| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/03343/И |
| Дугаар | 244 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 244
| 2018 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2018/00244 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 65 927 192 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Д миний бие “М” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/803 тоот тушаал гарч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байсан. Миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.4.03-ны өдрийн №746 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.6.07-ны өдрийн №1325 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2017.10.17-ны өдрийн №1182 тоот тогтоол гарч Д.Д намайг “М” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 899 994 төгрөгийг компаниас гаргуулахаар, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг компанид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг ажил олгогч компани биелүүлээгүй тул нэхэмжлэгч миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 12 сарын 14-ний өдрийн дотор шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг М-д хүргүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүулэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 132 хоногийн цалин хөлсний олговрыг тооцоход 58 799 928 төгрөг болж байна. Шүүхийн шийдвэрээр дундаж цалин хөлсийг 9 800 000 төгрөг болохыг тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 58 799 928 төгрөгийг М-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Д надад олгож, мөн тус ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдох иргэний хэрэгг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасныг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 1 сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын 148 хоногийн цалин хөлсний олговрыг тооцоход 65 927 192 төгрөг болж байна. Шүүхийн шийдвэрээр дундаж цалин хөлсийг 9 800 000 төгрөг болохыг тогтоосон тул ажлын нэг өдрийн цалин 445 454 төгрөг, нийт ажлын 148 хоногоор тооцсон болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 65 927 192 төгрөгийг М-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Дийг Берлин хотод ажил үүргээ гүйцэтгэж байхад нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй халагсан гэдгийг тогтоож ажилд нь эгүүлэн томилсон. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрт заасны дагуу 1 сарын цалинг 9 800 000 төгрөг байх тул нийт 65 927 192 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М хувьцаат компанийн ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Дийн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Д нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны 1325 дугаартай магадпалаар нэхэмжлэлийг хангаж шиидвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01182 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.
Уг шийдвэрийг “М” ХК нь бүрэн биелүүлж, нэхэмжлэгч Д.Дийг ХБНГУ- д ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Ерөнхий менежерээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох тухай тушаалыг гаргаад байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 53 899 994 төгрөгийг олгосон, ээлжийн амралтын тооцоо хийсэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “М” ХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 65 927 192 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговорт 65 927 192 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Д.Дийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийсэн байхад дахин шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Д.Дийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “М” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 53 899 944 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “М” ХК-нд даалгаж шийдвэрлэсэн байна.
Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01182 дугаарт тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 6-16-р хуудас/
Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч “М” ХК нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.Дийг өмнө эрхэлж байсан “М” ХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргасан боловч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Д.Дийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “М” ХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №Б/6 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Д.Дийг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерээр 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн хуудас 22,25-р хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад дахин шүүхэд хандсан гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хариуцагч нь ажилд эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарч, ажилд эгүүлэн томилсон 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн дундаж цалинг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1325 дугаар магадлалаар 9 800 000 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй, магадлал хүчин төгөлдөр болсон байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 9 800 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 6-12-р хуудас/
Хариуцагч “М” ХК-иас нэхэмжлэгч Д.Дийн ажилгүй байсан 7 сар 1 хоногийн хугацааны цалинд 69 045 454 төгрөгийг /9 800 000 төгрөг х 7сар =68 600 000, 9 800 00:22 хоног=445 454 төгрөг, 68 600 000+445 454=69 045 454төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинд 65 927 192 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагч “М” ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 65 927 192 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч “М” ХК-нд нэхэмжлэгч Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 65 927 192 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХК-нд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 487 585 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 487 585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН