Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 27

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нарийн бичгийн дарга Б.Булгантамир,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н овогт Нийн Дд холбогдох, 201613010049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ний өдөр аймгийн  суманд төрсөн, 32 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Тэс сумын Н багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Н овогт Нийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Н.Д нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт байрлах УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хорооны гадаа Завхан аймгийн Цагдаагийн газрын Тэс сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Пыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт байрлах УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хорооны гадаа Завхан аймгийн Цагдаагийн газрын Тэс сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Пыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулсан байна.

Энэ байдал нь:

Хохирогч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт байрлах УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн байранд томилогдон ажилласан. Үүрэг гүйцэтгэж байхад буюу 22 цаг 10 минут болж, сонгуулийн санал авах хугацаа дууссан байхад Н.Д согтуу ирээд санал өгнө гээд байсан. Тэгэхээр нь би Н.Дд хандан “Санал хураалт дууссан, та санал өгөх боломжгүй” гэж хэлэхэд Н.Д “Би иргэнийхээ үүргийг биелүүлж, санал өгмөөр байна. Чи миний эрхийг зөрчиж байна” гэж уурласан. Тэгээд хэл амаар доромжилж, миний толгойн дагз хэсэгт гараараа 4 удаа, нүүрэн тус газарт 3-4 удаа цохьсон. Энэ үед миний хамар шалбарч цус гарсан, мөн зүүн нүдний дээд зовхи хөхөрсөн... гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр би 22 цаг 08 минутын үед сонгуулийн санал авах байрны гадаа очиход цагдаа Ц.П, Н.Д хоёр хоорондоо маргаж байсан ба Н.Д гараараа цагдаа Ц.Пыг 4-5 удаа цохиход цагдаагийн хамрын дунд хэсэгт шалбарсан, цус гарч байсан. Би гүйж очоод салгасан. Н.Д нь тухайн үед согтуу байсан... гэсэн  мэдүүлэг,

Гэрч И.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг сонгуулийн байрны гадаа байхад манай ангийн Н.Д цагдаа Ц.Птай зууралдаад цагдаагийн нүүр лүү 3 удаа цохьсон. Н.Д нилээн согтуу байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Н.Даваадоржтой сумын төвд тааралдсан. Тэгээд Нисэг баг хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Тухайн хэсгийн хороонд хамгаалалтанд гарч байсан цагдаа Ц.П санал авах хугацаа дууссан учир та саналаа өгөх боломжгүй гэж хэлээд түүнийг хэсгийн байрнаас гаргаж ирээд намайг Н.Дийг аваад яв гэж хэлэхээр нь би машинаа авчирахаар явсан. Тэгээд машинаа аваад ирэх хооронд цагдаа Ц.Пын хамарнаас цус гарсан байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 22 аг 01 минут 42 секунд болж байхад гаднаас Н.Д саналаа өгөхөөр орж ирсэн. Тэр үед санал авах машин хаагаад 1 минут 42 секунд өнгөрч байсан. Тухайн үед хэсгийн хороонд ажиллаж байсан цагдаа Ц.Псанал авах хугацаа дууссан учир одоо таны саналыг авах боломжгүй гээд цуг гарсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 22 цаг 1 минут 42 секунд болж байхад гаднаас Н.Д саналаа өгөхөөр орж ирсэн. Санал авах машин хаагаад 1 минут 42 секунд болж байсан тул автоматаар хаагддаг. Тийм учир санал авах боломжгүй байдаг. Н.Днь архи уучихсан согтуу байсан... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз нөхдийн хамт төрсөн өдрөө тэмдэглээд архи уусан. Тэгээд саналаа өгөхөөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутагт байрлах сонгуулийн санал авах байранд ороход цагдаа Ц.П санал хураалт дууссан гээд намайг түлхээд гэрээс гаргасан. Би Ц.Пд хандан “Чи төрийн албан хаагч байж намайг пизда гэж хэллээ” гэж уурласан. Би түүний шанаан тус газарт нь 2 удаа алгадсан. Ц.Пыг цагдаа гэдгийг мэднэ, сонгуулийн хэсгийн хороон дээр албан үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг эхлээд ойлгоогүй, надад шаардлага тавихаар нь ойлгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ц.Пд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа. Иймд надад хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Б.Сэргэлэнбаярын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн:

  1. Ц.Пын биед хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зүүн нүдний урд дээд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна.
  4. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Завхан аймгийн Цагдаагийн газрын  даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/101 дугаартай, Ц.Пыг Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Тэс сум дахь сум дундын цагдаагийн тасагт цагдаагаар томилсон тушаал, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс санал авах байрны хамгаалалтанд ажиллах алба хаагчдын хуваарийн жагсаалтын 81 дүгээрт Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн сонгуулийн хэсгийн хороон дээр цагдаагийн ахлагч Ц.Пыг ажиллуулахаар томилсон бичилт, Ц.Пын амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг хавтаст  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн Н.Дийн төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь хохирогч Ц.Пын биед хөнгөн гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Дийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн ерөнхий газрын “лавлагааны санд бүртгэгдээгүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх өр төлбөргүй, хохирогч Ц.Пд учирсан 1000000 /нэг сая/ төгрөгийн хохирлыг сайн дураараа төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Паас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бд өөрийн гараар бичиж өгсөн “Хохирол гомдол бүрэн барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Н.Дийг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй учир түүний өмчлөлийн Маяти маркийн 80-98 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэг, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Новогт Нийн Дийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг 352 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийн Маяти маркийн  автомашиныг битүүмжилсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Ганхуягийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Дийг албадан ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.Дд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.УРТНАСАН