Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Наранцацралт нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Наранцацралтад холбогдох эрүүгийн 2215000000147  дугаартай, 163/2022/0146/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ширээт овогт Дашцэрэнгийн Наранцацралт, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1971 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бүрэгхангай сумын *** дүгээр багийн ** дугаар хорооны *** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, зээ нарын хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, эрэгтэй, 51 настай, РД: ГВ71041818.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Наранцацралт нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Хөшөөтийн дэнж гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Г.Ганбаатартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний нуруун тус газарт нэг удаа хутгалж цээжний баруун талд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000147 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг оршин суух Г.Ганбаатарын гэрт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ж.Хулан, Ё.Отгонболд, Д.Наранцацралт нар ирснээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үеэр Д.Наранцацралт, Г.Ганбаатар нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүүсгэн маргалдах явцдаа Д.Наранцацралт нь Г.Ганбаатарын нуруун тус газарт нэг удаа хутгалж цээжний баруун талд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наранцацралтын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1,350,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ганбаатарын өгсөн: 2022 оны 05 дугаар  сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон явдлын талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Наранцацралт намайг хальт тэврэх шиг болсон, тухайн үед юу болсныг мэдээгүй байсан чинь нуруунаас халуу дүүгээд, нойтон зүйл мэдрэгдсэн. Тэгсэн чинь нуруунаас цус гарч байсан. ...Наранцацралт намайг тэврэхдээ нуруу руу юмаар зоочих шиг болсон. Тухайн өдөр овооны баяр гээд архи уусан байсан. Хотоос хуурай ах, эгч хоёр минь ирээд байж байтал Наранцацралт гаднаас орж ирээд бид хэдтэй цуг нэг шил архи уусан. ...Гомдол санал, нэхэмжпэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3. Гэрч Ч.Одончимэгийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр овооны баяртай байсан юм. Баяр дээр байхад хотоос ах, эгч хоёр болох Отгонболд, Хулан нар ирсэн. Бид нар 22 цаг болж байхад манай гэрт ирсэн. Би гэртээ ороод ах, эгч хоёрын авчирч өгсөн архинаас нэг татчихаад гэрийн зүүн талын орон дээр унтсан. Нэг сэрэхэд манай нөхрийн нуруунаас  цус гарчихсан байхаар нь гэрээс гарч Хулан эгч, Отгонболд ахыг дуудсан. Наранцацралт нь цуг орж ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

4. Гэрч Ж.Хулангийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Бүрэгхангай суманд байх Ганбаатарын гэрт ирсэн юм. Биднийг ирэхэд гэртээ байхгүй байсан ба овооны баярт явсан байсан. Бид хоёр овооны баяр дээр очиж байж байгаад оройн 22 цагийн орчимд Ганбаатарын гэрт бүгдээрээ ирцгээсэн. Бид хоёр Ганбаатарт зориулж хотоос авчирсан архиа гаргаж өгсөн. Ганбаатар тэр архийг задлаад бид хэд сууж байтал гаднаас Наранцацралт орж ирсэн. Наранцацралт ирэхдээ согтуу байсан. Одончимэг гэртээ ирээд удалгүй унтаад өгсөн. Наранцацралтыг орж ирсэн цагаас л Ганбаатар тэр хоёр таарамжгүй харилцаа үүсгээд нэгийгээ үгээр идээд байсан. ...Наранцацралт орны толгой хавьцаа сууж байхад Ганбаатар Одончимэгийг ах, эгч хоёрт хоол хийж өг гээд сэрээх гэхэд Одончимэг сэрэхгүй байсан. Тэгэхэд Наранцацралт Одончимэгийг сэрээх гээд нүүрийг нь илэх шиг болсон. Энэ явдлыг Ганбаатар хараад Наранцацралтад уурлаж миний эхнэрийг яаж байгаа юм бэ? гэж хэлээд хацар луу нь алгадсан. Наранцацралт босч ирээд чи яахаараа намайг алгаддаг юм гэхэд Ганбаатар Наранцацралтыг түлхэхэд шар өнгийн шүүгээг түшиж зогссон. Наранцацралт шүүгээг түшээд эргэж хараад Ганбаатарын нуруу руу нэг зүйлээр хатгах шиг болсон. Манай нөхөр Наранцацралтыг гэрээс түлхэж гаргасан. Би тэр хоёрын араас гадаа гарахад Одончимэг сэрээд үлдсэн. Удалгүй Одончимэг гарч ирээд манай нөхрийн нуруунаас цус гарч байна гэхээр нь гэрт ороход Ганбаатарын нуруунаас цус гараад байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

5. Гэрч Ё.Отгонболдын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хотоос Бүрэгхангай суманд байх Ганбаатарынд ирсэн юм. Биднийг ирэхэд гэртээ байхгүй байсан ба овооны баярт явсан байсан. Бид хоёр овооны баяр дээр очоод байж байгаад оройн 22 цагийн орчимд Ганбаатарын гэрт бүгдээрээ ирцгээсэн. Ингээд хотоос авчирсан архийг уусан. ...Наранцацралт Одончимэгийн унтаж байсан орны тэнд очоод Одончимэгийн хацрыг илэх шиг болсон. Тэр үед Ганбаатар уурлаад Наранцацралтын хацар луу алгадсан. ...Наранцацралт гал тогооны шүүгээ орчимд цаашаа харж зогсож байгаад бүтэн эргээд баруун гараараа Ганбаатарын нуруу хэсэг рүү нэг юмаар бүлчихсэн. Тэгэхээр нь би Наранцацралтыг түлхээд аваад гарсан. ...Юугаар бүлсэнийг нь хараагүй. Шархыг нь харахад хутганы ором харагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

6. Гэрч З.Нандин-Эрдэний өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 17-ны шөнө Наранчимэг эгч залгаад Ганбаатар ах чинь хүнд хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь би нөхрийн хамт Ганбаатар ахын гэрт очсон. Намайг тэнд очиход шөнийн 01 цаг болж байсан. Ганбаатар, Наранцацралт нар өөд өөдөөсөө хараад суучихсан Ганбаатар нь чи яаж байгаа юм бэ? гээд уйлаад байсан. Юу болсон талаар асуухад Наранцацралт Ганбаатарын нуруу руу хатгачихсан гэж байсан. Тэгэхээр нь цамцыг нь сөхөөд хартал нуруу нь бүхэлдээ цус болчихсон. Шархыг нь бинтээр боочихсон байсан.  ...Өндөр том биетэй ах Наранцацралтыг гартаа барьсан зүйлээр хутгалсан гээд байсан. Намайг гэрт байхад шүүгээн дээр үзүүр нь хугарчихсан хутга цус болчихсон харагдсан. Хутганд наалдсан цус нь хатаагүй шинэ цус бололтой харагдаж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Ганбаатарын гэх цамцны ар хэсэгт үүссэн 20ммх2мм хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл нь мохоо үзүүртэй, нэг талдаа иртэй зүйлээр хүчтэй хатгаж учруулсан гэмтэл байна. Дээрх зүсэгдсэн гэмтэл нь №1 гэж дугаарласан бор өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

8. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай: Г.Ганбаатарын биед цээжний баруун ар талд нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Наранцацралтын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр овооны баярт очсон. Овооны баяр тараад Ганбаатарын гэрт ганцаараа очсон. Ганбаатарынд хотоос ирсэн гээд хүмүүс байсан ба нэг шил архи задалсан. Тэр архинаас уугаад их согтсон байсан. Одоо бодоход тухайн үед Ганбаатартай үл ялих зүйл дээр маргалдаад би шүүгээн дээр байсан хутгыг аваад Ганбаатарыг айлгах гэж байгаад нурууг нь хутгаар гэмтээсэн. Тэгээд тэр хутгыг буцаагаад гэрийн үүдний хэсгийн шүүгээн дээр тавьсан санагдаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хутга зэрэг биет нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Ганбаатар, гэрч Ч.Одончимэг, Ж.Хулан, Ё.Отгонболд, З.Нандин-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Д.Наранцацралтын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Д.Наранцацралтын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт Г.Ганбаатарын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж улмаар Г.Ганбаатарын бие, эрх чөлөөнд халдаж нуруун тус газарт хутгаар хутгалсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Д.Наранцацралт гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Наранцацралтын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.Наранцацралтын Г.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Наранцацралтыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын ахуйн шинжтэй архидан согтуурсан байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Наранцацралтын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх ба шүүгдэгч Д.Наранцацралт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эмчилгээний зардалд 1,350,000 төгрөг төлсөн гэжээ.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Наранцацралтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Наранцацралт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 64-73, 85-87 дахь талд авагдсан эд хөрөнгийн талаарх мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, малын тооцооны хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Наранцацралт нь 51 настай, эхнэр хүүхэд, зээ нарын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар хороо 2-3 тоотод оршин суудаг, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга ажилтай, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Наранцацралт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/64 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулахад зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Д.Наранцацралтын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.Наранцацралтад ял шийтгэл оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Наранцацралтад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Наранцацралт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутга, шар өнгийн иштэй хутга тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ширээт овогт Дашцэрэнгийн Наранцацралтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наранцацралтыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Наранцацралтад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Наранцацралт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутга,  шар өнгийн иштэй хутга тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД