Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  Т.Б,

Шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Кэд холбогдох 2213000930109 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, эх, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн А-н К, РД:БВ85120415

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.К нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Кг жирэмсэн болохыг нь мэдсээр байж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 удаа, 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 1 удаа, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1 удаа нийт 3 удаа зодож, Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.К нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Кг зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдээр тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.2 Шүүгдэгч А.К шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б: Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

2. Шүүх хуралдаанаар эрүүгийн 2213000930109 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас:

2.1. Иргэн Х.Сээс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2.2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн  05-11 дэх тал/,

  2.3. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

  2.4. Эд зүйлд буюу хохирогч Х.Кгийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

  2.5. Баяннуур сумын эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэлийн хуулбар / хавтаст хэргийн 39 дэх тал/,

2.6. Хохирогч Х.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 58-59, 62 дахь тал/,

2.7. Гэрч А.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

2.8. Гэрч С.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

2.9. Гэрч Д.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

2.10. Гэрч Ж.Мкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

2.11. Гэрч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

2.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

2.14. Шүүгдэгч А.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дугаар хуудас болох шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин шүүгдэгч А.К, түүний өмгөөлөгч Т.Бт нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Кт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4. Хэргийн үйл баримт:

4.1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Кийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

4.2 Шүүгдэгч А.К нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Кг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь:

4.2.1.Хохирогчийн Х.Кгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

4.2.2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,

4.2.3. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

4.2.4. Эд зүйлд буюу хохирогч Х.Кгийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

4.2.5. Баяннуур сумын эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/,

4.2.6. Хохирогч Х.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.Ктэй 2020 оны 11 дүгээр сарын үеэр гэр бүл болсон. Гэхдээ одоог хүртэл гэрлэлтийн баталгаа байхгүй..., ...намайг жирэмсэн гэдгийг нөхөр мэдэж байгаа, өөрөөр хэлбэл 02 дугаар сарын 01-нд сумын эмнэлэгт ирж үзүүлэхэд нөхөр хамт ирж байсан. Түүнээс хойш нөхөр 3 удаа намайг зодож, цохиж байсан бөгөөд өчигдөр өглөө 10 цагийн үед нөхөр босож аваад намайг хумсны хутга олсонгүй гэх шалтгаанаар миний цээж хэсэг рүү 2 удаа цохиж, улмаар нүүрлүү минь хоёр, гурван удаа алгадаж аваад надад “Өнөөдөр гэрээс зайлсан байгаарай” гэж хэлээд хувцсаа өмсөөд, мотоциклоо унаад сумын төврүү яваад өгсөн..., ...Өчигдөр өглөө нөхөр сумын төврүү явчхаад орой 17 цагийн үед согтуу байдалтай А.Жн гэх хүний хамт хүрч ирсэн. А.Ж нь ч гэсэн нэлээн согтуу байсан. Тэд нар ирэх үед би үхэр саагаад явж байгаад гэрлүү ороход нөхөр надад энэ хүнд хоол хийж өг, цай чанаадах гэхээр нь би цай чанаж байтал нөхөр надад би А.Жумаханыг гэрт нь хүргээд ирье гэхээр нь би та архи дарс уув, удахгүй ирэх үү гэж асуухад чи намайг мэддэг болсон юм уу? би чамд өглөө энэ гэрээс зайлаарай гэж хэлсэн биздээ гэж хэлээд миний хажууд хүрч ирээд гараараа шууд миний хэвлий хэсэг рүү маш хүчтэй нэг удаа цохиж авахад цаана ширээний хажууд хадам ээжтэй цуг сууж байсан А.Жумахан босож ирээд чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гэж хэлээд нөхрийг хувцаснаас нь татаж салгаж авсан...”, “...нөхөр А.К анх намайг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орой сумын төвөөс архи ууж ирээд гэр дотор нүүр лүү минь хоёр, гурван удаа алгадаж, улмаар цээж хэсэгт хоёр удаа цохиж авсан. Гэхдээ тухайн үед миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Дараагаар нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр нөхрийн найз болох Ж.Манарбекийн эхнэр Майка цайллагад уриад нөхөр бид хоёр мотоциклтой очсон. Цайллагад нөхөр ороогүй бөгөөд намайг тэнд үлдээж яваад сумын төвөөс архи уусан байна лээ. Орой нь цайллага тарсны дараа намайг тэдний гэрээс дагуулж яваад Баяннуур сумын төвд гудамжид явж байтал нөхөр гэрлүү явахгүй, архи ууна гэхээр нь би түүнд гэрлүү явъя, орой болчихлоо гэж хэлсний төлөө намайг үсдэж байгаад нүүрлүү минь хоёр удаа алгадсан. Тухайн үед мөн л ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй..., ...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн орой 18-19 цагийн хооронд нөхөртөө зодуулсны улмаас үр зулбасан минь үнэн, тухайн үед нөхөр миний хэвлий хэсэг рүү маш хүчтэйгээр нэг удаа цохиж авсан, тэр үед А.Жумахан гэх хүн нөхрийг салгаж авсны дараа би нялх хүүхдээ тэвэрч аваад гадаа гараад гэрийн ойролцоо байсан малыг хашаанд оруулж байтал миний хэвлийгээр маш хүчтэй өвдсөн, дараагаар нь шээс хүрсэн мэт мэдрэмж төрөхөөр нь малын хашааны гадна буланд суухад доороос ус гарсан. Тэгээд тэндээс босоод хэсэг газар явж байгаад харгана модны доор очиж дахиж суух үед доороос алганы хэмжээний хүний дүрстэй улаан зүйл унасан. Тэр үед би маш их айгаад тэндээс босоод гэрийн урдуур байдаг харгана модны доор хэсэг суусан. Энэ хооронд би нялх хүүхдээ өргөөд явж байсан. Тэгээд гэрийн урдуур байдаг харгана модны доор сууж байгаад хөрш С.Г руу утасдахад түүний хүүхэд ирээд миний хүүхдийг өргөж аваад би тэдний гэрт арай гэж явж очсон. Миний санаж байгаагаар би тэр өдөр 19 цагийн орчимд үр зулбаж, дараа нь бараг 21 цагийн үед хөрш С.Гүлжаны гэрч очсон, сумын эмч болон цагдаа нар шөнийн 01 цагийн үед очсон. Тэгэхээр үр зулбаад 4-5 цагийн дараа нөгөө зулбасан газартаа буцаж очиход тэнд ямар ч зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 58-59, 62 дахь тал/,

4.2.7. Гэрч А.Жы мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Би А.Кийн хойно сундалж аваад бид хоёр түүний мотоциклоор Баяннуур сумын 1 дүгээр багт орших тэдний гэрт очсон юм. Тухайн үед А.Кийн гэрт түүний ээж болон эхнэр хүүхэд нь байсан. А.К надад хандаж хоёулаа манай гэрээс цай уучхаад явъя, би таныг хүргэж өгнө гэх үед түүний эхнэр та гадуур гарах юм бол хурдан эргэж ирээрэй гэж хэлэхэд А.К сууж байсан газраасаа шууд бос ч очоод чи намайг мэддэг болсон юм уу? гэж хэлээд гараараа хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохиж авах үед би босож А.Кийг салгаж аваад гадагшаа гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

4.2.8. Гэрч С.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цагийн үед миний утасруу хөрш болох А.Кийн эхнэр Х.К нь 80265036 дугаараас хэд хэдэн удаа утасдаж залгасан байхаар нь би түүн рүү эргэж залгахад Х.К надтай уйлаад утсаар ярьсан бөгөөд түүний цаагуур уйлсан хүүхдийн дуу чимээ гараад байсан. Х.К надад хэлэхдээ “би гадаа харгана модтой газар сууж байна, хүүхдээ зулбачихлаа, танайд очвол яах вэ” гэхээр нь би түүнд “гэрлүүгээ орж болохгүй юм уу” гэхэд надад “гэрт нөхөр оруулахгүй байна, А.Жумахан гэх нэг хүнтэй цуг архи уугаад сууж байна” гэхээр нь би түүний гэр лүү Б.Сымбат гэх охиноо явуулсан. Манай охин хэсэг хугацааны дараа Х.Кгийн охиныг өргөөд гэрт ороод ирсэн, харин Х.К нь манай гэрт уйлсан байдалтай орж ирээд өөрийнхөө утсаараа эмч нар луу залгаж ярьж байсан. Х.К манайд ирсний дараагаар бид нарт “нөхөр зодсоны улмаас ураг зулбачихлаа” гэж л хэлсэн, гэхдээ түүний гадна биед ямар хүүхэд зулбасан шинж тэмдэг харагдаагүй, дээгүүрээ хар өнгийн хантааз, доогуур цайвар саарал өнгийн тамирын өмдтэй орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

4.2.9. Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн Х.Ктай утсаар ярьж байгаад түүний байгаа гэх айл руу шууд очсон. Тэр хонха гэх хочтой хүний гэрт сууж байсан, эхнэр нь С.Гүлжан..., ...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Х.К нь нөхөртэйгөө цуг сумын эмнэлэгт ирээд ЭХО-д харуулаад жирэмсний бүртгэлд ороод явсан. Тухайн үед Х.К нь 11 долоо хоногтой буюу 2 сар 11 гаруй хоногтой жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-78 дахь тал,

4.2.10.    Гэрч Ж.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.К нь Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суудаг санагдаж байна. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нь сумын эмнэлэгт нөхөр А.Ктэй цуг ирээд жирэмсний бүртгэлд бүртгүүлээд, дахин ирж хяналын карт нээлгэхээр болоод яваад өгсөн..., ...тухайн үед 11 долоо хоногтой жирэмсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

4.2.11.    Гэрч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...17-18 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн эмэгтэй эрэгтэй хүнд хэвлий орчмоор буюу хүйснээс доошоогоо умдагны дээр нэг удаа хүчтэй цохиулах үед ураг зулбах магадлалтай. Гэхдээ цохиулснаас   тодорхой цаг хугацааны дараа ураг зулбана...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/

4.2.12 Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай “...А.Кийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ, тухайн үед А.К хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

4.2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай “...Х.Кгийн биед гэмтэл тогтоогдсонгүй, Сүүлийн сарын тэмдгээр бодоход 3-4 сарын жирэмсэн байв. Эх барихын эмч Н.Е дүгнэлтээр Х.К нь бүрэн зулбасны дараах байдал гэжээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

4.2.14 Шүүгдэгч А.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өглөө сумын төв орох гэсэн чинь эхнэр Х.К нь уурлаад явуулахгүй гээд тэгээд хумсны хутга асуусан чинь байхгүй гэхээр нь нэг удаа алгадчихсан. Дараа нь 3 дугаар сарын 08-ны өдөр сумын төв рүү цайллага руу очоод орой нь эхнэр явъя гээд учиргүй уурлаад байхаар нь сумын төв гудамжинд бас хэд хэдэн удаа алгадаад зодсон. Сүүлд 3 дугаар сарын 14-ний өдөр А.Жумахан бид хоёр гэртээ ирсэн чинь эхнэр цай хийж өгөхгүй бас архи ууж ирлээ гээд уурлаад цай хийж өгөхгүй байхаар нь би уурандаа эхнэрийнхээ хэвлий рүү нэг удаа цохичихсон. Харин ямар учраас ураг зулбасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхдээ тэврээд өргөөд гараад явсан..., ...02 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр сумын төв ороод жирэмсний бүртгэлд хамрагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

 

4.3. Түүнчлэн шүүгдэгч А.К нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Х.Кг зодсон талаар хохирогч Х.К, гэрч Ж, С.Г, Д.А, Ж.Мк, Х.Ө нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч А.К хэргээ хүлээн мэдүүлснээр түүний 2022 оны 03 дугаар сарын 01, 08, 14-ний өдрүүдэд эхнэр Х.Кг зодсон үйлдэл нотлогдож байна.

 

5.Эрх зүйн дүгнэлт:

5.1.Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаар яллах дүгнэлтээр А.Кийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

5.2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

5.3. Шүүгдэгч А.К, хохирогч Х.К нар нь 2020 оны 11 дүгээр сард гэрлэж, эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч Х.К, шүүгдэгч А.К нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

5.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж, мөн хуулийн 6.2-д ”Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.

5.5. Шүүгдэгч  А.К  нь хохирогчийн эсрэг 3 удаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүнийг зодсон нь тогтоогдож байх ба  үйлдэл тус бүр нь ижил төстэй, байнга давтагдах шинжтэй байна.

5.6. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгодог.

5.7. Шүүгдэгч А.Кийн хувьд 2022 оны 03 дугаар сарын 01, 2022 оны 03 дугаар сарын 08, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Кгийн жирэмсэн болохыг мэдсээр байж халдашгүй байдалд халдан зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хийсэн нь тогтоогдож байх ба 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр жирэмсэн байсныг мэдсээр байж зодсоны улмаас хохирогч үр хөндөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ.

5.8. Шүүгдэгч А.Кийн үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, А.К нь дээрх үйлдлийнхээ улмаас ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

5.9. Иймд прокуророос шүүгдэгч А.Кийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, А.Кийн үйлдлүүд дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Кийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5.10. Шүүгдэгч А.К нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

5.11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Кийн зан байдал, ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.

5.12. Хохирогч Х.К нь шүүгдэгч А.Кээс гэмт хэргийн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

2.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

2.2.Шүүхээс шүүгдэгч А.Кийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.3.Шүүгдэгч А.Кийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

2.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.5.Улсын яллагч нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “хохирогчийг жирэмсэн байсныг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан болно.

2.6. Шүүгдэгч А.К нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч согтуурсан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр  3 удаагийн давтамжтай үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Х.Кг зодсоны улмаас үр зулбаснаас үзвэл “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

2.7. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг,

2.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Кт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөх саналыг,

2.9. Шүүгдэгч А.К нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх хүсэлтийг тус тус гаргажээ.

2.10. Шүүхээс шүүгдэгч А.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялаас хорих ялыг  сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэм бурууг нь ухамсарлуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

2.11. Шүүгдэгч А.Кийн үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж болох гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавартай, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2.12. Шүүгдэгч А.К нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.К нь А.Кт гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан А.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

2.13. Шүүгдэгч А.К нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

2.14. Шүүгдэгч А.К нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн ягаан өнгийн  базсан байдалтай нимгэн давуу 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, цайвар ягаан өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн устгах комисст даалгах нь зүйтэй байна.

2.15.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ан Кийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Кийг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Кт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 (найм) сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч А.К нь энэ  хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ягаан өнгийн  базсан байдалтай нимгэн давуу 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, цайвар ягаан өнгийн дотоож 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.          

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Кт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          А.Д