Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Э-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 онд Ш.Этай танилцан 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн 1 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү Г.Б төрсөн. Хүү Г.Б маань 2012 оны 06 дугаар сараас эхлэн өдийг хүртэл миний аав, ээж дээр өссөн. Миний бие нь Ш.Этай амьдарч байх хугацаандаа хөдөө, уул уурхайд ажиллахаар олон хоногоор явдаг байсан. Бидний хооронд таарамжгүй харилцаа үүсэх бүр Ш.Эгийн дүү Цэвэлмаа бидний дундуур орж маргааныг улам даамжруулдаг байсан. Ш.Э бид хоёр 2014 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүү Г.Быг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэсэн боловч одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Хүү Г.Быг эх Ш.Эгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Миний бие нь эрхэлсэн ажил байхгүй, өөрийн гэсэн мал хөрөнгөгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.

Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.Гийн ааш араншин нь сүүлийн үед эрс хувирч миний өнчин дүүг элдэв янзаар гадуурхан ад үзэж надад сэтгэл зүйн дарамтыг байнга үзүүлж нэг бус удаа зодож эрүүл мэндээр минь хохироож байснаас болж бидний хооронд үл ойлголцол үүссэн. Иймд Ц.Гоос гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийнхөө бие сэтгэл мах цусаа зовоож гаргасан үр хүүхдээ эцгийнх нь гарыг тэр тусмаа хойд эхийн гар дээр өсгүүлэх боломжгүй. Тэрээр намайг өнчин ар талдаа харж хандах ах дүү, хамаатан садан байхгүй болохоор үр хүүхдээ өсгөх боломжгүй хэмээн үзэж байж болзошгүй хэмээн үзэж байна. Миний бие нь МАК ХХК-д ажилладаг ажлын зав зайгаараа хүүхдээ харж, бусад үед хүнээр хүүхдээ харуулж байгаа болно. Миний хүүхэд эхийнхээ асрамжид өсөж хүмүүжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Быг өөрийнхөө асрамжид үлдээж, Ц.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ш.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл, Ш.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ш.Э нар нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү Г.Б төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-4 дүгээр тал/

Зохигчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Г.Бын асрамжийн талаар зохигчид маргаагүй буюу нэхэмжлэгч Ц.Г нь хүү Г.Быг эх Ш.Эгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар хүү Г.Быг эх Ш.Эгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Гоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Г.Быг тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Л.Днь 1977 оны 08 дугаар сарын 03, 1981 оны 06 дугаар сарын 01, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Дорноговь аймгийн Айраг сумын Оч нэгдэлд 1980 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг, 1983 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА