Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2215000000107 дугаартай, 163/2022/0145/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булганд суманд 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ** дугаар багийн нутаг ******* толгойн өвөрийн 2-206 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй,

Орхон аймгийн сум дундын шүүхийн:

1. 2003 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2. 2006 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

3. 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

4. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

5. Булган аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг мужааны цехэд тус сумын хэв журмын цагдаа Б.*******ыг цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хоолойг нь боосон, мөн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед сийлбэрийн хутга гарган заналхийлж,  хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000107 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг мужааны цехэд тус сумын хэв журмын цагдаа Б.*******ыг цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хоолойг нь боох, мөн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед сийлбэрийн хутга гарган заналхийлж, хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ зэвсэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд ******* сумын тамгын газраас гараад явж байх үед зүүн талд байрлах мужааны цехийн үүд хэсэгт хоёр согтуу хүн байсан. Тэгэхээр нь тухайн хоёр хүнийг шалгахаар очтол мужааны цехийн хаалгыг дотроос нь татаж хаахаар нь би нөгөө хоёр хүнтэй мэнд мэдэлгүй шууд мужааны цехийн хаалгыг татаж орсон. Тэгтэл Сүхээ гэж дууддаг ******* сумын эрэгтэй байсан ба мөн архины шил байгаа харагдсан. Тэгтэл гадаа байсан *******, нар нь араас орж ирсэн. Би тухайн үед энд үйл ажиллагаа явуулж хариуцдаг хүн нь байна уу, гэж асуухад ******* нь би байна гэж хэлээд шууд миний баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохьсон". Тэгэхээр нь би *******г түлхтэл миний араас тэврээд авсан. Тэр үед ******* нь дахин миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би ноцолдож байтал ******* нь баруун гараараа миний хоолой хэсгээр боож заамдаад чамайг одоо ална манай хамаатан саданг их торгож машиныг нь журамлаж хураасан, би урьд өмнө суучихаад ирсэн хүн шүү гэж хэлээд миний дух хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд би ноцолдож байгаад ы тэвэрсэн гарыг тавиулаад *******г цааш нь түлхчихээд зугтаагаад гарсан. Улмаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд суугаад шатахуун түгээх газар орж шатахуун авчихаад буцаад эргэх үед өөдөөс ******* нь өөрийнхөө цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би *******г ганцаараа байна даа хэл амаараа учраа олчих байлгүй дээ гэж бодоод машинаасаа буутал ******* нь машинаасаа бууж ирээд баруун гутлынхаа түрийнээс модон иштэй сийлбэрийн хутгыг гаргаж ирээд ална чамайг хутгална гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэж машиндаа суугаад зугтаасан. Зугтааж байх үедээ Төмөрбаатар гэх айлын үүдэнд зогсоод *******г харж байтал ******* нь намайг  олж харангуутаа надруу ирсэн. Тэгэхээр нь би сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт гарч ойролцоогоор 10 орчим километр газар явж байгаад уулын жалганд машинтайгаа орж нуугдаж байгаад *******г машинтайгаа явангуут нь буцаад сумын төвийн зүгт хөдөлсөн. Тэгээд сумын төвд орж ирээд явж байтал намайг араас маань тэврээд байсан гэх залуу явж байхаар нь саатуулж машиндаа суулгаад улмаар цагдаагийн байранд авчирсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Доржсүрэнтэй утсаар ярихад би сая ******* сумын төвд орж ирлээ *******тэй таараад зогс гэж хэлсэн чинь зогсохгүй зугтаагаад сумын төвийн арагш даваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвөөс нэмэлтээр цагдаа нарыг дуудсан. Тэгээд сумын төвд хэсэг хүлээж байгаад одоо уулнаас буугаад эргэж сумандаа орж ирж байгаа байх гэж бодоод сумын төвийн арагш гараад хартал ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-17 дахь тал/,

3. Иргэний нэхэмжпэгч Б.*******гийн өгсөн: Албаны дугаартай Ланд- 200 загварын тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

4. Гэрч Н.*******ын өгсөн: Би ******* сумын төвд байрлах шатахуун түгээх газрыг ажиллуулдаг. …2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд шатахуун түгээх газар дээр очоод хүнд шатахуун өгөөд байж байхад манай сумын цагдаа ******* шатахуун авах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд би 10 литр шатахуун хийж өгчихөөд шууд нөхрийнхөө хамтаар машинаа унаад гэрлүүгээ буюу ертөнцийн зүгээр хойд зүгт явсан. Харин цагдаа ******* болохоор ертөнцийн зүгээр баруун зүгт буюу сумын төвийн хэсэг рүү хөдөлсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

5. Гэрч Э.ийн өгсөн: 2022 оны 03 сарын 24-ний өдрийн ойролцоогоор 18 цагийн орчимд би гэртээ юм хийгээд байж байхад хүүхдүүд гадаа тоглож байгаад машин сигналдаад байна гэхээр нь гэрээс гараад хартал сумын төвөөс буюу ертөнцийн зүгээр баруун талаас ирсэн болов уу гэлтэй хөх өнгийн приүс загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд ертөнцийн зүгээр зүүн талаас цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгтэл манай хашааны гадна талд ирсэн хөх өнгийн приүс загварын тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн ачааны машинаас зугтаагаад ертөнцийн зүгээр баруун буюу сумын төвийн зүгт хөдөлсөн. Тэгээд араас нь хараад байхад нөгөө хөх өнгийн приүс загварын тээврийн хэрэгсэл нь сумын төвийн зүүн тийш гараад хөдөө тал газар луу гараад зугтааж уулын араар орсон. Харин цагаан өнгийн ачааны машин нь араас нь хөөгөөд явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

6. Гэрч Б.гийн өгсөн: Би Анд нэртэй хүнсний дэлгүүртээ сууж байхад 21 цагийн орчимд ******* нь цагаан өнгийн ачааны машинтай дэлгүүрийн гадна ирээд утсаар удаан ярьж байгаад орж ирсэн. Тэгээд надаас архи өгчих бичүүлээд авъя гэж хэлэхээр нь би 0.5 литрийн хэмжээтэй архи өгөөд гаргасан. Тухайн үед согтсон зүйл анзаарагдаагүй. Тэгээд удаагүй байтал сумын цагдаа над руу утсаар залгаад ******* байна уу гэж асуусан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

7. Гэрч Н.ын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд манай сумын хэв журмын цагдаа ******* утсаар залгаад Мужааны цехэд гурван хүн архи ууж байх үед нь орлоо тэгээд шаардлага тавих үед намайг ******* цохьчихлоо, би гарч яваад шатахуун хийчихээд эргээд явж байгаад *******тэй таараад уулзтал хутга барьж намайг ална гээд хөөсөн. ******* одоо хаана байгааг хэлж мэдэхгүй байна. Эхнэр дэээрээ очоод асуудал үүсгээд байх вий гэж бодож байна гэж утсаар ярьсан. Тэгээд би эхнэр Энхсүрэнтэй нь утсаар ярихад би төрөх гээд Орхон аймагт ирчихсэн байна. *******тэй бол холбоо бариагүй. Охиноосоо асуусан чинь хүмүүстэй архи уугаад явж байгаа гэсэн мэдээлэл өглөө гэж надад хэлсэн. Энэ талаар цагдаа *******т утсаар ярьж хэлчихээд эргээд хуралдаа орсон. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч Доржсүрэн Булган аймгаас ирээд надтай хамт *******гийн байж магадгүй гэсэн айл руу хамт явж байгаад сумын төвийн урд талын гол дээр *******тэй таарсан. Тухайн үед машинаасаа буугаад ир гэсэн шаардлага тавьсан боловч ******* нь хэсгийн төлөөлөгч Доржсүрэнд хуц гэж хэлээд цагаан өнгийн ачааны машинтайгаа зугтаагаад сумын төвийн арагш гарч зугтаасан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч Доржсүрэн бид хоёр араас нь дагаад хаа хүрэх нүү гээд явж байхад Баянбулагын хөндлөн хашааны доод гарам дээр машинтайгаа ******* зогсчихсон байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч Доржсүрэн бид хоёр хажууд нь очоод машинаасаа бууж очоод машинаасаа буух талаар шаардсан боловч ална шүү пизда нар минь гээд Доржсүрэнгийн хойноос машинтайгаа хөөсөн. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Доржсүрэн нь машиндаа сууж машинтайгаа тойрч зугтаагаад намайг явахад ******* нь машинтайгаа цааш зугтаасан. Тэгэхээр нь араас нь зөөлөн дагаад явж байтал Булган аймгаас нэмэлтээр цагдаа нар машинтай ирсэн. Тэгээд ******* нь өндөр уул руу гараад цааш мод руу уруудаад алга болчихсон. Тэгэхээр нь эргээд сумын төвд ирж шатахуун нэмж хийгээд засаг даргын жолоочийг зам сайн мэддэг юм чинь гээд аваад эргээд сумын төвийн хойшоо *******гийн араас гарсан. Тэгээд алга болсон модтой уулын цаад талын уул руу гараад явж байтал ******* нь машинтайгаа уулын уруу мод мөргөсөн байдалтай байхаар нь бид нар барьж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

8. Гэрч М.ы өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв рүү орж ирээд төрсөн ах Баядын гэрт ирээд тэнд байж байгаад 19 цагийн үед сумын тамгын газрын хажуу талд мужааны үйл ажиллагаа явуулдаг *******гийн ажлын байран дээр очсон чинь ******* мөн танихгүй нэг залуутай ажлын байран дотроо нэрийг нь мэдэхгүй архи задлаад дээрээс нь 3 хуруу хэмжээтэй уусан байдалтай байсан. Тэгээд намайг орсон чинь ******* дээрээс бага зэрэг уучихсан ганц юм байна гээд надад аяганд архи хийж өгөхөөр нь би тэр архийг нь уусан. Бид гурав тэр архийг нь хувааж ууж дуусгачихаад гэр гэрлүүгээ харих гээд *******гийн ажлын байрнаас гарсан чинь манай сумын цагдаа ганцаараа ирээд бид гурваас үйл ажиллагаа явуулдаг хүн нь хэн бэ? гэж асуухаар нь ******* би байна гэсэн чинь цагдаа ажлын байрлуу чинь оръё гээд *******г дагуулан орсон араас нь тэр танихгүй залуу орж байсан. Би гадаа бие засчихаад араас нь орсон чинь манай сумын цагдаа ******* тэр хоёр бие биенээ хоёр гараараа заамдалцаад зогсож байсан. Харин тэр танихгүй залуу тэр хоёрыг хараад нохойн гөлөг тэвэрчихсэн зогсож байхаар нь би тэр хоёрыг хараад та хоёр боль гэж хэлээд цагдааг татаад харин *******г цааш түлхээд болиулсан чинь цагдаа гараад гүйгээд явсан. Харин ******* араас нь гүйж гараад ажлынхан гадаа байсан машинаа унаад явсан. Хаашаа явсныг мэдээгүй. Харин тэр залуу *******гийн араас нь гарсан би бас тэр залуугийн араас нь удалгүй гараад манай сумын Доёд гэх залуугийнд очих гэж явж байгаад замдаа дэлгүүр ороод тамхи аваад гараад явж байсан чинь *******гийн ажлын байрнаас гараад явсан манай сумын цагдаа машинтайгаа ирээд ******* хаана байна гэхээр нь ах нь мэдэхгүй урд байдаг Эрдэнэбаатарын гэрт нь байж магадгүй гэж хэлсэн чинь цагдаа намайг машинд суучих хоёулаа хайя гэж хэлсэн. Тэгээд би машинд суугаад *******г хайгаад олоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

9. Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22012 дугаартай: улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлд 1,510,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-65 дахь тал/,

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 284 дугаартай: Б.*******ын биед хүзүү, завьжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга болох биет нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, иргэний нэхэмжпэгч Б.*******, гэрч Н.*******, Э., Б., Н., М. нарын мэдүүлэг, Булган аймаг дахь Цагдаагийн газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22012 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 284 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг мужааны цехэд тус сумын хэв журмын цагдаа Б.*******ыг цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн хууль ёсны шаардлага тавихад түүнд хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь гараараа цохих, хоолойг нь боох, сийлбэрийн хутга гаргаж айлган заналхийлэх зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэхдээ зэвсэг хэрэглэсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хураан авсан эд мөрийн баримт зэрэг нь шүүгдэгч Б.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэл идэвхтэй, хууль бус үйлдлийнхээ үр дагаварыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, дээрх хор уршигт зориуд хүргэсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн “зэвсэг” хэрэглэж гэх хүндрүүлэх шинжийг агуулсан шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******г 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт тус сумын хэв журмын цагдаа Б.*******ыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хоолойг нь боох, сийлбэрийн хутга гаргаж айлган сүрдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Харин Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймаг дахь Цагдаагийн газрын эзэмшлийн улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлд 1,510,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлсөн /хавтаст хэргийн 119 дэх тал/ байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******г хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 99-117 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* 40 настай, эхнэр хүүхдүүдийн хамтаар Булган аймаг, ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* толгойн өвөрийн 2-206 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд таван удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.*******г тэнсэж, түүнд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон иштэй сийлбэрийн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Б.*******г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн модон иштэй сийлбэрийн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД