Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар   2022/ШЦТ/169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч:А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аийн Гэд холбогдох 221200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .............. аймгийн .............. сумын ............ багийн .................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Аийн Г /РД:/  

Холбогдсон хэргийн талаар


Шүүгдэгч А.Г нь ............. аймгийн .............. сумын ................ багийн дунд даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.8 метр куб хэмжээтэй, 38 ширхэг, шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 596.675 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 22120дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Н.Лийн өгсөн: “...Эрдэнэмандал сумын иргэн гэдгээр нь танина. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн А.Г нь Тээл багийн Дунд даваа гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 596675.1 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт бахйгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 ху/,


*Гэрч Л.Сийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхдаа мод тээвэрлэж явсан 00-00 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Эрдэнэмандал сумын иргэн А.Г гэх хүн эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байсныг түр саатуулсан юм. А.Г гэх хүний аав А гэх хүн хамт явж байсан. Портер маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр хөндлөн ачиж дүүргэсэн мод байсан. Хэдэн метр урттай, хэдэн ширхэг мод байсан талаар сайн мэдэхгүй байна. А.Г мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 ху/, 

*Гэрч Р.Б өгсөн: “...Би Тээл багийн иргэн А.Г гэх хүнийг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Төрөл садан, ах дүүгийн холбоо байхгүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Идэр- Улаан багийн Хүннү голын ай сав газарт байгаа Хүн чулууны хөшөө дурсгалын газрууд, Хан-Өндөр уул, Зост хайрхан, Улсын тусгай хамгаалалттай газар Хануй голын сав газарт байх Хар хул хааны балгас, түүний ойролцоох хүн чулууны хөшөөнүүд, Аймгийн тусгай хамгаалатад Алаг-Уул, Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багийн нутагт байх 65 ширхэг Бухан чулуу хөшөөнүүд тус тус ордог юм. Тээл багийн Дунд даваа гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/,

*Гэрч Ч.Аийн өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ байж байхад манай хүү А.Г аав хамт модонд яваад өгөөч гээд манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би хамт Дунд даваа гэх газар хүү А.Гийн хамт очиж унанги, босоо модноос мод бэлтгэсэн. Модоо бэлтгэж дуусаад 12-71 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад сумын төвийн урд талын гүүрэн дээр явж байхад цагдаад зогсоож шалгасан. Хүү бид хоёр шинэс төрлийн унианги, босоо модноос 1,45 орчим метр урттай 38 ширхэг мод бэлтгэсэн. Бид хоёр хуурай 2 ширхэг мод унагааж, 1 модноос 1,45 метрын урттай 7 ширхэг мод бэлтгэж унагаасан. Хоёр модноос нийлээд 1,45 метрын урттай 14 ширхэг мод бэлтгэсэн бусад 24 ширхэг модыг унианги модноос бэлтгэсэн. Би эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Би А.Гийн эрхийн бичиг авсан гэж л бодсон. Эрхийн бичиг авсан юм уу гэж асуугаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл манай хүү А.Гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.  Эвдрээд удсан байсан машиныг янзалж байгаад асаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/,

А.Гийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж таницлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 хуу/, 
А.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57-58 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын АА-22-25 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 47-50 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэмандалын сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108 хуу/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 109-111 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай: 
1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн А.Гийн хууль бусаар бэлтгэсэн 1.5 метр урттай 38 ширхэг 3,0201 метр куб бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 596675.1 төгрөг
2. 3,0201 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 596.675 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 ху/,

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 115--116 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь ............ аймгийн ................ сумын ............... багийн дунд даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.8 метр куб хэмжээтэй, 38 ширхэг, шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 596.675 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 221200 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.Г нь ........... аймгийн ........... сумын ............. багийн дунд даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.8 метр куб хэмжээтэй, 38 ширхэг, шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 596.675 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Н.Лийн: “...Тээл багийн Дунд даваа гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна..гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/, гэрч Л.С: “...мод тээвэрлэж явсан 12-71 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Эрдэнэмандал сумын иргэн А.Г гэх хүн эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байсныг түр саатуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/, гэрч Ч.Аийн: “...би хамт Дунд даваа гэх газар хүү А.Гийн хамт очиж унанги, босоо модноос мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч А.Гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Гийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.Гийн үйлдлийн улмаас ойн санд 596.675 /таван зуун ерин зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /596.675 х3=1.790.025 төгрөг /нэг сая долоон зуун ерин мянга хорин тав/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.790.025 төгрөг /нэг сая долоон зуун ерин мянга хорин тав/ төгрөгийг шүүгдэгч А.Гээс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч А.Г нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүугийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 120-121 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 АРА улсын дугаартай 3.332.127 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан 1.790.025 / нэг сая долоон зуун ерин мянга хорин тав/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.542.102 / нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн 306.000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг 1.8 м кв  шинэс төрлийн хуурай модыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                               ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт А ийн Гийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.Г нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-71 АРА улсын дугаартай 3.332.127 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.790.025 / нэг сая долоон зуун ерин мянга хорин тав/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.542.102 / нэг сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун хоёр/ төгрөгийг, мөн   306.000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг 1.8 мкв  шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

                       

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ