь ухаантай байсан. Онхолдсон юм уу гэхэд толгой дохиод, босож чадах уу гэхэд дуугарахгүй байсан... Амгаланбаатар нь амьсгалахгүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

9. Гэрч М.Уранчимэгийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багаас хэн ярьсныг мэдэхгүй Амгаланбаатар зам дээр мотоциклтой осолдоод эвгүй болчихжээ гэж хэлсэн. Би түүнийг дуулаад хамгийн түрүүнд нөхөртөө хэлээд цаашаа эмнэлэг рүү дуудлага өгсөн. Манай нөхөр цаашаа гэр бүл рүү нь мэдээ дуулгасан байх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

10. Гэрч Ц.Пүрэвдалайгийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн ажлын үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 20 минутад Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутагт төв зам дагуу мотоцикл осолдож хүн ухаангүй байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 17 цаг 50 минут орчимд очиход 1 хүн нь ухаангүй газар хэвтэж байсан. Үзлэг хийхэд Амгаланбаатар гэгч нь нас барсан байсан. Нөгөө хүн нь газар хэвтээд шокын байдалтай байж байсан гэх мэдүүлэг /хавтас хэргийн 47 дахь тал/,

11. Гэрч Д.Цогтбаярын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Амгаланбаатар, Батжаргал нар манайд орж ирсэн. Тэгээд 10 минут болоод буцаад явсан. Манайд орж ирэхдээ Батжаргал, Амгаланбаатар нар нь нилээн согтуу байсан. Манайхаас хойшоо байдаг Отгоных гэх айлд очно гээд гараад явсан. ...Батжаргал мотоциклоо унаад явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

12. Гэрч М.Гоёцэцэгийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Батжаргал, Амгаланбаатар нар нь манайд орж ирэхдээ архи уусан байсан. Хэр согтолттой байсныг нь сайн мэдэхгүй байна. Манайд орж ирэхдээ өглөө Могод сумын төв рүү Амгаланбаатар нь Батжаргалыг авахаар мотоциклтой орсон гэж ярьж байсан. Тэр хоёр сумын төвд архи уусан гэсэн. Тэгээд Батжаргалын төрсөн ах Батхуягийн гэрт очиж нэг шил архи уугаад тэгээд танайхаар ирлээ. Сар шинээр ороогүй айлуудаараа орж шинэлж яваа гэж байсан. ...Би тэр хоёрыг орж ирэхээр нь нэг шил Ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай архи задлаад өгсөн чинь уухгүй байсан. Тэр хоёр хонь эзэнгүй хурдхан явлаа гээд гарсан. ...Мотоциклыг Батжаргал унаж явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

13. Гэрч Д.Батхуягийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад Батжаргал, Амгаланбаатар нар хөх өнгийн мотоциклтой манайд ирсэн. Цагаан сараар ирээгүй байсан учраас би нэг шил архи задалж өгсөн ба тэрийг хувааж уусан. Архиа ууж дуусаад тэр хоёр манайхаас хөдөлсөн. Мотоциклыг Батжаргал жолоодож явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

14. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай: Амь хохирогч Ш.Амгаланбаатарын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ ясны хугарал /духны яс, хоёр нүдний дээд хана, зүүн талын чамархай яс/, суурь яс руу үргэлжилсэн цацраг хэлбэрийн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух. зулай, суурь хэсэг, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйх нь дотор гадаргууд цус хуралт, дух, зүүн хацар, дээд уруулын дээр, дээд доод уруулын нийлэх хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байх тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цогцосны гадна үзлэг хийгдэхээс 8-12 цагийн өмнө нас баржээ. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

15. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай: Д.Батжаргалын биенээс авсан цусанд этилийн спирт 2.7 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

16. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дугаартай: Д.Батжаргалын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ /баруун зулай яс, чамархай яс/ ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, баруун нүдний дотор, дээд, доод, гадна хананы хугарал, зүүн нүдний дотор хананы хугарал, баруун чамархайн хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ /баруун зулай яс, чамархай яс/ ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун нүдний дотор, дээд, доод гадна хананы хугарал, зүүн нүдний дотор хананы хугарал, баруун чамархайн хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

17. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн: Д.Батжаргал /РД:ГЕ75071219/ нь жолоодох эрхгүй, жолоочийн бүртгэлийн системд жолооч гэх бүртгэлгүй байна. Жолооч Д.Батжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч Д.Батжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл жолоодон, жолоодох эрхгүй үедээ хамгаалах малгай хэрэглээгүй зорчигч тээвэрлэж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Амгаланбаатар нь амь хохирсон байна.  Жолооч Д.Батжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс зам тээврийн хэрэг, осол гарсан байна. Осол гарахад байгалийн нөхцөл, газрын гадарга, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 113-114 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Ш.Мөнхдорж, гэрч Р.Жаргалбат, М.Уранчимэг, Ц.Пүрэвдалай, Д.Цогтбаяр, М.Гоёцэцэг, Д.Батхуяг нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Д.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүнд зэргийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг хамгаалалтын хэрэгсэлгүй, хамгаалалтын малгайгүй зорчигч тээвэрлэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай Ш.Амгаланбаатарын биед гавал тархины битүү гэмтэл: хүнхрээ ясны хугарал /духны яс, хоёр нүдний дээд хана, зүүн талын чамархай яс/, суурь яс руу үргэлжилсэн цацраг хэлбэрийн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, суурь хэсэг, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйх нь дотор гадаргууд цус хуралт, дух, зүүн хацар, дээд уруулын дээр, дээд доод уруулын нийлэх хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтлүүд учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Д.Батжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутагт Ш.Амгаланбаатартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхгүйгээр мотоцикл жолоодож явсан ба мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөөгүй, хамгаалалтын малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэж аюул саад учрах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохироосон шүүгдэгч Д.Батжаргалын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ш.Амгаланбаатарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаан болсон нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Батжаргалын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

       Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Батжаргал жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

       Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Батжаргалын үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмээр хориглосон тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнчлэн мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөөгүй, хамгаалалтын малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн зэрэг замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

   Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Батжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Батжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Амгаланбаатарын амь нас хохирч хүнд хор уршиг учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Батжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Батжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хэргийн нэгдүгээр хавтасны 168-171 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Батжаргал нь 46 настай, ээжийн хамт Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Д.Батжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/61 дугаартай тогтоолоор холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Д.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, мөн түүнчлэн уг гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 7 сарын хугацаагаар хорих ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Батжаргалд ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт болон тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баясгалант овогт Даваасүрэнгийн Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Батжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Батжаргалд оногдуулсан 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД