| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0151/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/155 |
| Огноо | 2022-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн 2215000000148 дугаартай, 163/2022/0151/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1978 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын *** дугаар багийн нутаг Чулуут гэх газар оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, агерном инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт Ц.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгойн тус газарт нь цохих, алгадах, үсдэж чирэх зэргээр биед нь халдаж тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цээж, баруун бугалга, зүүн шуунд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000148 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын хоёрдугаар багийн нутагт Ц.*******, Ж.*******, Ж.******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба Ж.Төгжаргал нь эхнэр Ц.*******тай маргаж улмаар толгойн тус газарт нь цохих, алгадах, үсдэж чирэх зэргээр биед нь халдаж тархи доргилт, нүүрэнд дөрвөн тооны зулгаралт, цээж, баруун бугалга, зүүн шуунд зөөлөн эдэд гурван тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.*******ын өгсөн: Тухайн үйл явдал нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт болсон. Тухайн өдөр би нөхөр ******* болон нөхрийн эгч болох ******* нарын хамтаар ******* эгчийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар оройн 00 цагийн орчимд хөдөө гэрлүүгээ явах гээд нөхрийнхөө хамтаар өөрсдийн машиндаа суугаад явж байтал замдаа танайхан манайхан гээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад бие засчихаад нөхөртөө чи согтуу байна, би жолоо бариад явъя гэтэл чам шиг гуйлгачинд машинаа бариулахгүй гээд намайг хоёр удаа алгадсан. Тэгээд намайг хээр хаячихаад сумын төв рүү машинтайгаа яваад өгсөн. Тэгэхээр нь би сумын төв рүү ******* эгчийнх рүү нь алхаж очиход манай нөхөр орон дээр нь хэвтэж байсан. Улмаар нөхөртэйгөө маргалдаад би нөхрийнхөө хамар хэсэг рүү нь гараараа алгадсан. Тэгтэл өөрийнхөө хамарнаас гарсан цусыг миний нүүр хэсэгт нялсан. Энэ үед ******* эгч нь босч ирээд намайг заамдаж аваад нааш цааш нь түлхсэн. Тэгтэл манай нөхөр намайг үсдэж чирээд савтай ус толгойруу асгасан. Мөн манай нөхөр банз барьчихаад намайг цохино гээд байхаар нь би зугтаагаад харьсан. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг манай нөхөр намайг хоёр удаа алгадах болон үсдэх үедээ учруулсан гэж бодож байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 178,000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаартай: Ц.*******ын биед тархи доргилт, нүүрэнд 4 тооны зулгаралт, цээж, баруун бугалга, зүүн шуунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эхнэр *******ын хамтаар Чулуунбаатар, ******* гэх хоёр хүнийг ******* сумын төв рүү хүргэж өгсөн. Сумын төв ороод дэлгүүр орж архи, согтууруулах ундааны зүйл авч түүнийгээ хэрэглэсэн. Тэгээд эхнэр бид хоёр бага зэрэг согтсон. Тэгээд хөдөө гэрлүүгээ явж байгаад замдаа гэр бүлийн асуудлаас болж маргалдаж улмаар эхнэр маань машинаас бууна гээд намайг алгадхаар нь би машинаа зогсоотол машинаас буусан. Тухайн үед ойролцоогоор 23 цаг болж байсан. Тухайн газраар эхнэрээ хайтал харанхуй шөнө олдохгүй байхаар нь би сумын төвд байдаг өөрийн төрсөн эгч ******* эгчийнд очоод унтах гээд хэвтэж байтал гаднаас эхнэр ******* орж ирээд миний хамар луу цохисон. Миний хамарнаас цус гарахаар нь би босч ирээд *******ын хацар луу нь алгадсан, мөн *******ыг шалан дээр чирээд савтай ус дээрээс нь асгасан. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад *******ыг хөөж явуулсан. Эхнэртээ үүссэн гэмтлийг би үүсгэсэн гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.*******ын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Ж.*******ын 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын хоёрдугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.*******ын бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Ж.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Ц.*******, шүүгдэгч Ж.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, нэг гэр бүлийн гишүүд хэдий ч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргасан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Ц.*******ын хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд ******* улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 178,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.******* нь төлж барагдуулснаар /хавтаст хэргийн 49 дэх тал/ хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 44-47 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь 44 настай, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4/67 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД