Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2018/00006/И |
Дугаар | 173 |
Огноо | 2018-01-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 173
2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2018/00173 | Улаанбаатар хот |
2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2018/00173 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч: /,
Нэхэмжлэгч: нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /ШТЭҮ-0415/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л.Р нь 2012 оны 7-р сарын 23-ны өдрийн №1В/82 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 1В байрны 01 тоот 3 өрөө орон сууцыг 142.345.500 төгрөгөөр, О.О нь 2014 оны 1-р сарын 23-ны өдрийн №1В/16 тоот гэрээгээр 1В байрны 207 тоот 3 өрөө орон сууцыг 89.471.700 төгрөгөөр, Б.Б нь 2016 оны 8-р сарын 30-ны өдрийн №1В/39 тоот гэрээгээр 1В байрны 503 тоот 3 өрөө орон сууц болон 1В-21 тоот автомашины зогсоолыг 78 413 400 төгрөгөөр, 2016 оны 9-р сарын 30-ны өдрийн №1В/56 тоот гэрээгээр 1В байрны 702 тоот 3 өрөө орон сууцыг 68.133.800 төгрөгөөр, 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн №1В/67 тоот гэрээгээр 1В байрны 804 тоот 4 өрөө орон сууцыг 100.066.200 төгрөгөөр, 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн №1В/31 тоот гэрээгээр 1В-31 тоот автомашины зогсоолыг 10.000.000 төгрөгөөр, 2014 оны 11-р сарын 24-ний өдрийн №1В/58-1 тоот гэрээгээр 1В-32 тоот автомашины зогсоолыг 10.000.000 төгрөгөөр, Ц.Э нь 2014 оны 7-р сарын 03-ны өдрийн №1В/73 тоот гэрээгээр 1В байрны 901 тоот 4 өрөө орон сууцыг 132.542.000 төгрөгөөр, 2014 оны 9-р сарын 19-ний өдрийн №1В-901 тоот гэрээгээр 1В-10 тоот автомашины зогсоолыг 16.000.000 төгрөгөөр “М” ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож тус тус гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нар нь бүрэн гүйцэт төлж барагдуулсан ба орон сууцыг хүлээн авч өөрийн нэр дээр өмчлөх эрхийг олж авах эрхтэй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Мөн гүйцэтгэгч “М” ХХК нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхгүй байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа бөгөөд дээрх нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах боломжгүйд хүрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсанаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон. Тэгэхээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ ” гэж зааснаар дээрх орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгч нарын нэр дээр шилжих үндэслэлтэй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлыгыг ханган өмчлөгчөөр тогтоож, М ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Л.Рэнчинням, О.О, Б.Б, Ц.Э нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч М ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, шаардлагатай баримт бичгийг өгөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь худалдан авсан эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан боловч боломжгүй гээд бүртгэхгүй байгаагаас өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа юм. Үндэслэл нь уг орон сууц болох 1В байр буюу 97 дугаар байрыг битүүмжилсэн гэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан бичгийн дагуу хөдөлгөөн хийхгүй гэдэг. Гэтэл уг орон сууцыг ТОСКорпораци нь барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн, мөн барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах талаар заагаагүй, бараг 300 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн гэж байгаа нь оршин суугчид буюу эд хөрөнгийн үнийг төлж худалдан авсан иргэдийн эрх ашгийг хохироож байна. Иймд өмчлөгчөөр тогтоож, бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж байгаа Л.Р, О.О, Б.Б, Ц.Э нарын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжпэгч Л.Рын тухайд 2012 оны 7-р сарын 23-ны өдөр №1В/82 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 97-р байрны 01 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцон 142.345.500 төгрөгийг графикийн дагуу төлсөн. Нэхэмжпэгч О.Оын тухайд 2014 оны 1-р сарын 23-ны өдөр №1В/16 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 97-р байрны 207 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцон 89.471.700 төгрөгийг графикын дагуу төлсөн. Нэхэмжлэгч Б.Бгийн тухайд нийт гурван орон сууц болон гурван авто машины зогсоолыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон байдаг. 2016 оны 8-р сарын 30-ний өдөр №1В/39 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр 97-р байрны 503 тоот 3 өрөө орон сууц болон 1В-21 тоот автомашины зогсоолыг захиалгаар бариулахаар тохиролцон 78.413.400 төгрөгийг графикын дагуу төлсөн. Мөн 2016 оны 9-р сарын 30-ний өдөр №1В/56 тоот гэрээ байгуулж 97-р байрны 702 тоот 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцон 68.133.800 төгрөгийг төлсөн. Мөн 2016 оны 10-р сарын 24-ний өдөр №1В/67 тоот гэрээг байгуулж 97-р байрны 804 тоот 4 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцон 100.066.200 төгрөг төлсөн. 2016 оны 11-р сарын 17-ны өдөр №1В/31 тоот гэрээгээр 1В-31 тоот автомашины зогсоол болон 2014 оны 11-р сарын 24-ний өдөр №1В/58-1 тоот гэрээгээр 1В-32 тоот автомашины зогсоолыг тус тус захиалгаар бариулахаар тохиролцон 20.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Ц.Эын тухайд 2014 оны 7-р сарын 03-ны өдөр №1В/73 тоот гэрээг байгуулж 97-р байрны 901 тоот 4 өрөө орон сууцыг захиалгаар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон 132.542.000 төгрөг төлсөн. Мөн 2014 оны 9-р сарын 19-ний өдөр №1В-901 тоот гэрээгээр 1В-10 тоот автомашины зогсоолыг захиалгаар гүйцэтгүүлэхээр 16.000.000 төгрөгийг төлсөн.
Манай компани гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. 97-р байр нь нийт 93 айлын орон сууц бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 61 айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч манай компанид холбогдох бусад байгууллага болон иргэдийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус 97-р байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10-р сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм. Иймд “М” ХХК нь төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрөө бүрэн төлсний дараа 97-р байрны захиран зарцуулах эрх сэргэх тул оршин суугч нарыг өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шарадлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Л.Рэнчинням, О.О, Б.Б, Ц.Э нар нь манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, уг орон сууцны үнийг бүрэн төлсөн, хүлээн авч амьдарч байгаа талаар маргаан байхгүй. Харин 1В буюу 97 дугаар байр нь бүхэлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгээр түдгэлзүүлсэн байгаа учир өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс бид холбогдох бичиг баримтыг өгч чадахгүй байгаа нь үнэн. Манай компаниас шүүхийн шийдвэрийн дагуу иргэдийн өр төлбөрийг төлж барагдуулж байгаа. Иймээс төлбөр төлөгдсөний дараа өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Р, О.О, Б.Б, Ц.Э нар нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Р, О.О, Б.Б, Ц.Э нар нь орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Р, О.О, Б.Б, Ц.Э нар нь орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй боловч гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Л.Рэнчинням нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №1В/82 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны 01 тоот 86,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, 142 345 500 төгрөгөөр,
О.О нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр №1В/16 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун хотхоны 1В байрны 207 тоот, 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 89 471 700 төгрөгөөр,
Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1В/58-1 тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны №1В-32 тоот 15,5 м.кв талбайтай авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр, мөн 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр №1В/39 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 503 тоот 100,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 78 413 400 төгрөг, 1В-21 тоот авто зогсоолыг 8 000 000 төгрөг, нийт 86 413 400 төгрөгөөр, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн №1В/56 тоот “Захиалгаар орон сууцын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 702 тоот, 83,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 68 133 800 төгрөгөөр, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №1В/67 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун хотхоны орон сууцын 1В байрны 804 тоот 128,29 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 100 066 200 төгрөгөөр, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №1В-31 тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В-31 тоот авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр,
Ц.Э нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр №1В/73 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших, Могул таун орон сууцны хотхоны 1В байрны 901 тоот 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 132 542 000 төгрөгөөр, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №1В-901 тоот “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших, 315 айлын орон сууцны хотхоны №1В-10 тоот 15,5 м.кв талбайтай, авто зогсоолыг 16 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдээр тус тус нотлогдож байна. /хэргийн 6-8, 15-17,24-26, 28-30, 39-41, 49-51, 56-58, 63-65, 70-72-р хуудас/
Зохигч талууд “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” болон “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.
Талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Могул таун орон сууцны хотхоны 1В байр гэсэн боловч хэрэгт авагдсан Хот байгуулалт, газрын кадастр мэдээллийн хэлтсийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/406 тоот албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцны зориулалттай барилга нь Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж 97 гэсэн дугаартай болохыг тодорхойлов” гэсэн байх бөгөөд 1В байр нь 97 дугаар байр болох талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй. /хэргийн 93-р хуудас/
Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 97 дугаар байрны 01, 207, 503, 702, 804, 901 тоот орон сууц, 21, 31, 32, 10 тоот авто зогсоол болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь талуудын тайлбар, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Л.Рэнчинням, О.О, Б.Б, Ц.Э нар нь хариуцагчтай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан тул нэхэмжлэгч нар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Рэнчинням нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №1В/82, О.О нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №1В/16, Ц.Э нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №1В/73, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №1В-901, Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1В/58-1 тоот гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээ болон тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 97 дугаар байрны 01, 207, 901 тоот орон сууц, 32, 10 тоот авто зогсоолыг “Журамт өргөө” ХХК болон “Хасуу цамхаг” ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь барилгын ажлын явцад хяналт тавих, орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууцыг 2015 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн №2015/570 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисс хүлээн авч, нэхэмжлэгч нар нь 2015 оноос орон сууцанд нүүн орсон, амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. /хэргийн 6-8, 15-17,24-26, 28-30, 39-41, 49-51, 56-58, 63-65, 70-72-р хуудас/
Харин нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр №1В/39 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр №1В/56 тоот, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тоот, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №1В-31 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” болон “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууц, авто зогсоолын барилга нь 2016 оны 10 сарын 06-нд ашиглалтад орсон болох нь хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч нь уг гэрээг эрх шилжүүлэх гэрээ байгуулан Б.Б нь шилжүүлэн авсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Захиалгаар авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2.1 дэх заалтууд, “М” ХХК-ийн “Төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт” гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагч нар буюу худалдан авагч нэхэмжлэгч нарын өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй. /хэргийн 6-9, 15-18, 24-26, 28-32, 39-42, 49-52, 55-59, 63-66, 70-73-р хуудас/
Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээ гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан боловч хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт “...1.уг барилга нь бүхлээрээ аялал жуулчлалын зориулалтаар дутуу гүйцэтгэлтэй М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх тул давхар гэрчилгээ олгохгүй, 2.мөн уг барилга нь бүхлээрээ 2012 оны 12 сарын 28-ны ОССК-д барьцаатай тул зөвшөөрөл авах, 3.2016 оны 10 дугаар сарын 03-ны НШГА-ны 3/30902 тоотоор эрх түдгэлзүүлсэн байна” гэжээ. /хэргийн 100-р хуудас/
Хэрэгт авагдсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот албан бичиг, уг албан бичгийн хавралт болох “Барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалт”-аар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун Ар зайсангийн гудамж 97 тоот байрны 1В-1, 1В-207, 1В-503, 1В-702, 1В-804 тоот орон сууц, 1В-10, 1В-21, 1В-31, 1В-32 тоот авто зогсоол, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/1391 тоот албан бичгийн хавсралтаар 97 тоот байрны 901 тоот 132,91 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 87, 89-р хуудас/
Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 тоот албан бичигт “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэрээр М ХХК-иас 353 081 991 төгрөгийг гаргуулж Ч.Батсайханд, мөн шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрээр М ХХК-иас 20 804 670 төгрөгийг гаргуулж, Ц.Энхбүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эсэх талаарх хариуг гаргаж ирүүлнэ үү” гэжээ. /хэргийн 100-р хуудас/
Гэвч уг албан бичигт дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 шийдвэр, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрт хариуцагч М ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар дурдаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гэрээний зүйл болсон 1В буюу 97 байрны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түдгэлзүүлсэн тул өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг өгөх боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 101-107-р хуудас/
Иймд нэхэмжлэгч нар нь ажлын үр дүнг буюу орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууц, авто зогсоолын үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгч Л.Рэнчиннямыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 01 тоот 86,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны, О.Оыг Хан-Уул дүүргийн 11 хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 207 тоот, 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Б.Бг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 32 тоот 15,5 м.кв талбайтай авто зогсоол, 97 байрны 503 тоот 100,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 21 тоот авто зогсоол, 702 тоот, 83,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 804 тоот 128,29 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 31 тоот авто зогсоолын, Ц.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхон 97 байрны 901 тоот 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 10 тоот 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч “М” ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Рэнчиннямыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 01 тоот 86,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны, О.Оыг Хан-Уул дүүргийн 11 хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 207 тоот, 100,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны, Ц.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхон 97 байрны 901 тоот 132,91 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 10 тоот 15,5 м.кв талбайтай, авто зогсоолын, Б.Бг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 32 тоот 15,5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 97 байрны 503 тоот 100,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 21 тоот авто зогсоол, 702 тоот, 83,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 804 тоот 128,29 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 31 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, хариуцагч “М” ХХК-нд улсын бүртгэлд бүртүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Рэнчиннямын 869 678 төгрөг, О.Оын 605 308 төгрөг, Б.Бгийн 2 096 817 төгрөг , Ц.Эын 900 660 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 869 678 төгрөгийг гаргуулж Л.Рэнчиннямд, 605 308 төгрөгийг гаргуулж О.Од, 2 096 817 төгрөгийг гаргуулж Б.Бд, 900 660 төгрөгийг гаргуулж Ц.Эт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН