Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00132

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй

            Хариуцагч: / холбогдох       

20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.             

     ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                                                                     

Нэхэмжлэгч Б.Н, Д.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Б.Н миний бие орон сууцтай болох зорилгоор Б.Бын өмчлөлийн БГД-ийн 20-р хороо ,10-11 тоот 2 өрөө 61.34 мкв Ү-2205063081 тоот бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2016.8.26-ны өдөр урьдчилгаанд нь 20 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд баримт үйлдсэн. Урьдчилгаа мөнгө төлсөн учир байрандаа 2016.5.01-нд нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Улмаар 2016.10.17-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл Б нь Голомт банкнаас авсан 74 000 000 төгрөгийн зээлээ төлөөгүй байгаа учир банк шийдвэр гүйцэтгэлээр байрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд манай гэр бүл орон сууц ч байхгүй, 20 000 000 төгрөг ч байхгүй гудамжинд гарах хэмжээнд хүрээд байна. Иймд аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байрны урьдчилгаанд төлсөн 20 000 000  төгрөгийг нэхэмжлэхээс аргагүй байдалд хүрээд байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас байраа чөлөөлөхийг удаа дараа шаардаж байгаа бөгөөд манай гэр бүл нялх хүүхэдтэй өвөл амьдрах байргүй болох эрсдэл үүсээд байна. Иймд Б.Баас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Б.Н миний бие орон сууцтай болох зорилгоор Б.Бын өмчлөлийн орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс урьдчилгаа 27 000 000 төгрөгийг цувуулан шилжүүлж 2016 оны 5 сарын 01-ний өдөр байрандаа нүүж орсон. 2016 оны 10 сарын 17-ны өдөр гэрээг нотариат дээр байгуулсан. Гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх гэтэл Б.Б нь Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулан зээл авч зээлийн гэрээний барьцаа болгон миний худалдан авсан байрыг барьцаалсан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэж аваагүй. Иймд нэхэмжлэгч нарыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10 дугаар байр 11 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Б.Н миний бие тус шүүхэд Б.Бт холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч Б.Б нь дээрх маргаан бүхий орон сууцыг аль хэдийнээ Голомт банкны барьцааны өрөнд шилжүүлсэн тул миний бие орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч Б.Баас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дэмжиж байна. Б.Н, Д.С нар нь хариуцагч Б.Баас Баянгол дүүргийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг шилжүүлж, нүүн орсон байдаг. Гэтэл хариуцагч Б.Б нь уг орон сууцыг банкны барьцаанд тавьж мөнгө зээлсэн байсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарыг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаа учраас орон сууц ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирох нөхцөл байдалтай болчихсон. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэрэгжихгүй болсон тул гэрээнээс татгалзаж, байрны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Н, Д.С нар нь хариуцагч Б.Бт холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Бтай орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгийг төлж, орон сууцын хүлээн авч хуульд зааснаар гэрээгээ бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газар хандахад боломжгүй гэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан тул орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Н, Д.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, мөн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дахин өөрчилсөн шаардлагыг тус тус гардан авсан боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б.Б нар нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж, 10 байр 11 тоот хаягт байрлах 61.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 27 000 000 төгрөгийг байршуулж, үлдэгдэл мөнгийг банкны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 4-р хуудас/

Мөн нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Бт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хороололд 10 дугаар байрны 11 тоотод 61,34 м.кв байрны урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд байрны урьдчилгаа үнийг төлснөөр орон сууцыг хүлээн авч, худалдах худалдан авах гэрээг байгуулж, уг орон сууцанд амьдарч байсан гэж тайлбарласан. /хэргийн 3-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. 

Гэвч зохигч талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасныг зөрчсөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч боломжгүй гэсэн гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №102/ШШ2017/01521 дүгээр шийдвэрээр нотлогдож байна.

Уг шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баттулгын Баас 70 447 908 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063081 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2-р хороо, Москва гудамж, Шинэ хотхон 10 байрны 11 тоот 61,34 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж шийдвэрлэжээ. /хэргийн 54-55-р хуудас/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н, Д.С нарт өмчлөх эрх үүсээгүй, талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Баас орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Д.С нарт олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн түүний 99103690 дугаарын утсаар нь залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд шүүх хуралдааныг 15 цаг 45 минутад эхлэхэд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д  зааснаар хариуцагч Б.Баас 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Д.С нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                                                                    

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Д.ХУЛАН