Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Т.Баянмөнх нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2215000000146  дугаартай, 163/2022/0147/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Алаг овогт Төмөрбатын Баянмөнх, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1986 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймаг, Рашаант сумын 1 дүгээр багийн задгайд оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: ЙЕ86031711.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Баянмөнх нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Булган аймгийн Рашаант сумын нутаг Хар чулуут 2 дугаар багийн 2-204 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Одбилэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000146 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 05 дугаар сарын 16-ны орой Т.Баянмөнх нь нь Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2 дугаар багийн нутаг Хийморь хорооллын 2-204 тоотод буюу гэртээ Т.Наранбаатар, Д.Доржпүрэв, н.Сувдаа нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба Т.Наранбаатар, Д.Доржпүрэв нарыг явсны дараа Т.Баянмөнх нь үл ялих шалтгаанаар эхнэр Б.Одбилэгийн нүүр, нүд, толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, нуруу хэсэгт нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зовхи, хацар, эрүү, нуруу, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт, цус хуралт, хацарт сорви  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баянмөнхийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Одбилэгийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянмөнх гэртээ Наранбаатар, Сувдаа нартай архи согтууруулах ундааны зүйл уусан. Тухайн үед би Сувдаатай хоёр литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Манай нөхөр Баянмөнх Наранбаатартай Ерөөл нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Сувдаа урд байдаг замын үйлчилгээний дэлгүүрээс архи, пиво аваад ирэх үү гэхээр нь би яах юм бэ? мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь Сувдаа, Наранбаатар хоёр гэрлүүгээ явсан. Удалгүй Баянмөнх хэрүүл өдөөд байхаар нь өмнөөс нь юм хэлсэн чинь миний биед гар хүрч нүүр, нүд, эрүү рүү цохиж, багалзуур шахаж, нурууны ар хэсэгт өшиглөж, толгойн тус газарт 2-3 удаа цохиж биед гэмтэл учруулсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,

3. Гэрч Т.Наранбаатарын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай гэрт дүү Баянмөнх эхнэрийнхээ хамт ирээд Сэнгүр нэртэй хоёр сав пиво уусан. Би эхнэр Доржпүрэвийн хамт Баянмөнхийн гэрт очиж архи уучихаад эхнэрээ аваад гэртээ харьсан. Баянмөнх эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан талаар мэдээгүй. Өнгөрсөн өвөл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилгаанд явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

4. Насанд хүрээгүй гэрч Б.Отгондаваагийн өгсөн: Би дүү нарынхаа хамт унтаж байсан чинь манай аав ээжийг зодоод байсан. Тэгэхээр нь би та болиочээ гэж орилсон чинь аав намайг дуугүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин юм дуугарааүй. Аав архи уухаараа л ээжийг загнаж, зодоод байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7407 дугаартай: Б.Одбилэгийн биед зовхи, хацар, эрүү, нуруу, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт, цус хуралт, хацарт сорви  бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх хацарт учирсан сорви гэмтэл нь хуучин, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Баянмөнхийн гэм буруугаа хүлээж өгсөн: Тухайн өдөр найз Сувдаа, Наранбаатар, эхнэр Одбилэг нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Наранбаатар, Сувдаа нарыг явсны дараа эхнэртэйгээ маргалдаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Одгэрэлийн нүүр хөхөрсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 53-58 дахь тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 59-66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Одбилэг, гэрч Т.Наранбаатар, насанд хүрээгүй гэрч Б.Отгондаваа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7407 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Баянмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Баянмөнх нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Одбилэгийг үл ялих шалтгаанаар түүний нүүр, нүд, толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, нуруу хэсэгт нь өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зовхи, хацар, эрүү, нуруу, цээжинд цус хуралт, шилбэнд зулгаралт, цус хуралт, хацарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

        Шүүгдэгч Т.Баянмөнхийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Шүүгдэгч Т.Баянмөнх нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Одбилэгийн бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Баянмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Одбилэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаж баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Баянмөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.Баянмөнхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Баянмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 34-46 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын болон шийтгэвэрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Баянмөнх нь ам бүл 8, эхнэр, 0-13 насны хүүхдүүдийн хамт Булган аймаг, Рашаант сумын 1 дүгээр багийн задгайд мал маллан амьдардаг, нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Баянмөнх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/62 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Т.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж оршин суугаа газар Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг овогт Төмөрбатын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянмөнхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баянмөнхийн Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хоёр сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Т.Баянмөнхөд сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД