Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 20

 

Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0020/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Д.Энхжаргал,

Хохирогч Б, Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, А, Г,

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан,  

Шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс, Х.Биязхан, С.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Х.Биязхан, Д.Гангантөгс, хохирогч Ц, Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т нарын давж заалдах гомдлоор Ц-д холбогдох эрүүгийн 1839003860264 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1999 онд төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Т-н Ц /РД: / нь

2018 оны 8 дугаар сарын 05-ны орой Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандаганы тал” гэх газарт ... ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 2.7.а, 1.5 дахь заалтуудыг зөрчсөнөөс .... СҮА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Т, Х, И нарын амь насыг хохироосон, иргэн Б, Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Та овогт Т-н Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-д оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц-гээс Б-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 849048 /найман зуун дөчин есөн мянга дөчин найм/ төгрөг гаргуулж хохирогч Б-д, Т, Х нарын оршуулгын зардалд 10466741 /арван сая дөрвөн зуун жаран зургаан мянган долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т, Г нарт, И-н оршуулгын зардалд 3773895 /гурван сая долоон зуун далан гурван мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д, Ц-ын эд хөрөнгө /цагаан идээ/-н гэм хорын хохиролд 7030000 /долоон сая гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц-д олгуулж, Иргэний хариуцагч Н-с Т-н эзэмшлийн .......... СҮА улсын дугаартай “Тоёота-Приус” маркийн авто машины эвдрэлийн хохиролд 8915000 /найман сая есөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т-д тус тус олгуулж, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Х.Биязхан нар нь давж заалдах гомдолдоо: Тус хэргийг шалгахаар томилогдсон албан хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Зам тээврийн ослын газрыг хамгаалах, үзлэг хийх журам” /№207.72, 207.71/ зэргийг зөрчиж хэргийн газарт үзлэг хийсэн. Хоёр машин анх мөргөлдсөн цэгийг буруу тэмдэглэн зам тээврийн осол гарсан замын зорчих хэсэг дээр осолд орсон автомашинуудын явагч хэсгээс үүссэн ул мөрийг бэхжүүлж аваагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг тодорхойгүй, гаргацгүй бичсэн, үзлэг хийхдээ гэрч байлцуулсан эсэх нь тодорхойгүй, гэрчүүд гарын үсэг зураагүй, хууль зүйн үндэслэлгүй зам тээврийн ослын дүгнэлт гаргасан, хэргийн газрыг бэхжүүлсэн фото зураг бүдэг, ойлгомжгүй, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах урсгалын зургийг олон удаа давтаж авсан, ослын газрыг аль талаас нь ямар байдалтай авсан нь тодорхойгүй, хохирогч Б-гийн “Ц замын голын цагаан зураасыг давж орж ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Цг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Хэргийн газрын үзлэгийн багийн ахлагч мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Энхбат нь автомашинууд анх мөргөлдсөн цэгийг тогтоохдоо Замын цагдаагийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Болд анх мөргөлдсөн цэгийг зааснаар тэмдэглэн авсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байх боловч ямар ул мөр, юуг үндэслэн анх мөргөлдсөн цэгээр авсан нь тодорхойгүй байна. Зам тээврийн ослын дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн гаргасан гэх боловч нотлогдож тогтоогдоогүй байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдолгүй заалтуудаар Цг буруутган дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж нотлогдож тогтоогдоогүй байхад дүгнэлт гаргасан. Цгээс авсан цусны шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй гэдэг нь тогтоогддог. Мөн Ц нь өвчтэй, эсхүл ядарсан байсан эсэх нь тогтоогдоогүй юм.

Цг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Ц тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, ямар үйлдэл нь замын хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгосон нь ойлгомжгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Зам тээврийн ослын дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолд “...жолооч Т- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх” гэсэн асуултад “...зөрчөөгүй” гэж хариулсан байдаг. Гэтэл .......... СҮА улсын дугаартай автомашин жолоодож явсан Т нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан, эрх сэргээгдээгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон байхад замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэлт гарсан нь ойлгомжгүй байна. Иймд зам тээврийн ослын дүгнэлт нь нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт гарсан гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц “зам тээврийн ослын дараа “Приус” маркийн автомашиныг зам дээр онхолдсон байхад зүүнээс баруун чиглэлд явж байсан “Истана” маркийн автомашинтай хүмүүс босгож дотор нь байсан хүмүүсийг гаргасан.  Тэдгээр хүмүүс “Приус” маркийн автомашины жолооч “олон хүн алчихлаа” гэж уйлаад байсныг О- сонссон. Мөн машин дотор сууж байсан өвгөн “манай хүргэн Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан ээжийгээ сахиад 3-4 хоног нойргүй байсан, зүүрмэглэчих шиг боллоо” гэж хэлж байсан талаар шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Мөн хохирогч Б- “би машины баруун гар талын арын суудалд сууж явсан, надад зам харагдаж байсан. Ц замын голын цагаан зураасыг давж орж ирээд мөргөсөн” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Гэтэл хохирогч Б- нь жолоочийн суудлын эгц ард сууж явсан учир зам бүрэн харагдах боломжгүй юм. Иймд мөрдөн байцаалтын шатанд нотлогдвол зохих, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс давж заалдах гомдолдоо: Хэргийн газрын үзлэгийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөгчийн гэрчүүдээс авсан мэдүүлэг товч бөгөөд тодорхойгүй, байцаалтыг тал бүрээс нь өргөн хүрээтэй авч чадаагүйгээс гадна мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайн нотлох баримт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, зарим шаардлагатай хэд хэдэн гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, гэрчүүдийг олж тогтоох ажиллагаа хийгдээгүй зэрэг нь уг хэрэг дээр мөрдөгч, прокурор нарыг ашиг сонирхлын үүднээс хандсан мэтээр харагдаж байна.

Шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Шинжээч бол зөвхөн хэргийн газрын үзлэг, фото зургаар дүгнэлт гаргасан. Осол болсон газар очиж үзэхээс гадна хавтаст хэрэгтэй танилцаж гарын үсэг зурах ёстой байтал танилцаж, гарын үсэг зураагүй байна.

......... СҮА улсын дугаартай автомашины жолооч Т нь эрхээ хасуулсан, эрх сэргээгдээгүй байхдаа машин жолоодож осол гаргасан. Мөн зорчигч нарын суудлын бүсийг бүслүүлээгүй зэрэг үйлдлүүд гарсан байхад буруугүй гэж үзсэн.

Шинжээчийн дүгнэлтийг Авто тээврийн үндэсний төвийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй багаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан хариу гаргасан.

Хохирогч нэг бүрийн хохирлыг нарийн тооцож яллах дүгнэлтэд тусгаагүй. Шүүх хохирлыг тогтоохдоо нэг бүрчлэн бодит ба бодит бус хохирлыг нарийвчлан тогтоож чадаагүй  байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс гэрч нарыг дахин байцаалгах, шинжээчийн зарим дүгнэлтүүдэд нэмэлт ажиллагаа болон дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтүүдийг прокурорт удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж, өмгөөлөгч бидний хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, хэргийн байдлыг үнэн бодитойгоор тогтооход саад учруулсан. Иймд прокурорын шатанд бидний зүгээс өгсөн хүсэлтүүдийг дахин нягталж зохих ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байна.

Хэргийн газрын үзлэгийг хийхдээ хоёр жолоочийг байлцуулан хийх байтал зөвхөн нөгөө талын жолоочоор үзлэгийг заалгаж хийсэн. Мөн хэргийн газрын үзлэгийн үед хоёр гэрч байгаагүй гэдгийг гэрчлэх хүн байдаг.

Энэ хэргийн үнэн зөвийг Цагдаа, Прокурорын байгууллага тогтоох ёстой байтал гурван хүн нас барсан, ар гэрийнхэн нь гомдол гаргаад байна гэсэн үүднээс зөвхөн өөрсдийгөө хамгаалж, хэл амнаас айсандаа хэргийн үнэн зөвийг олж тогтоогоогүй. Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна гэжээ.

Хохирогч Ц- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний эд хөрөнгө цагаан идээний үнэ болох 7030000 төгрөгийн талаар шийтгэх тогтоолд тусгасан байна. Гэтэл надад цагаан идээний үнэлгээтэй танилцуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Иймд цагаан идээний үнэлгээтэй нэг бүрчлэн танилцаж, үнэлгээг дахин гаргуулах хүсэлттэй байна.

Хавтаст хэрэгт ......СҮА улсын дугаартай автомашины үнэлгээ тусгагдаж, шийтгэх тогтоолд дурдсан байхад ......ХЭА улсын дугаартай манай автомашины үнэлгээг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхигдуулсан. Би машинаа 2018 оны 01 дүгээр сард 11000000 төгрөгөөр худалдаж авсан, аваад 7 сар гаруй болж байсан. 4800000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг машины үнэлгээтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй.

Мөн хэргийн газрын үзлэгийг хийхдээ “А” цэгийг буруу тогтоосон. Машинуудын тоормосны зам болон хурдыг тогтоож чадаагүй. Хэргийн газрын үзлэг хийхдээ эсрэг талын жолоочоор заалгаж хэмжилтийг хийсэн. Үзлэгийн явцад хөндлөнгийн хоёр гэрчийг байлгаагүй тул хэргийн газрын үзлэгийг хууль зөрчиж явуулсан гэж үзэж байна. Осол болоод удаагүй байхад замаар явж байсан машинууд зогсож “Приус-20” маркийн авто машиныг босож, дотор нь байсан хүмүүсийг гаргасан байдаг. Эдгээр машинуудын дугаар номерын талаар шүүх хуралдаан дээр яригдаж байсан бөгөөд жолооч нарыг олж гэрчийн мэдүүлэг аваагүй орхигдуулсан. Т-н эзэмшлийн ......СҮА улсын дугаартай автомашины эвдрэлийн хохирол 8915000 төгрөгийг төлөхгүй. Миний зүгээс хэрэг болон эд хөрөнгийн хохирлын талаар Прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан боловч хариу ирүүлээгүй гэжээ.

Хохирогч Б- давж заалдах гомдолдоо: Миний бие хүргэн, зээ охин, И-н хамт Улаанбаатар хот руу хувийн ажлаар яваад 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу буцаж явах замдаа осолд орж өнөөдрийг хүртэл бие сэтгэлээрээ хохирч байна. Миний 3, 4 дүгээр хавирга, түнх хугарч хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод очиж яаралтай хагалгаанд орсон. Гэтэл анхан шатны шүүхээс 800000 төгрөгийн хохирол гарсан гэж үзэж тогтоол гаргасанд гомдолтой байна. Миний зүгээс эмчилгээний зардалд 5000000 гаруй төгрөг зарцуулсан. Мөн охидуудаа нас барсан байхыг харсан болохоор сэтгэл санааны хувьд хэцүү байна. Би хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна. Ц хохирол төлбөрөө барагдуулаагүйгээс гадна, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх саналтай байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т- давж заалдах гомдолдоо: Ц эгч болон дүүгийн минь амь нас, бидний уй гашууг тоохгүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол төлбөрөө барагдуулахгүй байгаад гомдолтой байна.

Осол болоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байхад Ц хохирол төлбөр төлөөгүй. Бид нар шүүх хуралдаанд ирэх болгондоо зардал гаргаж байна. Замын зардлаа НӨАТ-ийн баримтаар баталгаажуулж авдаг. Гэтэл тухайн баримтыг тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй гээд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Мөн аавыгаа түнхний хагалгаанд оруулах гэж 800000 төгрөгийн төлбөр гарсан.

Цд оногдуулсан ялын хэмжээ маш бага байна. Гурван хүний амь насыг хохироож, хоёр хүний биед хүнд гэмтэл учруулчхаад хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаад бид гомдож байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц нь тухайн осол болсноос хойш бид нартай огт яриагүй, хохирол төлбөрөө барагдуулаагүйд гомдолтой байна гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. Цгээс оршуулгын зардлын мөнгийг гаргуулж авмаар байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч нартай хүн ёсоор харьцахгүй байна. Хохирогч тал гурвын гурван хүнээ алдчихсан, мөн бие махбодоороо хүнд гэмтсэн байхад шүүгдэгчийн талаас эмгэнэл илэрхийлж, биеийг нь нэг ч удаа асуугаагүй.

Шүүгдэгч Цгийн буруутай үйлдлээс болж гурван хүний амь нас хохирогч, хоёр хүний биед хүнд гэмтэл учирч, эд хөрөнгөнд хохирол учирсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч, шинжээч, бусад мэргэжилтнүүдийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, үнэн зөвөөр мэдүүлэхгүй, хохирол төлбөрөө төлөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Цгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй гэж үзсэн.

Хохирогч Ц- “би өөрөө хоёр нүдээрээ харсан, осол болоход манай машин буюу Цгийн барьж явсан машин цагаан зураас даваагүй. Харин Т- гэдэг хүний жолоодож явсан шашин цагаан зураас давж орж ирээд осол гаргасан. Энэ асуудлыг буруу шалгаад байхаар нь хэлэх гэтэл намайг анхаараагүй, осол гаргасан Т-ийн үгээр хэргийг шалгасан. Иймд би давж заалдах гомдол гаргасан юм” гэж шүүх хуралдаан дээр хэлж байна. Гэтэл энэ асуудлаар Ц-ыг мөрдөн байцаалтын шатанд байцаагаагүй орхигдуулсан байна.

Цгийн “...би нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Дараа нь  Б- гэдэг хүн “Т- 2 хоног ээжийгээ сахиад нойргүй байсан учир зүйрмэглэчих шиг болчихлоо” гэж хэлж байсан талаар надад О- надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/, мөн Т-ийн “...манай ээж хотод хорт хавдрын эмчилгээ хийлгэж эмчлүүлж байсан” гэж мэдүүлдэг. Иймд Цгийн мэдүүлгийг үндэслэн О-ыг гэрчээр асуулгах шаардлагатай байна. Энэ мэдүүлгээр магадгүй Замын хөдөлгөөний дүрмийн дагуу ядарсан нойргүй байсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэл нотлогдож болзошгүй бөгөөд үүнийг шалгаагүй орхигдуулсан байна.

Зам тээврийн ослын дүгнэлт Т-ийг замын хөдөлгөөний дүрмийг огт зөрчөөгүй гэж гарсан. Гэтэл Т- нь 2017 онд 0.65 хувиар согтууруулах ундаа хэрэглэснээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байдаг. Жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон байхад замын хөдөлгөөний дүрэм огт зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан нь илт нэг талыг барьсан нь харагдаж байна.

Мөн мөргөлдсөн хоёр машины зургийг харахад маш их хэмжээний эвдрэл гэмтэл харагддаг. Аль нэг машин нь маш их хурдтай явсан учраас ийм их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн гэж үзэж байна. Гэтэл хурдны асуудлыг огт шалгаагүй орхигдуулсан. Тухайн зам дээр тоормосолсон мөрөөр шалгаж тогтоох боломжтой байсан.

Үнэлгээний асуудал дээр маш их үнэлгээ гарсан. Эдгээр үнэлгээ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг заавал нотолж тогтооно” гэсэн заалтыг хангаж өгч чадаагүй гэж үзэж байна. /хх-ийн 144 хуудас/ Цгийн жолоодож явсан ......дугаартай “Портер” маркийн автомашин Наранзул гэдэг хүний эзэмшлийн машин байсан бөгөөд үнэлгээ, эвдрэл гэмтэл нь 4935000 төгрөгөөр гарсан. Энэ үнэлгээг гаргуулахын тулд мөрдөн байцаагч өөрөө шинжээч томилсон байдаг /хх-ийн 119 тал/ бөгөөд тогтоол дээр шинжээч Цэрэндэжид гэдэг хүнд эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. Гэтэл машины үнэлгээг гаргасан дүгнэлт дээр тайлан гаргасан Цэрэндэжид, Боргилбаатар гээд хоёр хүний гарын үсэг зурагдсан байсан. Мөн тухайн дүгнэлт нь бодит үнэлгээ гэсэн толгойтой доор нь тайлан бичсэн гээд гарын үсэг зурчихсан байдаг. Иймд тайлан гэж үзэх үү, шинжээчийн дүгнэлт гэж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Үнэлгээний тухай хуульд үнэлгээ хийж байгаа байгууллага нь тухайн эд зүйлийн үнэлгээг хийхдээ тодорхой баримт судалгаа дээр тулгуурлан бодитой дүгнэлт гаргана гэсэн байдаг. Гэтэл ......улсын дугаартай “Портер” маркийн машин, мөн талийгаач Т-ийн эзэмшлийн “Приус-20” маркийн машиныг үнэлэхдээ “зах зээлийн ханшаар үнэлэв” гэсэн байгаа нь тодорхойгүй байна.

Наранзул Ц- гэдэг хоёр хүн 2 тонн гарны 7000000 гаруй төгрөгийн эд бараагаараа хохирсон гэдэг. Гэтэл Ц- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмчилгээний мөнгөө нэхэмжилнэ гэсэн байдаг бөгөөд 7000000 төгрөгийн аарц, ааруул, цөцгийн үнийг нэхэмжилнэ гэсэн зүйл ярьдаггүй /хх-ийн 147 тал/, 360 килограмм аарц, 400 литр цөцгий гэдэг мэдүүлгийг ч огт өгөөгүй байдаг. Гэтэл шүүхээс Ц- гэдэг 7000000 төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдвэрлэчихсэн байдаг /2-р хх-ийн 140 хуудас/ Мөн Ц-ын анхан шатны шүүх хуралдаанд “би мөнгөө буруутай хүнээс нэхэмжилнэ” гэж мэдүүлдэг. Яг хэдэн килограмм, хэдэн тонн гэдэг нь тодорхойгүй, 7000000 гэдэг үнэлгээ мөрдөн байцаалтын шатанд ч огт хийгдээгүй байдаг. Хэргийн газрын үзлэгийг маш хангалтгүй хийсэн гэж үзэж байна. Ослын үед машин дээр байсан цөцгий асгарсан байсан. Гэтэл 50 гаруй шуудай ааруулаас хэдэн шуудай нь задраад хэрэггүй болсон, хэд нь хэрэглэх боломжтой үлдсэн талаар тогтоогоогүй хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үнэлгээний байгууллагаас Т-ийн машиныг 8000000 үнэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Т- нь “би  гомдолтой сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн байдаг. Мөн шүүхийн шатанд /хх-ийн 145 тал/ би гомдолтой байна гэснээс машины 8000000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн зүйл ярьдаггүй. Гэтэл шүүхээс 8000000 төгрөгийг Цгээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. 

 Нотолгооны асуудал дээр хоёр талаасаа машин мөргөлдөөд олон  хүний амь нас хохирсон асуудал гарсан. Гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ ослыг гэрчлээд байгаа ганц гэрч Б- гэдэг хүн өөрөө 72 настай хүн. Тухайн осол шөнийн 00 цагт болсон. Хоёр машины гялбаанд ороод юу ч харагдаагүй байхад жолоочийн арын суудал дээр сууж байсан хүн цагаан шугам даваад мөргөлдсөн гэдгийг тодорхой хараад гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ мэтчилэн маш их  эргэлзээтэй зүйл байна.

Ц 19 настай байхдаа хэрэгт холбогдсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ослын улмаас өөрөө маш их хохирсон, 5 жилийн хорих ял аваад байж байхдаа 8 сараас хойш 3-5 удаа хөлийн хүнд хагалгаанд орж ясны идээт үрэвсэлтэй болсон. Одоо эдгэрэхгүй бол хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон. Өөрөө ийм асуудалтай байсан учраас хохирогч талтай уулзаж боломж гараагүй юм гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Биязхан “Приус-10” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т- эрхийн үнэмлэхгүй  бөгөөд энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх тал дээр дүгнэлт буруу гарсан гэж байна. Зам тээврийн ослын хэрэг дээр идэвхтэй болон идэвхгүй үйлдлүүдийг анхаарах хэрэгтэй байдаг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байснаараа зам тээврийн осол гаргасан нь идэвхтэй үйлдэл үү, идэвхгүй үйлдэл үү гэдгийг ялгаж салгах, хууль зүйн дүгнэлт гаргах хэрэгтэй юм.

Мөн схем зураг үйлдэхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй гэж байна. Гэтэл хэргийн газрын үзлэгийг хийхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулсан байдаг. Схем зураг дээр байгаа хэргийн газрын үзлэгийг тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Гангантөгс гэрч Б-гийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн, зам тээрийн ослын тэмдэглэлд хэдэн хүн гэмтсэн талаар дурдаагүй гэж байна. Гэтэл энэ нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөтэй асуудал биш юм.

Мөн хэргийн газрын үзлэг хийхдээ, цогцсуудыг ямар байрлалтай байсныг харуулаагүй гэж байна. Тухайн үед цогцсууд машиндаа байгаагүй, өөр хүмүүс машинаас татаж гаргасан байдаг.

Өмгөөлөгч Нарангэрэл Цгийн мэдүүлэгт үндэслэн О-, Ц- нарыг гэрчээр дахин байцаалгах шаардлагатай гэж байна. Эдгээр хүмүүст хуульд заасан эрх үүргээ эдлээд мэдүүлгээ өгчихсөн. Эдгээр хүмүүсийг дахин байцааснаараа яг ямар ажиллагаа хийх гээд байгаа эх сурвалжаа зааж өгч чадахгүй байна. 

Гэрч О- “Хохирогч Б- “Приус-20” маркийн автомашины жолооч Т- олон хоног ээжийгээ сахиад нойргүй явсан гэж хэлсэн” талаар мэдүүлсэн байдаг. Хохирогчийн ярьсан энэ зүйл хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй юм.

Мөн “А” цэгийг буруу авсан гэж байна. Буруу авсан гэдгээ ямар эх сурвалжаар нотлоод байгаа нь тодорхойгүй байна. Гэтэл мэргэжлийн хүмүүс шаардлагатай хэмжилтүүдийг хийсэн байдаг. Бүдүүвч зургийг анзаарч харвал эсрэг сөрөг хоёр урсгалын замын өргөн хэдэн метрийн өргөнтэй байх уу гэдгийг маш тодорхой зааж өгсөн байна. Замын нийт өргөн 7м 10 см, дундах шугамаар хуваавал нэг тал нь 3,5 см урттай байдаг. Гэтэл замын зураасыг даваад эсрэг урсгал руу орж Т-ийн барьж явсан машин замын урд талд гарсан, Цгийн машин цагаан зурвас даваад “А” цэг дээр хөндлөн харсан байдалтай байдаг. Энэ хэрэг дээр Т- болон Цгийн  машин дандаа жолоочийн талаараа эвдэрсэн гэдэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байна. “Приус-20” маркийн машин болон ачаатай “Протер” маркийн  машины хэмжээ өөр, гэтэл хэргийн нөхцөл байдлаас харахад “Портер” маркийн машин зам давж орж ирээд “Приус” маркийн машиныг мөргөж түлхэж унагаасан нь харагддаг. Иймд хэргийн газрын үзлэг хэмжилтийн бүдүүвчээс харахад зам тээврийн осол гаргасан буруутай этгээд нь тодорхой харагдаж байгаа учраас дахин хэргийн газрын үзлэг хийлгэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч Б-г шөнө замын зураасыг харах боломжтой байсан юм уу гээд ярьж байна. Гэтэл Т-ийн эхнэр нь “нөгөө муухай зам чинь эхэллээ” гээд нөхрийгөө сэрээгээд жолоогоо сольж барьсан. Энэ үед бүх хүмүүсийн анхаарал төвлөрсөн гэдэг нь харагдаж байна. Ингэж жолоогоо солиод 50, 60 км яваагүй, 10 минут хэртэй болоод осол гарсан байдаг. Энэ хооронд жолооч зүүрмэглээгүй гэдэг нь тодорхой юм.  

Тус хэргийн бодит байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Энэ бүх нотлох баримтыг анхан шатны шүүх үндэслээд шийдвэр гаргасан. Мөн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчил нь тохирсон, шүүгчдэгчид ялын доод хэмжээг оногдуулсан гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын талаар ямар нэгэн зүйл байхгүй. Хохирогч нартай санал нэг байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Цд холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн Цг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Ц-ын ачиж явсан цагаан идээний хохирлын талаар яллах дүгнэлтэд тусгаагүй, иргэний хариуцагч Наранзулаас хэдэн төгрөг болдог талаар асууж, 7030000 төгрөгийг Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.  

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, Хэнтий аймаг дахь Прокурорын газрын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан яллах дүгнэлтийн хавсралтад хохирогчийн талаарх мэдээллийг бүрэн тусгах шаардлагыг бүрэн хангаагүй, хохирлыг бүрэн тооцоогүй, хэнд учирсан, юуны хохирол, хэдэн төгрөг төлөх болохыг нэг бүрчлэн яллах дүгнэлтийн хавсралтад тусгаагүй, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг Б.Цэрэндэжидэд танилцуулсан атлаа дүгнэлт гаргахдаа Б.Боргилбаатар хамтран гаргасан нь /1 хх-ийн 114, 119-123, 128, 2 хх-ийн 140-141/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасан ...шинжээчид шинжилгээ хийлгэх тогтоол, захирамжийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна... гэх заалтыг зөрчсөн, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан тухайн хөрөнгийн шинж чанар, онцлогт үндэслэсэн байхаас гадна юуг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байгааг зөвтгөх, хэргийн газар очсон гэх 41-24 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн “Микро” маркийн автомашины жолоочийг гэрчээр байцаах, хэргийн газрын үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрч Г, Б нарыг гэрчээр асууж, хэргийн газар ямар байдалтай байсныг тодруулах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Цд холбогдох эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймаг дахь Прокурорын газарт буцаасугай.  

2. Хэргийг прокурорт очтол Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                             Б.СҮХГОМБО