Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ш-д холбогдох 2216000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Н овогт Г-н Ш.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ш-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн **** тоотод 2022 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 23-24 цагийн орчим Э.Б-тай “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаас Э.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархины доргилт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн шанаа, зүүн гарын эрхий хуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, цус хуралт”  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гээд Б-г цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би эмчилгээний зардал гээд 100,000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “ ... 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Б, Л бид 3 хамтдаа “ВМ” нэртэй бааранд орсон юм. Тэр бааранд ороод 3 ширхэг 0,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч уугаад Л бид 2 такси аваад гэртээ 23 цагийн орчимд харихаар явсан. Тэгээд Индэрт баг **** тоотод хадмынхаа гэрт байж байхад Б араас ирээд би нэг охин дагуулаад ирчихлээ өөрийнхөө автомашины түлхүүрийг авах гэсэн юм гэж хэлэхээр нь чамд үнэмлэх байхгүй юм чинь хэрэггүй маргааш өглөө эрүүл болохоороо ирээд автомашиныхаа түлхүүрийг авчих гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болоод Б бид 2 маргалдаад гэрийн гадаа гараад би Б-н хамар руу нь 1 удаа гараа атгаж байгаад цохиж авсан. Тэгсэн чинь Б Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь хэсэг хугацааны цагдаа нар ирээд Б бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм ... Бид хоёрын хооронд өс хонзонгийн зүйл байхгүй, Б миний хуурай дүү байгаа юм. Би өөрийнхөө үйлдсэн хэргээ буруу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд “ВМ” нэртэй бааранд Ш, Л гэдэг 2 хүний хамт орсон ... Ш гэдэг хүн ах нь явлаа харьж амарлаа ахдаа таксины мөнгө байвал өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш-д 5000 төгрөг өгч явуулсан. Тэгээд Ш, Л нар явсны дараа би тэр бааранд найз нартайгаа уулзаж байж байгаад баар хаах үед Ш, Л нарын араас нь өөрийнхөө автомашины түлхүүрийг авахаар такси аваад Ш-н гэрт очсон юм. Тэгээд Ш-н гэрт очсон чинь Ш, Л нар дундаа 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би автомашиныхаа түлхүүрийг авъя гэж хэлсэн чинь Ш босож ирээд чи бааран дотор хэдэн хүүхний бөгс харчихаад хоёр ахыгаа тоохоо больчихдог юм байна гэж хэлээд гарч уулзая гэж хэлэхээр нь би гэрээс нь дагаж гараад уулзах гэтэл Ш миний шанаад тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ? ахаа гэж хэлсэн чинь чи муу ингэх болоогүй гэж хэлээд миний ам руу цохих үед миний шүд хугарсан юм ... Миний шүд хугарсан байна. Мөн шанаа хавдаж, хөхөрсөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Ш ах, Б бид 3 хамтдаа “ВМ” нэртэй бааранд ороод 3 ширхэг 0,5 литрийн пиво авч уусан. Тэгээд байж байтал Ш ахын эхнэр Ц эгч Ш ах руу залгаад байхаар нь бид 2 харихаар такси аваад тэр баарнаас гарч явсан юм. Ш ах бид 2 “ВМ” нэртэй баарнаас гарч яваад 23 цагийн орчим Ш-н гэрт ирсэн. Тэгсэн чинь 24 цагийн орчимд баар хаагаад Б нь Ш-н гэрт ирээд би хүнтэй уулзах гэж байна автомашиныхаа түлхүүрийг авмаар байна гэж хэлсэн. Тэгээд Б нь автомашиныхаа түлхүүрийг аваад явах гэж байсан чинь Ш ах боль архи уучихаад автомашин жолоодож болохгүй гэж хэлээд маргалдаад Ш, Б нар гэрээс гараад явсан. Би нэг их удалгүй араас нь гарсан чинь Ш, Б нар гадаа маргалдчихсан 2 биенээ заамдчихсан зогсож байсан. Тэгээд Ш Б нар 2 биенээ цохиж аваад зодолдоод эхлэхээр нь салгаж байтал Ш Б-н нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 1 удаа цохиж авсан. Тэгсэн чинь Б-н хамар амнаас нь цус гарчихсан байсан тул Б Цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгээд Цагдаа нар ирээд Ш, Б бид нарыг Цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд манай нөхөр Ш, Л гэдэг залуугийн хамт гэрт орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа араас нь Б гэсэн байх сайн танихгүй залуу манай гэрт орж ирсэн. Тэгээд Л-с өөрийнхөө автомашиныхаа түлхүүрийг авах гэж ирлээ гэсэн чинь Ш “...чи архи уучихаад эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодож яах гэсэн юм...” гэж хэлээд тэрнээсээ болж маргалдаад гэрээс гарцгаасан. Тэгээд нэг их удалгүй тэр Б гэх залуугийн хамраас нь цус гарсан байдалтай эргэж гэр орж ирээд Ш намайг зодчихлоо гэж хэлээд Цагдаагийн газарт дуудлага дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 134 дугаартай “...1. Э.Б-н биед тархины доргилт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн шанаа, зүүн гарын эрхий хуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

5. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ш нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн **** тоотод 2022 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 23-24 цагийн орчим хохирогч Э.Б-тай “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй...” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон биед нь “тархины доргилт, үүдэн нэг шүдний хугарал, зүүн шанаа, зүүн гарын эрхий хуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, цус хуралт” буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Ш-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр тал/, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хавтаст хэргийн 71-79, 95-99/, хохирогч Э.Б-н Цагдаагийн газарт гаргасан “...Миний бие иргэн Г.Ш-д 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зодуулж миний биед хөнгөн хохирол учирсан. Надад учруулсан хохирлоо Г.Ш нь мөнгөн хэлбэрээр миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд миний гомдол саналгүй байдлыг харгалзаж үзнэ үү. Цаашид ямар нэгэн гомдол санал гаргахгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 55 дугаар  тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ш-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ..

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н  овогтой Г-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ш-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА