Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0003

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 24 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2021/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Г аймгийн Цагдаагийн газарт 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл тасралтгүй 22 жил 4 сар ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс Г аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргаар томилогдон ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргад Г аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Б гомдол гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын даргын төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалт хийсэн бөгөөд Хэрэг бүртгэх тасагт шалгалт хийсэн цагдаагийн хурандаа С.М******* гэгч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын заасны дагуу 14 заалтаар ажил дүгнэн анхны үнэлгээгээр 100 онооноос дүгнэхэд 84,6 оноотой дүгнэн манай тасгийн 3 алба хаагчдаар гарын үсэг зуруулж иж бүрэн шалгалт ахалж яваа Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Иод үзүүлэхэд наадах чинь өндөр байна наадахаа 80 онооноос дүгнэ гэсний дагуу дахин бүх үзүүлэлтийг 80 онооноос дүгнэхэд 70,4 оноотой гарч манай тасгийн 3 алба хаагчаар гарын үсэг зуруулж авчхаад Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлд манай тасгийн ажлыг үнэлгээгээр 69,4 оноотойгоор Хангалтгүй" гэсэн үнэлгээгээр үнэлүүлсэн. Энэ талаар зөвшөөрөхгүй байгаа талаараа шалгалтын санал хүсэлтэд бичиж өгсөн байдаг.

Би тасгийн даргын хувьд тодорхой ажлыг ахлах мөрдөгч, мөрдөгч нарт хариуцуулж, өдөр тутмын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар байнга ханган ажиллаж, биелэлтийг тухай бүр нь тооцож ажиллаж байсан. Хэрэг бүртгэх тасгийн үндсэн ажил нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуулийн 11 бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг бөгөөд Хэрэг бүртгэх албанаас манай тасгийн 2019 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлтээр тасгийн Гүйцэтгэлийн төлөвлөгөө-ний биелэлт 82 хувьтай, Хангалттай үнэлгээтэй, мөн аймгийн Цагдаагийн газрын дарга болон, Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх газраас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь биелүүлж, гүйцэтгэж ажилласан байхад алба хаагчдын хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагын хяналтын сулруулсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албанаас халсан нь үндэслэлгүй байна.

Дээрх шалгалтын хувьд Г аймгийн Цагдаагийн газрыг бус Д.Т гэдэг хувь хүн рүү чиглэсэн шалгалт байсан гэж үзэж байна. Мөн миний хувьд шууд удирдах албан тушаалтан болох Цагдаагийн газрын даргын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж маргалдсан зүйл байхгүй болно.

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд ороход Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б нь зөвлөлийн гишүүдийн өмнө малын хулгайч, авлигатай тэмцэх газар хэрэгт шалгагдаж байгаа талаар" хэлсэн бөгөөд миний зүгээс Авлигатай тэмцэх газарт гэрчээр мэдүүлэг өгсөн, харин хэрэгт холбогдон шалгагдаагүй талаараа тайлбарлахад энэ хүнийг ажлаас нь хал малын хулгайн хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдвол ажил төрөлд нь эргүүлж авах асуудлыг ярина. гэж хэлсэн.

Д.Т би Авлигатай тэмцэх газраас Малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа талаар тодруулахаар хүсэлт өгсөн бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 11 дүгээр 20-ны өдрийн 06/9839 тоот албан бичгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш гэсэн хариу ирүүлснийг Цагдаагийн Ерөнхий газрын даргад хувийн өргөдлийн хамт албан бичгийг хувилж хүргүүлсэн.

Миний хувьд Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/935 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр албанаас халж, цагдаагийн цолыг хураасан нь хууль бус бөгөөд тушаалд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад албанаас халах шийдвэр гаргасан тул Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Д.Т намайг Г аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж байхад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Алба хаагчдын зохисгүй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Болсон явдлын тухай товч дурдвал, 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Г аймгийн ******* сумын Гуулин тосгоны хүүхдийн амралтын газрын зүүн урд талд 500 метр орчмын зайд сумын иргэн Ө гэгч нас барсан гэх дуудлагад аймгийн Цагдаагийн газрын даргаас өгсөн албан үүргийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүнийг миний бие ахалж хэргийн газар шөнийн 00 цагаас 01 цагийн орчим очиж, хэргийн газрын үзлэг хийх гэсэн боловч боломжгүй байсан тул хамгаалалтад 2 алба хаагчийг томилж, өглөөний 06 цагт үзлэг хийн гэрчүүдээс мэдүүлэг авч ажилласан.

Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэн цогцсыг авч явах талаар ирж уулзсан бөгөөд миний бие боломжгүй гэдгийг хэлж, холбогдох хуулийг тайлбарласан. Гэтэл хохирогчийн ар гэрийнхэн 11 цагийн орчим цагдаагийн газрын машинаас цогцсыг зөөвөрлөн аймгийн төв рүү аваад явлаа гэсний дагуу араас нь очин цогцсыг харгалзан аймгийн нэгдсэн эмнэлгийн моргт хүлээлгэн өгч энэ талаар цагдаагийн газрын даргад танилцуулан ажилласан.

Гэвч Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулж, улмаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулсан юм. Уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох-оор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн. бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын дарга зөрчил гарснаас хойш 7 сар 22 хоногийн дараа хэрэглэх ёсгүй буюу Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан.

Тодруулбал, хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглэлгүй, сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд миний эрх зүйн байдлыг дордуулах зорилгоор хэрэглэх ёсгүй 2017 онд батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний бие энэ талаар холбогдох хуулийг судалж үзэхэд маргаан бүхий акт болох Б/148 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг минь хүлээн авч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цагдаагийн албаны тухай хуулийн 14.1.3-т цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд Г аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг явуулахад нэхэмжлэгчид холбогдох дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан Алба хаагчийн ажлыг үнэлэх /код-111/ журмыг тус тус үндэслэн алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний 10 сарын явц, байдалд үнэлгээ өгөхөд нэхэмжлэгч нь 63.3 оноогоор /D/ буюу Дутагдалтай дүгнэгдсэн, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцсан алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд 8 удаа албаны шалгалтыг явуулсан боловч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-112/-ын маягт /код-112.716/ Албаны шалгалт явуулсан мэдээг цагдаагийн байгууллагын цахим санд оруулаагүй, Аймгийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/181 тоот Арга хэмжээ авахуулах тухай албан бичгийн дагуу нэр бүхий 2 алба хаагчид албаны шалгалт явуулсан боловч Сургуулийн чөлөөтэй байсан, Хүүхэд нь өвчтэй байсан гэх, Зам тээврийн осол гаргасан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнсодномыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх шалтгаанаар арга хэмжээ тооцуулаагүй, хууль бус явдалтай эвлэрсэн.

Ажлын байранд шууд удирдах албан тушаалтны зүй Албан ажлын үүрэг, шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, зүй бусаар авирлан төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх хэм хэмжээг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Алба хаагчийн зохисгүй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, Г аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Сануулах" сахилгын шийтгэл тус тус хүлээж, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байх үед дахин давтан сахилга, ёс зүйн зөрчил гаргасан байна.

Түүнчлэн 2018 оны 07 дугаар сарын 05, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд сумын нутгаас 13 тооны адуу хулгайлсан эрүүгийн 1816001790111 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Э.Д-ийн Хаан банкны ******* дугаартай дансанд нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.А*******гийн Хаан банкны ******* дугаарын данснаас хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 /нэг сая/, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 400.000 /дөрвөн зуун мянга/, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь яллагдагч Э.Д-тэй мал наймаалцдаг хувийн дотно харьцаатай, мөн яллагдагч Э.Д-ийн 2015, 2016 онуудад малын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг өр, авлагадаа авах нэрийдлээр хувьдаа авч өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл илэрснийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар Г аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явуулсан төлөвлөгөөт бус шалгалтын дүн болон цагдаагийн дэд хурандаа Д.Тын гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан Сахилгын шийтгэл оногдуулах журам /код-914/-ын 914.3.1-д заасны дагуу биечлэн хуралд оролцуулсан. Шалгалтаар тогтоогдсон нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.13, 37.1.18, Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г.Б*******гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан Миний дүү Г.Ө******* 2018 оны 07 дугаар сарын 13-14 ний өдөр учир битүүлгээр нас барсан, Г аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид ёс зүйгүй үйлдэл гаргасан... гэх гомдлын дагуу холбогдох алба хаагчдад албаны шалгалт явуулсан.

Шалгалтаар 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Г аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын утсанд Г аймгийн ******* сумын нутагт орших Ямаат уулын бэлд Г.Ө******* гэх хүн нас барсан байдалтай олдсон" гэх мэдээлэл ирж, шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахаар явсан бөгөөд цагдаагийн газрын даргаас тухайн өдрийн ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Тыг хэргийн газарт ажиллах алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах үүрэг өгснөөр Д.Т тухайн хэргийн газарт албаны автомашинтай хүрэлцэн очсон байна.

Үзлэгээр талийгаачийн толгойн дух, зулай, гавалын зүүн хэсэг бяцарч цөмөрсөн, тархины эд урссан байдалтай байсан ба хэргийн газарт ажиллаж байсан алба хаагч Ч.Л нь талийгаачийн цогцсыг түүний ар гэрийнхний унаж ирсэн Тоёота прадо маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлж аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцос хадгалах байранд хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны 385/а/278 дугаар хамтарсан тушаалаар баталсан Цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид хэргийн газрын үзлэгт хамтран ажиллах журам-ыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь хэргийн газрын үзлэгийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа хойшлуулшгүй ажиллагаа бүрэн явагдаж байгаа эсэхэд биечлэн хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л-ийн иргэнд зүй бус шаардлага тавьж, ар гэрийнхнээр нь цогцос тээвэрлүүлсэн үйлдлийг таслан зогсоож, шаардлага тавиагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.7 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.1-т заасан ... ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар шаардлага тавих, 2.3.2-д заасан Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх хэм хэмжээг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/148 дугаар тушаалаар албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх захиргааны актад нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд гомдол гаргах, хянан шийдвэрлүүлэх эрхээ эдлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тэмдэглэлд ...Г аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн болон Д.Тт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-т зааснаар албан тушаал бууруулах саналыг ажлын хэсгээс танилцуулсан. талаар тусгагдсан боловч Цагдаагийн ерөнхий газрын даргаас ...өмнө нь зөрчил гаргаж байсан тул Д.Т цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасныг зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.

Уг зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалаар Г аймаг дахь цагдаагийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Тыг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, шууд удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдсан зөрчил гаргасан гэж үзэн цагдаагийн дэд хурандаа цолыг хурааж, албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу Г аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн ажиллагааг 69.4 /D/ буюу хангалтгүй, Д.Тын үйл ажиллагааг 63,3 буюу дутагдалтай гэж дүгнэсэн байна.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын 111.6.1-ийн г-д 60-69 оноо авсан бол дутагдалтай гэж дүгнэхээр, мөн журмын 112.314-т Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлалд авбал зохих оноог 100 оноогоор тооцохоор зааснаас үзэхэд Г аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс тус газрын Хэрэг бүртгэх тасгийн ажиллагааг 69.4 /D/ буюу хангалтгүй гэж дүгнэсэн, түүнчлэн Хэрэг бүртгэх тасгийн үйл ажиллагааг үнэлэхдээ авбал зохих 100 оноог тусгаагүй болох нь хэрэгт авагдсан шалгалтын тэмдэглэл, ажил дүгнэсэн хүснэгтээр нотлогдож байна.

Мөн хариуцагчаас ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан Алба хаагчийн ажлыг үнэлэх /код-111/ журмыг тус тус үндэслэн алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний 10 сарын явц, байдалд үнэлгээ өгөхөд Д.Т нь 63.3 оноогоор /D/ буюу дутагдалтай дүгнэгдсэн гэж тайлбарласан боловч Д.Таас ажлын хэсгээс Хэрэг бүртгэлтийн тасгийн ажлыг үнэлээд Д.Тт 73,3, ахлах мөрдөгч М.Б*******т 85,3, мөрдөгч Г.С******* 80.3 оноогоор дүгнэгдэж холбогдох алба хаагчдаар гарын үсэг зуруулсан атлаа дараа нь миний оноог 63,3 болгон өөрчилсөн гэж маргасантай холбогдуулан шалгалтын ажлын хэсэгт ажилласан гэрч С.М*******ас тодруулахад ...Үнэлгээний журмыг буруу ойлгосноос буруу үнэлгээ тавьсан байсан. Үнэлэх хүснэгтэд авбал зохих оноог 100 оноогоор бичээгүй боловч тооцохдоо 100 онооноос тооцсон... гэх мэдүүлгийг өгсөн.

Эдгээр баримтаас үзэхэд дээр дурдсан хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс Хэрэг бүртгэх тасаг болон тус тасгийн дарга Д.Тын үйл ажиллагааны үр дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн тайлбарт ... яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Э.Д-ийн Хаан банкны ******* дугаартай дансанд нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.А*******гийн Хаан банкны ******* дугаарын данснаас хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 /нэг сая/, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 400.000 /дөрвөн зуун мянга/, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь яллагдагч Э.Д-тэй мал наймаалцдаг хувийн дотно харьцаатай, мөн яллагдагч Э.Д-ийн 2015, 2016 онуудад малын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг өр, авлагадаа авах нэрийдлээр хувьдаа авч өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл илэрснийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн талаар дурдсан боловч Д.Тт Авлигатай тэмцэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/9839 дүгээр албан бичгээр .... Та тус хэлтэст шалгагдаж байгаа ... хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш ... гэсэн хариуг ирүүлжээ.

Д.Тт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Алба хаагчийн зохисгүй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчилд албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, Г аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Д.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд зохион байгуулсан сургалтад 1 цаг 25 минут хоцорсон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Гэвч Д.Тын үйл ажиллагааг Хяналт шалгалтын ажлын хэсгээс 63.3 буюу дутагдалтай гэж дүгнэж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг зөвлөлийн хуралд оруулсныг харгалзан үзэлгүйгээр хэрэгт шалгагдаж байгааг нотлох баримтгүйгээр, мөн өмнө зөрчил гаргаж байсан гэх шалтгаанаар албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална, 82.1.1-д өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн., Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг. гэж заасан боловч Д.Тын гаргасан ноцтой зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагчаас Д.Тт ногдуулсан шийтгэл нь түүний гаргасан зөрчилтэй тохирч байгаа эсэх, ажлын хэсгээс гаргасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг албанаас халах сахилгын шийтгэл болгон өөрчилсөн талаарх үндэслэлийг тодруулж, Д.Тт сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Д.Т нь хэргийн газрын үзлэгийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа хойшлуулшгүй ажиллагаа бүрэн явагдаж байгаа эсэхэд биечлэн хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л-ийн иргэнд зүй бус шаардлага тавьж, ар гэрийнхнээр нь цогцос тээвэрлүүлсэн үйлдлийг таслан зогсоож, шаардлага тавиагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.7 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.1-т заасан ... ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар шаардлага тавих, 2.3.2-д заасан Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Д.Тын албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий Б/148 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэх захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан гэж маргасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн албаны шалгалт явуулсан дүнг үндэслэн Г аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нарт түүний дотор Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэх шинжийг агуулаагүй байна.

Иймээс уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б/148 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй тул Д.Тын Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд Д.Тт ногдуулсан албанаас халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилтэй тохирч байгаа эсэх, ажлын хэсгээс гаргасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг албанаас халах сахилгын шийтгэл болгон өөрчилсөн шалтгаан, үндэслэлийг тодруулж, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН