Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2017/00040/и |
Дугаар | 191 |
Огноо | 2017-05-16 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Л-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ;
Нэхэмжлэгч Д.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Бтай 1999 онд танилцаж, 2001 онд гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин Б төрсөн. 2009 оны 08 дугаар сард Г.Б нь биднийг орхиод гэрээсээ явсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Быг миний асрамжид үлдээж өгнө үү? Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд Г.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүй. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б.Быг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Л хариуцагч Г.Б нар нь 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 2003 оны 05 дугаар сарын 02-ны охин Б.Б төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-4 дүгээр тал/
Зохигчид нь 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Бын асрамжийн талаар зохигчид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар охин Б.Быг эх Д.Лын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Г.Баас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Д.Л /РД: */, Б овогт Г.Б /РД: */ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Б эх Д.Л асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Г.Б дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА